Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 21

 

 

ХААН банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 411 дүгээр шийдвэртэй, ХААН банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух Тайж овогт Намсрайн Ариунаад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:  Зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 29.007.368,25 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3.130.871 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 32.144.239 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Н.Ариунаа нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ХААН банкны Увс салбараас ЗГ201542389321 зээлийн гэрээ байгуулан 33.000.000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 3.992.631,75 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 6.719.572,13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 31.016,67 төгрөг, нийт 10.743.220,55 төгрөгийн төлбөрийг төлсөн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.8 дахь хэсэгтзаасан үүргээ биелүүлээгүй. Иймд банк шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 29.007.368,25 төгрөг, зээлийн хүү 2.445.674,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78.892,10 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 31.537.934,43 төгрөгийг гаргуулж, зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлэх. ...2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар хүү болон нэмэгдүүлсэн хүү 606.305,24 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 18.839,15 төгрөгийн хамт нэмж нэхэмжилж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “…би хүмүүсээс мөнгө зээлж, бараа татаж ирж зарсан боловч худалдан авагч нараасаа мөнгөө авч чадахгүй шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэн явж байна. Ийм нөхцөл, шалтгааны улмаас миний бие энэхүү зээлийг төлж чадаагүй юм. Гэхдээ би ХААН банкнаас нэхэмжилсэн 31.537.934 төгрөг, мөн өнөөдөр нэмэгдүүлэн орж ирсэн 606.305 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба тухайн үнийн дүнгийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Гэтэл ХААН банкнаас надад учирсан бэрхшээлийг харгалзан үзээд жаахан ч гэсэн хөнгөлөлт үзүүлэхгүй байгаад гомдолтой байна.” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 411 дүгээр шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ201542389321 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийг мөн тоот Барьцааны гэрээ-г цуцалж, хариуцагч Н.Ариунаагаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 32.144.239 /гучин хоёр сая нэг зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Н.Ариунаагийн зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 36 айлын орон сууцны 14 тоотод байрлах, 18 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520000069 дугаартай, 1 өрөө орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Яслын 16 айлын орон сууцны 9 тоотод байрлах, 68 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520000185 дугаартай, 2 өрөө орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Г.Чулуунбаатарын хашааны доод талд байрлах, 700 м.кв талбай бүхий, гэрчилгээний 0282763, нэгж талбарын 85160001184 дугаар бүхий, гэр хашааны зориулалттай эзэмших эрхтэй газар зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 334.479 /гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ариунаагаас 334.479 /гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн давж заалдах гомдлын агуулга: “Би зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаагүй, нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай заалтыг зөвшөөрөхгүй. Учир нь барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө  нь миний байнга оршин суудаг орон сууцны байр, мөн үр хүүхдүүдийн маань гэр орон юм. Би нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцээгүй бөгөөд тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлж  барагдуулах болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд бий болсон зээлийн гэрээний  эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэсний  үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой,  үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

           

ХААН  банкны Увс салбар болон хариуцагч Н.Ариунаа нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан  №ЗГ201542389321 тоот зээлийн гэрээгээр зээлдэгчид 33.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн ба талуудын хооронд мөн өдөр байгуулагдсан барьцааны гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн  улсын бүртгэлийн Ү1520000069  дугаарт бүртгэгдсэн 18 м.кв 1 өрөө байр, Ү1520000185 дугаарт  бүртгэгдсэн 68 м.кв 2 өрөө байр, нэгж талбарын 85160001184 дугаар бүхий 700 м.кв газар  эзэмших эрхийн гэрчилгээг тус тус барьцаалсан талаар талууд харилцан тохиролцжээ. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1.-т заасан шаардлагыг хангасан, хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 29.007.368 төгрөг, зээлийн хүү 2.445.674 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78.892 төгрөг, нотариатын хөлс 6000 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 606.305 төгрөг, нийт 32.144.239 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба нэхэмжлэгчид дээрх хэмжээний төлбөртэй болох нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг тогтоосон хавсралт, зээлийн эргэн төлөлтийн тооцоо, нэхэмжлэгчийн мэдэгдэх хуудас, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

            Хариуцагч нь давж заалдах  гомдолдоо “...барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөөрөхгүй. Дээрх барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө  нь миний болон үр хүүхдүүдийн минь байнга оршин суудаг гэр орон нь бөгөөд тодорхой хугацааны туршид төлбөрийг хэсэгчлэн барагдуулна.” гэсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх  хууль зүйн үндэслэл байхгүй байна. 

 

Зохигчдын хооронд байгуулсан №ЗГ201542389321 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн байх ба талууд тус гэрээнд зааснаас өөрөөр тус зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх тухай харилцан тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч Н.Ариунаагийн буюу нэг талын санаачилгаар дээрх гэрээний заалтыг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанаар өөрчлөх  боломжгүй

            Иймд зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч Н.Ариунаа нь гэрээнд заасан хугацаанд уг зээл болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдсон, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-т заасан хуулийн урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдсан тул нэхэмжлэгч “ХААН” банк нь хариуцагч Н.Ариунаагаас зээлийн үлдэгдэл төлбөр болон хүүг тус зээлийн  болон барьцааны гэрээнд заасны дагуу гаргуулахаар шаардах эрхтэй байна. 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хариуцагч Н.Ариунаа нь давж заалдах  гомдол гаргахдаа төлөх улсын  тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн  болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч Н.Ариунаа нь давж заалдах  гомдол гаргахдаа төлөх улсын  тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.