Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00411

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-36 дугаар байр, 14 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОА65060920, Тайж овогтой Намсрайн Ариунаад холбогдох,

     Зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 29.007.368,25 төгрөг, зээлийн хүү 2.445.674,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78.892,10 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 31.537.934,43 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны  4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнбилэг, хариуцагч Н.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Улаангом тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Иргэн Н.Ариунаа нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ201542389321 зээлийн гэрээ байгуулан 33.000.000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 3.992.631,75 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 6.719.572,13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 31.016,67 төгрөг, нийт 10.743.220,55 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.8 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийг төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бухий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 29.007.368,25 төгрөг, зээлийн хүү 2.445.674,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78.892,10 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 31.537.934,43 төгрөг болно. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлэх. ... 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 31.537.934 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар хүү болон нэмэгдүүлсэн хүү 606.305,24 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 18.839,15 төгрөгийн хамт нэмж нэхэмжилж байна” гэжээ.

       Хариуцагч Н.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би 28 настайгаасаа өнөөдрийг хүртэл хугацаанд зөвхөн Хаан банктай харилцаж байсан ба бусад банкаар үйлчлүүлж байгаагүй. Энэ хугацаанд олон зээлийн гэрээ байгуулан, тухайн зээлээ цаг тухайд нь төлж нийтдээ миний тооцоогоор 200 гаруй сай төгрөгийн хүүг төлжээ. Ийм байдлаар би амьдрал болон бизнесээ өргөжүүлэн, залгуулж байсан ба төрийн бодлоггүй байдлын улмаас өнөөдөр би өөрийн эрхэлж байсан бизнесийг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Гэвч би хүмүүсээс мөнгө зээлж, бараа татаж ирж зарсан боловч худалдан авагч нараасаа мөнгөө авч чадахгүй шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэн явж байна. Ийм нөхцөл, шалтгааны улмаас миний бие энэхүү зээлийг төлж чадаагүй юм. Гэхдээ би Хаан банкнаас нэхэмжилсэн 31.537.934 төгрөг, мөн өнөөдөр нэмэгдүүлэн орж ирсэн 606.305 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба тухайн үнийн дүнгийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Гэтэл Хаан банкнаас надад учирсан бэрхшээлийг харгалзан үзээд жаахан ч гэсэн хөнгөлөлт үзүүлэхгүй байгаад гомдолтой байна” гэжээ.  

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Н.Ариунаад холбогдуулан зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 29.007.368,25 төгрөг, зээлийн хүү 2.445.674,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78.892,10 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 31.537.934,43 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн тус шүүхэд гаргажээ.

     Мөн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 606.305,24 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж гаргуулахаар шаардсан байна.

    Зээлдэгч буюу хариуцагч Н.Ариунаа Хаан банктай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ201542389321 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 33.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээлж авсан байх ба мөн өдрийн “Барьцааны гэрээ”-ээр зээлийн барьцаанд: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 36 айлын орон сууцны 14 тоотод байрлах, 18 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520000069 дугаартай, 1 өрөө орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Яслын 16 айлын орон сууцны 9 тоотод байрлах, 68 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520000185 дугаартай, 2 өрөө орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Г.Чулуунбаатарын хашааны доод талд байрлах, 700 м.кв талбай бүхий, гэрчилгээний 0282763, нэгж талбарын 85160001184 дугаар бүхий, гэр хашааны зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан байна.

        Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т  заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар байх боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, банкны шаардах хуудас зэргээр нотлогдож байх тул Хаан банк гэрээг цуцалж, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн гэрээг цуцалснаас учирсан хохирол тус тус нэхэмжлэх эрхтэй байна.

        Хариуцагч нь Хаан банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардал нийт 32.144.239 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.  

        Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ201542389321 тоот “Зээлийн гэрээ”, мөн өдрийг мөн тоот “Барьцааны гэрээ”-г цуцалж, хариуцагч Н.Ариунаагаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 32.144.239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэлээ.  

     Түүнчлэн хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Н.Ариунаагийн зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 36 айлын орон сууцны 14 тоотод байрлах, 18 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520000069 дугаартай, 1 өрөө орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Яслын 16 айлын орон сууцны 9 тоотод байрлах, 68 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520000185 дугаартай, 2 өрөө орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Г.Чулуунбаатарын хашааны доод талд байрлах, 700 м.кв талбай бүхий, гэрчилгээний 0282763, нэгж талбарын 85160001184 дугаар бүхий, гэр хашааны зориулалттай эзэмших эрхтэй газар зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

       Харин нэхэмжлэгч “зээлдэгч, хамтран зээлдэгчийн бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч хариуцагч Н.Ариунаа зээлийн барьцаанд тавьснаас өөр ямар бусад эд хөрөнгөтэй болох талаар нотлох баримт хэрэгт ирүүлээгүй байна.  

     Нөгөө талаар, нэхэмжлэгч Хаан банк, хариуцагч Н.Ариунаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдахдаа банкны зүгээс түүнийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангах боломжтой үнийн дүн бүхий эд хөрөнгийг барьцаалан авсан нь дээрх гэрээнүүдээс тогтоогдож байгаа бөгөөд гэрээгээр тохиролцоогүй, хариуцагчийн зээлийн барьцаанд барьцаалаагүй “бусад хөрөнгө”-өөр шүүх үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 334.479 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ариунаагаас 334.479 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгох нь зүйтэй байна.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ201542389321 тоот “Зээлийн гэрээ”, мөн өдрийг мөн тоот “Барьцааны гэрээ”-г цуцалж, хариуцагч Н.Ариунаагаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 32.144.239 /гучин хоёр сая нэг зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

       2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Н.Ариунаагийн зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 36 айлын орон сууцны 14 тоотод байрлах, 18 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520000069 дугаартай, 1 өрөө орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Яслын 16 айлын орон сууцны 9 тоотод байрлах, 68 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520000185 дугаартай, 2 өрөө орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, Г.Чулуунбаатарын хашааны доод талд байрлах, 700 м.кв талбай бүхий, гэрчилгээний 0282763, нэгж талбарын 85160001184 дугаар бүхий, гэр хашааны зориулалттай эзэмших эрхтэй газар зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 334.479 /гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ариунаагаас 334.479 /гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА