Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/01008

 

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/01008

             Улаанбаатар хот

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 тоотод байрлах “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо,НҮН 15 гудамж, 38 тоотод  оршин суух, Боржигон овогтой Өлзийбуянгийн Батзаяа /РД:ШД86121510/-д  холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 330 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Батзаяа нь 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20 000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20 000 төгрөгөөр  төлөх нөхцлөөр худалдан авсан. Ө.Батзаяа нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 220 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Ө.Батзаяагаас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5,3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 110 000 төгрөг нийт 330 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхсувд шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Жи мобайл” ХХК нь хариуцагч Ө.Батзаяагаас төхөөрөмжийн үнэ 330 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Ө.Батзаяа нь 220 000 төгрөгийн төлж барагдуулсан тул алданги 110 000 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Ө.Батзаяад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 330 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Батзаяа нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 330 000 төгрөгөөс үндсэн зээлийн төлбөр 220 000 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 110 000 төгрөгийн шаардлагаасаа  татгалзсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Ө.Батзаяад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 330 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 10 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 5 275 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.                                     

                      

                   

ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ