Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1468

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00726 дугаар шийдвэртэй, А.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Монэнзим Мед” ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балжинням,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянмөнх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “Монэнзим Мед” ХХК-д Үйлдвэрлэлийн менежерээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 88/16 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Үндэслэлээ ажлын байранд гэр бүлийн чанартай хэрүүл маргаан удаа дараа үүсгэсэн, ар гэрийн зүгээс үндэслэлгүйгээр гүйцэтгэх захиралд дарамт үзүүлсэн зэрэг ёс суртахууны ноцтой зөрчил удаа дараа гаргасан гэсэн. Би болон ар гэрийн зүгээс ажлын байранд гэр бүлийн чанартай хэрүүл маргаан үүсгэсэн, гүйцэтгэх захиралд дарамт үзүүлсэн зүйл байхгүй учир дээрх тушаалыг хууль зөрчсөн гэж үзсэн.

Иймд “Монэнзим Мед” ХХК-ийн Үйлдвэрлэлийн менежерийн ажилд буцаан томилогдох, үндэслэлгүй халагдсан учраас ажилгүй байсан хугацааны цалин 2 000 000 төгрөгийг ажилд томилох хүртэл хугацаагаар тооцож гаргуулна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Байгалмаа нь 2012 оны 8 дугаар сараас эхлэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилласан ба 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Үйлдвэрлэлийн менежерээр ажилласан. О.Байгалмаа нь гэр бүл хамаатан садны хэрүүл маргаандаа ажиллагсдыг татан оролцуулах, тэдний нэрийг ашиглан худал цуу яриа тараах, хов жив ярих, шинэ ажиллагсдыг гадуурхах, үүндээ хамтран ажиллагсдаа өдөөн хатгах, турхирах зэргээр компанийн уур амьсгалыг эвдэж, ажиллагсадаас мөнгө их зээлдэг, түүнийгээ төлдөггүй, уддаг гэх мэт удирдах албан тушаалтанд байж болохгүй алдаа дутагдал, зөрчил гаргаж байсан.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 28-ны шөнө нөхөр болох Б.Балжиннямаар гүйцэтгэх захирал Г.Баянмөнхийг утсаар удаа дараа дарамталж, амь насанд нь халдахыг заналхийлсэн зэрэг ёс суртахууны хувьд буруу зуршилтай ажилтан байсан. Хариуцсан ажлын хүрээнд гүйцэтгэл маш муу, үйлдвэрлэлийн тайлан тооцоог шаардуулж байж гаргадаг, төлөвлөгөөг удаа дараа буруу гаргаж, энэ нь компанийн хэвийн ажиллагаа, төсөв төлөвлөгөөнд тасалдал учруулсаар ирсэн.

Дээрх зөрчлүүдийг үндэслэн компанийн зүгээс О.Байгалмаад гүйцэтгэх захирлын тушаалаар сануулах арга хэмжээг удаа дараа авсан боловч засрал аваагүй тул 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Мөн 2016 оны 09 дүгээр сард ажлаас гарах өргөдөлөө өгч байсан. Компаний удирдлагын хувьд дахин хичээж ажиллахыг санал болгосон. Гэтэл 2 сар гаруй хугацааны дараа гэр бүлийн маргаанаа компани руу татан оролцуулж, компанид ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн.

Нөхөр Б.Балжинням нь компанийн гадаа ирж ерөнхий нягтлан бодогч ажилтай А.Наранхүүг машиндаа суулган сүрдүүлсэн үйл явдал болж байсныг ажиллагсад гэрчилнэ. Ажлаас халагдах тушаал гарсанаас хойш ажлаа хүлээлцэхгүй он гаргаж ажилд хүндрэл учруулсан. Бид компанийн хувь нийлүүлэгч /өөрийнх нь эгч/ М.Алтанцэцэг захиралтай зөвшилцөж, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ширээ сандал болон ажлын хэрэгсэл зэргийг комисс гарган хүлээн авсан. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн эд зүйлээ авсан байдаг.

Ажлаас халагдсаны дараа нөхөр Б.Балжиннямын гомдлоор манай компанид Хүний эрхийн комисс шалгалт хийж 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дүгнэлт нь ирж, О.Байгальмаагийн хариуцан ажиллаж байсан ажиллагсад ямар нэгэн дарамтад орж байсан гэж үзсэн. Мөн Улсын мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргаж шалгуулсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар О.Байгалмаагийн нэхэмжлэлтэй “Монэнзим Мед” ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Байгалмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд шүүх болон хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах хэд хэдэн зүйл заалтуудыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног гэж заасан ба 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үүсгэсэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэж, хугацааг шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс шалтгаангүйгээр сунгаж хууль зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч үүргээ биелүүлээгүй, 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэснийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 2.5.2 дахь хэсэгт хэргийн оролцогчийн хүлээх үүргийг заасан, 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.3-т шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх гэсэн байхад үүнийг зөрчиж гүтгэлгийн чанартай зарим хуурамч нотлох баримт, тайлбар ирүүлсэн, 25.2.3-т заасныг зөрчиж шүүхээс мэдэгдэх хуудсаар, утсаар олон удаа дуудуулж хүрэлцэн ирсэн.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн гэх боловч хэрэг шийдвэрлэх хүртэл хугацаанд эд хөрөнгө хамгаалуулж шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулаагүй.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хууль зөрчсөн энэхүү буруутай үйл ажиллагаанаас 2016 оны 11 дүгээр сард үндэслэлгүйгээр хууль бусаар ажлаас халагдсан О.Байгалмаагийн үндсэх хуулиар олгогдсон эрх 6 сарын хугацаагаар зөрчигдөн хохирч байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүйг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч О.Байгалмаа нь хариуцагч “Монэнзим мед” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийж дэвтэрт баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан “Монэнзим мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 88/16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн үйлдвэрлэлийн менежер О.Байгалмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх 35/

 

Хариуцагч “Монэнзим мед” ХХК нь нэхэмжлэгч О.Байгалмааг ёс суртахууны доголдолтой, ажлын гүйцэтгэл муу, тайлан тооцоо, тоон төлөвлөгөөг удаа дараа буруу гаргасан нь байгууллагын хэвийн үйл ажиллагаа, төсөвт тасалдал учруулсан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж бүхэлд нь татгалзжээ.

 

Шүүх, нэхэмжлэгч О.Байгалмааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргаагүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балжинням анхан шатны шүүх хуралдааны явцад “ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хэзээ хүлээн авсан” талаарх шүүгчийн асуултад “2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үдээс хойш өөрт нь өгсөн байдаг” гэж тайлбарласныг шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгасан, уг тэмдэглэл буруу ташаа бичигдсэн гэх үндэслэлээр хуульд заасан журмын дагуу залруулга хийгдсэн зүйлгүй байна. /хх 101/

 

Иймд хэргийн үйл баримтын талаар гаргаж буй зохигчдын тайлбар, шүүх хуралдааны  тэмдэглэл нотолгооны хэрэгсэлд хамаарах тул тэдгээрийг үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасантай нийцэх бөгөөд давж заалдах шатны шүүхийн хувьд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нотлох баримтыг үнэлэх учиртай.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд ажлаас буруу халсан тушаалтай холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан гэх боловч уг гомдлыг нэхэмжлэгч өөрөө гаргаагүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэн Б.Балжинням гаргасныг хүндэтгэх шалтгаан гэж үзэхгүй. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаа хэтрүүлсэн, түүнийг сэргээх үндэслэлгүй талаар болон шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйг зөв дүгнэжээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын эрхийг хохироосон болон хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна. Хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй нь уг маргааныг буруу шийдвэрлэсэн гэх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэргийн хугацаа сунгасан эрх хэмжээний асуудалд халдах, дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэл тус бүрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд дурдсан боловч эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлд хамаарахгүй байна.

 

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буй хууль зүйн үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 гэж залруулан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00726 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...128 дугаар зүйлийн 128.1.2...” гэснийг “...129 дүгээр зүйлийн 129.2...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                                                        

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА