Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/24

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******од холбогдох 2123000000015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, *******настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг ******* **-**тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар ******

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******аас шүүгдэгч М.*******ыг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч М.******* нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Завхан аймгийн ******* сумын Алтан багийн нутаг дэвсгэр “Улаагчны хар нуур”-аас хууль бусаар тор тавин 104 ширхэг “Зарам” гэх загас барьж амьтны аймагт 1,456,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт:

- Шүүгдэгч М.*******: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анх удаа загасанд явсан юм. Загас барихдаа тор тавих, тавьсан тороо татаж торонд орсон загасаа авахдаа ганцаараа бүх зүйлийг хийсэн” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/ Мөрдөн шалгах ажиллагаанд:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.ын “...Албан ажлын зүгээс зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгаас загас агнаж байгаль экологид учруулсан хохирлыг нь хуулийн дагуу барагдуулахыг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/,

- Гэрч Ч.ийн “...2020 оны 12 дугаар сард ******* ахтай ******* сумын төвд явж байгаад тааралдсан юм. Тэгтэл чи хэд хоногоос хөнжил гудсаа аваад аймаг ороод ирээрэй хоёулаа хойшоо нуур яваад хэд хоночихоод ирье гэсэн юм. Тэгээд намайг сумын төвд хэд хонож байтал нэг өдөр ******* ах утсаар яриад намайг чи өнөөдөр аймаг ороод ир гэхээр нь би замын машинд сууж Улиастай орж ирсэн. Тэгээд ******* ахынд очиход тэр нэг цэнхэр өнгийн УАЗ- маркийн машин хашаандаа тавьчихсан байсан. Тэгээд за хоёулаа өглөө эрт энэ машинаар гарна гэсэн. Тэгээд маргааш өглөө нь 05 цагт ******* ах бид хоёр аймгаас гараад өдөр 12 цаг өнгөрч байх үед “Улаагчны хар нуур” дээр очоод нуурын зүүн тал руу очоод зогссон. Тэгээд би хоол цай хийсэн ******* ах нуурын мөс цоолоод 5 тор тавьсан. Тэгээд орой нь 20 цагийн орчимд ******* ах за тороо татаж үзнэ гээд нуурын мөс цоолж тор тавьсан газраа очоод уснаас торнуудаа татаж гаргаж ирээд торонд орсон байсан загаснуудыг салгаж аваад байсан. ******* ах тэр орой барьсан загаснуудаа жаахан хөлдөөж байгаад шуудайнд хийж авсан. ******* ах тороо ахиж усанд нь хийсэн. Тэгээд хоноод маргааш өглөө нь босоод ******* ах ахиад тороо татаж загаснуудаа бариад тороо ахиад усанд хийсэн байж байтал цагдаа нар орой ирээд барьсан загасыг хурааж авч явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

- Гэрч С.ын “...Улаагчны хар нуурын зүүн урд талын захад “Хүүхдийн овоо” гэдэг газрын баруун талд нуурын эрэг дээр очиж гэрээ барьсан. Гэр барьж дуусаад нэг хоол хийж идчихээд , нар явах гэтэл машин нь асахгүй байсан тул хамт хоноцгоосон. Маргааш өглөө нь босоод , бид гурав машин асаах гэж гал түлж аккумлятор цэнэглэх гэх мэт ажил хийж байхад бид нарын гэр барьж хоносон газраас хойд талд нэлээд зайтай цэнхэр өнгийн машинтай хүмүүс байхаар нь очиж уулзахад ******* гэдэг залуу /хоч нэр нь / танихгүй залуугийн хамт байсан. М.******* нуурын мөс цоолоод тор тавьж загас барьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/,

- Яллагдагч М.*******ын “...2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байх нутгийн дүү ийн хамт ******* сумын нутагт байх Улаагчны хар нуур гэх газарлуу загас барихаар хүргэн дүү ийн эзэмшлийн Уаз469 маркийн ЗАА улсын дугаартай автомашинаар явсан юм. Тэр өдрөө очоод орой нь нуурын мөсийг цоолж байгаад 5 ширхэг тор авсан юм. Тэгээд орой нь 20 цаг өнгөрч байхад торнуудаа татаж аваад барьсан загаснуудаа хөлдөөж байгаад ууталсан юм. Тэгээд тороо дахиад тавьчихаад маргааш буюу 17-ны өдрийн өглөө тороо татаж орсон загаснуудыг торноос салгаж аваад тороо дахин тавьсан байж байгаад цагдаа нарт баригдсан юм. Би Завхан аймгийн ******* сумын нутагт байдаг “Улаагчны хар нуур”-аас тор тавьж 104 ширхэг бидний нэрлэдэгээр Пелд нэртэй загасыг ганцаараа барьсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,

- Хэргийн газар болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-17-р хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолсон байна. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.*******ын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай “...Завхан аймгийн ******* сумын нутагт байрлах “Улаагчны хар нуур”-т байх загас нь Яргайтын багийн Хулдын овгийн цагаан загасны төрөл Зарам буюу Пельд /Coregonuspeled/ зүйлийн загас байна. Тухайн загас нь Монгол Улсын амьтны тухай хуульд зааснаар нэн ховор амьтны жагсаалд ороогүй, загасны нэг төрөл юм. Пельд /зарам/ Coregonuspeled нэг загасны экологи эдийн засгийн үнэлгээ 14.000 /арван дөрвөн мянга/ төгрөг, нийт-104 ширхэг загас 1,456,000 /нэг сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/-ээр шүүгдэгч М.******* нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр загас агнаж амьтаны аймагт 1,456,000 төгрөгийн бодит хохирол учруулсан болохыг тогтоожээ. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор Завхан аймгийн ******* сумын Улаагчны Хар нуур орчмын газар нутгийг байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Улсын тусгай хамгаалалтанд авч, хилийн заагийг тогтоосон /хх-ийн 8-11-р хуудас/ байх бөгөөд шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай “...Завхан аймгийн ******* сумын Алтан багийн нутаг “Улаагчны хар нуур” нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/- ээр шүүгдэгч М.*******ын загас агнасан гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг болох нь тогтоогдож байна. Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.6-д зааснаар зарам загас барихыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30- ны өдөр хүртэл хориглосон байна. Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

- Хохирол, хор уршгийн талаар: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2- т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлбөр төлүүлэхээр хуульчилсан байх тул шүүгдэгч М.*******ын амьтаны аймагт учруулсан хохирол 1,456,000 /нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг 2,912,000 /хоёр сая есөн зуун арван хоёр мянга/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч М.******* нь гэм буруугийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөөр ажлын хоёр өдрийн завсарлага авч энэ хугацаанд 1,456,000 /нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийг Завхан аймгийн ******* сумын “Байгаль хамгаалах сан”-ийн дансанд төлж үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэв. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэж заасан байх тул шүүгдэгч М.*******ын Завхан аймгийн ******* сумын “Байгаль хамгаалах сан”-ийн дансанд төлсөн 1,456,000 /нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд шилжүүлж, Шүүгдэгч М.*******оос гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдсэн 1,456,000 /нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.*******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хавтас хэрэгт шүүгдэгч М.*******ын хувийн байдлын талаарх урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 70 дугаар хуудас/, Гэрч Ц.гийн “...Манай нөхөр М.******* эрхэлсэн тодорхой ажилгүй. Зан байдлын хувьд даруу төлөв, илүү дутуу зан байхгүй сайн хань юм. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, тамхи татдаг, архийг хааяа баяр ёслол найз нөхдийн хүрээнд тааруулж хэрэглэдэг юм. ******* сумын сургуульд сурч байсан бага боловсролтой, уншиж бичиж чаддаг” /хх-ийн 45-46-р хуудас/ гэх мэдүүлэг авагдсаныг тус тус шинжлэн судлав. Шүүгдэгч М.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Б.******* шүүгдэгч М.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав Шүүх шүүгдэгч М.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч М.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч М.*******од хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Д.ийн өмчлөлийн ЗАА улсын дугаартай “УАЗ-” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч М.******* нь энэ гэмт хэргийг үйлдэхэд ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдэж агнасан 104 ширхэг “Зарам” загасыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаасан мөс цоолох зориулалт бүхий 110 см төмөр багаж, загас барих зориулалт бүхий 5 ширхэг торыг тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгч М.*******од 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.*******од тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч М.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч М.*******од хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч М.*******ын Завхан аймгийн ******* сумын “Байгаль хамгаалах сан”-ийн дансанд төлсөн 1,456,000 /нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд шилжүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдсэн 1,456,000 /нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.9-д зааснаар шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдэж агнасан 104 ширхэг “Зарам” загасыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мөс цоолох зориулалт бүхий 110 см төмөр багаж, загас барих зориулалт бүхий 5 ширхэг торыг тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, ЗАА улсын дугаартай “УАЗ-” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ