Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1585

 

Б.Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                                                       

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/00826 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Энхжаргалд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 102 420 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, өмгөөлөгч Б.Даваажанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Б.Даваажанцангийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Б.Эрдэнэ нь 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зээлдэгч М.Энхжаргалд зээлүүлсэн байдаг. Зээлийн барьцаанд М.Энхжаргал өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, 55 дугаар байрны 101 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг барьцаалж, Барьцааны гэрээ байгуулж Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. Гэрээний хугацаа дуусахад хариуцагч 1 сарын хүү гэж 2 300 000 төгрөг төлснөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 60 000 000 төгрөг, хүү 12 420 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Энхжаргалын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие 2014 оны 05 дугаар сард Зар мэдээ сонинд гарсан “Гүнсэн эрдэнэс” ББСБ зээл олгоно гэсэн зарын дагуу 99089009 дугаарын утасруу ярьж уулзсан, улмаар зээл олгогч талаас барьцааны зүйл болох  Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Бээжингийн гудамж 55 дугаар байрны 101 тоот хаягт байрлах 3 өрөө opoн сууцыг үзэж орлого зарлага зэрэг холбогдох баримтыг судалсан. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дээрх орон сууцыг ирж үзээд 2014 оны 05 дугаар сарын 16-ны  өдөр утсаар  ярьж 60 000 000  төгрөгийн  зээл  олгох  болсон тул  эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  газраас лавлагаа авч ир гэсэн. Ингээд зээлийн гэрээ, барьцааны гэрээ   байгуулахаар болоход “Гүнсэн эрдэнэс” ББСБ-ын лимит хэтэрсэн тул манай нөхөртэй гэрээ байгуулж зээл авчих, ямар ч ялгаагүй гэж хэлсэн. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа ББСБ-аас авч байна гэж ойлгосон. Түүнээс хувь хүнээс өндөр хүүтэй алдангитай  мөнгө зээлж байна гэж ойлгоогүй, төөрөгдөж зээл болон барьцааны гэрээг тус тус байгуулсан.

2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэг сарын хүү 2 300 000 төгрөг төлсөн. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох Зар мэдээ сониноор дамжуулан “Гүнсан эрдэнэс” ББСБ-аас зээл олгоно гэж төөрөгдүүлэн улмаар өндөр хүүтэй алдангитай зээлийн гэрээ байгуулж намайг хохироож байна. Иймд гэрээнээс гадуур илүү тооцсон зээлийн хүү өндөр хувиар тооцож буй алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Борнууд овгийн Мягмарын Энхжаргалаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 92 500 000 төгрөгийг гаргуулж Шувууч овгийн Батбэлэгийн Эрдэнэд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 670 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхжаргалаас 620 450 төгрөгийг гаргуулж Б.Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч М.Энхжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 282.4-т зааснаар М.Энхжаргал, Б.Эрдэнэ нарын хооронд гэрээ байгуулагдсан хэмээн үзэж, М.Энхжаргалаас үндсэн зээл 60 сая төгрөг, зээлийн хүү 2.5 сая төгрөг, алданги 30 сая төгрөг, нийт 92 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Би Б.Эрдэнэ гэдэг хүнтэй бичгээр гэрээ байгуулаагүй хэмээн маргаж, Б.Эрдэнэтэй байгуулсан зээл болон барьцааны гэрээнд зурсан гарын үсгэнд шинжээч томилуулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015.05.13-ны өдрийн 1840 тоот дүгнэлт, 2015.07.06-ны өдрийн 2797 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэргээр гэрээнд зурагдсан гарын үсэг М.Энхжаргалын гарын үсэгтэй тохирохгүй байна гэж гарсан.

Мөн би ББСБ-аас бага хувийн хүүтэй, урт хугацаатай зээл авах хүсэл сонирхолтой байсан ба иргэн Б.Эрдэнэтэй анхнаасаа харилцан тохиролцоогүй, хувь хүнээс зээл авах хүсэл сонирхолгүй байсан. Гэтэл миний хүсэл сонирхлын илэрхийлэлийг нэхэмжлэгч тал, ялангуяа итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тодорхойлох ямар ч боломжгүй юм. Зээл авсан буюу 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бүх нотариатч сургалттай гээд ямар ч нотариат ажиллахгүй байсан ба ББСБ-ын захирал н.Туул гэх эмэгтэй таньдаг нотариатчаа дуудчихлаа гээд СБД-ийн шүүхийн баруун талд байх байрны 3-р давхарын хаягийг зааж өгсний дагуу очиход н.Туул гэх эмэгтэй өөрөө гэрээ бичээд сууж байснаа нотариатын дэвтэр дээр гарын үсэг зурчихаад яваад лавлагаа аваад ир гэсэн. Тухайн үед нотариатч гэх 40 гаран насны эмэгтэй урдаа дугаарласан хоосон хуудсан дээр гарын үсэг зуруулж аваад явсан. Гэтэл нотариатч миний хүсэл сонирхол чухам ямар байсныг хэрхэн мэдэж гэрчилсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хуулинд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан ба М.Энхжаргал миний бие Б.Эрдэнэтэй зээлийн гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй, энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтээр нотлогдсон байтал зээлийн хүү 2.5 сая төгрөг, алданги 30 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд  зээлийн  хүү 2.5 сая төгрөг, алданги 30 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хоорондын маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байгаа хэдий ч шүүхийн шийдвэрт 115 дугаар зүйлийн 115.2.2-г удирдлага болгосныг залруулан өөрчлөлт оруулав.

 

 Нэхэмжлэгч Б.Эрдэнэ нь хариуцагч М.Энхжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 102 420 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “би банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан гэж ойлгосон, хувь хүнээс өндөр хүүтэй алдангитай мөнгө зээлж байна гэж бодоогүй, төөрөгдөж зээл болон барьцааны гэрээ байгуулсан” гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 60 000 000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлвэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, /1419/ Бээжингийн гудамж, 55 дугаар байрны 101 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны зориулалттай Ү-2203024532 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-4-6, 2-р хав 11-13/

 

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр 60 000 000 төгрөгийг М.Энхжаргалын өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн хүүгийн төлбөрт 2 300 000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1-т зээлдүүлэгч 60 000 000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл зээлдүүлэх, мөн гэрээний 2-т зээлдэгч зээлсэн мөнгийг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төлж дуусгасан байхаар заасан бөгөөд уг хугацааг хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутамд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор гэрээний 3 дах заалтаар талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалттай нийцжээ. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхтэй байна.

 

Зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр багтаан төлөөгүй, хүүгийн төлбөрт 2 300 000 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй, гэрээний хугацаа хэтрүүлжээ.

 

Зээлийн гэрээний 3-т алданги төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу шүүх 30 000 000 төгрөгийн алданги тооцож хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн болно.

 

Хариуцагчийн “Б.Эрдэнэтэй байгуулсан зээл болон барьцааны гэрээнд зурсан гарын үсгэнд шинжээч томилуулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015.05.13-ны өдрийн 1840 тоот дүгнэлт, 2015.07.06-ны өдрийн 2797 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэргээр гэрээнд зурагдсан гарын үсэг М.Энхжаргалын гарын үсэгтэй тохирохгүй байна гэж гарсан” гэх гомдол үндэслэлгүй байна. Тодруулбал, хэргийн 2 дугаар хавтасны 18 дугаар талд авагдсан 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлээс үзвэл шинжээч томилуулах хүсэлтийг талуудын хэн аль нь гаргаагүй гэж ойлгож болох уу гэсэн шүүгчийн асуултад зохигчид “болно, тийм” гэж хариулсныг тэмдэглэсэн байх бөгөөд шүүх энэ талаар дахин ажиллагаа хийгээгүй нь хууль зөрчсөн гэж үзэхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй юм.

 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хариуцагчаас төлөгдсөн 2 300 000 төгрөгийг хасч тооцон, үндсэн зээлийн төлбөр 60 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 2 500 000 төгрөг, алдангид 30 000 000 төгрөг, нийт 92 500 000 төгрөгийг хариуцагч М.Энхжаргалаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 102 420 000 төгрөгөөс 92 500 000 төгрөг болгож багасгасан гэж үзэхээр байх ба /2-р хав 33 дугаар тал/ шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоогүйг, шүүх шийдвэртээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-г удирдлага болгосныг залруулан 115 дугаар зүйлийн 115.2.1 гэж зөвтгөн өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/00826 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                              Б.НАРМАНДАХ