Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
Хэргийн индекс | 183/2017/01190/И |
Дугаар | 183/ШШ2017/01187 |
Огноо | 2017-05-23 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2017/01187
2017 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2017/01187 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжинд байрлах “МЭЗ” ХХК /РД:2565536/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа, Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох 264 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МЭЗ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “МЭЗ” ХХК нь Японы засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын дулааны станцын угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарч, SСТЕСМ компанитай SСТ-NUBIА-SUВС-0034 тоот гэрээг байгуулан ажилласан. Гэрээт ажил 2014.06.30-аас эхэлж, 2017.01.10-нд дуусгахаар төлөвлөсөн боловч, тус компани хугацаанаас нь өмнө буюу 2016 оны 10 сарын дундуур угсралтын ажлыг дуусган, SСТЕСМ компаниас зарласан ДС-ын ашиглалтын үйл ажиллагааг явуулах сонгон шалгаруулалтад шалгарч, үргэлжлүүлэн SСТЕСМ компанитай ашиглалтын SСТ-NUBIA- SUВС-0060 тоот гэрээг байгуулан ажилласан ба гэрээт ажлыг амжилттай гүйцэтгэж байсан тул энэхүү гэрээг 2 удаа сунган 2017.03.06-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Энэхүү ДС-ын ашиглалтын үйл ажиллагааг SСТЕСМ компани санхүүжүүлэх үйл явц 3-р сарын эхээр дуусгавар болох нь тодорхой байсан тул “МЭЗ” ХХК нь ИНЕГ-тай цаашид хэрхэн ашиглалтын үйл ажиллагааг зохицуулах, санхүүжилтийг хэрхэн шийдэх талаарх саналаа 2016.12.12-ны 01/0476, 2016.12.21-ний 01/478, 2017.02.17-ны 01/128, 2017.02.17-ны 01/133 тоот албан захиануудаар хүргүүлж харилцан ярилцаж байсны эцэст тус газраас албан ёсоор ашиглалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийлгэх хүсэлтэй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах саналтай байгаа тул бэлтгэл ажлаа хангах тухай 2017.03.07-ны 07/835 тоотоор хариу ирүүлсэн.
Энэхүү албан бичгийг хүлээн аваад бид захиалагч талын хүсэлт, мөн дулааны станцын тасралтгүй ажиллагааг хангах зайлшгүй нөхцөл байдлын үүднээс өөрийн ажилчдыг уг станцад үргэлжлүүлэн ажиллуулсаар өнөөдрийг хүрлээ. Манай компанийн зүгээс ИНЕГ-ын санал болгосон гэрээг зөвшөөрч, 2017.03.06-ны өдрөөс 2017.05.04-ны өдөр хүртэл ДС-ыг хэвийн ажиллуулах, гэрээний үнийн дүн 264,000,000 /хоёр зуун жаран дөрвөн сая/ төгрөг байхаар тохиролцсон бөгөөд захиалагч тал болох ИНЕГ-ын зохих удирдлагууд гэрээг батлахаар тохиролцсон. Гэтэл захиалагч тал Монгол Улсын Сангийн яамнаас шууд гэрээ байгуулахад татгалзсан тухай хариу ирсэн гэдэг шалтгаанаар гэрээ байгуулах боломжгүй боллоо гэсэн хариуг өгсөн. Тус компани нь 2017.04.11-ний өдөр 01/264 тоот албан бичгийг явуулж, үйл ажиллагааг зогсоох талаар мэдэгдсэн боловч ИНЕГ-аас дулааны станцыг үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг 2017.04.14-ний өдөр 02/1397 албан тоотыг ирүүлсэн тул “МЭЗ” ХХК нь Эрчим хүчний мэргэшсэн компанийн хувьд халаалтын улирлын нөхцөл байдлыг ухамсарлан, Монгол Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, Эрчим хүчний сайдын 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 8 дугаар тушаалыг үндэслэж өнөөдрийг хүртэл энэхүү дулааны станцын ашиглалтын үйл ажиллагааг тасралтгүй найдвартай явуулж байна. Үүнээс үүдэн манай компанийн ашиглалтын үеийн ажиллагааг явуулж буй ажиллагсдын цалин хөлс, холбогдох зардлуудыг төлөх эсэх нь тодорхойгүй болоод байна. Иймд гэрээний төсөлд тохирсон дулааны станцын ашиглалтын үйл ажиллагааг явуулсан зардал болох 264 000 000 төгрөгийг ИНЕГ-аас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “МЭЗ” ХХК-аас Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын Дулааны станцын ашиглалтын үйл ажиллагааг явуулсаны зардалд 264,000,000 /хоёр зуун жаран дөрвөн сая/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.
Тус газар нь Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын барилга байгууламжуудыг дулаанаар хангах зориулалттай Дулааны станцын ашиглалтын үйл ажиллагааг "МЭЗ" ХХК-аар гүйцэтгүүлэхээр талууд харилцан тохиролцсон болохыг баталгаажуулсан гэрээ байгуулагдаагүй болно.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нь төсвийн шууд захирагчийн хувьд батлагдсан төсөв болон талуудын хооронд байгуулсан гэрээ хэлцлийн үндсэн дээр батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй болно.
Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 01/741 тоот албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 04/994 тоот албан бичгээр Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 01/1046 тоот албан бичгээр Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст тус тус хандаж дэмжлэг хүссэн боловч гэрээ байгуулах эрх олгогдоогүй болно. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, Талуудын хооронд байгуулсан гэрээ хэлцэл байхгүй тул "МЭЗ" ХХК-д Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс мөнгө шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МЭЗ” ХХК нь Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын дулааны угсралтын ажлыг 2014 оны 7 сараас 2016 оны 10 сар хүртэл Самсунг ХХК-тай гэрээ хийн угсралтын ажлыг хийж дуусган үргэлжлүүлэн Самсунг ХХК-аас явуулсан сонгон шалгаруултанд шалгарч ашиглалтын үйл ажиллагааг явуулж байсан. Энэ олон улсын төсөл нь 2017оны 1 сард улсын комисс хүлээн авах нь эртнээс төлөвлөсөн тодорхой байсан учир бид 2016 оны 12 сарын 12-ны өдрөөс эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газарт улсын комисст хүлээлгэн өгсний дараа ашиглалтын комиссыг хэн, ямар үндэслэлээр явуулах вэ гэдгийг удаа дараа албан тоотоор илгээж байсан боловч тодорхой хариу өгөхгүй байсаар хугацаа алдаж байсан. Улсын комисс 2017 оны 1 сарын 10-наас эхэлж ажиллаж, Самсунг ХХК ашиглалтын үйл ажиллагааны зардлаа үндсэндээ 2017 оны 1 сарын 10-наар дуусгах байсан ч улсын комиссын үргэлжилж байсан учир бид энэ хугацааг цаашид 2 удаа сунган 3 сарын 6-ныг хүртэл сунгасан. 3 сарын 6-наас эхлэн Иргэний нисэхийн ерөнхий газар хариуцахаар төлөвлөгдөж байсан юм билээ. 2016 оны 12 сарын 12-нд 0476 тоотоор, 12 сарын 21-ний 0478 тоотоор, 2017 оны 2 сарын 17-ны өдөр 0128 тоотоор, 2017 оны 2 сарын 21-нд 0133 тоотоор ашиглалтын үйл ажиллагаа хэрхэн яаж цааш явуулах вэ гэсэн санал хүсэлт, мөн уулзалт үйл ажиллагааны зардлыг хэрхэн буруулах талаар ярилцаж байсан. Ингээд 3 сарын 6-ны хугацаа дууссаны маргааш буюу 3 сарын 7-ны өдөр Иргэний нисэхийн ерөнхий газраас МЭЗ ХХК-д албан тоот ирүүлсэн байдаг. Үүндээ 2017 оны 2 сарын 17-ны өдрийн 0128 тоотын дагуу танай байгууллагатай 2017 оны 5 сарын 15-ны өдөр хүртэл гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа Зам тээврийн яам болон Сангийн яаманд хүргүүлсэн байгаа тул холбогдох арга хэмжээг авч ажиллана уу гэсэн тоот ирүүлсэн. Үүний дагуу бид 3 сарын 7-ны өдрөөс үйл ажиллагаагаа зогсоолгүй цааш гэрээгүйгээр үйл ажиллагаа үргэлжлүүлсэн. Учир нь энэ үед халаалтын үе зогсоогүй байсан. Эрчим хүчний тухай хуулийн 6.1.10, Эрчим хүчний сайдын 2016 оны 8 сарын 23-ны өдрийн 8 тоотод заасан хууль эрх зүйд үндэслэн үйл ажиллагааг явуулж байсан. 2-рт, хэрвээ энэ удаад ашиглалтын үйл ажиллагааг зогсоосон тохиолдолд шинээр байгуулагдсан олон улсын нисэх буудлын 540 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй 10 гаруй обьект хөлдөх эрсдэл байсан учир бид арга буюу гэрээгүйгээр үргэлжлүүлж байсан. Энэ хооронд бид зүгээр байгаагүй. Сангийн яаманд холбогдох бичиг баримтыг өгсөн. Үргэлжлүүлэн 4 сарын 4-нд 01238 тоотоор бид 3 сарын 6-наас хойш гэрээний ямар ч зохицуулалтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар арга хэмжээ авч өгнө үү гэсэн боловч хариу ирээгүй. Дахин 4 сарын 11-нд 01264 албан тоот явуулсан. Бид 4 сарын 14-ний өдрөөс ашиглалтын үйл ажиллагаа зогсооё. Учир нь бид одоог хүртэл гэрээ байгуулагдаагүй, бүх зардлыг энэ компани гаргаж байна гэсэн. Үүний дараа 4 сарын 14-нд Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга Алтанцом гэх гарын үсэгтэй 02/1397 тоотоор хариу ирүүлсэн. Танай явуулсан 4 сарын 11-ний өдрийн албан тооттой танилцлаа. Иргэний нисэхийн ерөнхий газрын олон улсын нисэх буудлыг дулаанаар хангах ашиглалтын үйл ажиллагааны гэрээний явц тодорхой шатанд зогсонги байдалд ороод байна. Энд хугацаа шаардлагатай байгаа учир Эрчим хүчний тухай хуулийн 6.1.12, Эрчим хүчний зохицуулах тухай хуулийн дагуу энэ үйл ажиллагааг явуулж өгөхийг хүсье гэсэн тоот ирсэн. Тэгээд энэ албан тоотын дагуу бид цаашид үйл ажиллагаа үргэлжилнэ гэж ойлгоод ашиглалтын үйл ажиллагааны зардлаа компаниас гаргаад үргэлжлүүлсэн. Эцэст нь 4 сарын 26-ны өдөр дэд дарга Алтанцом гэх гарын үсэгтэй 02/1546 албан тоотоор 2017 оны 5 сарын 1-ний өдрөөс ашиглалтын үйл ажиллагаа буюу халаалтыг зогсоох хүсэлтэй байна гэсэн. Эцэст нь хэлэхэд эдгээр албан тоотоор бид харьцаж байсан учир гэрээ байгуулсантай адил тэгш эрхтэй үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэж байна. Түрүүн хэлсэн шиг эрсдэл өндөр байсан учир бид арга буюу үйл ажиллагааг үргэлжлүүлсэн. Нотлох баримт хангалттай өгсөн. Үүнд 1-рт, ашиглалтын үйл ажиллагааг 4 ээлжээр ажиллуулдаг. Ээлжийн ахлагч нарын ашиглалтын журнал, мөн ашиглалтын ээлжийн ажилчдын зааварчилгааны журнал, дулааны станцын хоногийн үзүүлэлтийн бүртгэл байгаа. Бидний дурдсан албан тоотыг хүлээн зөвшөөрсөн хирнээ дараа нь зогсооё гэдэг. Энэ хариуцлагатай албан тоотыг гэрээ байгуулах үндэслэл болно гэж үзэж байна. 2-рт, нотлох баримтуудаар үйл ажиллагаа хангалттай явагдаж байгаа тул гэрээ байгуулсанд хангалттай тооцогдоно гэж бодож байна гэв. Тиймээс манай нэхэмжлэлийг шийдэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл бол нэгдүгээрт олон улсын нисэх буудлыг дулаанаар хангах ашиглалтын үйл ажиллагааны гэрээ байхгүй. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга маань төсвийн шууд захирагчийн хувьд батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах эрхтэй. Хэдийгээр төсөв нь батлагдсан ч төсвийг гэрээгээр зохицуулагдах ёстой байдаг. Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс 2017 оны 2 сарын 22-ны өдрийн 01/741 тоотоор Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэд гэрээг байгуулах тухай албан бичиг хүргүүлж байсан. Мөн 2017 оны 3 сарын 14-ны өдөр Сангийн яамны хууль эрх зүйн газарт хандаж байсан. 2017 оны 3 сарын 22-ны өдөр 1/1046 тоот албан бичгээр Сангийн яамны хууль эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст тус тус хандаж дэмжлэг үзүүлэхийг хүсэж байсан боловч энэ асуудлууд зохицуулагдаагүй. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчсөн. Талуудын хооронд гэрээ хэлцэл байхгүй учраас “МЭЗ” ХХК-аар хийлгэсэн ажлынхаа хөлсийг шилжүүлэх боломжгүй болсон. Нэгэнт талуудын хооронд байгуулсан гэрээ байхгүй учир Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Гэрээний гол нөхцөлийг тохирсон. Баталгаажуулах түвшиндээ хуульд зөрчсөн болоод байна. Тэгээд шүүхээр шийдэхээс өөр аргагүй болоод байна. Манайх шууд бас хүлээн зөвшөөрч болохгүй байна. Төслийн шатандаа яваад баталгаажаагүй юм. 264.000.000 төгрөгийг арай багасаад 246.400.000 төгрөг гэж үнэлсэн. Үнийн дүнг бууруулах шаардлагатай гэж үзсэн гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МЭЗ” ХХК нь хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газарт холбогдуулж Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын дулааны станцын ашиглалтын гэрээний төлбөрт 264 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/476 тоот албан бичиг, 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 01/478 тоот албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/128 тоот албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 01/133 тоот албан бичиг, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/224 тоот албан бичиг, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07/835 тоот Иргэний нисэхийн Ерөнхий газрын “МЭЗ” ХХК-д хүргүүлсэн албан бичиг, 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 01/238 тоот “МЭЗ” ХХК-ийн албан бичиг, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01/257 тоот МЭЗ ХХК-ийн Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаад хүргүүлсэн албан бичиг, 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн Иргэний Нисэхийн Ерөнхий газраас “МЭЗ” ХХК-д хүргүүлсэн 02/1397 тоот албан бичиг болон Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын Дулааны станцын ашиглалтын гэрээний төсөл зэргээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Уг гэрээгээр “МЭЗ” ХХК нь Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын Дулааны станцын ашиглалтыг хариуцаж, Нисэхийн зорчигч үйлчилгээний барилга, хяналтын цамхаг, Нисэхийн гал команд, Бохир усны станц, ус түгээгүүрийн барилга, Ерөнхий дэд станц, Түлшний агуулах, Дулааны станц зэрэгт дулаанаар хангах, “Иргэний Нисэхийн Ерөнхий газар” ХК нь ажил гүйцэтгэсний нийт үнэд 264 000 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна./хх-ийн 6-31/
Нэхэмжлэгч компани нь гэрээний төлбөрийг Иргэний нисэхийн ерөнхий газраас шаардсаны дагуу хариуцагчийн хариу тайлбартаа гаргасан...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бидний хооронд харилцан тохиролцсон болохыг баталгаажуулсан гэрээ байгуулагдаагүй, Сангийн яамны хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст тус тус хандаж дэмжлэг хүссэн боловч гэрээ байгуулах эрх олгогдоогүй гэсэн тайлбар гаргасан боловч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс “2017 оны 04 дүгээр сарын 17-н хүртэлх хугацаанд “МЭЗ” ХХК нь, Иргэний нисэхийн ерөнхий газарт албан бичгийг хүргүүлж, дээрхи гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн албан бичгээр гэрээ байгуулан, цаашид хамтран ажиллах талаарх саналаа мэдэгдсэн албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж, гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон нь хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж үзлээ.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан шаардлагыг хангасан ажил гүйцэтгэх гэрээ байх бөгөөд гэрээний хугацаанд “МЭЗ” ХХК нь гэрээгээр тохирсон бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байх бөгөөд гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэсэн, энэ талаар талууд маргаагүй бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газар нь гэрээ байгуулах, хамтран ажиллах үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүссэн байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага болох 264 000 000 төгрөг нь гэрээний төслийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх төлбөр бөгөөд бид ажлаа 2017 оны 5 дугаар сарын 1-нд зогсоосон учир одоогийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа 246 400 000 төгрөг болгон багасган нэхэмжилж байна гэснийг дурдах нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгээд хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрээний төлбөрт 246 400 000 төгрөг, гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 477 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 246 400 000 төгрөг /хоёр зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МЭЗ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 477 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 1 389 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МЭЗ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ