Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 146

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д.З .

Хариуцагч: ХНХС .

Нэхэмжлэлийн шаардлага: “ХНХС ын ажлаар хангаагүй нь хууль бус болохыг тогтоолгож, ажлаар хангахыг  даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.З , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , Д.Р нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Д******* овогтой З  миний бие Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргаар ажиллаж байгаад Сэлэнгэ аймгийн Засаг даргатай харилцан тохиролцсоны дагуу Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гуйцэтгэгчээр ХНХС ын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар томилогдон үүрэгт ажлаа гүйцэтгэж байтал тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.О******* нь шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаан томилогдсоны улмаас миний бие ХНХС ын 2018 оны 08 сарын 30-ны өдрийн Б\51 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөн ажилгүй болсон.

Д.З  миний бие нь 1990 онд дээд сургуулийг дүүргэн ажил хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойшхи 20 гаруй жилд орон нутгийнхаа боловсрол соёлын салбарт удирдах ажлыг хариуцлагатайгаар гүйцэтгэн өнөөдрийг хүрсэн бөгөөд төр засгаас намайг Алтангадас одон Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор шагнасныг миний ажил хөдөлмөрийн үнэлэмж гэж бодож байна.

ХНХС ын 2018 оны 08 сарын 30-ны  өдрийн Б\51 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлөхдөө миний дараагийн ажил үүргийг шийдвэрлээгүй бөгөөд энэ шийдвэр нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь заалтыг зөрчин миний ажил хөдөлмөр эрхлэх эрх зөрчигдөн хохирч үлдэж байна.

Миний бие нь өнөөдрийг хүртэл зөвхөн төр, олон нийтийн чиглэлээр ажил хөдөлмөрийг хоёргүй сэтгэлээр хийж ирсэн бөгөөд орон байрны асуудлаа хүртэл зээлээр шийдэж ажиллаж амьдарч байсан бөгөөд ажилгүй болоход л хувь хүний амьдрал шууд хямралд орж байгааг дурьдах нь зүйтэй юм. Иймээс намайг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь заалтын дагуу ажлаар хангахыг даалгах, мөн холбогдох хуулийн хүрээнд ажилгүй байх хугацааныхаа цалинг буруутай албан тушаалтан, байгууллагаас гаргуулан авах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “Миний бие Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс аймгийн Засаг дарга болон тухайн үеийн ХНХС тай зөвшилцөж Сэлэнгэ аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон юм. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан. Ингээд ХНХС ын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/51 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас намайг ажлаас чөлөөлөхдөө урьдчилж мэдэгдээгүй.  Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал н.О*******ын ажилдаа эгүүлэн томилуулах шийдвэр гарсан гэдгийг би энэ үед мэдсэн. тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч ажлын байраар хангах ёстой. Ингээд би шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу ажлаар хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэл гаргасан. Би албан үүргээ гүйцэтгэж байхдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж би ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Миний бие 1991 оноос хойш төрийн үйлчилгээний болон захиргааны байгууллагад ажиллаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Миний хувьд шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Би зүгээр байж байгаад энэ албан тушаалд томилогдоогүй. Миний бие 30 жил төрийн байгууллагад ажилласан. Гэтэл түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод ажлаасаа чөлөөлөгдөж байгаа нь үндэслэлгүй. Хуулийн дагуу шийдвэрлэх ёстой байх гэж бодож байна. Тухайн үед шийдвэр гаргаж байсан хүмүүс өмнөх захирал н.О*******ын ажлыг F гэж үнэлээд намайг томилсон. Энэ үнэлгээгээ шүүхэд хамгаалж чадаагүйн улмаас би хохирч байна. Сайдынхаа гаргасан шийдвэрийг хууль зүйн үүднээс үндэслэлтэй хамгаалах ёстой” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд шинээр томилогдсон ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор зохицуулсан байгаа учраас Д.З г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу өмнө нь уг албан тушаалыг эрхэлж байсан Д.О*******ыг ажилд нь эгүүлэн томилох шаардлагатай болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэдэг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. Гэтэл Д.З г ажлаас буруу халагдсан гэж үзэхгүй, шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны байгууллага хууль ёсны шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн учир нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгч Д.З гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ршүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Эхний нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу ажлын байраар хангуулах гэсэн. Харин буруутай албан тушаалтнаас цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж тодорхойлсон байсан. 2 дахь нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаар ХНХС ыг тодорхойлсон гэж ойлголоо. Буруутай албан тушаалтнаас учирсан гэм хорыг арилгуулахын тулд төрийн албаны төв байгууллагад гомдол гаргаж өөр ажиллагаа хийгдэх ёстой. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэж ерөнхий байдлаар бичсэн байсан ба шүүхээс захиргааны хэрэг үүсгэхдээ энэ агуулгаар нь бичсэн. Мөн хэргийн харьяаллын хувьд Захиргааны хэргийн шүүхийн маргаан мөн үү гэдгийг тодорхойлох ёстой байх. Өмнөх шүүгчийн захирамжаар хэргийн үйл баримтын талаар буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Энэ захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Захиргааны эрх зүйн маргаан бол нийтийн эрх зүйн хэм хэмжээнд үндэслэсэн, захиргааны актын шинжийг бүрэн агуулсан байх ёстой.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн маргаан бол хувийн эрх зүйн маргаан. Өөрөөр хэлбэл ажил олгогч, ажилтан гэсэн 2 субъект байдаг. Монгол Улсын Дээд Шүүх энэ талаар тодорхой тайлбарлаж жишиг тогтсон. Төрийн үйлчилгээний албан хаагчтай холбоотой маргааныг ердийн шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Харин албан хаагчийн үр дүнгийн гэрээтэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Хариуцагчийн үзэж байгаагаар энэ бол хувийн эрх зүйн буюу ердийн харьяаллын маргаан юм. Учир нь нийтийн эрх зүйн харилцаа үүсээгүй. Миний хувьд Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын хяналтын шатны шүүх хуралдаанд 2 удаа оролцсон ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хувьд Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдсон тул ажлаас чөлөөлөгдөнө гэдгээ мэдэж байсан.

Нэхэмжлэгчид өмнө нь энэ албан тушаал шүүхийн маргаантай байгаа гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Газрын дарга н.Х******* тухай бүрт нь танилцуулж байсан. Үүнийг Д.З  мэдэхгүй байна гэх боломжгүй. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд нэхэмжлэгч ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгээ мэдэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ажлын байраар хангах гэдэг заалт бол хатуу тогтоосон зохицуулалт биш. Боломж байвал ажлын байраар ханга, боломж байхгүй бол заавал хангах шаардлагагүй гэж ойлгоно. Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд ажлын байр, орон тоо гарсан, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч ажиллах саналаа илэрхийлбэл шийдвэрлэх боломжтой болохоос биш шууд нэг ажпын байрны хэм хэмжээ тогтоож заагаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нөхөн олговроо гаргуулах боломжтой. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т цалин олгохыг зохицуулаагүй байдаг. Тиймээс Д.З гийн гаргасан нэхэмжлэлийн үр дагаврыг нь шийдвэрлэх боломжгүй гэж хэлмээр байна. Тухайн албан тушаалд жинхэнэ ажилтнаар ажиллаж байгаа бол хуулиар тодорхой эрхийг нь хангасан байдаг. Гэтэл түр орлон гүйцэтгэгч гэдэг нь ерөнхийдөө хууль бус томилгоо юм. Учир сонгон шалгаруулалт зарлалгүйгээр тухайн албан тушаалд томилогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.З  ХНХС ын ажлаар хангаагүй нь хууль бус болохыг тогтоолгож, ажлаар хангахыг  даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.З  ХНХС ын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д “....улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал” гэж зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ангилалд хамаарах төрийн албан хаагч байна.

Энэ нэхэмжлэл орон нутагт үйл ажиллагаа явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлыг шууд харьяалан томилж шийдвэр гаргах эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага болох ХНХС ын ажлаар хангаагүй эс үйлдэхүйтэй холбоотой маргаан болохын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж өмнө нь уг албан тушаалд ажиллаж байсан хүнийг буцаан томилж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн  ХНХС ын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/51 дүгээр тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй хэдий ч нэхэмжлэгчийг ажлаар хангаагүй хариуцагчийн татгалзал хууль бус байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө.” гэж хуульчилсны дагуу нэхэмжлэгч өөр ажлаар хангахыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 Нэхэмжлэгч Д.З  Сэлэнгэ аймгийн Боловсрол соёлын газрын даргаар ажиллаж байгаад тус аймгийн Засаг даргатай зөвшилцөн ХНХС ын тушаалаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байх бөгөөд ажлын хариуцлага алдсанаас бус өмнө нь ажиллаж байсан этгээд шүүхийн шийдвэрээр буцаан ажилдаа томилогдсоноос ажлаас чөлөөлөгдсөн нь Хөдөлмөрийн хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд хариуцагч түүнийг бололцооны өөр ажлаар хангах үүрэгтэй байна.

Хариуцагч маргаан бүхий Б/51 дүгээр тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;”, 37 дугаар зүйлийн 37.1.5-д “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон;” гэх заалтуудыг үндэслэжээ.

Гэтэл хуулийн дээрх зохицуулалтууд нь ажлаас үндэслэлгүй халагдаад шүүхийн шийдвэрээр уг ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдож байгаа этгээдэд хамааралтай заалт бөгөөд харин нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна.

Энэ утгаараа нэгэнт маргаан бүхий ажлын байранд урьд нь ажиллаж байсан этгээдийг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон тохиолдолд шинээр ажилд орсон нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.З г Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ХНХС ын тушаалаас шалтгаалж буруутгах боломжгүй. 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, өөр боломжит ажил олгоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж байгаа тохиолдолд түүний ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг мөн хариуцуулж  шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэгэнт Нэхэмжлэгч Д.З г ажлаар хангаагүй татгалзаж байгаа нь хариуцагчийн буруутай үйлдэл байх тул Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасанчлан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох зохицуулалттай адилтган үзэж хуулийн энэхүү заалтын дагуу 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг олгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийг ажлаар хангаагүй хариуцагчийн эс үйлдэхүй  хууль бус болохыг тогтоож, ажлаар хангахыг  даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин олгуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.З г ажлаар хангаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бололцооны дагуу өөр ажлаар хангахыг  хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинд 4694293 (дөрвөн сая зургаан зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун ерэн гурав) төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагч ХНХС ад тус тус даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                А.НАСАНДЭЛГЭР