Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 00021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   Ж.Э-д холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 171/2018/0036/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

                           Прокурор                                          Б.Жавхлантуяа 

                           Шүүгдэгч                                           Ж.Э 

                           Хохирогч                                           Я.С 

                           Нарийн бичгийн дарга                  Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Э-д холбогдох, 1825000000007 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Я.С-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ороогч мэргэжилтэй, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянбулаг багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Х овгийн Ж-ын Э.  

 

Шүүгдэгч Ж.Э нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “Алтай” төвийн гадаа хамт ажилладаг Я.С-ийг араас нь өвдөглөж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Х овгийн Ж-ын Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ж.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Ж.Э-д оногдуулсан торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 3 сарын хугацаанд /03 дугаар сарын 20-нд 150.000 төгрөг, 04 дүгээр сарын 20-нд 150.000 төгрөг, 05 дугаар сарын 20-нд 150.000 төгрөгийг/ хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д зааснаар шүүгдэгч Ж.Э-гээс 44.677 төгрөг гаргуулан 2018 оны 02 дугаар сарын 14-ний дотор хохирогч Я.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.455.323 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Я.С давж заалдах давж заалдах гомдолдоо:

 

Тэр өдөр Ж.Э нь миний араас дэгээдэж унагаасны улмаас биед гавал тархины битүү гэмтэл тархи доргилт, дух ясанд цууралт баруун шанаанд зулгаралт үүссэн нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гарсан. Гэтэл тухайн үед миний 11 шүд сэтэрсэн байсныг Шигтгэмэл шүдний эмнэлэгт 2018.01.05-ны өдөр эмчилгээ хийлгэх төлбөр, 80.000, бүрээс хийлгэхэд 500.000 төгрөгөөр хийлгэх тодорхойлолт авсан нь үнэн.

Иймд миний 11 шүд сэтэрсэн эсэхийг магадлан шалгуулах, дахин гэмтлийн зэрэг тоолгож өгнө үү. Ж.Э-гээс толгойн зураг авахуулахад 100.000 төгрөг, эм тариа 173.200 төгрөг авсан. Гэтэл 462.415 төгрөг өгсөн гэж тогтоолд бичсэн байна гэжээ. 

 

Шүүгдэгч Ж.Э давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

 

Миний бие нь хохирогч Я.С-той 2007-2017 он хүртэл 1 дамжлага дээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа эгч, дүү шиг 2 биендээ тустай байсан. 2017.12.18-ны шөнө Шинэ жилийн баяраа тэмдэглээд 24 цагийн үед С нь гутлынхаа түрийнээс утсаа авах гэж тонгойж байхад нь араас нь баруун хөлийн өвдгөөрөө өвдөглөж унагаасан.

 

Хийсэн хэрэгт маш их харамсаж байна. Тухайн үед ямар нэгэн өс санасан зүйл байхгүй, тоглоомоор л өвдөглөсөн юм гэжээ

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Оюунтуяа дүгнэлтдээ:

 

Шүүгдэгчийн үйлдэл тогтоогдсон..., зүйлчлэл зөв.., шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Э нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “Алтай” төвийн гадаа хамт ажилладаг Я.С-ийг араас нь өвдөглөж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч Ж.Э-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн :

 

-Миний бие нь хохирогч Я.С-той 2007 оноос хойш хамт ажиллаж байгаа..., бидэнд өш хонзон байхгүй.., тухайн үед буюу 2017.12.18-нд манай байгууллага шинэ жилийн баяраа тэмдэглээд явж байсан.., 24 цагийн орчимд байх Со миний урд явж байгаад нь гутлынхаа түрийнээс утсаа авах гэж тонгойж байхад нь араас нь баруун хөлийн өвдгөөрөө өвдөглөж унагаасан нь үнэн..., энэ үйлдлийн улмаас түүний хамар, амнаас цус гарсан ..., буруугаа ойлгож, гэмшиж байгаа, эм тарианы мөнгийг өгсөн..., гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Я.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

...Тэр үед манай байгууллага шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан..., үүний улмаас би эмнэлэгт хэвтсэн.., тухайн үед би босож явж чадахгүй байсан..., гэмтлийн улмаас би өөрөө босч чадахгүй байсан учир нөхөр Цэвээнпүрэв маань ажлаасаа чөлөө авч ирж намайг сахиж байсан..., Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.., гомдолтой байна..., гэсэн мэдүүлэг,

 

   Гэрч Н.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

... Бид нар бүгдээрээ “Алтай” төвийн урд талд явж байхад С намайг түлхээд унагаачихлаа гээд орилсон..., Хэн түлхэж унагаасныг хараагүй..., Ямар ч байсан С газар унасан..., 2017 оны 12 дугаар сарын 20-ны өглөө ажил дээр ирэхэд С-г Э өвдөглөсөн гэж мэдсэн... гэсэн мэдүүлэг,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 62 дугаартай

 

.... Я.С-ын биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, дух ясанд цууралт, баруун шанаанд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ...., Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ..., гэмтлүүд нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байж болно..., Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна..., Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана..., Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, үйлдийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв анхан шатны шүүх шүүгрдэгчид хуульд заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.

 

Мөн нотлох баримтаас үзвэл хохирогч Я.С дээрх гэмтлийн улмаас учирсан хохирол гэж 2.500.000 төгрөг нэхэмжлээд 1.491.492 төгрөгийн баримт ирүүлсэн бөгөөд үүнээс “Шигтгэмэл” эмнэлгийн 580.000 төгрөг, “Нейротоп” эмнэлгийн 300.000 төгрөгийн, эмийн 24.400 төгрөгийн баримтууд нь өвчтөний нэр бичигдээгүй, хохирогч Я.С “Нейротоп” эмнэлэгт 300.000 төгрөг төлсөн гэдэг нь тогтоогдоогүй,  өвчтөний түүх болон шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн шүд гэмтсэн тухай дурдагдаагүй, түүнчлэн нөхөр н.Цэвээнпүрэв эмнэлэгт сахиж байсан гэх боловч энэ талаарх баримт байхгүйгээс гадна н.Цэвээнпүрэв, Я.С нарын гэрлэлтийн баталгаа хэрэгт авагдаагүйгээс гэр бүлийн гишүүн эсэх нь тодорхойгүй, өвчтөний эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэрэг зайлшгүй шаардлагатай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хохирогчийн нэхэмжлэлээс ажиллаагүй хугацааны цалин, “Нейротоп” хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөр 300.000 төгрөг, шүдээ эмчлүүлэх, бүрүүлэх 580.000 төгрөг, эм тарианы 24.400 төгрөг, Цэвээнпүрэвийн замын зардал гэх 80.900 төгрөг нийт 985.300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах  боломжгүй учраас хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, нотлох баримтаар тогтоогдсон 507.092 төгрөгнөөс эм тарианы үнэ 462.415 төгрөг өгсөнийг хасаж, үлдэх 44.677 төгрөг гаргаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, энэ талаар бичсэн хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Я.Солонгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Ж.Э давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хохирогчид 44.677 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                       С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                 Ц.ТУЯА