Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2018/00765/И |
Дугаар | 001/ХТ2019/00409 |
Огноо | 2019-03-21 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2019/00409
Ц ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/02754 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2229 дүгээр магадлалтай,
Ц ын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/8, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/11 тоот Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буяндэлгэр, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц нь Б.Батжаргалд итгэмжлэл олгосны дагуу өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол 36б байрны 41 тоот хаягт байрлах 65.28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг “Эксим Финанс” ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 07 сарын 26-ны өдрийн захирамжаар Б.Батжаргал, Ц нараас 60,860,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж, гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Тус ажиллагаанд Ц өөрийн дүү Ц.Ариунтамирт итгэмжлэл олгон төлөөлүүлэн оролцуулж байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тус орон сууцыг шинжээч томилон 110,976,000 төгрөгөөр үнэлж түүний 70 хувь буюу 77,683,200 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааг 2018 оны 01 сарын 19-ний өдөр оруулсан боловч дуудлага худалдаа явагдаагүй. Ийнхүү 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 2/11 тоот Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор хоёр дахь дуудлага худалдаанд 55,488,000 төгрөгөөр 2018 оны 02 сарын 15-ны өдөр оруулахаар шийдвэрлэжээ. Төлөөлөгч Ц.Ариунтамир нь тухайн орон сууцны үнийн санал өгсөн, шинжээчийн гаргасан үнэлгээний талаарх мэдээллийг надад мэдэгдээгүй бөгөөд Ц нь өөрийн өмчлөлийн орон сууцыг багаар үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүхээс томилсон хөрөнгийн үнэлгээний компани орон сууцыг 111,718,100 төгрөг гэж үнийг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 1/8 тоот, 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 2/11 тоот Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянбадрахын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Батжаргал, Ц нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 41 дүгээр байр 36б байрны 41 тоот 65.28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 10 сарын 18-ны өдөр битүүмжилж, 2017 оны 11 сарын 01-ний өдөр хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар дуудлага худалдааны санал болгох доод үнэд тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээний “Хөрөнгийн үнэлгээний төв“ ХХК-ийг 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 319 тоот шинжээч томилох тогтоолоор томилсон. Шинжээч 2017 оны 11 сарын 16-ны өдөр хөрөнгийг 110,976,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлснээр төлбөр төлөгчид 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 4/28553 тоот албан бичгээр үнэлгээний 70 хувь буюу 77,683,200 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу мэдэгдсэн. Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасны дагуу шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж уг саналыг хүлээн авч төлбөр төлөгчид нэг сарын хугацаа өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд 7 хоногийн дотор гаргах байсан. Энэ хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “Эксим финанс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буяндэлгэрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани мөнгөө авч чадахгүй байгаа тул нэхэмжлэлийг шуурхай шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/02754 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/8, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/11 тоот Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлэх тухай нэхэмжлэгч Ц ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2229 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/02754 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Тиймээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/02754 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн магадлалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Ц нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/8, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/11 тоот Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, орон сууцыг дахин үнэлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2105 дугаар захирамжаар Ц , Б.Батжаргал нар 60,860,000.00 төгрөгийг “Эксим финанс ББСБ” ХХК-д хуваарийн дагуу төлөх, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох ... 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар Ц , Б.Батжаргал нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бүрэн төлөөлөх эрхийг Ц.Ариунтамирт 2017 оны 07 дугаар сарын 01, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр итгэмжлэл олгожээ.
Төлбөр төлөгч Ц нь дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх бөгөөд дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгчөөс гаргасан үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй байна.
Хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилсон, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК орон сууцны зах зээлийн үнэ 110,976,000.00 төгрөг болохыг тогтоож, тайланг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлж, үнэлгээг төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунтамир, төлбөр авагч “Эксим финанс” ББСБ ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл хүргүүлснийг тус тус хүлээн авсан, Ц.Ариунтамир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар орон сууцыг сарын хугацаанд худалдан борлуулж төлбөрийг төлөх хүсэлтээ илэрхийлсэн, төлбөр авагч зөвшөөрсөн нь тэмдэглэлээр тогтоогджээ.
Төлбөр төлөгч дээрх хугацаанд хөрөнгөө худалдан борлуулаагүй тул шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар төлбөр төлөгч нарт хүлээлгэн өгч баталгаажуулсан байна.
Талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болох бөгөөд уг үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа дуусгавар болсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д нийцсэн, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.
Нэхэмжлэгч тухайн орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.
Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/02754 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2229 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН