Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1517

 

Призма репортс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01004 дугаар шийдвэртэй,

 

Призма репортс ХХК-ийн Измоне ХХК-д холбогдуулан 26 813 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Призма репортс ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн Герман дахь төлөөлөгч “Изабелла Ромео Гомес” нь Дер Шпигель сэтгүүлд Монгол Улсын тухай нийтлэл гаргахаар Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж байгаа монголын компаниудын удирдлага, захирлуудтай уулзаж, хамтарч ажиллах санал солилцох, гэрээ байгуулах зорилгоор ажилласан. Энэ  хугацаанд “Измоне” ХХК-иас уулзах хүсэлт гаргасан ба түүнийг төлөөлөн гүйцэтгэх захирал О.Амартүвшинтэй уулзсан. Тэрээр Монгол Улс болон өөрийн компанийн талаар тусгай нийтлэлийг “Дер Шпигель” сэтгүүлд хэвлүүлэн гаргах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. “Призма репортс” ХХК-иас уг хүсэлтийг хүлээн авч, “Измоне” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр монголын тухай тусгай сурвалжлага нийтлэл бэлдэж, “Дер Шпигель” сэтгүүлд хэвлүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд “Измоне” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал О.Амартүвшин, “Призма репортс” ХХК-ийг төлөөлж Изабелла Ромео Гомес нар гарын үсэг зурсан. Гэрээний талууд “Дер Шпигель” сэтгүүлд тусгай сурвалжлага нийтлэлийг хэвлүүлэх ажлын хөлсөө дараах байдлаар харилцан тохиролцсон. Үүнд нийт ажлын хөлс 12.000 евро байна, “Измоне” ХХК нь ажлын хөлсний 50 хувийг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, үлдэгдэл төлбөрийг мөн оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус тус шилжүүлэхээр үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч талаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор хэвлэх материалаа бэлтгэх, захиалагч талын саналыг авах, саналын дагуу нийтлэхдээ нэмэлт өөрчлөлт оруулах, засварлах зэргээр үүргээ шударгаар биелүүлсэн. Хэвлэлтэнд өгөх материалыг “Измоне” ХХК-д танилцуулж, саналыг нь авсан. Хариуцагчийн зүгээс бидний бэлтгэсэн сурвалжлага, нийтлэлийг 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр уншиж танилцан улмаар “хэвлэлд нийтлэх материалтай эцсийн байдлаар танилцав. Хэвлэхийг батлав” гэж гүйцэтгэх захирал О.Амартүвшин гарын үсгээ зурж баталгаажуулсан. Нэгэнт хариуцагчийн зүгээс нийтлэлийг “Дер Шпигель” сэтгүүлд хэвлүүлэх материалаа баталсан тул сэтгүүлд гаргахаар ажиллаж, улмаар 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Дер Шпигель” сэтгүүлийн 30 дугаарын 1-4 хуудсанд “Монгол Улс. Урагшаа давхихад бэлэн байна” гэсэн нэртэй сурвалжлага хэвлэгдэж, “Призма Репортс” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэтэл “Измоне” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, долоо хоногт 844.121 хувь хэвлэгдэн гардаг нэр хүндтэй олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болсон германд төдийгүй дэлхийн олон улс оронд түгээгдэж, олон тооны уншигчдад хүрдэг “Дер Шпигель” сэтгүүлд компанийхаа тухай хэвлүүлж гаргуулсан атал өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө өгөөгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс ажлын хөлсөө авах гэж удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч хүлээн аваагүй. Иймд “Измоне” ХХК-иас ажлын хөлс 26.813.520 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

           

Хариуцагч “Измоне” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Призма репортс” ХХК-ийн нийтэлсэн “Монгол Улс урагшаа давхихад бэлэн” гэсэн нийтлэл нь Монгол Улсын уул уурхайд оруулсан гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар, аялал жуучлалын мэдээллийг нийтэлсэн байх ба тус нийтлэлийн 10 мөрөнд л “Измоне” ХХК-ийн талаар нийтэлсэн байдаг тул манайхаас нэхэмжилж буй 26 813 520 төгрөгийн төлбөртэй дүйцэхгүй. Мөн энэ нийтлэлд дан ганц “Измоне” ХХК-ийн талаар нийтлээгүй бөгөөд нэр бүхий 14 аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн талаар дурдсан. О.Амартүвшин нь “Измоне” ХХК-ийг төлөөлж уг гэрээг байгуулсан ба англи хэл мэдэхгүйн улмаас 26 813 520 төгрөг төлнө гэдгийг ойлгоогүй, мэдээгүй. Мөн гэрээ байгуулах үед “Измоне” ХХК нь байгуулагдаагүй байсан ба гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, үнийг еврогоор тохиролцож байгуулсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Измоне” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 26.813.520 төгрөг гаргуулан “Призма репортс” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 018 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Измоне ХХК-иас 292 018 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Призма репортс ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүй.  "Призма репортс" ХХК нь 2014 оны 2 сарын 26-ны өдөр монголын тухай тусгай сурвалжлага нийтлэл бэлдэж, "Дер Шпигель" сэтгүүлд хэвлүүлэхээр гэрээ байгуулсан үйлдэл нь "ажил гүйцэтгэх гэрээ" гэхээсээ илүү зар сурталчилгааны гэрээ буюу Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "зар сурталчилгаа" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид "бүтээгдэхүүн" гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн апхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг" хэлнэ гэсэнд илүүтэй нийцнэ.

 Мөн 2014 оны 02 сарын 26-ны өдрийн Сурталчилгааны ажлын гэрээнд ...Компани нь Монгол улсын тухай сурвалжлагийг сурталчилгаа болгон Берлины хэвлэлтэнд гарах Дер шпигель сэтгүүлд дараах шаардлагын дагуу хэвлүүлэх гэх мэтээр дээрх хуулийн заалтын урьдчилсан нөхцлийг агуулгыг бурэн хангасан байдаг. Гэтэл шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулагдсан гзж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

 Анхан шатны шүүхээс гэрээ байгуулах үед үүсгэн байгуулагдаагүй байсан хуулийн этгээдийг хариуцлага хүлээх ёстой хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Харин ч нэхэмжлэгч Призма репортс ХХК нь нэхэмжлэлээ нотлож чадаагүй. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн ярьсан зүйлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьсан мэтээр бичиж шүүхийн шийдвэрийн үндэслэлд бичсэн, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр зөрүүтэй болсон зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бухий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нийтлэлийн 11 мөрөнд л "Измоне" ХХК-ийн тухай бичсэн атлаа 26 813 520 төгрөгийн төлбөр төлөх ёстой хэмээн нэхэмжилж байгаа нь дээрх 11 мөрний унийн дүнд иийцэхгүй гэж үзэж байна. О.Амартүвшин нь ямар нэгэн орчуулагчгүй уулзсан бөгөөд төлбөр тооцоо төлөх ёстой гэж ч ойлгоогүй. Нөгөө талаас ямар ч урьдчилгаа төлбөр шилжүүлээгүй байхад яагаад сэтгуүлд хэвлэх болсон?, мөн сэтгүүлд Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол улсын их хурлын гишүүн Г.Батхүү, Берлинд суугаа монгол улсын шинэ элчин сайд Ц.Болор, Зам тээврийн сайд А.Гансүх, Монгол улсын уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрдэнэс таван толгой ХК-ийн захирал Я.Батсуурь, Голдсртийм Монгол болон Корпорейт зочид буудлын ерөнхий захирал Т.Ганболд, Банкны холбооны тэргүүлэгч М.Болд, Монголын иргэний нислэгийн ерөнхий газрын дарга С.Буяндалай, МИАТ компанийн ерөнхий захирал Г.Жаргалсайхан, Женко турын захирал Б.Намуун, Мон лаа компанийн ерөнхий захирал Э.Хишигжаргал нэр бүхий 12 аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс сурвалжлага авсан /ХХ-56-61 хуу/ атлаа яагаад зөвхөн Измоне ХХК-иас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй.

Түүнчлэн сэтгүүлийн тал нүүр хэмжээтэй (1/2 30.8 см*50 см] -/ХХ-4-5 хуу/ гэж гэрээндээ тусгасан. Гэтэл хавтас хэргийн 104 хуудасны ар талд Измоне ХХК-ийн талаар герман хэлээр 13 мөр /монгол орчуулга хавтас хэргийн 61 хуудсанд 11 мөр/ нийтлэл гарсан байдаг. Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй. О.Амартүвшин иргэнийхээ хувьд гэрээ байгуулсан байна. Хожим тус компанийн захирал болсон үедээ дээрх хэлцлийг дэмжин зөвшөөрөөгүй харин ч татгалзаж байгаа тохиолдолд дээрх хуулийн заалтыг баримтлах нь буруу юм. Шүүх хэргийн харьяалал зөрчөөгүй гэж дүгнэсэн нь буруу. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “Призма репортс” ХХК нь хариуцагч “Измоне” ХХК-д холбогдуулан  гэрээний  үүрэгт 26 813 520 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээ байгуулагдах үед Измоне ХХК байгуулагдаагүй байсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хэргийн 46-49 дүгээр талд авагдсан гэрээнээс үзэхэд “Призма репортс” ХХК нь “Измоне” ХХК-тай “Сурталчилгааны ажлын гэрээ”  нэртэй  гэрээг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бичгээр байгуулсан байх бөгөөд “Измоне” ХХК-ийг төлөөлж гэрээнд О.Амартүвшин гарын үсэг зуржээ.

 

Хэргийн 205 дугаар талд авагдсан улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд “Измоне” ХХК нь 3 үүсгэн байгуулагчтай байх бөгөөд тухайн компани нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг. “Призма репортс” ХХК-тай гэрээ байгуулж байх үед “Измоне” ХХК нэртэй хуулийн этгээд бий болоогүй, иргэний эрх зүйн чадвар нь үүсээгүй байжээ. Нэгэнт бүртгэгдээгүй, бий болоогүй этгээдтэй “Призма репортс” ХХК нь гэрээ байгуулсан тул “Измоне” ХХК уг гэрээгээр эрх эдэлж, үүрэг хүлээхгүй юм. Иймд “Измоне” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин “Призма репортс” ХХК нь тухайн гэрээнд гарын үсэг зурсан иргэн О.Амартүвшинд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Измоне” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 26 813 520 төгрөг гаргуулах тухай “Призма репортс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Измоне” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 018 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                               Ч.ЦЭНД

                                                                 Ш.ОЮУНХАНД