Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 01004

 

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/01004

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Призма репортс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

/Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй, компанийн бүртгэлийн дугаар 8409529, Англи Улс, Лондон хот, Харлей гудамж, Харлей 5 дугаар байр, Давлевий 1 Жи 8 Кью Ди байрлах/

 

Хариуцагч: “Измоне” ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан тойруу гудамж, 10720, Зайсан Голден вилла 3 давхарт байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011523069, регистрийн дугаар 5919118/

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 26.813.520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Призма репортс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн Герман дахь төлөөлөгч “Изабелла Ромео Гомес” нь 2014 оны 02 дугаар сард Монгол Улсад ажиллахаар албан ёсоор томилогдож, улмаар Германы Дер Шпигель сэтгүүлд Монгол Улсын тухай нийтлэл гаргахаар Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж байгаа монголын компаниудын удирдлага, захирлуудтай уулзаж, хамтарч ажиллах санал солилцох, гэрээ байгуулах зорилгоор ажилласан. Монгол Улсад ажиллах хугацаанд “Измоне” ХХК-иас уулзах хүсэлт гаргасан ба түүнийг төлөөлөн гүйцэтгэх захирал О.Амартүвшинтэй уулзсан. Тэрээр Монгол Улс болон өөрийн компанийн талаар тусгай нийтлэлийг “Дер Шпигель” сэтгүүлд хэвлүүлэн гаргах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. “Призма репортс” ХХК-иас уг хүсэлтийг хүлээн авч, “Измоне” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр монголын тухай тусгай сурвалжлага нийтлэл бэлдэж, “Дер Шпигель” сэтгүүлд хэвлүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд “Измоне” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал О.Амартүвшин, “Призма репортс” ХХК-ийг төлөөлж Изабелла Ромео Гомес нар гарын үсэг зурсан. Гэрээний талууд “Дер Шпигель” сэтгүүлд тусгай сурвалжлага нийтлэлийг хэвлүүлэх ажлын хөлсөө дараах байдлаар харилцан тохиролцсон. Үүнд нийт ажлын хөлс 12.000 евро байна, “Измоне” ХХК нь ажлын хөлсний 50 хувийг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, үлдэгдэл төлбөрийг мөн оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус тус шилжүүлэхээр үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч талаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор хэвлэх материалаа бэлтгэх, захиалагч талын саналыг авах, саналын дагуу нийтлэхдээ нэмэлт өөрчлөлт оруулах, засварлах зэргээр үүргээ шударгаар биелүүлсэн. Хэвлэлтэнд өгөх материалыг “Измоне” ХХК-д танилцуулж, саналыг нь авсан. Хариуцагчийн зүгээс бидний бэлтгэсэн сурвалжлага, нийтлэлийг 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр уншиж танилцан улмаар “хэвлэлд нийтлэх материалтай эцсийн байдлаар танилцав. Хэвлэхийг батлав” гэж гүйцэтгэх захирал О.Амартүвшин гарын үсгээ зурж баталгаажуулсан. Нэгэнт хариуцагчийн зүгээс нийтлэлийг “Дер Шпигель” сэтгүүлд хэвлүүлэх материалаа баталсан тул сэтгүүлд гаргахаар ажиллаж, улмаар 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Дер Шпигель” сэтгүүлийн 30 дугаарын 1-4 хуудсанд “Монгол Улс. Урагшаа давхихад бэлэн байна” гэсэн нэртэй сурвалжлага хэвлэгдэж, “Призма Репортс” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэтэл “Измоне” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, долоо хоногт 844.121 хувь хэвлэгдэн гардаг нэр хүндтэй олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болсон германд төдийгүй дэлхийн олон улс оронд түгээгдэж, олон тооны уншигчдад хүрдэг “Дер Шпигель” сэтгүүлд компанийхаа тухай хэвлүүлж гаргуулсан атал өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө өгөөгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс ажлын хөлсөө авах гэж удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч хүлээн аваагүй. Иймд “Измоне” ХХК-иас ажлын хөлс 26.813.520 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

           

Хариуцагч “Измоне” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Призма репортс” ХХК-ийн нийтэлсэн “Монгол Улс урагшаа давхихад бэлэн” гэсэн нийтлэл нь Монгол Улсын уул уурхайд оруулсан гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар, аялал жуучлалын мэдээллийг нийтэлсэн байх ба тус нийтлэлийн 10 мөрөнд л “Измоне” ХХК-ийн талаар нийтэлсэн байдаг тул манайхаас нэхэмжилж буй 26.813.520 төгрөгийн төлбөртэй дүйцэхгүй гэж үзэж байна. Мөн энэ нийтлэлд дан ганц “Измоне” ХХК-ийн талаар нийтлээгүй бөгөөд нэр бүхий 14 аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн талаар дурдсан. О.Амартүвшин нь “Измоне” ХХК-ийг төлөөлж уг гэрээг байгуулсан ба англи хэл мэдэхгүйн улмаас 26.813.520 төгрөг төлнө гэдгийг ойлгоогүй, мэдээгүй. Мөн гэрээ байгуулах үед “Измоне” ХХК нь байгуулагдаагүй байсан ба гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, үнийг еврогоор тохиролцож байгуулсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Призма репортс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Измоне” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 26.813.520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            “Измоне” ХХК, “Призма репортс” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 0044099 дүгээр “Сурталчилгааны ажлын гэрээ”-нд “Призма репортс” ХХК нь Монгол Улсын тухай сурвалжлагыг сурталчилгаа болгон Берлины хэвлэлтэнд гарах “Дер Шпигель” сэтгүүлд “сэтгүүлийн тал нүүр хэмжээ”-тэй хэвлүүлэх ажлыг гүйцэтгэх, “Измоне” ХХК нь уг ажлын хөлсөнд нийт 12.000 евро төлөхөөс 50 хувийг нь 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, үлдэх 50 хувийг нь 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төлнө гэж заажээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба “...уг нийтлэл нь Монгол Улсын нэр бүхий 14 аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн талаар нийтлэсэн байх бөгөөд 10 мөрөнд л ‘Измоне’ ХХК-ийн талаар нийтэлсэн байсан, О.Амартүвшин нь англи хэл мэдэхгүйн улмаас 12.000 евро төлнө гэдгийг мэдээгүй” тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

            Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 43 дугаар зүйлийн 43.3.1, 43.2.2-т зааснаар Монгол Улсын тухай сурвалжлагыг сурталчилгаа болгон Берлины хэвлэлтэнд гарах “Дер Шпигель” сэтгүүлд “сэтгүүлийн тал нүүр хэмжээтэй” хэвлүүлэх тухай, мөн эцсийн байдлаар захиалсан ажлаа нягтлан шалгаж, хэвлэн нийтлэхийг баталсан тухай “Измоне” ХХК-ийн хүсэл зоригийг “Призма репортс” ХХК нь хүлээн авсан болох нь хавтаст хэргийн 44-51 дүгээр талд авагдсан гэрээ, хэлцэл, загварын баталгаажуулалт гэсэн баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан гэж дүгнэв.

 

            Ажил гүйцэтгэгч “Призма репортс” ХХК нь Берлины хэвлэлтэнд гардаг “Дер Шпигель” сэтгүүлийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаарын хэвлэлийн 68 дугаар талын арын 1-4 дүгээр талд “Монгол Улс урагшаа давхихад бэлэн. Уул уурхайд оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар болон аялал жуулчлал нь дотоодын нийт бүтээгдэхүүний хурдацтай өсөлтөнд түлхэц болж байна” гэсэн нийтлэл “сурвалжлага сурталчилгаа”-г хэвлүүлж, уг сэтгүүлийг “Ди Эйч Эл” ХХК-ийн шуудангаар 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Измоне” ХХК-д хүргүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хавтаст хэргийн 56-61, 103-104 дүгээр талд авагдсан “Дер Шпигель” сэтгүүл, түүний орчуулга, “Ди Эйч Эл” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15/214 дүгээр албан бичиг, бараа хүргэсэн хавсралт зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

            Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч “Измоне” ХХК нь гэрээнд заасны дагуу “ажлын хөлсөнд нийт 12.000 евро төлөхөөс 50 хувийг нь 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, үлдэх 50 хувийг нь 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төлөх” үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Измоне” ХХК-иас ажлын хөлсөнд 12.000 евро буюу Монголбанкны “2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1 евро 2.234,46 төгрөгтэй тэнцэх” гэсэн лавлагааг үндэслэн 26.813.520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Призма репортс” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

            Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба “...талууд гэрээ байгуулах үед ‘Измоне’ ХХК нь байгуулагдаагүй байсан, гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн” гэсэн тайлбар гаргасан боловч энэ талаар шаардлага гаргаагүй бөгөөд хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан “...гэрээ байгуулах үед ‘Измоне’ ХХК нь байгуулагдаагүй байсан боловч дараа нь О.Амартүвшин нь ‘Измоне’ ХХК-ийг байгуулсан, хариуцагчаар татагдсан ‘Измоне’ ХХК-ийн захирал О.Амартүвшин нь ‘Призма репортс’ ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 0044099 дүгээр Сурталчилгааны ажлын гэрээг байгуулсан нь үнэн” гэсэн тайлбар, “Измоне” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.” гэж заасныг баримтлан “Измоне” ХХК-ийг “Призма репортс” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 0044099 дүгээр “Сурталчилгааны ажлын гэрээ” байгуулсан гэж дүгнэсэн болохыг дурдав.

 

Түүнчлэн, Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг баримтлан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Призма репортс” ХХК-ийг төлөөлж А.Энхтуяа нь “Измоне” ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1.2, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Монгол Улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэргийн харьяалал зөрчөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Измоне” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 26.813.520 төгрөг гаргуулан “Призма репортс” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Призма репортс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 292.018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Измоне” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 292.018 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Призма репортс” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД