Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01342

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол, Оранж хотхон, 61А байр, 15 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ТК78102664, Төрдэлгэр овогт, Төртогтохын Ононгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж-42, РД-2076675, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох

МСҮТөвийн орлогч захирлын ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж,  дэвтэрт бичилт хийлгүүлэх  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Онон, өмгөөлөгч П.Эркебулан/үнэмлэхийн дугаар 0963/,  хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амар, Д.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан МСҮТөвийн орлогч захирлын ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж,  эдгээр дэвтэрт бичилт хийлгүүлэхээр  шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн аж ахуй эрхэлсэн орлогч захирлаар 2016.09.01-ний өдрөөс 2017.02.24-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан.

Гэтэл ажилтан Т.Онон намайг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017.02.24-ний өдрийн Б/II/26 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хяналт шалгалтыг сулруулсан, сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан.

Миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлж ажиллаж байсан, санхүүгийн сахилга бат алдаж байгаагүй, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулаагүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017.02.24-ний өдрийн Б/II/26 дугаар тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Иймд ажилтан Т.Онон миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд  нэхэмжлэл гаргасан.

Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн  олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү? гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: 2016.09.01-ний өдрөөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд аж ахуй эрхэлсэн орлогч захирал гэсэн шинэ орон тоо батлагдан, Т.Онон уг орон тоонд томилогдон ажилласан. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2017.1.12-ны өдрийн 04 тоот шаардлага хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт  аж ахуй эрхэлсэн орлогч захирал Т.Онон  сургуулийн хамт олны уур амьсгалд үл ойлголцол, байнгын айдас түгшүүрийг бий болгож, багш ажилчдад сэтгэл санааны дарамт учруулах болсноор энэ хүнтэй холбоотой өргөдөл, гомдлууд багш, ажилтанууд, оюутнууд, эцэг эхчүүдээс удаа дараа ирсээр байна. Тэрээр боловсролын байгууллагад ажиллах ёс зүйгүй, удирдах ажилтны ёс зүйгүй, зан суртахууны доголдолтой, ажлын цаг барьдаггүй, ажлын цагаар ажлын байранд багш, ажилтнуудад архи сөгнөж өгдөг, оюутнуудад согтууруулах ундааны зүйлийг сургуулийн орчинд задалж өгч мялаадаг, албан тушаалаараа айлган сүрдүүлдэг, хүнийг ёс бусаар дуудан загнаж доромжилдог, хувь хүний эрх чөлөө бие махбодид нь бүдүүлгээр халддаг, бусдыг заналхийлж сүрдүүлдэг, дураараа авирладаг зэрэг зөрчил, дутагдал гаргасныг дурдаж,  хатуу хариуцлага тооцож өгөхийг Замын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ нийгэмлэгийн ёс зүйн хорооны дарга Л.Халтар нараас шаардсан.

Дээрх хамт олны шаардлагын дагуу Ёс зүйн хорооны хурлыг 2017.02.10-ны өдөр Л.Халтар удирдан явуулж, хурлын шийдвэрээр Т.Ононг цаашид Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн аж ахуй эрхэлсэн орлогч захирал, Төмөр замын салбар нэгжийн удирдах ажилтнаар ажиллахад тэнцэхгүй гэсэн 01 тоот шийдвэр гаргаж, Замын даргад дүгнэлтээ хүргүүлсэн  байдаг.

Нөгөөтэйгүүр УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас 2017.02.08 өдрөөс 11 өдрүүдэд МСҮТ-д шалгалт хийсэн. Илэрсэн зөрчлийн хүрээнд 2016.12.19-нд хуурамч бичиг баримт бүрдүүлэн олгосон 632 480 төгрөгийг захирал О.Энхтөр, орлогч захирал Т.Онон, ерөнхий ня-бо О.Сувд-Эрдэнэ нараар төлүүлэхээр 61/03/10 төлбөрийн актыг тавьсан. Мөн ...МСҮТ-ийн удирдлагууд өөрийн эрх мэдлийн хэмжээнд хөрөнгийг захиран зарцуулахдаа хууль дүрмийг зөрчиж, санхүүгийн үйл ажиллагааг зөв удирдаж чадаагүй байна... гэсэн дүгнэлт гаргасан.

Иймээс дээрх зөрчил дутагдалууд нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалт, ажлын байрны тодорхойлолтын 11.2, Хөдөлмөрийн дотоод журмын 6.6-д заасан ...Ажилтан ажилдаа ирэх, хурууны хээгээр цахим бүртгэлд бүртгүүлэх ба ирц бүртгэлийн дэвтэрт цагаа бүртгүүлж гарын үсэг зурна.., 9.2.4 ...удаа дараа ажил тасалсан... болон 9.2.2 ... Ажилтаны ёс зүйд үл нийцэх ноцтой үйлдэл хийсэн, ... Төмөр замын удирдах ажилтны ёс зүйн зарчмыг баримтлаагүй зөрчсөн тул Замын даргын 2017.02.24-ний өдрийн Б-II-26 тушаал гарч, Т.Ононтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

Иймд иргэн Т.Ононгийн  ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, ажлын байрны тодорхойлолт,  зааварчилгааны хяналтын хуудас, МСҮТ-ийн хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчийн тушаалууд, Ёс зүйн хорооны дүрэм, дүгнэлт, ҮЭ-ийн хорооны шаардлага, дотоод аудитын шалгалтын тайлан, акт, албан шаардлагууд, МСҮТөвийн захирлын тушаал, кассын зарлагын баримт, тайлбарууд, МСҮТ-ийн захирлын албан даалгавар, хурлын тэмдэглэл, өргөн барих бичиг,ҮЭ-ийн хорооны хурлын тогтоол,Төмөр замын удирдах ажилтны дагаж мөрдөх Ёс зүйн дүрэм,  МСҮТ-ийн багшийн ёс зүйн ерөнхий дүрэм зэрэг   бичмэл  нотлох баримтуудыг шинжлэн судлаад,   

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016-08-30 өдрийн Б-I-196 тушаалаар МСҮТөвийн аж ахуй эрхэлсэн орлогч захирлаар томилогдон ажиллаж байгаад Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017-02-24 өдрийн Б-II-26 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Ёс зүйн хорооны дүгнэлт, дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүгнэлт, акт, шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн, ёс зүйн зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хяналт шалгалтыг сулруулсан, санхүүгийн сахилга бат алдсан, байгууллагын хөрөнгийг үрэгдүүлсэн зөрчилд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгоогч санаачлан цуцалсан байна.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний 4.2-т зааснаар төмөр замын ажилтны сахилгын тусгай журам, хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллах бөгөөд ажлын байрны тодорхойлолтын 11.2-т зааснаар ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, багш ажилтан, сонсогч оюутнуудад үлгэр дууриалалтай ажиллаж, манлайлагч байх  үүрэгтэй байна.

МСҮТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.1-д ажилтан нь хөдөлмөрийн дотоод журам, багшийн ёс зүйн дүрмийг чандлан сахих, байгууллагын нэр хүнд, ёс суртахууныг өндөрт өргөж явах, 6.6-д ажилд ирэх, тарахдаа хурууны хээгээр цаг бүртгэх цахим төхөөрөмжид бүртгүүлэх ба давхар ирц бүртгэлийн дэвтэрт цагаа бүртгүүлж гарын үсэг зурах, 9.2.1-д сургуулийн эд хөрөнгийг ...үрэгдүүлсэн, шамшигдуулсан, 9.2.2-т ажилтны ёс зүйд үл нийцэх ноцтой үйлдэл хийсэн, 9.2.4-т, ...удаа дараа ажил тасалсан сахилгын зөрчил давтан /2 удаа/ гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлахаар, 9.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлын цагаас хоцорсон, захиргааны баталсан дүрэм, журам, заавар, түүнчлэн хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар хөдөлмөрийн онцлогт тохируулан гаргасан захирлын тушаал, шийдвэрийг зөрчихийг хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцохоор тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Т.Онон  сургуулийн  тэмцээнд түрүүлсэн ангийн оюутан сурагчдад согтууруулах ундааны зүйл өгсөн бөгөөд түүнээс уусан оюутан Д.Нямцэрэн согтуугийн улмаас шөнө харьж чадахгүй болсон, маргааш нь хичээлдээ ирээгүй, сургалтын менежер Г.Сэргэлэнтэй хүндэтгэлгүй харьцаж, мессэжээр сэтгэл санааны дарамт үзүүлсэн, 2016 оны 12 сарын 2, 5, 6 өдрүүдэд ажилдаа ирээгүй, ирээгүй шалтгаан нь баримтгүй, 2017 оны 01 сарын 2, 3, 4, 6 өдрүүдэд нийт 07 цаг 15 минутаар ажил тасалсан, ажлын цагийг хурууны хээгээр бүртгүүлэх цахим төхөөрөмжид хуруугаа таниулаагүй, ажлын цагийн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурахаас татгалзсан болохыг УБТЗ-ын Ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэж тогтоосон, тус байгууллагын дотоод аудитын шалгалтаар МСҮТ 2017 оны 12 дугаар сарын 19 өдөр кассын  зарлагын ордероор 600 000 төгрөгийг сургалтын менежер Сэргэлэнгийн нэрээр дараа тайлан гаргасан боловч 2 хоногийн дараа төлөөлөгчдийн зардалд зарцуулах тухай захирлын тушаал гарсан, уг мөнгийг Т.Онон нарын 4 хүн зарцуулсан, мөн 2016-12-23 өдөр жолооч Н.Пүрэвдоржид гэж 608 000 төгрөгийн цалин бодож,нийгмийн даатгалын шимтгэл суутгаж, гарт бэлнээр 492 480 төгрөгийг олгосон тухай зардал дансанд бүртгэсэн нь хуурамч гэрээнд үндэслэсэн болохыг тогтоож, уг мөнгөнөөс нэхэмжлэгч Т.Онон 200 000 төгрөгийг авсан болохыг мөнгийг хамт авсан хүмүүсийн тайлбараар тогтоож /Т.Онон утсаар тайлбар өгсөн/, мөнгийг авсан 3 хүнээр төлүүлэхээр акт гаргасан байна.

Нэхэмжлэгчийн дээрх үйлдлүүд нь нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд эдгээр зөрчлүүд хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн сахилгын зөрчилд хамаарч байна.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан байх тул ажил олгогч санаачлан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасан ажлаас халах шийтгэлийг ногдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж,  хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.   

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын  тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160  дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон