Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 300

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Г.М .

Хариуцагч: УБЕГ.

Хариуцагч: ЧДЗД

Хариуцагч: ЧД ГЗБА.

Гуравдагч этгээд: П.З .

Нэхэмжлэлийн шаардлага: “иргэн П.З ад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2******* тоот хаягт байрлах 300 м кв газрыг эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээ болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн П.З ад холбогдох хэсэг, П.З ын нэр дээр бүртгэсэн Y-*********  дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г.М  миний нэр дээр уг хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, улсын бүртгэлд бүртгэхийг УБЕГт, газрыг надад эзэмшүүлэх захирамж гаргахыг ЧДЗДд тус тус даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч ЧДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч ЧД ГЗБА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, хариуцагч УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,  гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С, иргэдийн төлөөлөгч С.О нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “...Миний бие ЧДЗД-ын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2******* тоот хаягт байрлах 134 м.кв хэмжээтэй, нэгж талбарын 18******* дугаартай газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, Чингэлтэй дүүргийн газрын албанаас 0004******* дугаартай гэрчилгээ олгосон.

Үүний дагуу миний бие уг газар дээр байрлах байшингийн өмчлөх эрхийн

гэрчилгээг авах гээд 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн

байгууллагад хандахад, миний нэр дээр байсан уг газар болон байшинг Газрын тухай

хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийг зөрчиж, газар эзэмших эрхийг маань хүчингүй болгож, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 011******* дугаартай байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг Пинзэг овогтой З ын нэр дээр гаргасан байсан.

Дээрх шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ямар учир шалтгааны

улмаас миний хууль ёсоор 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг маань надад

огт мэдэгдэлгүйгээр П.З ын нэр дээр шилжсэн талаар Чингэлтэй дүүргийн Засаг

даргад өргөдөл гаргаж, хандахад тус дүүргийн Засаг даргаас надад эзэмшүүлсэн газар нь П.З ын газартай давхацсан гэж үзээд миний газрыг хүчингүй болгосон байна.

Энэ талаар миний бие холбогдох төрийн байгууллагуудад хандаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахыг хүссэн боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, захиргааны хэргийн шүүхэд хандахыг зөвлөсөн хариуг сүүлд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргаж, надад 28-ны өдөр гардуулж өгсний дагуу шүүхэд хандахаар шийдсэн.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2******* тоот хаягт байрлах уг газар

дээр миний бие нөхөр, хүүхдүүдийн хамт 1994 оноос хойш амьдарч байсан бөгөөд

манай нөхрийн ажлын газраас уг байшин, газрыг талийгаач нөхөрт маань өгсөн тул

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын

эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэж тус тус заасныг ноцтой зөрчиж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.

Иймд иргэн П.З ад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2******* тоот

хаягт байрлах 300 м.кв газрыг эзэмшүүлсэн ЧДЗД-ын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2******* тоот хаягт байрлах 30 м.кв орон сууцыг П.З ын нэр дээр бүртгэсэн Ү-*********  дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г.М  миний нэр дээр уг хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт, мөн хаягт байрлах газрыг надад эзэмшүүлэх захирамж гаргахыг ЧДЗДд тус тус даалгаж өгнө үү” гэжээ.

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа  дараах байдлаар тодруулжээ: “Нэхэмжлэгч Г.М  нь тус шүүхэд анх "... П.З ад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2******* тоот хаягт байрлах 300 м.кв газрыг эзэмшүүлсэн ЧДЗД-ын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн болон 2015 ны А/24 дүгээр захирамжийн холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2******* тоот хаягт байрлах 30 м.кв орон сууцыг П.З ын нэр дээр бүртгэсэн Ү-*********  дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г.М  миний эр дээр уг хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт, мөн хаягт байрлах газрыг надад эзэмшүүлэх захирамж гаргахыг ЧДЗДд тус тус даалгуулах” гэсэн шаардлагуудыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ЧДЗД-ын 015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2******* тоот хаягт байрлах 285 м.кв хэмжээтэй газрыг иргэн П.3агдад 2000 онд эзэмшүүлснийг 5 жилийн хугацаатай сунгаж олгосон байх боловч 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0106******* дугаартай гэрчилгээ олгох үед түүнтэй холбоотой ямар нэгэн бичиг баримт байхгүй, газар эзэмшүүлсэн захирамж гараагүй болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Гэвч 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр П.З ад газар эзэмшүүлэх тухай захирамж гараагүй, зөвхөн газар эзэмшүүлэх 0106******* дугаартай гэрчилгээ гарсан байх боловч түүнийг үндэслэн дараагийн захирамж гарч, гэрчилгээнд заасан хугацаанаас тооцон газар эзэмших эрх сунгах зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үр дагаврыг бий болгож, уг гэрчилгээгээр газрыг эзэмшүүлж байгаа нь мөн захирамжилсан шинжийг агуулж, нэг удаагийн тохиолдлыг зохицуулсан, гадагш чиглэсэн, бичгээр гаргасан захиргааны акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймээс дээрх дурдсан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж

байна.

“...П.З ад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2******* тоот хаягт байрлах 300 м.кв газрыг эзэмшүүлсэн ЧДЗД-ын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 0106******* дугаар гэрчилгээг болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” гэж тодруулахын зэрэгцээ ЧДЗД-ын 2015 оны А/24 дүгээр захирамж нь П.З ад зөвхөн чиглэсэн захиргааны акт боловч нэхэжлэгчид эзэмшүүлсэн 134 м.кв газартай давхцалтай хэсэгтэй л зөвхөн маргаж байгаа, үлдэх хэсэг нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй гэж үзэж байгаа тул уг захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Г.М д ЧДЗД-ын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 2******* тоот хаягт байрлах 134 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Үүний дагуу Г.М  нь уг газар дээрээ байрлах байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар 2015 оны 04 дүгээр сард улсын бүртгэлийн байгууллагад хандахад газар болон байшинг Газрын тухай хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчиж газар эзэмших эрхийг 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 011******* дугаартай байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг П.З ад олгосон байсан. Хууль бус үйлдлийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргасан боловч хариугаа авч чадаагүй тул шүүхэд хандсан.

Уг газар дээр нэхэмжлэгч Г.М  нь 1994 оноос 2000 оныг хүртэл амьдарч байсан. Уг газар дээрх хуучнаар Усны аж ахуйн байрны 2-8 тоот орон сууцыг түүний нөхөр н.Б*******д 1989 онд өмчлүүлэн өгсөн байдаг. Өмчлүүлэн өгсөн байшин болон газар дээрээ амьдарч байгаад 2000 оноос хойш амьдрахаа больсон боловч өмчлөх эрхээсээ татгалзаагүй байсан. ЧДЗД 2000 онд гуравдагч этгээд П.З ад газрыг эзэмшүүлэхдээ ямар нэгэн захирамж, шийдвэрийг гаргаагүй байдаг. П.З  нь уг газрыг надад эзэмшүүлж өгөөч гэсэн хүсэлтийг огт гаргаагүй, хүсэлт гаргасан баримт байдаггүй. Зөвхөн 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0106******* дугаартай гэрчилгээг олгосон байдаг. Газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй этгээдийн газар эзэмших эрхийг сунгаж 2015 оны А/24 дүгээр захирамжийг гаргасан. Захирамжууд нь одоо үйлчилж буй Газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан Газрын тухай хуулиудыг зөрчиж байна. 2000 онд газар эзэмшүүлэх үед 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Газрын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Тэгэхээр тухайн үед газар эзэмшүүлэхэд уг хуулийг баримтлах ёстой гэдэг нь харагдаж байна. Тус хуулийн 30 дугаар зүйлд “Газар эзэмших тухай хүсэлт гаргах, хүлээн авах”, 31 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах”  гэсэн заалтууд байдаг. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргад гаргана, 2-т Иргэн газар эзэмших тухай хүсэлтэд дараахь зүйлийг тусгана, 4-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтэд төлбөрийн чадварын баталгааг хавсаргана, 5-д Сум, дүүргийн Засаг дарга эзэмшилд авахаар хүсэлт ирсэн газрын тухай уг хүсэлтийг хүлээн авмагц нийтэд зарлан мэдээлж, тухайн газрыг эзэмших, ашиглах талаар өөр сонирхогч этгээд байгаа эсэхийг тодруулна гэж заасан. Тэгэхээр газар эзэмшихийн тулд хүсэлт гаргана, хүсэлтэд хуульд заасан зүйлийг тусгана, мөн хүсэлтэд төлбөрийн чадварын баталгааг хавсаргах бөгөөд Засаг дарга хуульд заасныг тодруулахаар заажээ. Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд П.З  нь газар эзэмших хүсэлт гаргаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр байдаггүй. 1994 онд батлагдсан Газрын тухай хуулийг зөрчиж үндэслэлгүйгээр газар эзэмшүүлсэн нь тогтоогдож байна. Тэгэхээр хууль бус газар эзэмшүүлэх гэрчилгээг үндэслэн 2015 онд газар эзэмших эрхийг А/24 дүгээр тушаалаар сунгасан байна. Өөрөөр хэлбэл газар эзэмшүүлэх шийдвэр байхгүй байхад хийсвэр зүйлийг сунгасан. Иймд хууль бус гэж үзэж байгаа. 2002 батлагдсан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. 2015 онд газар эзэмших эрх сунгах үед нэхэмжлэгч Г.М  нь үүнээс 1 жилийн өмнө буюу 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмших эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл газрыг давхардуулан газар эзэмшүүлээд байгаа нь хуульд нийцэхгүй байна. Газар дээр байрлах байшинд нэхэмжлэгч гэр бүлийн хамт 1994 оноос хойш амьдарч байсан. Түүний нөхөрт 1989 онд ажиллаж байсан байгууллагаас нь хувьчлан өгсөн байгаа. Дунд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар байшин хураагдаж н.Б******* гэх хүнд төлбөрт өгсөн. Гэвч н.Б******* гэх хүний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, Орон сууц хувьчлах товчооны тогтоол гарсан зүйл байдаггүй. Гэтэл гэнэт П.З  гэх хүний нэр дээр энэ байшинг хувьчлах Орон сууц хувьчлах товчооны шийдвэр гарсан. Үүнийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн байгаа. Гэтэл байшингийн доод газар нь өөр хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч ЧДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн  хариу тайлбартаа: “...Иргэн Пинзэгийн З  нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2******* тоот хаягт байрлах газын гэрчилгээг сунгуулахаар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасны дагуу

дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаар

захирамжаар 300 мкв газрын гэрчилгээг сунгасан байна.

Иргэн П.З ын тус хороонд оршин суудаг тухай Хорооны Засаг даргын

тодорхойлолт, П.З ын нэр дээрх 1864******* дугаар бүхий нэгж талбарын

дугаартай газрын мэдээллийн сангийн зурагийг үндэслэн дүүргийн Засаг даргын

захирамжаар газрын гэрчилгээг сунгасан тул иргэн Г.М гийн

нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ. 

Хариуцагч ЧДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...П.З  нь 2000 онд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 2******* тоот хаягт амьдарч буй 300 м.кв газраа дүүргийн Засаг даргын шийдвэрээр 15 жилийн хугацаатай эзэмших болсон. Хувийн хэрэг нь байхгүй байгаа шалтгаан нь тухайн цаг хугацаанд дүүргийн хэмжээнд оршин сууж буй айл өрхүүдийг гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлэн гэрчилгээ олгож байсан. Үүний дагуу П.З ад 300 м.кв газрыг эзэмших эрх үүссэн гэж үзэж байгаа. 2000 онд одоогийн мэдээллийн сан үүсээгүй байсан учраас эргэлтийн цэгийг тогтоох техник технологийн боломжгүй байсан. 2015 оны Засаг даргын А/24 дүгээр захирамжаар 2000 онд газар эзэмших эрх нь үүссэн П.З ын газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

Хариуцагч ЧД ГЗБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Иргэн П.З  нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 2******* тоот хаягт байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасны дагуу ЧДЗД-ын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан байна. П.З  нь оршин суух хорооны тодорхойлолт, газрын мэдээллийн сангийн зургийг үндэслэж дүүргийн Засаг даргын захирамжаар газрын гэрчилгээний хугацааг сунгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ЧДЗД-ын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр захирамж хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна” гэв.

Хариуцагч УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамж, 1 дүгээр байр 3 тоот, хаягтай 30 м.кв орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр иргэн П.З / Ч*******/-ийн өмчлөлд бүртгэхдээ анх Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2015 оны 03 сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоол бүхий цэнхэр гэрчилгээ болон бусад нотлох баримтыг үндэслэсэн бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-*********  дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 011******* дугаартай

гэрчилгээг 2015 оны 04 сарын 08-ны өдөр олгосон байна.

Өнөөдрийн байдлаар дээрх орон сууц нь П.З ын өмчлөлд бүртгэлтэй хэвээр

байх бөгөөд ямар нэгэн үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байна.

Дээрх эд хөрөнгийн хувийн хэрэг нотлох баримтыг судалж үзэхэд уг орон

сууцыг иргэн П.З ын өмчлөлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд

хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн

тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж журмын дагуу бүртгэгдсэн байна.

Иймд иргэн Г.М гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй

орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд дурдагдсан Ү-*********  дугаартай Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 23 дугаар гудамж 1 дүгээр байр 3 тоот хаягтай 30 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нь иргэн П.З  /Ч*******/ бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай хэлцэл бүртгэгдээгүй байна.

Энэхүү орон сууцны өмчлөх эрхийг манай байгууллагаас олгоогүй болно. Харин эд хөрөнгийг анх бүртгэхдээ Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос уг байрыг 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоолоор иргэн З ад өмчлүүлэхээр 011******* тоот гэрчилгээ олгосон байсныг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-*********  дугаарт бүртгэж 011******* тоот гэрчилгээ олгосон байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.5.1-т, эхэуббүртгэх журмын 4.2-т зааснаар төрөөс хувьчилсан орон сууцыг бүртгэхдээ газрын эзэмших ашиглах болон ямар нэгэн газартай холбоотой нотлох баримтыг шаарддаггүй бөгөөд, тухайн л хөдлөх эд хөрөнгөнд олгогдсон эрх бүхий байгууллагын зөвшөөрөл нотлох баримтыг бичгийг үндэслэн бүртгэдэг.

Иймд иргэн З ад олгосон нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 011******* тоот гэрчилгээг олгоход бүрдүүлсэн нотлох баримтын бүрдүүлбэр нь манай байгууллагын хариуцах асуудал биш байх тул Нийслэлийн орон сууц хувьчлах товчоог хариуцагчаар татан оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн дээрх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэснээр иргэн М гийн өмчлөх эрхэнд халдаагүй бөгөөд ямар нэгэн хохирол учруулаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан газрын асуудал нь газрын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч УБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ү-*********  дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 2******* тоот хаягт 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр П.З  бүртгэлтэй байгаа. Уг орон сууцыг өмчлөх эрхийг манай байгууллага олгоогүй. Уг үл хөдлөх хөрөнгийг анх улсын бүртгэлд бүртгүүлэхэд Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоолоор иргэн П.З ад өмчлүүлэхээр гэрчилгээ олгосон байсан. Иймд улсын эрхийн бүртгэлийн Ү-*********  дугаарт бүртгэж, 011******* дугаартай гэрчилгээг олгосон. Тухайн үед дагаж мөрдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, Эд хөрөнгийн улсын бүртгэл журмын 4.2-т зааснаар төрөөс хувьчилсан орон сууцыг бүртгэхдээ газрын эзэмших, ашиглах эрх, ямар нэгэн газартай холбоотой нотлох баримтыг шаардан авдаггүй байсан. Орон сууц хувьчлах товчооны шийдвэрийг үндэслэн улсын бүртгэл хийдэг байсан. Иймд улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байгаа. Иргэн П.З ад гэрчилгээ олгоход бүрдүүлсэн нотлох баримтын бүрдүүлбэр нь манай байгууллагын хариуцах асуудал биш байх тул Нийслэлийн орон сууц хувьчлах товчоог хариуцагчаар оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн дээрх өмчлөх эрхийг бүртгэсэн нь иргэн Г.М гийн эрхэд халдаагүй бөгөөд ямар нэгэн хохирол учруулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан газрын асуудал нь газрын үйл ажиллагаа эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд П.З  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...П.З  би Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, Нуурын 1-3 тоот сууцыг өөрийн хамаатны дүү болох Б*******аас 400 ам.доллараар худалдан авсан бөгөөд тухайн үед худалдах, худалдан авах гэрээ хийлгүй аман гэрээ хийж тус байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Дээрх сууцны эзэмшигч байсан Б******* нь манай дүү Б*******ын унаж явсан Бенз-190 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар Б*******ын машинд 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор Б*******аас 400.000 төгрөг гаргуулан Б*******т олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Ийнхүү 1998 оны 10 дугаар сарын 05-ны өдөр албадан гүйцэтгэж Б*******ын

байрыг албадан суллаж, дээрх сууцны түлхүүрийг Б*******т хүлээлгэн өгсөн. Харин Б******* нь энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу авах байсан 400.000 төгрөгийн оронд Б*******ын эзэмшлийн сууцыг гаргуулан авч өөрийн эзэмшилдээ хууль ёсны дагуу шилжүүлэн авсан билээ.

Би Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, Нуурын 1-3 тоот сууцыг хууль ёсны дагуу

худалдан авсан бөгөөд холбогдох төрийн захиргааны байгууллагуудад хандаж газрын

болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч байсан.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт нь ямар ч үндэслэлгүй байх тул энэхүү хэрэг маргааныг холбогдох хуульд заасны дагуу үнэн зөвөөр шийдвэрлэн өгч шударгаар өмчилж байгаа миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдээр оролцож буй П.З  нь 1943 онд төрсөн 76 настай, хөл муутай хүн байгаа. Уг захиргааны хэргээс гадна П.З ын нэхэмжлэлтэй, ЧДЗДд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа. Уг захиргааны хэргүүдийг нэгтгүүлэх хүсэлт гаргасан боловч  хэргийг нэгтгэх шаардлагагүй гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ хэргийг шийдвэрлэсний дараа тус хэргийг шийдвэрлэхээр болсон.

П.З  нь энэ газрыг эзэмших эрхтэй болсон шалтгаан нь нэхэмжлэгчийн нөхөр н.Б*******аас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар байшинг н.Б******* гэх хүнд шилжсэн. н.Б******* нь гуравдагч этгээд П.З ын хамаатны хүн байсан бөгөөд хашаа байшинг П.З  нь худалдан авсан. Тухайн үед газар эзэмших эрхийг шууд дүүргийн Засаг дарга гэрчилгээгээр олгож байсан. Үүний дагуу 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газрыг эзэмших болсон. Газар эзэмших эрхийн хугацаа 2015 онд дуусахад дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар сунгасан байна. Улмаар 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 011******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, улсын бүртгэлд Ү-*********  дугаарт бүртгэгдсэн. П.З  нь тус үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа нь хуулийг зөрчсөн зүйл байхгүй. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар П.З ын эзэмшиж буй газрын тал буюу 131 м.кв газрыг нэхэмжлэгч Г.М д эзэмшүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь П.З ын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах боловч шаардах эрхтэй этгээд мөн эсэх, түүнд газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн эсэхийг шүүх шалгах шаардлагатай. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь иргэдийн хувьд газар эзэмших баталгаа нь байдаг. Үүнээс өмнө захирамж гарч байгаа боловч иргэдэд очдоггүй. Захирамжийг үндэслэн гэрчилгээ олгодог. Гэрчилгээ олгогдсон учраас газар эзэмших эрхтэй. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 1.2-т Эрхийн гэрчилгээ нь газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг төрөөс баталгаажуулсан үнэт цаасны зохих нууцлал бүхий хууль ёсны баримт бичиг мөн гэж заасан.

1994 онд батлагдсан Газрын тухай хуульд ч дээрх үзэл санаа байсан. Тодруулбал 1994 оны Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д шийдвэрийг үндэслэн гэрчилгээ олгоно гэж заасан байгаа. Шийдвэр гарч гэрчилгээ олгосны дараа иргэний газар эзэмших баталгаа нь гэрчилгээ болж байгаа. Захирамж байхгүй гэдэг үндэслэлээр гуравдагч этгээд П.З ыг газар эзэмших эрхгүй гэж үзэх боломжгүй. Энэ захирамж захиргааны байгууллагад өөрт нь байх ёстой. Архивын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д зааснаар газар эзэмших эрх олгосон захирамж нь төрийн архивын сан хөмрөгт байх ёстой баримтад хамаарна. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д Энэ хуулийн 6.4.1, 6.4.2, 6.4.3-т заасан байгууллагууд албан хэрэг хөтлөлтийн явцад үүсч бий болсон архивын баримтын эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, байнга хадгалах баримтыг энэ хуульд заасан хугацаанд төрийн архивт шилжүүлж байх үүрэгтэй гэж заасан. Хуульд заасан энэ үүргээ төрийн байгууллага хэрэгжүүлээгүй төлөө гуравдагч этгээд П.З ыг газар эзэмших эрхгүй гэж үзэж байгаа нь буруу юм.

ЧДЗД 2014 онд нэхэмжлэгч Г.М д газар эзэмших эрх олгохдоо дээрх нөхцөлийг үл тоомсорлож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн. Засаг даргын 2014 оны А/08 дугаар захирамжид “газар дээрээ хашаа байшин барин суурьшаад, олон жил болсон, өдийг хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээг аваагүй” гэсэн нөхцөлүүдийг дурдсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Г.М гийн хувьд дээрх нөхцөлүүдийг аль нь хангагдахгүй. П.З  нь энэ 2000 оноос хойш энэ газар дээр амьдарч байгаа. Бодит байдал дээр уг нөхцөлүүд хангагдахгүй байхад захирамж гаргасан байна. Нэхэмжлэгчийн миний эрх зөрчигдчихлөө гэх шаардах эрх нь хууль ёсны дагуу үүсээгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Г.М  иргэн П.З ад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2******* тоот хаягт байрлах 300 м кв газрыг эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээ болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн П.З ад холбогдох хэсэг, П.З ын нэр дээр бүртгэсэн Y-*********  дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г.М  миний нэр дээр уг хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, улсын бүртгэлд бүртгэхийг УБЕГт, газрыг надад эзэмшүүлэх захирамж гаргахыг ЧДЗДд тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Г.М гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

1.П.З ад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2******* тоот хаягт байрлах 300 м кв газрыг эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээ болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн П.З ад холбогдох хэсгийг хүчингүй болгож газрыг надад эзэмшүүлэх захирамж гаргахыг ЧДЗДд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч П.З ад дурдсан хаягт 300 м кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 0106******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Энэхүү гэрчилгээг олгосноор П.З ад маргаан бүхий газарт 300 м кв газар эзэмших эрх үүссэн байх бөгөөд тухайн цаг хугацаанд дүүргийн хэмжээнд оршин сууж буй айл өрхүүдийг гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд Засаг даргын гарын үсэг бүхий гэрчилгээ олгож баталгаажуулж байсан нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Учир нь хэдийгээр дүүргийн Засаг даргын захирамж гараагүй зөвхөн гэрчилгээ олгож газар эзэмшүүлсэн хэдий ч уг гэрчилгээн дээр Газрын тухай хууль(1994 оны)-ийн холбогдох зохицуулалтаас тусган эрх олгосон нь тухайн газарт амьдарч байсан өрх айлуудын газар эзэмшин амьдарч байсан үйл баримтыг үгүйсгэх боломжгүй.  

Тодруулбал маргаан бүхий газарт байрлах үл хөдлөх хөрөнгийг иргэн П.З  өөрийн хамаатны дүү болох Б*******аас худалдаж авснаар 1998 оноос тухайн газрыг эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 300 м кв газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 0106******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль зөрчөөгүй.

Түүнчлэн иргэн П.З ын газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээр 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 0106******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нуурын 2******* тоот 285 м кв газрыг 5 жилийн хугацаагаар сунгасан тус дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн П.З ад холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулна.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэсэнтэй нийцсэн гэж дүгнэв.

Нөгөө талаар нэхэмжлэгч Г.М д ЧДЗД-ын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар эзэмших эрх олгосон 134 м кв газар нь гуравдагч этгээд П.З ын эзэмшлийн 285 м кв газартай 131 м кв-аар давхцалтай болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар (хуучин нэрээр)-ийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр тогтоогджээ.

Гэхдээ уг давхцалтай гэсэн хэсэгт иргэн П.З ын өмчлөлийн 30 м кв орон сууцны суурийн газар багтсан байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна.”, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “....газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.” гэж заажээ.

Иргэний хуулийн дээрх заалтаас үзвэл иргэн П.З ын бүртгэлээр баталгаажсан үл хөдлөх эд хөрөнгийн үндсэн бүрдэл хэсэг болох суурийн газар давхцалтай байгаа нь өмчлөгч орон сууцаа бодитоор өмчилж, ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсгэхээр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.

Шүүх нэгэнт Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээ болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн П.З ад холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн учир “...газрыг надад эзэмшүүлэх захирамж гаргахыг ЧДЗДд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг мөн адил хангах боломжгүй.

2.Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2******* тоот хаягт байрлах 30 м кв орон сууцыг П.З ын нэр дээр бүртгэсэн Y-*********  дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгох, Г.М  миний нэр дээр уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

  Иргэн П.З ын өмчлөлд бүртгэлтэй дээрх 30 м кв орон сууц, хашааг нэхэмжлэгч Г.М гийн нөхөр Г.Б*******аас эрүүгийн хэргийн хохирлын төлбөрт шилжүүлсэн нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 179 дүгээр тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаагаар нотлогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч Л.Б*******аас худалдан авч бүртгэлийн байгууллагад хандан гуравдагч этгээд П.З ын нэр дээр бүртгэл хийлгэн баталгаажуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

П.З аас 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2******* тоот хаягт орших 30 м кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж түүндээ 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Төрийн өмчийн хорооноос олгосон 471 дугаартай Орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос олгосон 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 011******* дугаар бүхий “орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ” зэрэг баримтыг хавсарган ирүүлжээ.

Иргэн П.З ын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мэдүүлэг түүнд хавсарган ирүүлсэн баримтуудыг үндэслэн бүртгэсэн хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль(2003 он)-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.2-т заасантай тус тус нийцсэн гэж дүгнэв. 

  Түүнчлэн Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Орон сууц хувьчлах товчооны 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлд уг орон сууцыг П.З ад хувьчлан авах хүсэлтийг үндэслэн хувьчлалд хамруулахаар шийдвэрлэсэн байна.

Иймд гуравдагч этгээд П.З ыг уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, түүнд олгосон гэрчилгээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэв.

Ийнхүү дээрх байдалд дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Г.М гийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хууль(1994 он)-ийн 27 дугаар зүйлийн 27.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль(2003 он)-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус баримтлан   П.З ад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 2******* тоот хаягт байрлах 300 м кв газрыг эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээ болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн П.З ад холбогдох хэсэг, П.З ын нэр дээр бүртгэсэн Y-*********  дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г.М  миний нэр дээр уг хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, улсын бүртгэлд бүртгэхийг УБЕГт, газрыг надад эзэмшүүлэх захирамж гаргахыг ЧДЗДд тус тус даалгах нэхэмжлэгч Г.М гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ Ц.ОДМАА