Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2019/00413

 

Н ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01722 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2214 дүгээр магадлалтай,

    Н ы нэхэмжлэлтэй,

             “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох

          Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.щ

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, Ц.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 12 сарын 17-ны өдөр Да хүрээ захын салбар дээрх Автотээврийн үндэсний төвийн нэг цэгийн үйлчилгээний цонхонд ажиллаж байсан. Өдөр 11 цагийн үед ачаалал маш их байдаг. Миний үйлчилдэг цонхонд “Гүрэн транс” ХХК Гранд трансын 8 автомашины нэр шилжүүлэх материал өгсөн. Үүнийг хянаж үзээд “Гранд зам транс” ХХК гэж байсныг алдаа гаргаж “Гүрэн транс” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байсан. Энэ талаар 2018 оны 04 сарын 20-ны үед Зам тээврийн сайдад гомдол гаргаад, энэ асуудлаар дарга н.Дэлгэрнаран болон холбогдох дарга нарыг өрөөндөө дуудаад алдаа гаргасан та нар ажлаа өг гэж сайд бүх хүмүүст хэлсэн. Мэдэгдсэн нь 2018 оны 04 сарын 25-ны өдөр байсан. Ингээд зохих компани руу яриад алдаагаа засах талаар арга хэмжээ авч, даруй алдаагаа засаад “Гранд зам транс” ХХК руу шилжүүлсэн. Маргаашаас нь өргөдлөө өгөөд, ажлаа хүлээлгэж өг гээд ажил хийлгээгүй. Ажил дээрээ очтол өөр мэргэжилтнийг тавьсан байсан. Тамгын газрын дарга н.Мөнгөн, мэргэжилтэн нар намайг өргөдлөө өг, чамд өлзийтэй, чамаас бусад нь ажилгүй болох гээд байна гэж утсаар дарамталсан. Тэрийгээ намайг 4 хоног ажил тасалсан гэж хэлж байгаа. Миний хувьд сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Энэ алдаагаа тэр даруй зассан учир ямар нэгэн байгууллага, хувь хүнд хохирол учруулаагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1-т “ажилтан холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж чанар, хор уршиг, байгууллагад учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулж болно” гэдэг заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Өөр бусад сахилгын шийтгэл оногдуулж болох байтал шууд халсан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Нэр шилжүүлсэн асуудал бол эргээд байрандаа орсон. Намайг үндэслэлгүй халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Н  Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгч, бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 2017 оны 12 сард “Гранд зам транс” ХХК-ийн 8 тээврийн хэрэгслийг “Гүрэн транс” ХХК буюу өөр эзэмшигч рүү шилжүүлсэн байсан. Автотээврийн тухай хуульд заасны дагуу бол тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний асуудлыг Зам тээврийн сайдын баталсан журмын дагуу бүртгэл хийдэг. Энэ журмын 3 дугаар зүйлд зөвхөн өмчлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу бүртгэл хийнэ гэж заасан байдаг. Бүртгэгч нь тухайн ирж байгаа бичиг баримтыг нягтлан шалгаад үнэн зөв байгаа эсэхийг шалгаж бүртгэл хийх асуудлыг өөрөө шийддэг. “Гранд транс” ХХК болон “Гранд зам транс” ХХК 2-ийг андуурсан гэж өөрөө хэлдэг. Үүнд андуурах үндэслэл байхгүй. Анхны бүртгэл хийж байгаа үед бол 2 бичиг баримт байхад андуурах тохиолдол байх боловч энэ асуудлын хувьд тээврийн хэрэгслийн бүртгэл цахимжсан. Үүн дээр ирж байгаа бүртгэлийг шууд цахим бүртгэл дээр бүртгэгдсэн тээврийн хэрэгсэлтэй тулгаж үздэг. Тулгаж байгаа үед бол “Гранд зам транс”, “Гранд транс” хоёр бол ялгагдана. Тийм учир энэ бол энэ хүний хайхрамжгүй байдлаас биш зориуд хийсэн гэдгийг илэрхийлж байна. Ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй гэж байна. Энэ тээврийн хэрэгслийн хувьд нэг машин нь бараг 100,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 тээврийн хэрэгсэл байсан. Ийм 8 тээврийн хэрэгсэл буюу хуулийн этгээдийн өмчлөлийг өөр хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлсэн энэ асуудал хэрвээ Зам тээврийн сайдад гомдол гаргаж хэлэлцэгдээгүй бол өнөөдөр хүртэл мэдэгдэхгүй л явж байгаа. Бичиг баримт хуурамчаар хийсэн гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ нь ирж байгаа хүсэлтийг хүлээж аваад хийгээд, зориудаар цаанаа автотээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж гаргаж ирж байгаа юм. Тоо андуурсан гэхээс илүү бүртгэлийн мэргэжилтний үйлдэл нь бүхэл бүтэн тухайн тээврийн хэрэгслийн өмчлөлийн асуудлыг шийдэж байгаа учир нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Зөрчил хэдий 2017 оны 12 сарын 17-ны өдөр гарсан ч илэрсэн асуудал нь 2018 оны 04 сарын 20-ны үед байсан. Тэр даруй Н ыг дуудаад өөрт нь хэлсэн. Гэтэл Н  ямар нэгэн бичиг баримтгүйгээр буцаагаад нөгөө тээврийн хэрэгслийг “Гранд зам транс” ХХК руу шилжүүлчихдэг. Бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг, бүртгэлийн журамд заасан зохицуулалтыг тэр чигээр нь зөрчөөд явчихдаг. Өөрийнхөө хүсэл зоригоор нэг компаниас нөгөө компани руу шилжүүлчихдэг. Ямар нэгэн байдлаар удирдлагын зүгээс бичиг аваад шилжүүлсэн зүйл байхгүй. Амаар яриад шилжүүлсэн гэдэг. Өөртэй нь уулзаад энэ бүх байдлыг тодруулах гэхээр ажилдаа ирэхгүй байдаг. Ажлаа хийхгүй байсан учир ажлыг нь хэвийн үргэлжлүүлэхийн тулд өөр хүн тухайн бүртгэл дээр суулгахаас өөр арга байгаагүй. Н  өөрөө явж очоод ажлаа хийх боломж байсан. Өөр сахилгын шийтгэл оногдуулах байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч зөрчлийн хувьд бол хүнд зөрчил байсан. Өмчлөлийн асуудлыг шийдээд энэ 4 сарын хугацаанд эргээд бүртгэгчийн хувьд хянах ч юм уу ажиллагаа явагдаагүй байсан. Тэгэхээр энэ хүний үйлдэл нь өөрөө илүү үр дагавартай байгаа учир ажлаас халах шийтгэл ногдуулж, энэ хүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэжээ.                 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01722 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н ыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 3,223,220 төгрөгийг хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н ы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 66,521 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2214 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Н ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2214 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх “Н ы гаргасан зөрчилд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар үүсгээгүй, гаргасан зөрчлөө өөрөө арилгасан зэргээс үзэхэд ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж хуулийг зөв тайлбарлан, хэрэглэж шийдвэр гаргасан. Харин Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2214 дугаартай магадлалаар нэхэмжлэгчийг “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3.1, 3.3.2, 3.3.3 дахь хэсэг, Дотоод журмын 11.6.19, 11.6.21, 11.6.22 дахь хэсгийг зөрчиж Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байна гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Тус журмын 3.3.1 дэх хэсэгт “иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлсэн болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр албан бичиг, бүртгэлийн маягт шилжүүлснийг нотлох бусад баримт”, 3.3.2 дахь хэсэгт “шилжүүлэн авч байгаа өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар”, 3.3.3 дахь хэсэгт “авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ” гэж заасан. Журмын 3.3.1 дэх хэсэгт зааснаар материалуудыг хянаж бүртгэл хийх үед “Гранд зам транс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргасан байсан, 3.3.2 дахь хэсэгт заасан шилжүүлэн авч буй “Гүрэн транс” ХХК хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбарыг тухайн үед хавсаргасан байдаг, 3.3.3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн гэрчилгээ”-г хаяж үрэгдүүлсэн гэж бүртгүүлж улсын тэмдэгтийн хураамж төлж төлбөрийн баримтыг хавсаргасан байдаг тул тус заалтуудыг зөрчиж бүртгэл хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Байгууллагын дотоод журмын 11.6.19, 11.6.21, 11.6.22 дахь хэсэгт заасан заалтууд нь Дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулах заалтууд бөгөөд Авто тээврийн үндэсний төвийн хяналт шалгалтын албанаас нэхэмжлэгчийг байгууллагын дотоод журмын 11.6.19, 11.6.21, 11.6.22 дахь хэсгийг зөрчсөн үйлдлийг дотоод журмын 11.8 дахь хэсэгт “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан ажилтнаар баталгаажуулан авна. Зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад тайлбар гаргах эрхтэй” гэж заасны дагуу шалгаж тогтоосон баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгчид энэ тухай танилцуулаагүй байдаг. Мөн тус журмын 11.1 дэх хэсэгт заасныг харгалзан үзэлгүй зөвхөн Зам тээврийн яамны сайдын аман үүргийн дагуу, үзэмжээр хандаж Хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр шууд цуцалсан. Дээрхээс гадна зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2017 оны 02 сарын 15-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэгт заасан үйлдлийг ноцтой зөрчилд тооцож байна. Гэтэл Хөдөлмөрийн гэрээний 4.3.1 дэх хэсэгт заасан “байгууллагын дотоод журам” гэдгээр гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үеийн 2017 оны А/277 тушаалаар баталсан байгууллагын дотоод журмыг ойлгоно. Харин 2018 оны 01 сарын 16-ны өдрийн А/25 дугаар тушаалаар шинээр баталсан Хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүйгээс гадна нэхэмжлэгчийн 2017 оны 12 сарын 17-ны өдөр хийсэн үйлдэлд 2018 оны А/25 тушаалаар баталсан журмыг үндэслэл болгон буцаан хэрэглэж 2018 оны 04 сарын 30-ны өдрийн Б/172 тушаалыг баталсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Монгол Улсын дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ноцтой зөрчил” гэдгээр ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно” гэсэн бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заана. Хэдийгээр Хөдөлмөрийн гэрээний 4.3.22 дахь хэсэгт “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журмыг зөрчиж бүртгэл хийсэн” гэж нэрлэн заасан байх боловч Н ы хийсэн үйлдэл нь ноцтой зөрчил болохыг тулд ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон байх шаардлагатай. “Гранд зам транс” ХХК-ийн зүгээс Авто тээврийн үндэсний төвд холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөлийн талаар ямар нэгэн албан ёсны гомдол гаргаж хохирол нэхэмжлээгүй. Хариуцагчийн зүгээс Зам тээврийн сайдад өргөдөл, гомдол ирсэн гэх боловч хохирсон гэх хуулийн этгээдээс “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 9.1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэ талаар гомдол гаргасан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй зөвхөн аман байдлаар тайлбарладаг зэргээс нэхэмжлэгчийн үйлдлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй болох нь харагдаж байна.

Мөн Н ы үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй болж хуулийн этгээдэд ямар нэгэн хохирол учраагүй, ажил олгогчийн ажил хэргийн нэр хүндийг гутааж, эрх ашиг сонирхолд ямар нэгэн сөрөг үр дагавар бий болгоогүй, өөрийн гаргасан алдааг мэдсэн даруйд залруулсан байдаг нь Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогддог. Үүнээс гадна Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн гэрээний 4.3.22 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журмыг зөрчиж бүртгэл хийсэн” гэж үзсэн боловч хавтаст хэрэгт “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журам” нь нотлох баримтаар авагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 дах хэсэгт заасны дагуу нотлоогүй байдаг. Харин хэрэгт авагдсанаар Зам тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалаар баталсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг хавсаргасан байх бөгөөд тус журмыг дээр дурдсан хэрэгт авагдаагүй журамтай төсөөтэй хэрэглэн хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэн хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Иймд Н ы хийсэн үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэх нь үндэслэлгүй тул хууль буруу тайлбарлан хэрэглэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2214 дугаартай магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өнгө үү гэжээ.    

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н  хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг зөрчиж бүртгэл хийсэн, шалтгаангүйгээр 4 хоног ажил тасалсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Н ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан ба давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Ажил олгогчийн Н тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/172 тоот тушаалд Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.7, 6.12.,  Үйлдвэрийн газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.18, 3.18.1, 3.18.5, 3.18.8, 3.19.2,11.6.2, 11.6.4,11.6.6, 116.1.9, 11.6.21, 11.6.22., Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.5, 4.3.13, 4.3.18, 4.3.22 дах заалтуудыг үндэслэжээ.

Нэхэмжлэгч нь “...тээврийн хэрэгслийн бүртгэл шилжилтийг хийхдээ албан бланк дээрх компанийн нэрийг анзааралгүй бичилт хийсэн өөрийн алдааг ухамсарлан ойлгож, гаргасан алдаагаа зассан бөгөөд миний анзааргагүй байдлаас болж хийгдсэн тухайн бүртгэлээс шалтгаалан ямар нэг хохирол учраагүй, ажлаас шууд чөлөөлсөнд гомдолтой” гэж, хариуцагч нь “...автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг зөрчиж, тээврийн хэрэгсэл шилжүүлсэн, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 өдрийн ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчилд тооцогдоно” гэсэн тайлбар гаргажээ.

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд талууд ноцтой зөрчлийн талаар тохиролцсон байх бөгөөд гэрээний 4.3.22-т “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн дүрэм, журмыг зөрчиж бүртгэл хийх” тохиолдлыг ноцтой зөрчил гэж үзэх, түүнчлэн тус төвийн хөдөлмөрийн дотоод журмын 11.6.19-д “Холбогдох хууль тогтоомж, журамд заасан бүрдүүлбэр дутуу материал хүлээн авч улсын бүртгэл хөтлөх болон илт хуурамч нотлох баримтаар бүртгэх, 11.6.21-т Тээврийн хэрэгслийн бүртгэлийн архивын болон цахим сан, нотлох баримтаас илт зөрүүтэй бүртгэл хийх, 11.6.22-т Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хууль бусаар засвар, өөрчлөлт, нэмэлт хийх, мэдээллийг хасах, устгах, хууль бус мэдээлэл шивж оруулах, мэдээллийн санд өөрт олгогдсон эрхээс бусад эрхээр хандах, бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд ажиллах журмыг ноцтойгоор зөрчсөн бол сахилгын шийтгэл ногдуулна” гэжээ.

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Н  нь “Гранд транс” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийг “Гүрэн транс” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх ёстой байтал “Гранд зам транс” ХХК-ийн эзэмшлийн 8 тээврийн хэрэгслийг “Гүрэн транс” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн бүртгэл хийсэн, ажилтны энэ үйлдэлтэй холбоотой харьяа яаманд гомдол гаргаснаар нэхэмжлэгч дээрх алдааг залруулсан тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

Хэргийн 76-93 дахь талд авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 12 сарын 15-ны өдөр “Гранд транс” ХХК нь Авто тээврийн үндэсний төвд хандаж, тус компанийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэл, арлын дугаарыг заасан 8 чирэгч толгойнуудын гэрчилгээг гээгдүүлснийг нөхөн олгуулах хүсэлт гаргасан ба тухайн өдрөө дээрх тээврийн хэрэгслүүдийг “Гүрэн транс” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг тээврийн хэрэгсэл  тус бүрээр гаргажээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтын тээврийн хэрэгслийг бүртгэх 4 маягтад тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байгууллагын нэр “Гранд транс” ХХК гэж, харин 4 маягтад “Гранд зам транс” ХХК гэж бичигдсэн, хүсэлт тус бүрийн ар талд “Гранд зам транс” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хавсаргагдсан байна.

Дээрх баримтаас үзэхэд ажилтан Н  нь үйлчлүүлэгчээс хүсэлт гаргахдаа бүрдүүлж өгсөн баримтуудад андуурагдахуйц нэртэй хоёр хуулийн этгээдийн нэрийг хольж бичсэнийг анхаараагүй, улсын бүртгэлийн гэрчилгээ нь хүсэлт гаргагч хуулийн этгээдийн нэртэй төстэй боловч “Гранд транс” ХХК-ийнх биш болохыг нягтлаагүй нь албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан зөрчил мөн боловч энэ нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах хэмжээний зөрчил гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтныг “...хайхрамжгүй алдаа гаргаагүй, зориудаар цаанаа автотээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж гаргаж ирж байгаа юм. Тоо андуурсан гэхээс илүү бүртгэлийн мэргэжилтний үйлдэл нь бүхэл бүтэн тухайн тээврийн хэрэгслийн өмчлөлийн асуудлыг шийдэж байгаа учир ажлаас халсан” гэсэн үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Ажилтныг ажлаас халах тухай тушаалд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 өдрийн ажил тасалсан гэсэн үндэслэлийг заасан ба Б.Баярсайханы гаргасан дээрх зөрчлийг илрүүлсэн өдрөөс эхлэн ажил олгогч нь ажилтныг өргөдлөө өгөхийг шаардсанаас тэрээр ажилдаа очих боломжгүй байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нь няцааж тайлбар гаргаагүй, энэ тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.  

Иймээс ажилтан Н ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т нийцсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн  маргааны үйл баримт, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна. 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2214 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/01722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН