Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1722

 

 

 

 

 

 

                         

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Б-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: АТҮТ  ТӨҮГ-т холбогдох

 

            Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Солонго нар оролцов.

Тодорхойлох нь:

  

   Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 12 сарын 17-ны өдөр Да хүрээ захын салбар дээрх АТҮТ ийн нэг цэгийн үйлчилгээний цонхонд ажиллаж байсан. Өдөр 11 цагийн үед ачаалал маш их байдаг. Миний үйлчилдэг цонхонд “Бүрэн транс” ХХК “Гранд транс”ын 8 автомашины нэр шилжүүлэх материал өгсөн. Үүнийг хянаж үзээд “Гранд зам транс” ХХК гэж байсныг ажлаа алдаа гаргаж “Бүрэн транс” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байсан. Энэ талаар 2018 оны 04 сарын 20-ны үед Зам тээврийн сайдад гомдол гаргаад, энэ асуудлаар дарга н.Дэлгэрнаран болон холбогдох дарга нарыг өрөөндөө дуудаад алдаа гаргасан та нар ажлаа өг гэж сайд бүх хүмүүст хэлсэн. Мэдэгдсэн нь 2018 оны 04 сарын 25-ны өдөр байсан байх. Ингээд зохих компани руу яриад алдаагаа засах талаар арга хэмжээ авч, даруй алдаагаа засаад “Гранд зам транс” ХХК руу шилжүүлсэн. Маргаашаас нь өргөдлөө өгөөд, ажлаа хүлээлгэж өг гээд ажил хийлгээгүй. Ажил дээрээ очтол өөр мэргэжилтнийг тавьсан байсан. Тамгын газрын дарга н.Мөнгөн, мэргэжилтэн нар намайг өргөдлөө өг, чамд өлзийтэй, чамаас бусад нь ажилгүй болох гээд байна гэж утсаар дарамталсан. Тэрийгээ намайг 4 хоног ажил тасалсан гэж хэлж байгаа. Миний хувьд сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Энэ алдаагаа тэр даруй зассан учир ямар нэгэн байгууллага, хувь хүнд хохирол учруулаагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1-т ажилтан холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж чанар, хор уршиг, байгууллагад учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулж болно гэдэг заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Ажлаас халсан шийдвэрийг надад арай хүндэдсэн гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл өөр бусад сахилгын шийтгэл оногдуулж болох байтал шууд халсан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Нэр шилжүүлсэн асуудал бол эргээд байрандаа орсон байгаа. Тиймээс шүүхээс намайг үндэслэлгүй халсан болохыг тогтоож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү ” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Н.Б  бол АТҮТ ийн бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгч, бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 2017 оны 12 сард “Гранд зам транс” ХХК-ийн 8 тээврийн хэрэгслийг “Бүрэн транс” ХХК буюу өөр эзэмшигч рүү шилжүүлсэн байсан. Автотээврийн тухай хуульд заасны дагуу бол тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний асуудлыг Зам тээврийн сайдын баталсан журмын дагуу бүртгэл хийдэг. Энэ журмын 3 дугаар зүйлд зөвхөн өмчлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу бүртгэл хийнэ гэж заасан байдаг. Бүртгэгч нь тухайн ирж байгаа бичиг баримтыг нягтлан шалгаад үнэхээр үнэн зөв байгаа эсэхийг шалгаж бүртгэл хийх асуудлыг өөрөө шийддэг. “Гранд транс” ХХК болон “Гранд зам транс” ХХК 2-ыг андуурсан гэж өөрөө хэлдэг. Үүнд андуурах үндэслэл байхгүй. Эхлээд анхны бүртгэл хийж байгаа үед бол 2 бичиг баримт байхад андуурах тохиолдол байх боловч, энэ асуудлын хувьд тээврийн хэрэгслийн бүртгэл цахимжсан байгаа. Үүн дээр ирж байгаа бүртгэлийг шууд цахим бүртгэл дээр бүртгэгдсэн тээврийн хэрэгсэлтэй тулгаж үздэг. Тэгэхээр ингэж тулгаж байгаа үед бол Гранд зам транс, Гранд транс хоёр бол ялгагдана. Тийм учир энэ бол энэ хүний хайхрамжгүй байдлаас биш зориуд хийсэн гэдгийг илэрхийлж байна.

Ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй гэж байна. Энэ тээврийн хэрэгслийн хувьд нэг машин нь бараг 100,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 тээврийн хэрэгсэл байсан. Ийм 8 тээврийн хэрэгсэл буюу хуулийн этгээдийн өмчлөлийг өөр хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлсэн энэ асуудал хэрвээ Зам тээрийн сайдад гомдол гаргаж хэлэлцэгдээгүй бол өнөөдөр хүртэл мэдэгдэхгүй л явж байгаа. Энэ нь Автотээврийн бүртгэл ямар байдлаар хийгддэг вэ гэсэн байгууллагын нэр хүндтэй холбогдож байгаа асуудал юм. Бичиг баримт хуурамчаар хийсэн гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ нь ирж байгаа хүсэлтийг хүлээж аваад хийгээд, зориудаар цаанаа автотээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж гаргаж ирж байгаа юм. Тоо андуурсан гэхээс илүү бүртгэлийн мэргэжилтний үйлдэл нь бүхэл бүтэн тухайн тээврийн хэрэгслийн өмчлөлийн асуудлыг шийдэж байгаа учир нэхэмжлэгчийн тайлбар бол үндэслэлгүй юм.

Зөрчил хэдий 2017 оны 12 сарын 17-ны өдөр гарсан ч илэрсэн асуудал нь 2018 оны 04 сарын 20-ны үед байсан. Тэр даруй Н.Б ыг дуудаад өөрт нь хэлсэн байдаг. Гэтэл Н.Б  ямар нэгэн бичиг баримтгүйгээр буцаагаад нөгөө тээврийн хэрэгслийг “Гранд зам транс” ХХК руу шилжүүлчихдэг. Бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг, бүртгэлийн журамд заасан зохицуулалтыг тэр чигээр нь зөрчөөд явчихдаг. Өөрийнхөө хүсэл зоригоор нэг компаниас нөгөө компани руу шилжүүлчихдэг. Ямар нэгэн байдлаар удирдлагын зүгээс бичиг аваад шилжүүлсэн зүйл байхгүй. Амаар яриад шилжүүлсэн гэдэг. Өөртэй нь уулзаад энэ бүх байдлыг тодруулах гэхээр ажилдаа ирэхгүй яваад байдаг. Энэ нь 4 хоног тасалсан гэдэг асуудал яригдаж байгаа. Ирээд уулз гэхээр уулзахгүй яваад байдаг. Өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа шалтгаан нь өөр хүн оронд нь томилсон гэж байгаа. Мэдээж энэ хүн ажлаа хийхгүй байсан учир ажлыг нь хэвийн үргэлжлүүлэхийн тулд өөр хүн тухайн бүртгэл дээр суулгахаас өөр арга байгаагүй. Н.Б  өөрөө явж очоод ажлаа хийх бүрэн боломж байсан. Өөр сахилгын шийтгэл оногдуулах байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч энэ хүний гаргасан зөрчлийн хувьд бол хүнд зөрчил байсан. Өмчлөлийн асуудлыг бүрэн шийдээд энэ 4 сарын хугацаанд эргээд бүртгэгчийн хувьд хянах ч юм уу ажиллагаа явагдаагүй байсан. Тэгэхээр энэ хүний үйлдэл нь өөрөө илүү үр дагавартай байгаа учир ажлаас халах шийтгэл ногдуулж, энэ хүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Н.Б  нь хариуцагч АТҮТ  ТӨҮГ-т холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Б  нь өөрт олгогдсон  бүрэн эрхээ хэтрүүлэн автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг зөрчиж бүртгэл хийсэн, мөн шалтгаангүйгээр 4 хоног ажил тасалсан тул хөдөлмөрийн харилцааг цуцалсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

АТҮТ  ТӨҮГ-ын даргын  2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн б/172 тоот тушаалын 1 дэх заалтаар “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Нямжавын Баярсайхан нь “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг зөрчиж хуурамч бичиг баримт бичгээр тээврийн хэрэгсэл шилжүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 /дөрвөн/ өдрийн ажил тасалсан сахилгын ноцтой зөрчлүүдийг тус тус гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөср цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэж Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дуаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан “АТҮТ ” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.7, 6.12 дах заалт, Үлйдвэрийн газрын  “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.18, 3.18.1, 3.18.5, 3.18.8, 3.19.2, 11.6.2, 11.6.4, 11.6.6, 116.1.9, 11.6.21, 11.6.22 дах заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.5, 4.3.13, 4.3.18, 4.3.22 дах  заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Б г ажлаас нь чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “Би бүртгэлийн мэргэжилтнээр ажиллах хугацаандаа урьд өмнө нь ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй, сахилгын ямар ч шийтгэлгүй, Тээврийн хэрэгслийн бүртгэл шилжилтийг хийхдээ албан бланк дээрх компанийн нэрийг анзааралгүй бичилт хийсэн өөрийн алдааг ухамсарлан ойлгож байгаа бөгөөд гаргасан алдаагаа засаж “Гүрэн транс” ХХК-ийн захиралтай уулзаж албан ёсоор хоёр байгууллагын хооронд үүссэн эд хөрөнгийн маргаанаа засах талаар шаардлага тавьснаар “Гүрэн транс” ХХК нь 8 тээврийн хэрэгслийг “Грандзам транс” ХХК руу буцаан шилжүүлсэн, тэгэхээр миний гаргасан зөрчил засагдсан бөгөөд миний анзааргагүй байдлаас болж хийгдсэн тухайн бүртгэлээс шалтгаалан тухайн байгууллагуудад болон улсад ямар нэг хохирол учраагүй, манай төвийн захирал, Тамгын газрын дарга, хуулий хэлтэсийн мэргэжилтэн нар намайг ажилдаа битгий ир, ажлаас халагдах хүсэлтээ бичиж өг гэсэн нь надад гэнэтийн мэдээ байсан” гэж, хариуцагчийн төлөөлөгч “...Зам тээврийн сайдад гомдол гаргаж, бүртгэлийн журам зөрчсөн, мөн 3 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан тул бид ноцтой зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тус тус тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан бөгөөд ноцтой зөрчил нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийг 3 хоног ажил тасалсан гэх боловч ажил тасалсан байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул ажил тасалсан гэж үзэх боломжгүй юм.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.22-д “Тээврийн хэрэгсэлийн бүртгэлийн дүрэм, журам зөрчиж бүртгэл хийсэн” гэж нэрлэн заасан боловч нэхэмжлэгч Н.Б  нь гаргасан зөрчилд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар үүсээгүй, гаргасан зөрчлөө өөрөө арилгасан зэргээс үзэхэд ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Н.Б г АТҮТ  ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэнгийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар түүний тогтмол цалин болох Хөдөлмөрийн гэрээний 1.5-д заасан нэг сарын 900.000 төгрөгийг ажилгүй байсан хугацаа ажлын 77 хоногоор тооцоход 3.223.220 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Б гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Б г АТҮТ  ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэнгийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 3.223.220 төгрөгийг хариуцагч АТҮТ  ТӨҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч АТҮТ  ТӨҮГ-т даалгасугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч АТҮТ  ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 66.521 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                             С.ЭНХБАЯР