Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/01247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Бүгд Найрмадах Киргиз улс, Талисская муж, Карлбууринский район, Чимкент тосгон, Сатыбекийн гудамж, 51 тоотод оршин суух, эрэгтэй, 1981-01-03 өдөр төрсөн, Сатыбеков  Дамир,

нэхэмжлэгч- Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн, ОХУлс, Москва хот, Енисейн гудамж, 2-р байрны 2-р хэсэг, 8 тоотод оршин суух, эмэгтэй, 1983-07-27 өдөр төрсөн, Сатыбекова Динара нарыг төлөөлж гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 14-р хороо, Ачлал их дэлгүүрийн 5-р давхар, Баянгол дүүрэгт байрлах 87 дугаар тойргийн нотариатч, Боржигон овогт Дугарын Алтанхуягт холбогдох

өв хүлээн авах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргасан болохыг тогтоолгох, өв хүлээн авах хүсэлтийг бүртгүүлэх хугацааг сэргээлгэх тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг, өмгөөлөгч Д.Цэндсүрэн/үнэмлэхийн дугаар 084/, гэрч Г.Үнэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч Сатыбеков Дамир, Сатыбекова Динара нар өвлүүлэгч Б.Балдан-Осорын өвийг хүлээн авах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргасан болохыг тогтоолгох, өв хүлээн авах хүсэлтийг бүртгүүлэх хугацааг сэргээлгэхээр шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанцэцэг нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэл гаргагч би Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн, Москва хот, Енисейская гудамжны 2-р байшингийн 2-р хэсгийн 8 тоотод ошин суугч, 1983.07.27-ны өдөр төрсөн, АС1495379 тоот паспорттой, Сатыбекова Динарагаас 2016.12.08 өдөр олгосон итгэмжлэл,

Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн, Киргиз улсын Таласская муж, Карабууринский районы Чимкент тосгон, Сатыбеков гудамжны 8 тоотод оршин суугч, 1981.01.03-ны өдөр төрсөн, АН 0812765 дугаартай паспорттой, Сатыбеков Дамираас 2016.11.24 өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Монгол улсын иргэн, РД-ЧТ58081277, Батнасангийн Балдан-Осор нь Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 83Б байрны 91 тоотод оршин сууж байгаад 2014 оны 11 сарын 05 өдөр таалал төгссөн. Тэрээр 1976-1981 онд ЗХУ-ын Украйны Харьков хотын Барилгын инженерийн сургуульд суралцаж байх хугацаандаа иргэн Сатыбекова Жылдыз Дуйшенбековнатай хамтран амьдарч байгаад 1981 оны 01 сарын 03 өдөр хүү Дамир, мөн 1983 оны 07 сарын 27 өдөр охин Динара нар төрсөн.

Б.Балдан-Осор нь сургуулиа төгсөж нутагтаа ирснээс хойш өөр нэгэнтэй гэр бүл болж 1 өргөмөл хүү /1984 онд төрсөн Б.Мөнх-Оргил/, өөрийн төрсөн хүү Б.Мөнхболд 1986 онд төрсөн, охин Б.Цолмон 1998 онд төрсөн, 5 хүүхэдтэй болсон ч Киргиз улсад амьдарч байгаа төрсөн ууган хүү, охинтойгоо холбоо харилцаатай байсан ба тэдгээр нь эцгийнхээ урилгаар Монгол улсад удаа дараа ирж төрсөн ахан дүүстэйгээ танилцаж, ойр дотно төрлийн холбоотой байсан.

Сатыбеков Дамир, Динара нар нь эцгийнхээ өв хөрөнгийг өвлөхөөр бусад хууль ёсны өвлөгч нарын нэгэн адил Монгол улсын Иргэний хуулийн дагуу өв хүлээн авах хүсэлтээ бүртгүүлэхээр Монгол улсад 2015.11.02-ны өдөр ирээд, Баянгол дүүргийн тойргийн 87 дугаартай нотариатч Д.Алтанхуягт 2015.11.04 өдөр ханджээ. Сатыбеков Дамир, Сатыбеков Динара нар нь эцгийнхээ хөрөнгөөс өвлөх эрхийн гэрчилгээ авах асуудлыг шийдвэрлүүлэхээр 2016 оны 12 сард холбогдох бичиг баримтаа надад ирүүлснийг хүлээн авч үзтэл 2015.11.04 өдөр тэдгээрийн гаргасан Өв хүлээн авах хүсэлтийг зохих ёсны дагуу бүртгээгүй байсан.

Нотариатч Д.Алтанхуяг энэ өдөр орос хэлнээс монгол хэл рүү хийсэн орчуулгын үнэ зөвийг гэрчилсэн 1723-1733 дугаар бүхий бичиг баримтууд байсныг би олж мэдсэн. Дамир, Динара нар нь монгол хэл мэдэхгүй тул орчуулгын Соён товчоогоор бичиг баримтуудынхаа орчуулгыг хийлгэж улмаар хэлмэрчлүүлэн нотариатад очсон байна. Иргэн Сатыбеков Дамир, Сатыбеков Динара нар нь дээрх гаргасан хүсэлтээ хуулийн дагуу бүртгэгдсэн гэж ойлгоод 2015.11.15-ны өдөр нутаг буцсан.

 

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанцэцэг би дээрх асуудлаар өмгөөлөгчид хандаж, тэрээр нотариатчаас тодруулахад ... Би тэдгээрийн хүсэл зоригийг гүйцэд ойлгоогүйгээс ийм бүртгэл хийжээ... гэж хариулсан. Тиймээс ийнхүү чухал асуудалд хариуцлагагүй хандаж, алдаа гаргасны улмаас хууль ёсны өвлөгч нарын эрх ашиг ноцтой зөрчигдөж байна.

 

Б.Балдан-Осор агсны Монголд оршин суугч бусад өвлөгч нар нь өв хүлээн авах хүсэлтээ бүртгүүлээд одоо өвлөх хөрөнгийн хэмжээ, нэр төрлийг тогтоолгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хэлэлцүүлж байгаа юм байна.

Сатыбеков Дамир, Сатыбеков Динара нар нь хүсэлтээ бүртгүүлэх хугацаагаа сэргээлгэснээр энэхүү маргаанд оролцох, хууль ёсны эрхээ эдлэх боломж бүрдэх юм.

Иймд өв хүлээн авах хүсэлтийг гаргасныг нотариатч бүртгээгүй орхигдуулсныг тогтоолгох, нэхэмжлэгч нар өв хүлээх авах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргасан болохыг тогтоож, өв хүлээн авах хүсэлтийг бүртгүүлэх хуульд заасан хугацааг сэргээж өгнө үү?

 

Сатыбеков Дамир, Сатыбеков Динара нар нь уг итгэмжлэлдээ өвлөх эрхтэй холбоотой аливаа асуудлаар Монгол улсын шүүхэд төлөөлөн ажиллах эрхийг надад олгосон болно гэв.

 

Хариуцагч Д.Алтанхуягаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Танай шүүхэд Г.Алтанцэцэгийн 2017.04.04 өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2016.11.04 өдрийн оройн 18 цаг өнгөрч байхад Киргиз улсын иргэн болох Сатыбеков Дамир эмэгтэй дүүтэйгээ мөн Соён орчуулгын товчооны орчуулагч Г.Үнэнбат нар Баянгол дүүргийн 14-р хороо, Ачлал их дэлгүүрийн 503 тоотод байрлах манай нотариатын газарт ирж нэр бүхий бичиг баримтуудын орчуулга, бичиг баримтын хуулбар зэргийг гэрчлүүлсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч нотариатчаас тодруулахад ...Би тэдгээрийн хүсэл зорилгыг гүйцэд ойлгоогүйгээс ийм бүртгэл хийжээ... гэж хариулсан гэжээ. Харин тэд надад өөрсдөө бичиг баримтын хуулбар, орчуулгаа гэрчлүүлье гэхээр нь миний бие дээрх орчуулга, бичиг баримтуудын хуулбарыг нотариатын үйлдэл хийх зааврын дагуу орчуулга, бичиг баримтын хуулбарыг бүртгэдэг дэвтэр дээрээ бүртгээд гарын үсгийг нь зуруулж авсан. Өөрөөр хэлбэл бүх зүйл хийгдэх ёстой хуулийн хүрээнд хийгдсэн болно. Тэд надад хүсэл зоригоо зөв ойлгуулж чадаагүй. Хэрэв тэд өв залгамжлагчаар тогтоолгохоор хүсэлтээ бүртгүүлэхээ надад хэлсэн бол нотариатын үйлдэл гэрчлэх заавар ёсоор биеийн байцаалтыг нягталж хүсэлтийг нь гэрчлээд, гарын үсгийн үнэн зөвийг гэрчилдэг дэвтэр дээр бүртгээд цааш нь Монголын нотариатын танхимд мэдэгдэж бүртгүүлснээр өв залгамжлагч хүсэлт гаргасанд тооцдог. Иймд тус иргэний хэрэгт хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэл байхгүйг ойлгож болно. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нотариатч миний бие биш юм гэжээ.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан итгэмжлэлүүд, өв хүлээн авах хүсэлт, төрсний гэрчилгээ, фото зургууд, Бишкек дэхь Монгол улсын ерөнхий консулын газрын тодорхойлолт, товч намтар, нас барсны гэрчилгээ, гадаад паспорт, нотариатын үйлдлийн бүртгэл,гэрч Г.Үнэнбатын мэдүүлэг, орчуулгын ажил эрхлэх эрх, тусгай зөвшөөрөл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,    

          

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг 2017-04-24 өдөр мэдэгдсэн байх боловч хуралдаанд хариуцагч ирээгүй, ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй болно.

Нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хариуцагчийн эзгүйд, шүүхэд түүний бичгээр гаргасан тайлбарыг уншиж сонсгон хэлэлцлээ.

Монгол улсын иргэн, Боржигон овогт Батнасангийн Балдан-Осор /РД-ЧТ58081277/ 1976-1981 онд ЗХУ-ын Украйны Харьков хотын Барилгын инженерийн сургуульд суралцаж байхдаа Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн, Сатыбекова Динара, Сатыбеков Дамир нарыг төрүүлсэн эх болох Сатыбекова Жылдыз Дуйшенбековнатай хамтран амьдарч, тэдгээрийн дундаас 1981 оны 01 сарын 03 өдөр хүү Дамир, 1983 оны 07 сарын 27 өдөр охин Динара нар төрсөн, Сатыбекова Динара, Сатыбеков Дамир нар нь Б.Балдан-Осорын төрсөн хүүхдүүд болох нь Сатыбеков Дамир, Сатыбекова Динара нарын төрснийг бүртгэсэн Харьков хотын Дзержинскийн районы Иргэний бүртгэлийн байдлын хэлтэс, Нярай хүүхдийн ордноос олгосон төрсний гэрчилгээ, фото зургууд, тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Сатыбекова Динара, Сатыбеков Дамир нарын эцэг Б.Балдан-Осор нь Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 83Б байрны 91 тоотод оршин сууж байгаад өвчнөөр 2014-11-05 өдөр нас барсан болох нь түүнийг нас барсныг бүртгэсэн тухай нас барсны гэрчилгээгээр нотлогдож байна.

Сатыбекова Динара, Сатыбеков Дамир нар Монгол улсын Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу өвлүүлэгч Б.Балдан-Осорын өвийг хүлээн авах хүсэлтийг орос хэлээр бичиж, орчуулгын Соён төвөөр хүсэлт, баримтуудаа орчуулуулж, орчуулагчийн хамт Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу өвлөх эрхтэй холбоотой баримт бичгээ өвлөгдөх эд хөрөнгө байгаа тойргийн нотариатад хандаж, нэг жилийн дотор буюу 2015-11-04 өдөр хүсэлтээ өгсөн нь тэдний гаргасан хүсэлт болон бусад бичмэл баримтуудыг гэрчилсэн үйлдлийг хийсэн хариуцагч болох нотариатч Д.Алтанхуягын нотариатын үйлдлийн бүртгэл, гэрчээр оролцсон орчуулагч Г.Үнэнбатын мэдүүлгээр нотлогдож байна.

Нотариатч үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийг зөв ойлгож, нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хууль болон Хууль зүйн сайдын 2011-10-07 өдрийн 71 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврыг баримтлах үүрэгтэй.

Нотариатч Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу үйлчлүүлэгчийг, түүний сонгосон орчуулагчийг оролцуулж, мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу баримт үйлдсэн нь хүсэлтэд дарсан 87 дугаар тойргийн нотариатчийн дардас, тэмдэг, нотариатын үйлдлийн бүртгэлээр тогтоогдож байна.

Үйлчлүүлэгч өв хүлээн авах хүсэлтийг бичгээр гаргасныг хүлээн авсан нотариатч Нотариатын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу тухай бүрт үйлдлийг хийх үүрэгтэй байх бөгөөд Хууль зүйн сайдын 2011-10-07 өдрийн 71 дүгээр тушаалаар баталсан нотариатын үйлдэл хийх зааврын 2.9-д зааснаар үйлдлийн агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлагыг үйлчлүүлэгчид тайлбарлаж өгөх, Нотариатын хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу энэ тухай тэмдэглэл хөтлөх үүргээ хариуцагч хэрэгжүүлсэн нотлогдохгүй байна.

Дээрх хүсэлтийг нотариатч хүлээн авч, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.9-д заасны дагуу Нотариатчдын танхимд нэгдсэн бүртгэлд оруулах үүрэгтэй байжээ.

Хариуцагч үйлчлүүлэгчийн хүсэлтийг хуульд заасны дагуу бүртгэлийг болон мөн Нотариатчдын танхимд нэгдсэн бүртгэлд оруулах ажиллагааг хийгээгүй байгааг өв хүлээн авах хүсэлтийг Сатыбекова Динара, Сатыбеков Дамир нар Монгол улсын Иргэний хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй гэж үзэж үндэслэл болохгүй юм.

Иймд өв хүлээн авах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргасан болохыг тогтоолгох, өв хүлээн авах хүсэлтийг бүртгүүлэх хуульд заасан хугацааг сэргээлгэхээр шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: