Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2019/0801/З |
Дугаар | 221/МА2023/0436 |
Огноо | 2023-06-29 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2023/0436
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э
Хариуцагч Ашигт малтмал, газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2019/01 дугаар “MV-01****, MV-****36 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг гаргахаас өмнө “С” ХХК-ийн MV-01****, MV-****36 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан барьцаалагч болох ХХБ-д мэдэгдээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 379 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Д.М
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2019/0801/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2019/01 дугаар “MV-01****, MV-****36 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар,
Гуравдагч этгээд “ХХБ” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг гаргахаас өмнө “С” ХХК-ийн MV-01****, MV-****36 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан барьцаалагч болох ХХБ-д мэдэгдээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-оор тус тус маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 379 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 56.1.5 дахь заалт, 56.2, 56.3, 56.4 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт, 28.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2019/01 дугаар “MV-01****, MV-****36 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд “ХХБ” ХХК-иас гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “... энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр заасан. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн эрх шүүхэд бий. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн талаар хариуцагчаас маргахад шүүхээс тодорхой дүгнэлт хийгээгүй, энэ талаар нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судлаагүй нь хуульд нийцэхгүй байна.
3.2. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны маргаан бүхий ажлын хэсгийг дүгнэлтийг Байгаль орчныг хамгаалах тухай болон Ашигт малтмалын тухай холбогдох хууль тогтоомж, процессын дагуу, орон нутгийн саналыг үндэслэн гаргасан байхад шүүхээс “маргаж буй 2019/01 дугаартай дүгнэлтийг гаргахдаа хуулийн дээр дурдсан шаардлагуудыг хангаж ажиллаагүй буюу нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг бодитой тогтоож чадаагүй байна” хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан хуулийн зохицуулалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 379 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2019/01 дугаар MV-01****, MV-****36 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тэрхүү дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй” хэмээн дүгнэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн уг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллаагүй.
Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч нар “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2019/01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан талаар маргасан байхад анхан шатны шүүх уг асуудлаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр дээр дурдсан дүгнэлтийг хүчингүй болгож улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр хэтрүүлсэн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэнэ гэж заасан заасан хуулийн зохицуулалт өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа билээ.
4.2. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Энэ хулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй” ... нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх байсан гэдгийг нотлох үүргийг хүлээнэ” гэж дүгнэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан.
Шүүхийн дээр дурдсан дүгнэлтээс үзэхэд ямар ч нотлох баримт цуглуулах шаардах ажиллагаа хийгдээгүй болох нь нотлогдож байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 379 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ... хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, ... тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “С” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2019/01 дугаар “MV-01****, MV-****36 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргажээ.
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “ХХБ” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг гаргахаас өмнө “С” ХХК-ийн MV-01****, MV-****36 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг барьцаалсан барьцаалагч болох ХХБ-д мэдэгдээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлага гаргасан байна.
2.3. Анхан шатны шүүхээс “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлүүдийг тогтоосон ямар нэг дүгнэлт гаргаагүй, Харин ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/367 дугаар байгуулагдсан ажлын хэсгийн газар дээр нь ажиллаад ... “С” ХХК-ийг уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрхэн хэрэгжүүлээгүй, байгаль орчинд хортой нөлөөлж байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хэрхэн яаж биелүүлээгүй талаарх зөрчлийг бодитой тогтоосон талаарх хангалттай бөгөөд тодорхой дүгнэлт хийгдээгүй, ... Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэгт зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж, дүгнэх эрх бүхий байгууллага болох байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ талаар дүгнэлт хийгээгүй энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчийг байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутгасныг зөвтгөх боломжгүй” гэх дүгнэлтийг хийж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2019/01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
2.4. Учир нь бодит байдал дээр Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Уул уурхайн салбарын авто зам, өргөх байгууламжийн ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт хийх, Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын жолооч нарын хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу “С” ХХК-ийн Баянтэс уурхайн болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч, гэрээгээр ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх явцад 31 төрлийн зөрчил, дутагдал илэрсний дотор “2019 оны ус ашиглах дүгнэлтгүй, зохих байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж ус ашигласан, 2018 оны ус ашиглах дүгнэлтэд ил уурхайд орж ирэх усыг тусгаагүй олборлолт явуулсан, Худгийн энгийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн тэмдэг тэмдэглэгээгүй мод бут сөөг тариагүй хог хаягдал хаясан бохирдолтой байсан, Баянтэс нүүрсний уурхайгаас Нарийн сухайд шивээ хүрэн чиглэлийн болон кемп хоорондын авто замаас тоосжилт их хэмжээгээр үүсч хүн, мал амьтан, ургамлын бүрхэвчид үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч ажиллаагүй, Газрын хөрсийг элэгдэл, эвдрэл доройтолд оруулсан, шатах тослох материалаар хөрсийг бохирдуулсан” зэрэг зөрчлүүд илэрсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 16/05/089/105 дугаар албан шаардлагыг нэхэмжлэгч компанид өгчээ.
2.5. Улмаар Өмнөговь аймгийн Засаг даргаас 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1-2004 дүгээр албан бичгээр “... “С” ХХК-ийн Баянтэсийн уурхайн уул уурхайн олборлолт, тээвэрлэлтийн явц нь байгаль орчны багц хууль тогтоомжийг зөрчиж байгаа нь танай байгууллагын Улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 16/05/089/ дугаар албан шаардлагаар тогтоогдсон ба байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, албан шаардлагыг биелүүлээгүй нь газар дээрээ тодорхой харагдаж байна, ... байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаатай холбогдуулан үйл ажиллагааг зогсоохыг...” Мэргэжлийн хяналтын газраас шаардаж, шаардлага хүргүүлж байсан байна.
2.6. Мөн Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 210 дугаар албан бичгээр “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “С” ХХК-ийн Баян тэсийн уурхай нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг орон нутгийн иргэдээр албан ёсоор хэлэлцүүлээгүй. Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаар прокурорын тогтоолоор Гурвантэс сумын Тост багийн иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Мөн тус уурхайн Байгаль орчны 2018 оны менежментийн төлөвлөгөөг дүгнэж ажлын хэсэг уурхайд ажиллахад төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй хангалтгүй ажиллаж байсан тул үнэлэлт өгөх боломжгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 05-нд тус уурхайд ажиллахад Байгаль орчны 2019 оны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, хагас жилийн тайлан гаргаагүй зэрэг хангалтгүй ажилласан байсан. Иймд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү” гэх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Б-д хүргүүлж байжээ.
2.7. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/367 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газар орчимд нүүрсний орд ашиглаж буй үйл ажиллагаанаас байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар газар дээр шалгалтын ажил зохион байгуулж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсэг газар дээр нь хяналт шалгалт хийхэд “... “С” ХХК-ийн MV-01****, MV-****36 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайд Тээг ургамал устай, Хуршуут баруун булаг болон Зүүн Чацагт задгай булгууд улирлын чанартай булагтай давхцалтай, түүнчлэн 14 унд ахуй, бэлчээрийн зориулалттай худаг ашиглалтын талбай дотор байна. Эдгээрээс 1200 бог, 10 бод мал усалдаг талаар 2015, 2017 оны уст цэгийн мэдээллийн санд бүртгэсэн байна. MV-01****, MV-****36 тоот талбай дахь нүүрсний гол нөөц нь Хуршуут булгийн баруун хойд зүгт байрлаж байгаа. ... уурхайгаас Нарийсухайт-Шивээхүрэн чиглэлд түр зам байгуулахдаа олон тооны буйлс, бутлаг ургамлыг булж дарсан, гэмтээсэн асуудлыг нарийвчлан судалж ...”Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”, “Экологи эдийн засгийн үнэлгээ”-г үндэслэн хохирлыг тооцож, нөхөн төлүүлэх арга хэмжээ авах, ...Уурхайн талбай орчимд усны хяналт шинжилгээ мониторингийн цооногуудыг байрлуулж, байнгын мониторинг хийж байх, булгуудад хамгаалалтын бүс татах” шаардлагатай болох нь ажлын хэсгийн илтгэх хуудсаар тогтоогджээ.
2.8. Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр маргаан бүхий “MV-01****, MV-****36 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх талаар” 2019/01 дүгнэлтийг гаргасан бөгөөд дүгнэлтдээ “С” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлээгүй, байгаль орчинд хортой нөлөөлж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй, ... “С” ХХК-ийн эзэмшдэг MV-01****, MV-****36 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэж үзсэн байна.
2.9. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч “С” ХХК нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулсан, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь дээр дурдсан бүх баримтуудаар нотлогдож байх тул дүгнэлт гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг буруутгах үндэслэлгүй.
2.10. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч компанийн хувьд нэгэнт байгаль орчинд хортой нөлөөлж байгаа төдийгүй байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй болох нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн MV-01****, MV-****36 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзнэ.
2.11. Тодруулбал, дээрх шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д “хуульд үндэслэх;”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.12. Харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хувьд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй байна.
2.13. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх нэхэмжлэгч “С” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2019/01 дугаар “MV-01****, MV-****36 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
2.14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4661 дүгэр захирамжаар “....нэмэгдүүлсэн шаардлагад хамаарах захиргааны акт буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2019/01 дүгээр дүгнэлттэй нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр танилцсан байх тул энэ хугацаанаас хойш 30 хоногийн дотор буюу хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан, нэхэмжлэгчийн маргаж буй дээрх дүгнэлттэй танилцсан хугацаанаас нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно” гэх дүгнэлтийг хийж дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасан байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор “... Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “С” ХХК-ийн эзэмшдэг MV-01****, MV-****36 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дүгнэлт гаргасан талаар нэхэмжлэгчид хэрхэн, яаж мэдэгдсэн талаар тодруулж, холбогдох ажиллагааг хийлгүйгээр шууд “нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” хэмээн дүгнэж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ” гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2.15. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцаж, гарын үсэг зурсан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцвол хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 6653 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх уг асуудлаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр дүгнэлтийг хүчингүй болгож улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
2.16. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 2-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1дэх хэсэг, 54.1.1” гэж техникийн алдаа гаргасныг мөн зөвтгөсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, баримталсан хуулийн зохицуулалтыг зөвтгөсөн өөрчлөлтүүдийг оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 379 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-ийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2019/01 дугаар “MV-01****, MV-****36 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...54.1дэх хэсэг,...” гэснийг хасаж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд “ХХБ” ХХК-ийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг буцаан гаргуулж, түүнд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН