Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 08

 

Д.Улаанхүүхэний нэхэмжлэлтэй, Ч.Энхцэцэгт

холбогдох иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Я.Алтаннавч, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Нэхэмжлэгч Д.Улаанхүүхэн  

Хариуцагч Ч.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Б.Баярмаа нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч байгууллагыг төлөөлж Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор тус аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, 27б байрны 1-9 тоотод оршин суух иргэн Д.Улаанхүүхэний “ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.Улаанхүүхэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тамгын газрын даргын А/10 тоот тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж, эрх ашиг зөрчигдөж эхэллээ. Учир нь Ч.Энхцэцэг нь аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар томилогдохдоо Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 33 дугаар зүйлийн 33.3, төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, 17.5, 17.6 дахь заалтуудыг тус тус зөрчин томилогдсон нь Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаар албан бичгээр баталгаажиж байгаа тул бүтцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй гэж үзэж байна.  

Иймээс аймгийн засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын Д.Улаанхүүхэнд холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, хэвээр хадгалагдаж байгаа Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Д.Улаанхүүхэний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болдхүү шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Д.Улаанхүүхэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тамгын газрын даргын А/10 тоот тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж эрх ашиг зөрчигдсөн. Ч.Энхцэцэг нь тамгын газрын даргаар томилогдохдоо хууль бусаар томилогдсон тул бүтэцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй гэж үзэж байна. Иймээс уг тушаалын Д.Улаанхүүхэнд холбогдох заалтыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоож, өгөхөөр орон тоо хасагдсан гэдгийг ажлын байргүй болохыг ойлгоно. Гэтэл хэвлэлийн ажилтны ажлын байр байхгүй болоогүй оронд нь өөр хүн томилогдож ажиллаж байгаа. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг барьж халсан нь үндэслэлгүй юм. Хүнийг үзэл бодлоор нь ялгаварлаж өмнөх Засаг даргын үед ажиллаж байсан, хувийн телевизэд ажиллаж байсан гэж ялгаварлан тодорхой хязгаарлалт тавьж Улаанхүүхэний оронд өөрсдийн багийн хүнийг авсан гэж үздэг. 2016 оны 8 дугаар сард тараасан мэдэгдэх хуудас бол тамгын газрын бүх ажилчдад өгсөн. Гэхдээ таны ажлын байр байхгүй болно, таныг Нийгмийн халамжийн тухай хуулийн заалтад хамруулна, төрийн захиргааны албан хаагч таныг энэ ажлын байрнаас чөлөөлнө гэсэн тухайлсан мэдэгдлийг хэнд нь ч өгөөгүй. Бүтэцэд өөрчлөлт хийнэ гэсэн мэдэгдлийг 2016 онд өгсөн боловч, 2017 оны 2 дугаар сарыг хүртэл ажлаа хийгээд цалингаа аваад явж байсан тул Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Энхцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Д.Улаанхүүхэн бол өөрийгөө улс төрийн зорилгоор халсан гэж үздэг. Учир нь Ардчилсан намын Засаг даргатай байх үед ажилд орсон. ВВS телевизэд ажиллаж байсан гэж гадуурхаж ажлаас халагдсан гэж үздэг. Мөн өөрийнхөө оронд өөр хүнийг ажилд авсан гэдэг юм. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн аймгийн Засаг даргын мэдээллийн цаг дээр аймгийн ИТХ-ын дарга Гансүх аймгийн Засаг дарга болон бусад агентлагийн дарга нарт хүмүүсээ хурдан халж сольж багаа бүрдүүлж ажиллах ёстой гэж чиглэл өгсөн байдаг. Үүний дараа 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр А/09 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэ тушаалын хавсралтын 6 дахь заалтанд хэвлэлийн төлөөлөгч гэдэг орон тоог баталж өгсөн. Өмнө нь хэвлэлийн ажилтан гэсэн орон тоо байсан. 2015 оны 10 дугаар  сарын 12-ны өдрийн Б/16 тоот тушаалаар Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдон 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан боловч, 2016 оны 10 дугаар сард хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан. Байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах байтал тухайн үед тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Лхамсүрэн энэ заалтыг анзааралгүй алдаа гаргасан байсан. Ажлаас халах мэдэгдлийг тухайн үед тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Мандахнар 2016 оны 9 сард Улаанхүүхэнд өгсөн байдаг. Мэдэгдэлд 10 дугаар сарын 01-ээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж бүх ажилчдад өгсөн. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 01-нд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй тул мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Хэдийгээр 45 хоногийн өмнө мэдэгдэл өгнө гэж заасан болохоос 45 хоног өнгөрсөн тохиолдолд мэдэгдлийг хүчин төгөлдөр бус тооцно гэж заасан хуулийн заалт байхгүй. Аймгийн Засаг даргын бүтэц 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/368 дугаар захирамжаар 45 орон тоотойгоор батлагдсан. Гэхдээ энэ бүтэцэд хэвлэлийн ажилтан гэсэн орон тоо байхгүй. Хэдийгээр 45 хүний орон тоо байсан боловч, 50 гаруй хүн ажиллаж байсан. 2015 онд Засгийн газрын 09 тоот тогтоол гарч Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрыг 37 хүнтэй байхаар тогтоосон. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт хийсэн. Улаанхүүхэний хувьд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/12 тоот тушаалаар хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн орон тоонд томилогдож хөдөлмөрийн гэрээ1 жилийн хугацаатай байгуулан ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээ 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дууссан тул ажлаас чөлөөлөх эхний үндэслэл болсон. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гүйцэтгэх үүрэг нь тодорхойгүй байсан. Энэ нь хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасан шаардлагыг хангаагүй байгаа нь ажлаас чөлөөлөх 2 дахь нөхцөл болсон. Бүтцэд хэвлэл мэдээллийн орон тоо батлагдаагүй байхад ажиллаж байсан учраас ажлаас чөлөөлсөн. Хэвлэлийн төлөөлөгчөөр Осгонбатыг томилсон тушаалыг хүчингүй болгож, улс төрийн албан тушаалтнаар томилсон шийдвэр гаргасан. Энэ орон тоо тамгын газрын бүтцэд ороогүй, улс төрийн албан тушаал учраас Засаг дарга солигдоход дагаж солигдоно гэж үзэж байгаа гэв. 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэрт:   Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Чойвоо овогт Дугарсүрэнгийн Улаанхүүхэнийг Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хэвлэлийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан 85 хоногийн цалин 1.855410.60 / нэг сая найман зуун тавин таван мянга дөрвөн зуун арван төгрөг жаран мөнгө / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Улаанхүүхэнд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Д.Улаанхүүхэний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтрүүдэд зохих журмын дагуу сар тутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг хийхийг аймгийн Засаг даргын тамгын газрын ня-бо-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 44.636.26 / дөчин дөрвөн мянга зургаан зуун гучин зургаан төгрөг хорин зургаан мөнгө / төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Энхцэцэг  давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийг удирдлага болгосон боловч, ямар нотлох баримтыг үндэслэл болгосноо заагаагүй нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн заалтыг зөчсөн байна. 

Шүүх ажилгүй байсан 85 хоногийн цалин 1855410 төгрөг 60 мөнгийг олгож, шийдвэрлэхдээ аймгийн Тамгын газраас 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон 3 сарын тэтгэмж буюу 1350672 төгрөг олгосныг шийдвэрт  дурьдаагүй, зөрүүг хасч тооцоогүйгээс цалингийн зөрүүг буруу тооцсон байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг буруу  тооцсон зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд хүчингүй болгохыг хүсч гомдол гаргав гэжээ.      

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн бичгийн нотлох баримтуудыг шүүхэд өгөхдөө “Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан ”Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн заалттай нийцэхгүй байна./хх-19-23,27,31-33,85,86,106-107,113-117/

Түүнчлэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн заалт нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогчид хамаарахаар Улсын Дээд шүүх тайлбарласан байдаг. Иймээс хариуцагч болох аймгийн Засаг даргын Тамгын газар нь шүүхэд нотлох баримт гаргахдаа дээрх хуулийн шаардлага хангах ёстой байжээ.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч байгууллагын давж заалдах гомдолд энэ удаагийн шүүх хуралдаанаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Хариуцагч төсвийн байгууллага учраас түүний гаргасан давж заалдах гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 167.2, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

Хоёр.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

   Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

                                        ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ

                       Д.БАЙГАЛМАА