Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 249

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэрргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, Чойвоо овогт Дугарсүрэнгийн Улаанхүүхэний нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан “ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017.03.09-ний өдөр ирүүлснийг хүлээн авч  хянан хэлэлцээд 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Улаанхүүхэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Улаанхүүхэн намайг 2017.02.09-ний өдөр тамгын газрын даргын А/10 тоот тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлж эрх ашиг зөрчигдсөн. Ч.Энхцэцэг нь тамгын газрын даргаар томилогдохдоо хууль бусаар томилогдсон тул бүтэцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй гэж үзэж байна. Иймээс уг тушаалын Д.Улаанхүүхэнд холбогдох заалтыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоож, хэвээр хадгалагдаж байгаа Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан  байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг гаргуулж өгнө үү гэв 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Болдхүү шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би Д.Улаанхүүхэний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахгүй, хариуцагчтай эвлэрэхгүй. Д.Улаанхүүхэн бол өөрийгөө улс төрийн зорилгоор халсан гэж үздэг. Учир нь Ардчилсан намын Засаг даргатай байх үед ажилд орсон, ВВS телевизэд ажиллаж байсан гэж гадуурхаж ажлаас халагдсан гэж үздэг. Мөн өөрийнхөө оронд өөр хүнийг ажилд авсан гэдэг юм. 2017.02.01-ний өдрийн аймгийн Засаг даргын мэдээллийн цаг дээр аймгийн ИТХ-ын дарга Гансүх аймгийн Засаг дарга болон бусад агентлагийн дарга нарт хүмүүсээ хурдан халж сольж багаа бүрдүүлж ажиллах ёстой гэж чиглэл өгсөн байдаг. Үүний дараа 2017.02.09-ний өдөр А/09 тоот тушаалаар бүтэцийн өөрчлөлт хийсэн. Энэ тушаалын хавсралтын 6 дахь заалтанд хэвлэлийн төлөөлөгч гэдэг орон тоог баталж өгсөн. Өмнө нь хэвлэлийн ажилтан гэсэн орон тоо байсан. 2015.10.12-ны өдрийн Б/16 тоот тушаалаар Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдон 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан боловч 2016 оны 10 дугаар сард хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан. Байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах байтал тухайн үед тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Лхамсүрэн энэ заалтыг анзааралгүй алдаа гаргасан байсан. Ажлаас халах мэдэгдлийг тухайн үед тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Мандахнар 2016 оны 9 сард Улаанхүүхэнд өгсөн байдаг. Мэдэгдэлд 10 дугаар сарын 1-ээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гэж бүх ажилчдад өгсөн. Гэтэл 2016.10.01-нд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй тул мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. 

 

Орон тоо хасагдсан гэдгийг ажлын байргүй болохыг ойлгоно. Гэтэл хэвлэлийн ажилтны ажлын байр байхгүй болооогүй оронд нь өөр хүн томилоод ажиллаад байгаа. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг барьж халсан нь үндэслэлгүй юм. Хүнийг үзэл бодлоор нь ялгаварлаж өмнөх Засаг даргын үед ажиллаж байсан, хувийн телевизэд ажиллаж байсан гэж ялгаварлан тодорхой хязгаарлалт тавьж, өөрсдийн багийн хүнийг авсан гэж үздэг. 2016 оны 8 дугаар сард тараасан мэдэгдэх хуудас бол тамгын газрын бүх ажилчдад өгсөн. Гэхдээ таны ажлын байр байхгүй болно, таныг Нийгмийн халамжийн тухай хуулийн заалтад хамруулна, төрийн захиргааны албан хаагч таныг энэ ажлын байрнаас чөлөөлнө гэсэн тухайлсан мэдэгдлийг хэнд нь ч өгөөгүй. Хэний ажлын байр хасагдаж байгаа хэн нь чөлөөлөгдөж байгаа нь тодорхойгүй байсан. Бүтэцэд өөрчлөлт хийнэ гэсэн мэдэгдлийг 2016 онд өгсөн боловч 2017 оны 2 дугаар сарыг хүртэл ажлаа хийгээд цалингаа аваад явж байсан тул ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Энхцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын бүтэц 2013.09.20-ны өдрийн А/368 дугаар захирамжаар 45 хүний орон тоотойгоор батлагдсан. Гэхдээ энэ бүтэцэд хэвлэлийн ажилтан гэсэн орон тоо байхгүй. Хэдийгээр 45 хүний орон тоо байсан боловч 50 гаруй хүн ажиллаж байсан. 2015  онд Засгийн газрын 09 тоот тогтоол гарч Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрыг 37 хүнтэй байхаар тогтоосон. Ингээд 2017.02.09-ны өдрийн А/09 тоот тушаалаар бүтэцийн өөрчлөлт хийсэн. Улаанхүүхэний хувьд 2015.10.12-ны өдрийн Б/12 тоот тушаалаар хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн орон тоонд томилогдож хөдөлмөрийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулан ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээ 2016.10.12-ны  өдөр дууссан тул ажлаас чөлөөлөх эхний үндэслэл болсон. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гүйцэтгэх үүрэг нь тодорхойгүй байсан. Энэ нь хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасан шаардлагыг хангаагүй байгаа нь ажлаас чөлөөлөх 2 дахь нөхцөл болсон. Бүтэцэд хэвлэл мэдээллийн орон тоо батлагдаагүй байхад ажиллаж байсан учраас ажлаас чөлөөлсөн. Тухайн үед тамгын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан Ш.Мандахнар ажлаас халах мэдэгдлийг 45 хоногийн өмнө өгсөн байгаа. Хэдийгээр 45 хоногийн өмнө мэдэгдэл өгнө гэж заасан болохоос 45 хоног өнгөрсөн тохиолдолд мэдэгдлийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заасан хуулийн заалт байхгүй. Хэвлэлийн төлөөлөгчөөр Осгонбатыг томилсон тушаалыг хүчингүй болгож улс төрийн албан тушаалтнаар томилсон шийдвэр гаргасан. Энэ орон тоо тамгын газрын бүтэцэд ороогүй, улс төрийн албан тушаал учраас Засаг дарга солигдоход дагаж солигдоно гэж үзэж байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа: Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг барьсан байгаа. А/10 гэсэн тушаал бол ганц Улаанхүүхэнд зориулагдсан тушаал биш, Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолын дагуу Засаг даргын тамгын газрын бүтэцийг батлах Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу хийгдсэн тогтоол. Засаг даргын тамгын газрын бүтэц А/09 тоот тогтоол гарч хүчингүй болсноор өмнө ажиллаж байсан бүтэц орон тоонд ажиллаж байсан ажилтнуудыг чөлөөлөх нь үндэслэлтэй юм. Анхнаасаа байгаагүй орон тоо учраас хасагдсан гэх ойлголт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Улаанхүүхэн Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Энхцэцэгт холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017.02.09-ний өдрийн А/10 дугаартай тушаалд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын тамгын гарын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийт албан хаагчдыг 2017.02.09-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

 

Хариуцагч Засаг даргын тамгийн газрын дарга Ч.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, бүтэцэд багтаагүй орон тоо дээр ажиллаж байсан, хөдөлмөрийн гэрээгээр ямар ажил гүйцэтгэх нь тодорхойгүй байсан тул 2017.02.09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар Д.Улаанхүүхэнийг ажлаас чөлөөлсөн нь хуулийн дагуу болсон гэж үзэж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзлээ. 

 

Учир нь: Д.Улаанхүүхэн 2015.10.12-ны өдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн ажилтан” гэсэн орон тоон дээр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллажээ.  Уг гэрээний хугацаа 2016.10.12-ны өдөр дууссан боловч уг албан тушаал дээр үргэлжлэн ажиллаж байсан болохоор гэрээний хугацаа сунгагдсан байна гэж үзлээ. Иймд хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дууссан гэж үзэх боломжгүй болж байна. 

 

Мөн бүтэцэд байхгүй орон тоон дээр ажиллуулсан, хөдөлмөрийн гэрээнд ямар ажил үүрэг гүйцэтгэх талаар тусгаагүй байгааг Д.Улаанхүүхэний буруу гэж үзэх боломжгүй юм. 

 

Д.Улаанхүүхэнийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 1 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ гэсний дагуу 2017 оны 9 дүгээр сард 10-р сард ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэл өгсөн гэдэг ба энэ талаар талууд маргадаггүй болно. Харин Д.Улаанхүүхэнийг мэдэгдэлд заасан хугацаандаа ажлаас чөлөөлөөгүй байх тул уг мэдэгдлийг ач холбогдлоо алдсан байна гэж дүгнэв. 

 

40.1.1-д ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа. . . татан буугдсан, орон тоог хассан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсөн болохыг аль үндэслэлээр халсан болох нь тодорхойгүй байгаагаас гадна бүтэцийн өөрчлөлттэй холбоотойгоор 44 орон тоог 38 болгож баталсан жагсаалтаас үзэхэд орон тоог цөөрүүлсэн гэж үзэх боломжтой байна. 

 

Өмнө байсан хэвлэл мэдээллийн ажилтан гэдэг орон тоо байхгүй болж, шинээр хэвлэлийн төлөөлөгч гэдэг орон тоо батлагдаж Осгонбат / сүүлд Я.Оюунзул гэж өөрчилсөн / гэдэг хүнийг авч ажиллуулжээ. Орон тоог татан буулгах, хасах, цөөрүүлж буй тохиолдолд ижил төрлийн албан тушаал дээр Д.Улаанхүүхэнийг ажиллуулахгүйгээр шинээр хүн авч ажиллуулсан байгааг үндэслэлгүй гэж үзэж Д.Улаанхүүхэнийг Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан  хоногийн 85 хоногийн цалинг олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно. Харин хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 44.636,56 / дөчин дөрвөн мянга зургаан зуун гучин зургаан төгрөг тавин зургаан мөнгө / гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Чойвоо овогт Дугарсүрэнгийн Улаанхүүхэнийг Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хэвлэлийн төлөөлөгчийн ажилд эгүүлэн томилсугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан 85 хоногийн цалин 1.855410.60 / нэг сая найман зуун тавин таван мянга дөрвөн зуун арван төгрөг жаран мөнгө / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Улаанхүүхэнд олгосугай. 

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Д.Улаанхүүхэний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтрүүдэд зохих журмын дагуу сар тутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг хийхийг аймгийн Засаг даргын тамгын ня-бо-д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 44.636.26 / дөчин дөрвөн мянга зургаан зуун гучин зургаан төгрөг хорин зургаан мөнгө / төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

Энэ шийдвэр нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба зохигчид  эс зөвшөөрвөл шийдвэрийг танилцуулсан буюу гардуулснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, хэргийг хянан шийдвэрлэсэн тухайн шатны шүүхэд ирүүлж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ