Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 00040

 

 

                                             

 

 

 

 

 

 

                                                      М.Ч-д  холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 171/2018/0054/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

       Шүүх хуралдаанд:         

 

       Прокурор                                               Л.Оюунтуяа

       Шүүгдэгч                                              М.Ч                                

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                     Р.Цэрэнханд

       Хохирогч                                            Ж.З

       Хохирогчийн өмгөөлөгч                    Д.Энхбаяр

       Нарийн бичгийн дарга                       Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолтой М-ын Ч-д  холбогдох, 1825000000014 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ж.З, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр нарын  давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймгийн Техникийн их сургуульд суралцдаг, ам бүл 4, эцэг эх, ах нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М-ын Ч.

Шүүгдэгч М.Ч нь  2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт төв замаар 41-28 ОРО улсын дугаартай,  “Тоёота Клугер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Зг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дүгээр сарын 06-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б овгийн М-ын Чийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д  зааснаар шүүгдэгч М.Чийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5.д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2.д зааснаар хохирогч Ж.З гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ч-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ж.З, хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нар давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч М.Ч нь миний эрүүл мэндийг хохироочоод учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй, төлж барагдуулахаа илэрхийлээгүй, надтай уулзаж энэ талаар тохиролцоогүй тул миний бие түүнд маш их гомдолтой гэдгээ шүүх хуралдаан дээр хэлсээр байтал түүнд ялын хамгийн доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгож шийтгэж байгааг зөвшөөрөхгүй байна.

Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа маш дутуу явагдсан байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

 

Миний бие хэргийн материалтай танилцаагүй, хэрэгт ямар баримтууд цугларсныг ч мэдээгүй, тийм боломж ч олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэг гардаг өдөр М.Ч нь жолооныхоо хүрдний ард талын хэсэгхэн газарт жижигхэн цонх гаргаад бусад шил нь битүү цантайгаар замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд намайг гарцаар явж байгааг харах боломжгүй улмаас намайг мөргөсөн. Ийм бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцсоны улмаас энэ хэрэг гарсан.

 Дээр нь энэ хүн маш хурдтай явсан. Хурдтай явсны улмаас миний бие хүчтэй мөргүүлж, 4-5 м газар шидэгдсэн. Би шидэгдэж унаад босох гээд босч чадаагүй ба хоёр чих юм сонсохгүй, толгой дүүрээд, гэдэс хэвлийгээр хүчтэй өвдөлт өгч арай гэж өндийж суугаад хартал автобус хүлээгээд зогсож байсан манай ажилчид намайг хараад гүйж ирцгээсэн. Ингээд л энэ үеэс хойш дан эмнэлэгт хэвтсээр өнөөдрийг хүрч байна.

Миний бие хэрэг шийдэгдсэний дараа давж заалдах шатны шүүхэд хандах болж хэргийн материалтай танилцлаа. Би анх удаа энэ хэргийг үзэж танилцаж байна. Өмнө би дандаа эмнэлэгт байсан учраас ингэж хэрэгтэй танилцах боломж надад байгаагүй. Хэрэгтэй танилцах уу гэж Оюунболд байцаагч болон шүүх, прокурор аль нь ч надаас асуугаагүй.

Гэтэл гэнэт намайг шүүхээс утастаж, шүүх хуралдаанд дуудсан. Хэрэг ямар шатанд явж байгаа, шүүхэд шилжлээ зэргээр огт надад мэдэгдээгүй. Шүүх хуралд дуудахад би эмнэлэгт байсан. Хурал хойшлуулах хүсэлт явуултал 2018.02.06-нд шүүх хуралтай гэхээр нь 2018.02.05-ны орой эмнэлгээс гараад шөнө 02 цагт Эрдэнэтэд ирээд маргааш өглөө нь шууд шүүх орж, хуралд орсон. Яг ингэж хэргийн материалтай огт танилцаагүй өдийг хүрсэн. Гэтэл хэргийн материал дотор нөгөө намайг мөргөсөн машины зургийг үзтэл яг тухайн хэрэг гарсан өдрийн зам дээрх зураг байх байтал огт өөр зураг хийсэн байсан.

Тухайн хэрэг гарсан байдлыг яг тэр мөчид манай ажилчид харж зарим нь бүр бичлэг хийсэн байсан. Гэтэл эдгээр ажилчдаас ядаж ганцыг нь ч асуух ажиллагаа хийгээгүй байна. Нөгөө намайг мөргөсөн машин ямар цан хүүрэгтэй үзэгдэх орчин харагдахгүй бүрэн биш тээврийн хэрэгсэлтэй явж байсныг фото зургаар бэхжүүлээгүй, 2018.01.13-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлтэнд энэ талаар огт дурьдаагүй орхигдуулсан байна. Мөнхбаяр, Уранпүрэв гэсэн хэргийн газар огт байгаагүй хүмүүүсийг гэрчээр асуусан байх ба асуудалд илтэд шүүгдэгчийн талд үйлчилж хэргийг бүрдүүлсэнд гомдолтой байна.

Мөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт маш дутуу гарсан. Хэрэг 2017.12.25-ний өглөө гарсан бол шүүх эмнэлгийн дүгнэлт 2017.12.27-ны өдөр буюу 2 хоногийн дотор гарчихсан.

 

Шүүх эмнэлэгт гэдэс хэвлийгээр өвдөөд байгаагаа хэлсээр байтал энэ талаар огт дурдалгүй орхигдуулсан. Өөрөө хэлбэл гэмтлийн улмаас учирсан өвчин зовиурийг бүрэн гүйцэд тусгалгүйгээр гэмтлийн зэргийг тогтоосонд гомдолтой байна. Миний өвчний оношууд бүрэн гүйцэт гарч дуусаагүй, Улаанбаатар хотруу явж эмчилгээ оношлогоо хийлгэж явсаар одоо ч дуусаагүй байна. Машинд хүчтэй мөргүүлж шидэгдсэний улмаас миний хэвлийгээр өвдөлт өгч 2 өдөр цустай зүйл шулуун гэдсээр гарч байсан.

Ингээд Улаанбаатар хот руу яаралтай явж үзүүлтэл хуучин мэс засал хийлгэсэн газарт доргилтын улмаас өрөвсөл өгч улмаар одоо наалдангийн байдалтай байгаа тул нүүр болон толгойн гэмтэл бэртлийг эдгээсний дараа хагалгаа хийлгэх шаардлагатай болоод байна. Гэтэл 2017.12.27-ны өдрийн шүүх эмнэлгийн дүгнэлтэнд энэхүү өвчлөл тусгагдаагүй орхигдоод байна.

Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй болно гэжээ.

Шүүгдэгч М.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа

Миний бие нь хохирогч Ж:Згийн гаргасан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний бие хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анхаарал болгоомжгүй байсны улмаас хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсанд маш их харамсаж байна. Хохирогчид эм тариа, эмчилгээний зардалд зориулж 200 000 төгрөг төлсөн.

Хохирогчид миний буруугаас учруулсан гэмтлийн улмаас цаашид эмчилгээний зардал гарсан тохиолдолд миний бие төлж барагдуулна. Харин хохирогчид учирсан гэмтэл нь дутуу гарсан зүйл дээр надад мэдэх зүйл байхгүй. Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн гарсан дүгнэлт үнэн зөв гарсан байх гэж бодож байна. Анх шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгч Р.Цэрэнхандтай хамт оролцоно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Оюунтуяа дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 07 цаг 20 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 3-17 дугаар байрны арын төв зам дээр, 41-28 ОРО улсын дугаартай, “Тоёота клугер” маркийн машин  жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Зг мөргөж, биед нь баруун хацар ясны далд хугарал, баруун нүдний ухархайн гадна болон доод хананы хугарал, нүүрний баруун хэсэг, баруун тохой, шуу баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх М.Чийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна.

 

Мөрдөн байцаалт, прокурорын шатанд болон анхан шатны шүүхээс М.Ч-д  холбогдох эрүүгийн хэргийн хохирогч Ж.Зг хэргийн материалтай танилцуулаагүй, хохирлоо эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлүүлэх боломжоор хангаагүй, автомашинд мөргүүлсний улмаас түүний хуучин гэмтэл сэдэрсэн эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед хохирогчийн үйлдвэрлэлийн осолд орсон талаарх баримтаа өгч судлуулах хүсэлт гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй байна гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 т заасан хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.8 д зааснаар хавтаст хэргийн материалтай танилцуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх боломжоор хангаагүй, хохирогчийн шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг хэлэлцээгүй орхигдуулж, хохирогчийн хуулинд заасан эрхийг хязгаарлаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Хохирогч Ж.З болон түүний  өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол М.Ч-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              

               

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                З.ХОСБАЯР

 

                 ШҮҮГЧИД                                                                   Ц.ТУЯА

 

                                                                                             С.ЦЭЦЭГМАА