Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Ж.З

Шүүгдэгч М.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Чт холбогдох эрүүгийн 1825000000014 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч М.Чийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг БаянӨндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт төв замаар 41-28 ОРО улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Зг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: М.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 07 цаг 20 минутын орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 3-17-р байрны арын төв замаар 41-28 ОРО улсын дугаартай Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Зг мөргөж биед нь баруун хацар ясны далд хугарал, баруун нүдний ухархайн гадна болон доод хананы хугарал, нүүрний баруун хэсэг, баруун тохой, шуу баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 3-р хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/, хохирогч Ж.Згийн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/, 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 66 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 42-44-р хуудас/, М.Чийн согтуурал хэмжих багажаар шалгуулсан баримт /хх 47-р хуудаст/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 48-р хуудас/ шүүгдэгч, хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч М.Чийн энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, нийгэмд аюултай бусдад хохирол учруулсан үйлдэл болох нь хохирогч Ж.Згийн.... 2017 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 07 цаг 20 минутын үед 4-16-р байрнаас гараад Голомт банкны урд талын явган хүний гарцаар 3-17-р байрны буудал руу явж байтал баруун талаас цагаан өнгийн машин гарч ирээд миний баруун талаас мөргөөд би чирэгдээд засмал зам дээр унасан. Би явган хүний гарцнаас 4-5 метр чирэгдсэн байсан...Ч 2 тариа авч өгсөн. Өөр эмчилгээний зардал мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй эмчилгээний зардал нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2 дугаартай “Тоёота Клугер маркийн 41-28 ОРО дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг осол нь 41-28 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчснөөс гарсан байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай: “Хохирогч Ж.Згийн биед баруун хацар ясны далд хугарал, баруун нүдний ухархайн гадна болон доод хананы хугарал, нүүрний баруун хэсэг баруун тохой шуу баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, баруун хацар ясны далд хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “ 2017 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 07 цаг 20 минутын орчим гарцан дээр явж байхад урдаас гэнэт машин гарч ирээд гэрэл гялбаж явган хүн явж байгааг хараагүй мөргөсөн. Явган хүний гарц байдгийг мэднэ. Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар батлагджээ. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн шүүгдэгч М.Чийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг үндэслэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулав. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Хохирогч шүүх хуралдаанд “12 дугаар сарын 25-ны өглөө гарцаар гарч явахад гэнэт машин гарч ирээд мөргөсөн. Эмнэлгээр яваад л байна. Хацар яс, хэвлийгээр зовиуртай байгаа. 3 сарын дараа эрүү нүүрний хагалгаанд орно. Эмнэлэгт хэвтэж байгаад дөнгөж гарч ирсэн болохоор эмчилгээний баримтуудаа бүрдүүлж нэхэмжлэлээ гаргаж ирж амжсангүй. Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна “ гэж мэдүүлсэн ба шүүгдэгч 200 000 төгрөг төлсөн талаархи баримт хэрэгт авагдсан байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, хохирогчийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг заасан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Мын Чийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.З гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ