Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/01005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

            нэхэмжлэгч-Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-43, РД-2556375, Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 18 дугаар байрны 15 тоотод оршин суух, эрэгтэй, РД-РЮ86020314, Омбо овогт Лхагвасүрэнгийн Энхтайванд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 172,606,245.24 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг, Б.Нуржанат, хариуцагч Л.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр  нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 172 606 245, 24 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагаас мөнгөн төлбөр шаардсан шаардлагын хэсгээ нэмэгдүүлж, 177 635 288,03 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийг хангуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 Нэхэмжлэгч  нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч   нар   тайлбартаа: Л.Энхтайван  Капитал банкны Хөрөнгө удирдлагын газрын хөрөнгө зохицуулалтын албанд ахлах дилерээр ажиллаж байхдаа тус банктай 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр  Ажиллагсдын орон сууцны зээлийн 68 тоот гэрээг байгуулан,  54,000 ам.долларын ипотекийн зээлийг 25 жилийн хугацаатайгаар, жилийн 8 хувийн хүүтэйгээр  зээлсэн.

Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, уг зээлээр худалдан авсан, хариуцагч одоо оршин сууж байгаа, Баянгол дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол, 18-р байрны 15 тоот дахь 2 өрөө  орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг байгуулж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Хариуцагч Л.Энхтайван хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гарган ажлын байрны давуу байдлаа ашиглан Санхүү бүртгэлийн газрын арилжааны арын албанд ашигладаг Фи Икс Си Эм оффис программаар дур мэдэн нэвтэрч, балансын тохируулгын гүйлгээ хийх замаар өөрийн эхнэр Б.Амарбаясгалангийн маржин арилжааны дансны үлдэгдлийг хийсвэрээр өсгөсөн тул өсгөсөн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр банк алдагдал хүлээж, банкинд их хэмжээний хохирол учруулсан  ноцтой зөрчлийг гаргасан тул гүйцэтгэх захирлын 2016 оны 05 сарын 31 өдрийн 442 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хариуцагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Иймд 2012 оны 01  сарын 27 өдрийн 68 тоот орон сууцны зээлийн гэрээний 3.16-д заасны дагуу хариуцагчийн авсан орон сууцны зээлийн хүүг зээл олгох үед  мөрдөж байсан орон сууцны зээлийн ердийн хүү буюу 1,53 хувиар зээлийн хүүг тооцох болсон.

 2016 оны 05 сарыг дуустал хугацаанд хариуцагч Л.Энхтайван үндсэн зээлд 9 371,7 ам.доллар, зээлийн хүүд 16 997, 28 ам.доллар, нийт 26 368, 98 ам.долларыг төлсөн.  

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн   төлбөрийг 2016 оны 05 сараас хойш төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 44 628, 30 ам.доллар, зээлийн хүү 27 809,54 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 5 095,67 ам.доллар, нийт 77 533,51 ам.доллар буюу 177 635 288,03 төгрөгийг Л.Энхтайванаас гаргуулж өгнө үү. 1 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцсон болно.Зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү? гэв.

Хариуцагч  тайлбартаа: Би Капитал банкинд 2008 оны 06 сарын 03 өдрөөс дилер, ахлах дилерээр 2016 оны 05 сарын 31 өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Ажиллах хугацаандаа 2012 оны 01 сарын 27 өдөр 54,000 ам.долларыг, жилийн 8 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатайгаар банкнаас зээлэхээр зээлийн гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, 18 дугаар байрны 15 тоот, 52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 73,4 сая төгрөгөөр худалдаж авсан.

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа халагдсан ба 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш халагдах өдөр хүртэл үндсэн зээлд 9 371,7 ам.доллар, зээлийн хүүд 16 997,28 ам.доллар, нийт 26 368,98 ам.долларыг төлсөн.  

Зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх гэтэл зээлийн хүүг нэмэгдүүлж, банкны зээлийн эдийн засагч нь миний зээлийн хүүгийн төлбөрийг 26,364.16 ам.доллараар нэмэгдүүлнэ гэдгийг амаар хэлсэн  тул би үүргээ биелүүлээгүй юм.  Капитал банк надаас  77 533,51  ам.долларыг нэхэмжилж байгаа нь  биелүүлэх боломжгүй зүйл гэж үзэж байна.

Би тухайн үед гэрээгээ уншаагүй байсан, гэрээгээ гаргаад уншсан чинь тийм заалт байсан   учир зээл төлөлтөө зогсоосон юм.

Миний зээлийн хүүг зээл анх авсан өдрөөс нэмэгдүүлж тооцож нэмж байгаа нь Банкны тухай болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийг зөрчиж байна.

Мөн зээлийн гэрээ нь хэт нэг талыг баримтласан, талуудын эрх, үүрэгт зээлдэгчийн эрх ашгийг хэт боомилсон, хуульд нийцээгүй заалтуудтай байна. Капитал банкнаас нэмж нэхэмжлээд байгаа 26,364.16 ам.долларын хүүгийн хувьд гэрээний 3.16 дахь заалт нь Иргэний хуулийн 45.1-д заасан хуулийн шаардлагад нийцээгүй, илтэд биелүүлэх боломжгүй нь хүчин төгөлдөр бус гэдгийг харуулж байна.

Би Капитал банктай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан боловч зээлийн гэрээнд хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг тусгасны улмаас боломжгүй болсон гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Энэ нь хүүгийн форвард хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн байна. Хүүгийн форвард гэдэг нь ирээдүйд тухайн хүү нь өсөх, буурах эсэх нь тодорхойгүй боловч өнөөдрийн хүүгийн түвшинд тулгуурлаж ирээдүйд хүү өсөх, буурахад аль нэг талдаа үүрэг, хариуцлага хүлээх хэлцлийг хэлдэг ба уг заалт нь энэхүү хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэж үзэж байна.

Улсын Дээд шүүхийн 2006 оны Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 53 дугаар тогтоолын 2.1-д Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх заалтыг тайлбарлахдаа банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр хийх бөгөөд уг гэрээнд зээлийн хүү, түүний хэмжээг тодорхой тусгахыг хэлнэ. Харин уг гэрээгээр зээлийн хүү тогтоогоогүй бол зээлийг хүүгүй олгосон гэж үзнэ гэсэн байдаг. Тэгэхээр уг заалтад тодорхой хүү заагаагүй байна.

Банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйл ажиллагааны журам нь хууль зөрчөөгүй, зээл хүсэгчдийг хэт хясан боогдуулаагүй, эрсдэлд оруулахгүй байхаар хяналт тавьж байхыг Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд хуульчилсан байдаг. Тухайлбал зээлийн үйл ажиллагааны журмыг боловсруулах үлгэрчилсэн журмыг тогтоож, мөн заавал дээрх байгуулагад хүргүүлж хянуулдаг. Энэхүү гэрээг хянуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Капитал банкнаас гаргасан нэхэмжлэлд тухайн үеийн орон сууцны зээлийн ердийн хүү нь 1.53 хувь гэсэн байгаа нь сарын хүү гэж ойлговол жилийн 18.36 хувь болж байна. Энэ хүүг хаанаас гаргаж ирсэн, хэний тушаалаар баталсан, энэ хүү нь ам.долларын орон сууцны зээлийн хүү мөн эсэх талаарх баталгаа хэргийн материалд тусгагдаагүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, уг зээлийн гэрээний 3.16 дахь заалт нь төгрөгийн зээлийн хувьд зориулсан заалт ба жилийн 8 хувийн хүүтэй ам.долларын орон сууцны зээл нь угаасаа л зах зээлийн ердийн хүү байсан. Харин Капитал банкны хувьд нэхэмжлэлдээ төгрөгийн зээлийн ердийн хүүгээр ам.долларын зээлийг нэхэмжилсэн байна.

Хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд буй Капитал банкны гүйцэтгэх захирлын 446 дугаар тушаалд зөвхөн төгрөгийн зээлийн нөхцлийг өөрчилсөн байх ба ам.долларын орон сууцны зээлийн нөхцлийг өөрчилсөн тушаал байхгүй байна.

Түүнчлэн миний бие уг зээлээ өмнөх нөхцлөөрөө үргэлжлүүлэн төлөх, ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн боловч боломжгүй гэсэн хариуг банкнаас өгч байсан.

Үндсэн зээлийн үлдэгдэл болох 44,628.30 ам.долларыг зөвшөөрч байгаа.

Капитал банкнаас нэхэмжилж буй 77 533,51 ам.доллар буюу  32905,21 ам.долларын зөрүү, нэмэгдэл хүү гэх 5 029,04 ам.долларыг ямар тооцооллоор бодож гаргасан нь тодорхойгүй байна. Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 2.3-т нэмэгдүүлсэн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцно гэж заасан.

Гэрээний хуваарийн дагуу сард 519.66 ам.доллар төлдөг ба ямар тооцоолол хийж нэмэгдүүлсэн хүүг 4,470.42 гаргасан нь ойлгомжгүй байна.

2012 онд орон сууцны м.кв-ын үнэ 1,3-1,4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан ба “Сити Палас” ХХК-иас орон сууцыг 74 сая төгрөгөөр тооцон авсан нь тухайн үеийн ханшаар 54,000 ам.доллар болсон. Монгол банкны 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1 ам.доллар нь 1370.92 төгрөгтэй тэнцэж байсан ба би хамгийн сүүлд зээлийн төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хийхэд 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш нь 2021.40 болж төгрөгийн ханш унасан байсан. Би төгрөгийн ханшийн уналтаас үүдэн зээлийн хүү, үндсэн төлбөрийг хуваарьт заасны дагуу төлөхөд дээрх хугацаанд 9,2 сая төгрөгийг банкинд илүү төлсөн байна.

Иймд Капитал банкны нэхэмжилсэн зээлийн хүү 27 809,54 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү гэх 5 029,67 ам.долларыг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасны дагуу зээлийн үлдэгдэл 44 628,3 ам.долларыг зээл авах үеийн Монгол банкны төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш буюу 1370.92 төгрөгөөр тооцон, 63,599,180.42 төгрөгийг Капитал банкинд төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан  аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ханшийн лавлагаа, зээлийн дансны хуулга, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ, ажлаас чөлөөлөх тушаал, зээлийн хүүний хувь өөрчлөх тухай тушаал, журам шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралт, дансны хуулга, депозит дансны харилцагчийн монгол хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Капитал банк хариуцагч  Л.Энхтайвантай  2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ажиллагсдын орон сууцны зээлийн 68 тоот гэрээг байгуулан, орон сууц худалдан авах зориулалтаар, 54 000 ам.долларыг 2027-01-27 өдрийг хүртэл 15 жилийн хугацаатай, сард 0,66 хувь буюу  жилд 8 хувийн хүүтэйгээр  зээлдүүлж, зээлийн гэрээний үүрэгт уг зээлээр худалдан авсан Баянгол дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол, 18-р байрны 15 тоот дахь, 52 м.кв талбайтай, 2 өрөө  орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг 2012-12-04 өдөр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан банкны зээлийн болон орон сууц барьцаалах барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Гэрээний дагуу 54 000 ам.долларыг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлэн  өгөх үүргээ биелүүлсэн, хариуцагч 2016 оны 05 сарыг дуустал хугацаанд гэрээний 3.2-т заасны дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлсэн талаар зохигч маргаангүй байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг 2016-05-31 өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж, хугацаатай гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан байна.

Хариуцагч Л.Энхтайван Капитал банкинд дилерээр ажиллаж байхдаа тус байгууллагаас ажиллагсаддаа тухайн үед хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууц авахад зориулж олгосон зээлийг авсан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэх үүрэгт ажилдаа ноцтой зөрчил гаргасны улмаас нэхэмжлэгч компанийн захирлын 2016-05-31 өдрийн 442 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ажлаас халах сахилгын шийтгэл хүлээсэн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч ажиллагсдад олгох орон сууцны зээлийн гэрээний дагуу зээл авснаас хойш 4 жил 4 сарын дараа ажлаас халагдсан байна.

Зохигчийн байгуулсан зээлийн гэрээний 3.16 дахь заалтад “ажилтан зээл авсан өдрөөс хойш банкинд 5-аас доош жил ажиллаад аливаа шалтгаанаар гарах бол зээлийн хүүг зээл анх авсан өдрөөс эхлэн банкны тухайн үед мөрдөж буй орон сууцны ердийн зээлийн хүүгээр тооцон нөхөн төлүүлж, зээлийн гэрээг ердийн нөхцлөөр шинэчлэн байгуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч банк хариуцагчаас зээлийн хүүг гэрээ байгуулах 2012-01-27 үед мөрдөгдөж байсан тус банкны гүйцэтгэх захирлын 2011-01-31 өдрийн 39 тушаалаар баталсан зээлийн хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасан хэмжээгээр буюу  сард  0,66 хувь байсан зээлийн өсгөн, 1,53 хувиар зээл авсан өдрөөс тооцон хүүг шаардснаас  хариуцагч   эс зөвшөөрч, үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, уг заалтыг хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж заасан.

Талуудын байгуулсан гэрээний 3.16-д “Ажилтан зээл авсан өдрөөс хойш банкинд 5-аас доош жил ажиллаад аливаа шалтгаанаар гарах бол зээлийн хүүг зээл анх авсан өдрөөс эхлэн банкны тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны ердийн зээлийн хүүгээр тооцон нөхөн төлүүлж, зээлийн гэрээг ердийн нөхцлөөр шинэчлэн байгуулна” гэж заасан заалт  нь зээлдүүлэгч зээлдэгчид санал болгосон, урьдчилсан тогтоосон нөхцөл  байна.

Хариуцагч Л.Энхтайван, хөдөлмөрийн гэрээгээ ноцтой зөрчсөний улмаас   үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн хэдий ч ажлаас чөлөөлөгдөх  2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байхад хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үндэслэлээр  2016-05-31 өдрөөс өмнө төлсөн болон энэ хугацаанаас хойш төлөх зээлийн хүүгийн хувийг нэмэгдүүлж, сард төлөх зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөн анх зээл авсан өдрөөс тооцон нөхөн төлүүлэхээр заасан дээрх урьдчилсан нөхцөл шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрсөн зээлдэгчид илтэд хохиролтой нөхцөл байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар дээрх заалт буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байна.    

Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэж тодорхойлсон.

Дээрх зохицуулалтуудын агуулгаас үзэхэд зээлийн хүүг талууд гэрээгээр тохирох бөгөөд зээлийн гэрээнд хүүг 2 өөрөөр  тогтоосон нь хуульд нийцэхгүй байна.

Иймд  нэхэмжлэгч зээлийн хүүг хариуцагчаас нэмэгдүүлэн шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч санаачлан зээлийн гэрээний 8.3.3, 8.3.4-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө 2016-10-04 өдөр цуцалж дуусгавар болгосон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг ханган үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээл 44 628,3 ам.доллар, 452 дугаар зүйлийн 452.1, гэрээний 3.2-т  тохиролцсон   зээлийн хүү сард 0,66 хувь, жилд 8 хувиар тооцож, 2016 оны 05 сарын 27 өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан мөн оны 10 сарын 04 өдрийг хүртэл хугацаанд 1283,35 /44,628.30 ам.доллар х 0,66 % =294,546.78 х 4 сар 8 хоног/ ам.доллар, Иргэний хуулиийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг дээрх хугацааг хүртэл гүйцэтгэвэл зохих байсан үүрэг болох сар бүр төлөх 519,66 ам.доллараас тооцон, 256,67 ам.долларыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 Ам.долларыг нэхэмжлэгч  шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш болох 2287 төгрөгөөр тооцон, 105 586 947,8 төгрөгөөр  хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тогтоов.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчид  Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан орон сууцыг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

Иймд хариуцагч мөнгөн төлбөр төлөх  дээрх үүргээ сайн дураараа эс биелүүлбэл  зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан Баянгол дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол, 18-р байрны 15 тоот дахь, улсын бүртгэлийн Ү-2205045569 дугаарт бүртгэлтэй, хариуцагч болон Б.Амарбаясгалан нар хамтран өмчлөх эрх бүхий, 52 м.кв талбайтай, 2 өрөө  орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид  урьдчилж төлсөн 1  020 981, 23 төгрөгийг бүхэлд нь, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн 210 034,8 төгрөгөөс 165 614,6 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээж, илүү төлсөн 44 420 төгрөгийг буцааж,  хариуцагчаас 756 085 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Л.Энхтайванаас зээлийн гэрээний үүрэгт 105 586 947,8 /нэг зуун таван сая таван зуун  наян зургаан мянга есөн зуун дөчин долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлээс  72 048 340,2  төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол, 18-р байрны 15 тоот дахь, 52 м.кв талбайтай, 2 өрөө  орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид  нэхэмжлэгчээс төлсөн 1 186 595,8 төгрөгийг улсын орлогод  үлдээж, 44 420 төгрөгийг Баянгол дүүргийн татварын данснаас буцааж, хариуцагчаас 756 085 төгрөгийг тус тус гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор  зохигч шүүхээс  гардаж авах  үүрэгтэй  бөгөөд  шийдвэрийг  эс зөвшөөрвөл  14 хоногийн дотор  давж заалдах гомдлыг  зохигч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд   тус  шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                 Д.НАРАНЦЭЦЭГ