Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/572

 

 

 

 

    2021      08         18                          2021/ШЦТ/572

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

улсын яллагч Д.Даваадорж,

иргэдийн төлөөлөгч Б.Мөнхзул,

гэрч А.Эрдэнэбат, Н.Батцэцэг /онлайнаар/,

гэрч Т.Батбаяр, П.Наранцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганчимэг, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Ш.Т-, түүний өмгөөлөгч*******,*******,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч А.Очбадрал, А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Э.Б-, ... овогт Ш.Т- нарт холбогдох эрүүгийн 1809000001206 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв. 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: .... / ... овогт Ш.Т-,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ...  тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 552 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Э.Б- нар нь:

 

            - Ш.Т- нь Э.Б-тэй бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөн дотор иргэн Г.Батболдын нүүрэн тус газарт цохисны улмаас бие махбодид нь зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учруулж, уг гэмтлүүдтэй холбоотойгоор амьсгалын зам руу цус алдан, амьсгалын замыг нь механик бүтэлтэд оруулж алсан,

            - Э.Б- нь Ш.Т-тай бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөн дотор иргэн Г.Батболдын нүүрэн тус газарт цохисны улмаас бие махбодид нь зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учруулж, уг гэмтлүүдтэй холбоотойгоор амьсгалын зам руу цус алдан, амьсгалын замыг нь механик бүтэлтэд оруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1хх 34 /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 35-44 /

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 45-49 /

 

Хатуу дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1хх 67-121 /

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганчимэг мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 126-129 /

 

Гэрч А.Эрдэнэбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг / 1хх 138-146 /

Гэрч П.Наранцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг / 1хх 149-158 /

Гэрч Н.Ариунцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг / 1хх 159-164 /

Гэрч М.Болормаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг / 1хх 165-170 /

Гэрч Б.Адъяадорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг / 1хх 171-173 /

Гэрч С.Бат-Очир мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг / 1хх 177 /

 

Гэрч Ц.Мягмаржав мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг / 1хх 184-186 /

Материалаар гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 151 дугаар дүгнэлтэнд: ... Талийгаач Г.Батболдын цогцост тархины аалзан хальсан доорх бичил цус харвалт, уушги, цагаан мөгөөрсөн хоолой дахь цусархаг агууламж, зүүн хацар ясны нум урд хэсэгтээ бага зөрөөтэй, дунд хэсэгтээ зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд 1 см урттай зөрөөгүй хугарал, дээд эрүү буюу хоншоор ясны зүүн хэсэгт ташуу урдаас арагш дээш чиглэсэн зөрөөгүй хугарал, уг хугарал дээш ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн гайморын хөндий дэх сул цус, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, зүүн завьжны дотор салстад язарсан шарх, дээд уруулын зүүн хэсгийн дотор салстад, баруун чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэнд цус хуралтууд, зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу, зүүн завьжны хэсэг, эрүүний доор зулгаралт, нүүр хэсгийн арьсан доорх зөөлөн эдийн цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. / 1хх 213-217 /

 

Материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ шинжээчийн 151 дугаар актын дүгнэлт / 1хх 218-227 /

 

Шинжээч эмч О.Болороо мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 228-231 /

 

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх 232-235 /

 

Цогцсыг оршуулсан газраас гаргаж, дахин шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 241-250 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12925 дугаартай дүгнэлт / 2хх 26 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 6817 дугаартай дүгнэлт / 2хх 36-39 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын сарын 02-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт / 2хх 40-42 /

 

Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 2хх 214-218 /

 

Яллагдагч Ш.Т- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ / 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнээр өгсөн /: ... Би утсаар ярих санаатай утсаа оролдоод сууж байхад ногоон өнгийн комбинзонтой залуу миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. ... Буудлын өрөөнөөс гарчихаад миний төрсөн эгчийн хүүхэд Эрдэнэдуламын Э.Б-ийн утас руу залгаж “ Ах нь архи уугаад жаахан согтчихлоо, ирээд авчих ” гэж дуудсан. Э.Б- удалгүй хүрээд ирэхээр нь бид хоёр такси барих гэж байхдаа түрийвчээ буудлын өрөөнд орхисноо санаад буцаж Э.Б-ийн хамт буудлын өрөө рүү ороод түрийвчээ хайхад түрийвч байхгүй байхаар нь бид буцаад гараад явсан. Тэгээд шууд гэр рүүгээ харьсан. ...Бид хоёрыг буудлын өрөө рүү буцаж ороход цэнхэр өнгийн комбинзонтой залуу нь өрөөний ертөнцийн зүгээр урд талд сандал дээр сууж байсан. Харин ногоон өнгийн комбинзонтой залуу нь орон дээр сууж байсан. Хоорондоо хэрэлдээд маргалдаад байх шиг байсан гэжээ. / 2хх 52-55 /

 

Ш.Т-ын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “... Би явахаар болоод гутлаа өмсөөд сууж байхад гэнэт миний нүүр рүү талийгаачтай хамт байсан Эрдэнэбат гэдэг залуу өшиглөсөн. ... Буудлын өрөөнд хамт архи ууж байгаад тэндээсээ гарч яваад буцаж дүүгээ дагуулж ороод түрийвчээ аваад гарсан. ... Би Эрдэнэбаттай маргалдчихаад буудлаас гараад буцаж Э.Б-ийн хамт буудлын өрөө рүү ороход талийгаач залуу сууж байсан газраа буюу хаалган талдаа хана дагуу сандал дээр сууж байсан. Харин Эрдэнэбат орон дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. ... Тэр хоёр хоорондоо ямар нэгэн зүйл яриагүй чимээгүй байсан. Надаас ч ямар нэгэн зүйл асуугаагүй гэжээ. / 1хх 11-15 /

 

Яллагдагч Э.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би хаалганы урд зогсоод Ш.Т-ыг хүлээж байсан. Харин Ш.Т- ах өрөөн дотор ороод орны цаанаас очиж түрийвчээ авсан. Тэгээд буцаад бид хоёр гарч яваад 100 айлын урд талын буудлаас такси бариад Ш.Т-ын гэр рүү явсан. Бид хоёр такситай хөдлөөд явж байх замд Дарь эхийн ганцын буудалд намайг буулгаад “Ах нь өөрөө явчихаж чадна” гээд цаашаагаа такситай явсан. ... Бид хоёрыг буудлын өрөө рүү ороход 2 хүн байсан. 1 эрэгтэй нь өрөөний зүүн гар талд буйдангийн урд доошоо харчихсан хэвтэж байсан. 1 эрэгтэй нь болохоор орон дээр цаашаагаа харчихсан хэвтэж байсан гэжээ. / 1хх  24-28 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны шинжээч эмч Ц.Бадрал, Д.Долгормаа, Ц.Оюун-Эрдэнэ нарын №987 дугаартай материалаар гаргасан шүүх эмнэлгийн дүгнэлт / 3хх 108-112 /

 

Яллагдагч Э.Б-ийн дахин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Ш.Т- ах миний 91885557 дугаарын утас руу байн байн залгаад байхаар нь би гар утсаа аваад ярьсан чинь Ш.Т- ах намайг 100 айлын дээд талд хүрч ирээд авчих гэсэн ... Би яваад очиход Ш.Т- ах бага зэрэг согтуу бухимдуу байдалтай эмэгтэй хүнтэй утсаар яриад зогсож байсан бөгөөд цаад хүнтэй камерын бичлэгээ устгаад тус болооч өглөө эрт ирээд өөрөө ирээд устгачих гэж яриад цаад хүн нь за за гэж хэлж байсан. ... Би Ш.Т- ахыг явах уу гэж асуухад дээшээ гарчихаад явна гээд намайг дагуулаад талийгаачийн байсан өрөө рүү орсон. Өрөөн дотор талийгаач доошоо харсан байрлалтай сандал дээр сууж байсан бөгөөд орон дээр гэрч Эрдэнэбат цаашаа харсан байрлалтай унтаж байсан. Тэгээд Ш.Т- ах түрүүлж ороод зүүн гар талд сууж байсан талийгаачийг шууд баруун хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөсөн чинь талийгаач хойш нь буйдан налсан ба Ш.Т- ах орон дээр хэвтэж байсан Эрдэнэбатын дээр гарч суугаад цохьсон болохоор би сандраад салгах гээд Ш.Т- ахыг ардаас хувцаснаас  татсан  чинь дийлэхгүй болохоороо ор руу хөлөөрөө жийж  байгаад татсан чинь Эрдэнэбатын өмд урагдсан. Би Ш.Т- ахыг “ Та ингэх гээд намайг дуудсан юм уу “ гээд өрөөнөөс гараад явсан чинь Ш.Т- ах талийгаачийг цохиод татаж байсан. ... Бид хоёр буудлаас гараад хүүхдийн хоёрын автобусны буудлын урдаас такси бариад талийгаачийн байсан буудлын эзний гэрийн гадаа очоод таксигаа явуулаад хашааны гадаа намайг зогсож бай гээд өөрөө очиж буудлын эзэнтэй уулзах гээд гэрийнх нь гадаа түүнтэй утсаар яриад “ Камерын бичлэгээ устгачих найзыгаа баллав. Өглөө эрт очоод устгаарай. Болохгүй бол одоо гараад ирээ “ гэсэн чинь буудлын эзэн утасны цаанаас нөхөр байна одоо гарч чадахгүй гээд байсан. ... Би гэртээ ороод унтаж амраад өдөр 13-14 цагийн хооронд над руу 14-15 удаа Ш.Т- ах залгасан байсан. Би утасныхаа дууг хаасан байсан юм. Тэгээд Ш.Т- ахтай ярьсан чинь “100 айлын Улсын бүртгэл дээр хүрээд ир “ гээд яваад очиход Улсын бүртгэлийн хашаанд машин дотор Алгаа гэх дүүгийнхээ хамт сууж байсан. Намайг машинд суусан чинь Ш.Т- ах буудлын эзэнтэй утсаар яриад “ Камерын бичлэг устгаагүй юм уу. Намайг цагдаагаас дуудаад байна “ гэж ярьж байсан. Тэгээд надад болохоор “ Хэрэв чамайг цагдаагаас дуудах юм бол ахыгаа хүн цохьсон гэж битгий хэлээрэй “ гээд Батбаяр гэх найзтайгаа яваад өгсөн ... Тэгээд намайг 461 дүгээр хорих ангид байхад “ Мэдүүлэг битгий өгөөрэй. Түрийвч авах гэж орсон. Ямар ч зодоон болоогүй гэж хэлээрэй “ гэж Ш.Т- ах эргэлт уулзалтанд орох үедээ хэлж байсан ... Тэгээд намайг мэдүүлэг өгөхөөр бол “ Түрийвч авах гээд буудал руу орсон. Ороод зодоон болоогүй орны цаанаас түрийвч авах шиг болсон гэж хэлээрэй “ гэж надад хэлээд байсан гэжээ. / 3хх 125-127 /

 

Яллагдагч Ш.Т- дахин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Э.Б-ийн 9184-дугаар руу залгаад ахыгаа ирээд авчих гэсэн чинь Э.Б- 10-20 минутын дараа буудлын үүдэн дээр ирсэн. Тэгээд би такси барих гэсэн чинь түрийвч байхгүй байсан болохоор буудал руу Э.Б-ийг дагуулаад ороод буудлын өрөө рүү би эхлээд орсон чинь талийгаач сандал дээр суусан, Эрдэнэбат орон дээр хэвтэж байсан. Би талийгаачийн урд талаар гараад Эрдэнэбатын хэвтэж байсан орны урд очоод түрийвчээ ширээний дээд талаас авах гэхэд миний түрийвч байхгүй болохоор Эрдэнэбатын цээж хавиас татсан чинь орны урагшаа унах гэхээр нь өмсөж байсан комбинзоноос татсан чинь урагдаад урагшаа унасан. Тэгээд Эрдэнэбатыг буцаагаад татах гэхэд түрийвч ширээний булан хэсэгт шалан дээр хэвтэж байсан. Би түрийвчээ аваад эргээд харахад Э.Б- талийгаачийн толгой хэсэгт дэвсэх гэж байсан болохоор би болиулаад цаашаа авч гараад Э.Б-өд хандаж “ Хүн алах нь дутаа юу “ гээд уурлаад шатны бариул цохиод гарсан ... Э.Б- бид хоёр такси бариад явж байхдаа “ Яаж байгаа юм бэ “ гэхэд Э.Б- “ Ах аа зүгээр ш дээ “ гэсэн. Тэгэхээр нь би “ Хамар амнаас нь цус гарсан байна лээ ш дээ. Чи яаж цохьсон юм бэ “ гэхэд Э.Б- “ Өшиглөсөн “ гэж надад хэлсэн. Би түрийвчээ авах гэж байгаад Э.Б-ийг яаж цохьсныг хараагүй ...Тэгээд Чимгээ рүү залгаад ярихад Чимгээ гэртээ байхгүй дүүгийндээ байна гэхээр нь би Чимгээд хандаж “ Нэг балай юм болчихлоо. Чи маргааш очихоороо харах байлгүй дээ. Чи наад бичлэгээ устгаад өгч болох уу “ гэж асуухад Чимгээ “ За. за “ гэж хэлээд утсаа тасалсан гэжээ. / 3хх 131-133 /

 

Гэрч С.Дэлэгням мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг/ 3хх 139-142 /

 

Яллагдагч Э.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3хх 144-147 /

 

Гэрч Д.Эрдэнэчимэг мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 3хх 158-163 /

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн № 1006,1007 дугаартай дүгнэлтүүд  / 3хх 164-165, 169-170 /

 

Гэрч П.Батбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэг  / 3хх 199-203 /

 

Шинжээч эмч Ц.Бадрал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэг / 3хх 206-208 /

 

Яллагдагч Ш.Т-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3хх 211-219 /

 

Яллагдагч Ш.Т-ыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 2хх 232-234, 3хх 128-129, 130-133 /

 

Ялдагдагч Э.Б-ийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 2хх 227-229, 3хх 125-127 /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 2хх 114, 120 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ш.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Бүрт худалдааны төвийн буудлын 402 тоот өрөөнд  Батболд, Эрдэнэбат хоёрын авсан нэг шил архийг уугаад миний авсан 1 шил архийг талд нь оруулаад би гарах гэхэд Эрдэнэбат орон дээр гуталтайгаа хэвтэж байсан. Би Эрдэнэбатад “ Чи гутлаа тайлаад хэвтчих. Наадхыг чинь хүн цэвэрлэдэг юм ” гэж хэлэхэд Эрдэнэбат намайг цохиод авсан. Тэгээд намайг заамдаад авсан чинь миний гинж тасарсан. Тухайн үед нь би хэрэлдэж, маргалдалгүй шууд гараад явсан. Гараад ресепшин эгчид миний гинж тасарчихлаа гэж хэлээд үзүүлсэн. Ресепшин эгчээс “ Миний нүүр ам цус болсон байна уу” гэж асуучихаад гараад утсаар дүү Э.Б-ийг дуудсан.  Э.Б-ийг ирэхээр явах гэтэл би түрийвчээ орхисон байсан болохоор буцаж, түрийвчээ авах гээд буудлын өрөөнд орсон. Эрдэнэбатыг татаад “ Түрийвч хаана байна вэ ” гэж хэлтэл Эрдэнэбат орноосоо доошоо унасан. Тэгээд эргээд хартал талийгаачийг толгойн дээр нь Э.Б- дэвсэх гэж байсан. Тэгэхээр нь би Э.Б-ийг түлхээд “ Хүн алах чинь дутаа юу “ гээд аваад гарсан. Э.Б- гарсан хойноо камерт бичигдчихээгүй байгаа гэхээр нь би Чимгээ рүү залгаад “ Танайх камертай юм уу. Танай буудалд хүнтэй маргалдсан чинь манай дүү цохьчих шиг боллоо. Хөгшөөн “ гэж хэлсэн. Тэгээд гэрт чинь яваад очъё гээд Чимгээгийнд яваад очсон чинь Чимгээ гэртээ байхгүй байсан. Чимгээ рүү залгаад “ Ийм юм болсон. Чи камерын бичлэгийг нь устгачихаарай “ гэж хэлэхэд надад тийм юм байхгүй гэж хэлсэн. Тэгээд гэр рүүгээ харьсан. Өглөө нь Цагдаагийн хэлтсээс залгасан. Би талийгаачийг цохиогүй. Э.Б- цохьсон гэж бодож байна. Яг цохиж байхыг нь би хараагүй. Толгойн дээр нь дэвсэх гэж байхад нь би болиулаад аваад гарсан. Тэгэхэд талийгаач газар хэвтэж байсан. Бид хоёрыг ороход сандал дээр сууж байсан. Оршуулгын зардлыг би төлсөн гэв.

 

 Шүүгдэгч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 11 цаг өнгөрч байхад Ш.Т- ах над руу маш олон удаа залгаад байхаар нь ярихад “ Ахын дүү 100 айл дээр ирээд ахыгаа гэр рүү хүргээд өгөөч ” гэсэн. Жобигийн хойшоо яваад Бүрт гэх нэртэй буудалд очоод “ За. Ах аа явах уу “ гэсэн чинь “ Байж бай. Би дээрээс юмаа аваадахъя ” гээд буудлын хаалгыг маш хүчтэй өшиглөөд, гараараа цохиж байсан. Тэгээд минут гаруй хугацааны дараа хаалганы цоож тайлагдсан. Тэгээд дээшээ Ш.Т- ах гараад явчихаар нь би дагаад дээшээ гарсан. Гарахдаа куртикээ тайлаад барьсан. Буудлын өрөө рүү Ш.Т- ахын араас 1м зайтай хойноос нь ороход талийгаач ертөнцийн зүгээр баруун талдаа буйдан дээр сууж байхад нь Ш.Т- ах татаад нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд цаана очоод Эрдэнэбатын цээж рүү нь буюу толгойноос дээш цохиод байж байхаар нь би салгаад “ Та одоо болиоч “ гэж хэлсэн. Би салгах гээд татахад Ш.Т- ах Эрдэнэбатын өмднөөс зуурчихсан байсан. Салахдаа  Эрдэнэбатын өмдний баруун талд нь билүү зүүн талд нь ханзарч урагдсан. Тэгээд би “ Та намайг ийм юм болгох гэж дуудсан юм уу. Би явлаа ” гээд эргэж хараад явж байхад Ш.Т- ах намайг “ Чи муу 2 архичинг өмөөрлөө “ гэж уурлаад цохих гэхээр нь булттал шатны бариул цохьсон.

Би талийгаачийг цохиогүй. Ш.Т- ахыг бодоод би түүний хэлснээр худлаа мэдүүлсэн. Түүний өмгөөлөгч нар надтай удаа дараа уулзаж, намайг ятгаж хэргээ чи хүлээчих, эс тэгвэл хоёулаа шийтгүүлнэ гэж ятгаж байсан ба Ш.Т- ах “ Чи хэргээ даачих. Чамд бага ял өгүүлнэ. Шоронгоос гараад ирэхэд чинь машин авч өгнө. Ажил бэлэн “ гээд гуйгаад байсан. Би худлаа ярьснаа хүлээж байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байхаа манай нөхөр 9 цаг 40 минутын үед над руу залгаад үеэлтэйгээ явж байна. Машин янзалчихаад очно. Өглөө охиноо сургуульд нь хүргэж өгнө гэж хэлсэн. Тэр үед манай охин 7 настай байсан. Манай нөхөр би өглөө охиноо сургуульд нь хүргээд өгчихнө. Чи Эрдэнэбатын хашаанаас машинаа авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа авч ирж тавьчихаад, чи хэзээ ирэх гэж байна гэж асуусан чинь Эрдэнэбат бид хоёр жаахан юм ууж байна. Тэгчихээд хөгшин такси бариад очно гэсэн. Тэгээд таг чиг болсон. Шөнө нь манай нөхрийн утас нь холбогдохгүй болсон байсан. Өглөө би хүүхдээ хүргэж өгөх гээд 11 цагийн үед автобусанд явж байхдаа Эрдэнэбатын эгчээс нь би нөхрийгөө нас барсан гэдгийг сонссон.

Манай охин тэр үйл явдлаас хойш сэтгэцийн өөрчлөлтөд орж, тэр үед хүнтэй ч ярьж чаддаггүй, энд тэнд очоод уйлаад байдаг болчихсон байсан. Одооноос л арай гайгүй болж байна. Гэхдээ байнга уйлж байна. Би сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн. Миний охин долоохон настай. Тэгээд одоо бол яахав ээжтэйгээ харилцаж байна. Сургуулийн асуудал хүндрэлтэй болсон. Би уушгиар 80 хувийн группт байдаг. Нэг хэсэгтээ ухаангүй байлаа. Бие хаа ч гэсэн их өвдлөө. Би энэ асуудлаас хойш дархлааны эмгэг гэсэн өвчин туссан. Охин бид хоёр иймэрхүү байдалтай байна. Маш их гомдолтой байна. Тэр тусмаа Ш.Т-т маш их гомдолтой байна. Ш.Т- энэ хүүхдийг дуудаж ирүүлж ийм асуудалд хутгасан. Хоёрдугаарт энэ хүмүүс давж заалдах шатны шүүхийн хуралдаан дээр хүн алсан хүн ингээд явж байна гэхэд******* өмгөөлөгч мөнгөтэй хүн гардаг юм гэж хэлж байсан. Ш.Т- миний нөхрийг алчихаад юм хэлэхээр над руу маш муухай хардаг. Би охин бид хоёрыг алчихаач л гэж хэлсэн. Хүнд гэмших гэмшил гэж байдаг бол  Ш.Т-т тийм зүйл алга. Охиныхоо тэтгэмжид 37.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Оршуулгын зардалд 12.200.000 төгрөгийг авсан гэв.

 

Гэрч А.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр буудлын өрөөнд 3 хүн байсан. Талийгаач Ш.Т-тай маргалдсан. Би их согтолттой байсан тул санахгүй байна. Намайг өглөө сэрэхэд талийгаач газар дээшээ харсан байдалтай байсан. Миний хувцас урагдсан, би зодуулсан байдалтай байсан гэв.

 

Гэрч Н.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Шүүх хуралдаанд гэрчээр оролцохын өмнө над дээр Э.Б-ийн ахын эхнэр гээд хүн ирж уулзаад “ Э.Б- ийм захиа өгч байна ” гээд гараар бичсэн захианы зургийг утсан дээрээс уншуулсан. Тэр захианд “Намайг ингээд хэлээд өгөөч ээ” гэсэн зааварчилгаа бүхий захиа байсан. Би захианых нь дагуу өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн. Ямартай ч захианд “ Намайг тэр орой ирээд хүн цохиод алчихлаа ” гэх утгатай мэдүүлэг өгчих гэсэн захиа байсан. Би худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээн гэдгийг ойлгосон боловч би Э.Б-ийн захиа гэхээр нь тэр захианы дагуу худал мэдүүлэг өгсөн. Тэр орой тийм зүйл яриагүй гэв.

 

 Гэрч Т.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Хэрэг болсны маргааш нь 11 цагийн үед Ш.Т- надтай яриад “ Хэрэг байна. Хүрээд ир” гээд дуудсан. Тэгээд би машинтайгаа очсон. Тэр надад “ Нэг асуудал гарлаа. Таньдаг өмгөөлөгч байна уу “ гэсэн. ...Миний машинд Э.Б- миний ард суугаад Ш.Т- миний хажууд сууж байсан. Би “Яг юу болсон юм бэ. Үнэнээ хэлээдэх “ гэхэд Э.Б- би сандал дээр сууж байсан хүнийг татаад нүүр рүү нь өшиглөсөн “ гэж хэлсэн.  Би анх мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Энэ мэдүүлэг үнэн зөв. Ш.Т- “ Өчигдөр буудлын өрөөнд байхад 2 залуутай муудалцаад нэг нь миний нүүр лүү өшиглөөд, намайг боогоод миний гинжийг таслачихаар нь би буудлаас гараад Э.Б-ийг дуудсан. Э.Б- ирэхээр нь би дагуулж ороод миний гинжийг тасласан хүнийг би очиж цохьсон “ гэж ярьсан

Ш.Т-ыг хүргэж өгчихөөд гадаа нь машинд Ш.Т-ыг хүлээгээд сууж байсан. Тэгэхэд Э.Б-ийг дуудуулж байна гэсэн. Тэгээд би Э.Б- рүү х задгаад “ Хаана байгаа юм бэ “ гэж асуухад Э.Б- би гэртээ байна гэсэн. Тэгэхээр нь би “ Чамайг бас дуудаад байна. Чи ирэхгүй бол болохгүй юм байна” гэсэн. Тэгэхэд Э.Б- “ Зүгээр биз дээ. Ах аа намайг шууд бариад хорьчихгүй биз дээ “ гэхээр нь би “ Үгүй ээ. Ахын дүү тийм юм байхгүй. Ямар зүйл болсон нь хамаагүй. Юу ч гэсэн чамайг гэрчээр дуудаж байна” гэж хэлсэн. Тэгсэн Э.Б- “ Ах аа хэцүү шүү дээ. Би шууд баригдаад хоригдчихвол хэцүү шүү дээ “ гэж байсан гэв.

 

Гэрч П.Наранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Ш.Т- буудлын өрөөнөөс гарахдаа “ Миний нүүр цус болсон байна уу “ гэж асуугаад миний гинжийг тасалчихлаа гээд надад үзүүлсэн. Ш.Т- “ Та ороод малгай аваад өгөөч  “ гэж хэлсэн. Би тэгээд орсон чинь талийгаач буйдан дээр сууж байсан ба тэр 2 зүгээр байсан.

Би өрөө рүүгээ хогны уут тавьчихаад гарж ирэхэд хаалгыг пижигнэтэл нүдээд байсан бөгөөд намайг очихоос өмнө энэ хоёр хаалга эвдээд орж ирсэн. Тэгээд намайг тоохгүй миний хажуугаар маш ширүүн байдалтай гараад 402 тоот өрөө рүү явахаар нь араас нь дагаж яваад зодоон болж магадгүй гэж бодоод би гаднах хананд нь өлгөөтэй байсан зургийг унаад хагарчих байх гээд аваад угаалгын өрөө рүү тавьчихаад ирсэн. Тэгээд эргээд ирэхэд пид пид гэх чимээ гарч байсан.  Би айгаад орж чадахгүй хаалганых нь завсраар жаахан холоос харсан. Тэгсэн чинь Ш.Т- талийгаачийн нөгөө нэг залуугийн араас өшиглөөд цээж рүү нь цохиод байгаа харагдсан. Үүд нь бүтэн дэлгээстэй онгорхой, бүх зүйл харагдаж байсан. Тэгэхээр нь би ортол Ш.Т- намайг хальт харсан юм уу, яасан юм Э.Б-ийг гаръя гээд Э.Б- тайлж тавьсан куртикээ буйдан дээрээс аваад гарсан. Гарахдаа Ш.Т- Э.Б-ийгөө “ Чи муу “ гээд нэг юм хэлэх шиг болсон гэв.

Намайг өрөөнд ороход талийгаач газарт доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Цус гарсан зүйл байгаагүй. Талийгаачаас түгжирч, бөглөрөөд байгаа мэт чимээ сонсогдсон. Нөгөө залуу нь газарт талийгаачийн цаана хэвтэж байсан бөгөөд сэрүүн хэрнээ хариу үйлдэл гаргах чадваргүй байсан. Ш.Т- нь цаад талд нь, нөгөө талийгаачтай хамт явсан залуу наад талд нь байсан.

Би шөнө 3 цагийн үед бие засах гэж яваад хартал нөгөө залуу нь орон дээр гарсан байсан ба талийгаачийг орон дээрээ гарч унт гэж хэлээд таттал хөдлөхгүй болохоор нь 2 гараараа татаад харахад нүүр ам нь цус болчихсон, огт хөдлөхгүй хөшсөн  байсан гэв.

 

Шүүгдэгч Ш.Т-, Э.Б- нар нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөн дотор хохирогч Г.Батболдыг бүлэглэн зодож, нүүрэн тус газарт нь өшиглөсний улмаас бие махбодид нь зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарал гэмтэл учруулж, уг гэмтлүүдтэй холбоотойгоор амьсгалын зам руу цус алдан, амьсгалын замыг нь механик бүтэлтэд оруулж, алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь баримтуудаар нотлогдож байна. Үүнд:   

    ... Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1хх 34 /,  ...Өрөөний гол хэсэгт ертөнцийн зүгээр зүүн урагш харсан байдалтай нүүр хэсэг нь хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 45-50 орчим насны 160 см орчим урттай, эрэгтэй хүний цогцос байлаа гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 35-44 /,      ... Хамар амнаас цусархаг шингэн гарсан, баруун чихнээс шингэн цус урсаж гарна. ...Зүүн дээд зовхины гадна хэсэгт 1.5x0.5 см язарсан шархтай, орчны хэсэгт цусаар бохирлогдсон бага зэрэг хавдартай, зүүн хацарт 4*2 см хүрэн өнгийн зулгаралттай, орчны хэсэг бага зэрэг хавдартай, хамрын нуруунд 0.5*0.4см, 0.5*0.2 см, зүүн завж болон ирүүнд 0.5*0.4см, 0.5*0.3см, 1*0.Зсм орчны хэсэгт цус хуралт бүхий зулгаралттай, дээд уруулын зүүн дотор салстад хөхөлбөр өнгийн цус хуралттай, 0.4*.0.2, 0.3*.02 ялзарсан шархтай

Гэсэн цогцосны гадна биед үзлэг хийсэн / 1хх 45-49 /,    ... Бичлэгт яллагдагч Ш.Т-, яллагдагч Э.Б- нар буудлын 402 дугаартай өрөө рүү орж байгаа болон тэдгээрийн орсны араас гарч П.Наранцэцэг 402 өрөө рүү зогтусан харж байгаа дүрс болон өрөөний хажууд байх толийг авч байгаа дүрс, яллагдагч нар өрөөнөөс гарч байгаа дүрс бичигдсэн байсан тухай тэмдэглэл хатуу дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 1хх 67-121 /,     ... 2018 оны 11 дүгээр сарын 27-ны оройн 21:40 цагт манай нөхөр над руу залгаад “ Хань нь архи уучихлаа. Битгий уурлаарай. Зочид буудалд ууж байна. Хажууд Эрдэнэбат байна. Санаа битгий зовоорой. Би эртхэн харина ” гэж хэлсэн. Тэрнээс хойш холбогдоогүй ба маргааш өглөө нь гар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганчимэгийн мэдүүлэг / 1хх 126-129 /,      ... Батболд ах шалан дээр нүүр нь цус болчихсон дээшээ харсан байдалтай нас барчихсан байсан. Би орон дээр унтаж байсан. ... Намайг унтахаас өмнө бүдүүн залуутай маргалдаж байсан. Талийгаач тэр бүдүүн залуугийн урд зогсоод ярьж байхад тэр бүдүүн залуу талийгаачийг заамдаж аваад хүүхэд шиг хоёр тал руугаа унагаж, шидээд байхаар нь би тэр залууд “Битгий ах дээрэлхээд байгаарай” гэж хэлсэн. Талийгаач унаж босч ирчихээд тэр залуугийн өөдөөс дунд хуруугаа гаргасан юм уу, эсвэл гараараа зааж юм ярьсан уу мэдэхгүй, ямар ч байсан гараа урдаа гаргах шиг хөдөлгөөн хийсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Эрдэнэбатын мэдүүлэг / 1хх 138-146 /,    ... Шөнө 00:00 цагийн үед 402 дугаартай өрөөнөөс хүмүүс маргалдаад байгаа чимээ гараад байхаар нь би очиход махлаг бүдүүн залуу, ногоон өнгийн комбинзонтой залуутай барьцалдаад хувцсыг нь дээш шуучихсан, нурууг нь ил гаргачихаад доош нь дарсан байдалтай байсан. хаар нь би “Та нар зодолдож болохгүй. Хүмүүс амарч байна. Боль” гэж хэлсэн. Ногоон комбинзонтой залуу нилээн согтолттой байсан. Тэгэхэд талийгаач өрөөний баруун талын сандал дээр суусан, биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Бүдүүн махлаг залуу 402 дугаараас гарч ирээд “Миний нүүр цус болчихсон байна уу” гэж асуухаар нь зүгээр байхаар нь “Цус болоогүй байна” гэж хэлсэн. Тэр залуу миний гинжийг тасалчихлаа гэж хэлээд нилээн ууртай байдалтай 4 давхрын шатан дээр суугаад нэг хүнтэй “Намайг хоёр залуу нийлээд дээрэлхээд байна” гэж ярьж байгаад буудлаас гараад явсан. ...Тэгээд шөнө 01:00 цаг болох гэж байхад буудлын үүдний хаалгыг чангаар пижигнэтэл өшиглөж байгаад бүдүүн махлаг залуу өндөр туранхай, насаар 20 гаран насны залуутай нилээн ууртай орж ирээд шууд 402 дугаартай өрөө рүү алхсан. Би тэр хоёрын араас алхаж байхад түрүүлээд тэр хоёр залуу 402 дугаартай өрөө рүү орсноо учир битүүлэг пид, пад гэх битүү чимээ гарахаар нь би яг зодоон болж байна гэж бодоод 402 өрөөний хажуу хананд байдаг жаазтай шилэн сувинерыг аваад угаалгын өрөө рүү оруулаад иртэл тэр хоёр залуу өрөөнөөс гараад явчихсан. Би 402 дугаартай өрөө рүү ороод хартал талийгаач залуу сууж байсан сандлыхаа урд хэсэгт доошоо хараад хэвтчихсэн сонин хоржигнож дуугараад байсан ба нөгөө ногоон өнгийн комбинзонтой залуу цаад талд нь хажуу тийшээ харчихсан хурхираад байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Наранцэцэгийн мэдүүлэг / 1хх 149-158 /,      ... Эрдэнэбат  “... танай тэр найз Ооноо /Ш.Т-/ чинь Батболд ахыг хананд савсан” гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Ариунцэцэг, М.Болормаа нарын мэдүүлэг / 1хх 159-164, 165-170 /,    ... Бид 6 нэг архиа ууж байтал Болормаа, Ариунцэцэг 2 явсан учир Ш.Т-ын авсан Бүрд зочид буудлын 402 тоот өрөөнд ууж дуусгаад дахин 1 шил архийг аягалаад намайг явах үед тэр хэд хоорондоо зүгээр юм яриад үлдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Адъяадоржийн мэдүүлэг / 1хх 171-173 /,     ... Шөнийн 3 цагийн үед буудлын жижүүр манай өрөөний хаалгыг тогшиж, намайг дуудсан. Тэгэхээр нь би тэр өрөөний үүдээр шагайхад цаад орон дээр нэг хүн унтаж байсан. Наана шалан дээр нэг хүн нүүр ам нь цус болсон байдалтай хагас дээшээ харсан хэвтэж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Бат-Очирын мэдүүлэг  / 1хх 177 /,       ... Талийгаач Г.Батболд нь зүүн хацар ясны нум урд хэсэгтээ бага зөрөөтэй, дунд хэсэгтээ зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананд 1 см урттай зөрөөгүй хугарал, дээд эрүү буюу хоншоор ясны зүүн хэсэгт ташуу урдаас арагш дээш чиглэсэн зөрөөгүй хугарал, уг хугарал дээш ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарлын улмаас цус алдаж улмаар амьсгалын замд гадны биет /цус/ орж сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас нас барсан нь шүүх эд эсийн шинжилгээгээр уушигны цулцан жигд бус авчсан, зарим нь тэлсэн, капиляр судсууд тархмал цус дүүрэлттэй, цулцангийн хөндийд цус харвалт, голомтод хавантай, эдийн зарим хэсэгт улаан эс ууссан, бактерийн бөөгнөрөл, ялзралын өөрчлөлт эхэлсэн, гуурсан хоолойн хучуур эд хадгалагдсан, зарим гуурсанцрын хучуур эд үгүйрч улаан эсээр дүүрсэн, зарим нь салсархаг, масстай, судас тойрсон эдэд лимфоцитийн бөөгнөрөл, тоосжилттой, венийн судсууд цус дүүрэлттэй, капиляр венийн цус дүүрэлт, голомтод хаван, судас тойрсон үрэвсэл, цөөс гуурсанцрын хөндий дэх цус, салсархаг агууламж илэрсэн байгаа зэргээр тогтоогдлоо гэсэн Материалаар гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 151 дугаар дүгнэлт / 1хх 213-217 /,      ... Шарил дахин шинжлэх шүүх эмнэлгийн шинжилгээ, эд эсийн шинжилгээгээр талийгаач Г.Батболд нь зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдож байна ... Талийгаачийн цогцост тогтоогдсон зүүн хацар яс, зүүн хоншоор ясны ухархайн хана руу үргэлжилсэн нийлмэл хугарлууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн завьжны дотор салст дахь шарх, баруун чихний ар хэсэг, зүүн чихний дэлбэн зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн хацар, хамар, зүүн завж, эрүүний доод хэсгийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мөн журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач Г.Батболд нь зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдож байх тул нүүр хэсэгт учирсан хугарал, шарх гэмтлүүдтэй талийгаачийн үхэл шалтгаант холбоотой байна. Талийгаач Г.Батболд нь спиртийн цочмог хордлогын улмаас нас бараагүй байна гэсэн Материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ шинжээчийн 151 дугаар актын дүгнэлт / 1хх 218-227 /,     ... Эд эсийн шинжилгээгээр болон шарилд дахин шинжилж үзэхэд үхлийн шалтгаан нь амьсгалын замд цус алдаж амьсгал механикаар бүтэж, нас барсан нь тогтоогдсон болно. Эхний шинжилгээгээр зөөлөн эд, булчинг /нүүрний/ бүрэн чөлөөлж үзсэн тохиолдолд оношлох боломжтой гэмтэл гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн

шинжээч эмч О.Болороогийн мэдүүлэг / 1хх 228-231 /,     ... Дүгнэлтийн хувьд тусдаа гарсан нь хоорондоо утга, агуулгын хувьд ямар нэгэн зөрүү, ялгаа байхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтлийн улмаас амьсгалын замд цус орж амьсгал механикаар бүтэж, амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг  / 1хх 232-235 /, Цогцсыг оршуулсан газраас гаргаж, дахин шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх 241-250 /,     ... Хэргийн газраас бэхжүүлж авсан хүрэн улаан өнгийн зүйл нь хүний цус бөгөөд ДНХ-гийн тогтоцоороо Г.Батболдын ДНХ-тэй тохирч байна гэсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12925 дугаартай дүгнэлт / 2хх 26 /,        ... Шинжилгээнд ирүүлсэн саарал цамцанд гарсан 3 см, хар комбинзонд гарсан 4 см, саарал өмдөнд гарсан 3.5х1.5 см, шар гутланд гарсан 20 см, 12 см хэмжээтэй уранхай болон гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна гэсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 6817 дугаартай дүгнэлт / 2хх 36-39 /,     ... Саарал өнгийн ноосон цамц, цагаан цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц, бор өнгийн бэлхэвч, хар өнгийн комбинзон зэрэгт илэрсэн цус нь Г.Батболдын гэх цусны ДНХ-гийн тогтоцтой тохирч байна гэсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын сарын 02-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт / 2хх 40-42 /,    ... Нүүрний яснуудад үүсгэгдсэн хугарал гэмтлүүдийг эхний задлан шинжилгээгээр шалгах боломжгүй. Яагаад гэвэл шинжилгээгээр нүүрний хэлбэр дүрс алдагдуулдаг, нүүрний арьс, булчин зөөлөн эдүүдийг бүгдийг нь шулж авч цэвэрлэж шалгадаг учраас эхний шинжилгээгээр хориглодог. Арьсны гаднаас тэмтэрч дээрх гэмтлүүдийг илрүүлэх боломжгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг / 2хх 214-218 /,      ... Удалгүй Мөнхөө /Э.Б-/ гэж дууддаг залуу хүрээд ирсэн. Мөнхөө ирсэн чинь Ш.Т- Мөнхөөд “ Нөгөө хоёрын чинь нэг нь нас барчихсан байна шүү дээ ” гэж хэлсэн чинь Мөнхөө юу ч хэлээгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Дэлэгнямын мэдүүлэг / 3хх 139-142 /,   ...Яллагдагч Э.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3хх 144-147 /,      ... Ш.Т- залгаад“ Би танай буудалд хүнтэй архи ууж байгаад зодуулчихлаа. Буцаж орж хувцсаа авмаар байна. Куртикээ авмаар байна” гээд байхаар нь би “ За.За. Хаалгаа тайл гэж хэлье” гээд утсаа тасалсан.  ... Ярьсныхаа дараа нилээн удаж байгаад залгаж “ Танай камер бичлэгээ хадгалдаг юм уу. Бичлэг хийдэг юм уу” гэхээр нь ажилладаг гэхэд “ Камерын бичлэгийг устгаж болдог юм уу. Бичлэгээ устгачихаарай” гэж хэлээд салгасан мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Эрдэнэчимэгийн мэдүүлэг / 3хх 158-163 /,     ...Э.Б-, Ш.Т- нар нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна гэсэн Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 1006,1007 дугаар дүгнэлтүүд / 3хх 164-165, 169-170  /,     ... Миний унаж явсан машинд Ш.Т-, Э.Б- хоёр орж ирж суугаад Ш.Т- надад “ Урьд шөнө архи уугаад, тэгээд зодоон хийсэн чинь нэг хүн нь болохоо больчихлоо” Чамд таньдаг өмгөөлөгч байна уу. Цагдаагийн газраас дуудаад байна” гэж хэлсэн.  Ш.Т- “ Өчигдөр буудлын өрөөнд байхад хоёр залуутай муудалцаад нэг нь миний нүүр рүү өшиглөөд намайг боогоод гинж таслачихаар нь би Э.Б-ийг дуудчихсан байсан. Э.Б- ирэхээр нь дагуулж ороод миний гинжийг тасласан намайг цохьсон хүнийг би очиж зодсон” гэж хэлсэн. Харин Э.Б- болохоор өөрөө “ Би сандал дээр сууж байсан хүнийг татаад нүүр рүү нь өшиглөсөн” гэж хэлсэн. Тэгэхэд Ш.Т- хажуунаас “ Э.Б-ийг өшиглөхөд нэг сонин түг гээд дугарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Батбаярын мэдүүлэг  / 3хх 199-203 /,      ... 2019 оны 01 дүгээр сарын 31-нээс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хийгдсэн дахин шинжилгээгээр талийгаачийн шарилнаас авсан эд эсийн шинжилгээ нь 2639 дугаартай дүгнэлтийг үгүйсгэх шалтгаан нөхцөл болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч Ц.Бадралын мэдүүлэг / 3хх 206-208 /,    ...Яллагдагч Ш.Т-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3хх 211-219 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Т-, Э.Б- нарыг бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: ... Ш.Т-, Э.Б- нарыг бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч Ш.Т-, Э.Б- нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нар нь оршуулгын зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ш.Т- нь тухайн буудалд архи ууж, согтуурсан үедээ бусадтай маргалдаж, улмаар 2 хүнд зодуулж, гинжээ таслуулсан гэж тэдгээрийг зодох зорилгоор өөрийн дүү Э.Б-ийг дуудаж, бүлэглэн хохирогчийг зодож, амь насыг нь хохироосон, тэдгээрийн гэм буруут үйлдлийн улмаас хүнд хор уршиг учирсан, шүүгдэгч нар нь оршуулгын зардлыг нөхөн төлсөн, тэдгээрийн гэм буруу, оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Т-ыг 13 жил 6 сарын хугацаагаар, Э.Б-ийг 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг харгалзсан тэдгээрийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ш.Т- 448 хоног, Э.Б- 813 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганчимэг нь оршуулгын зардал 12.195.000 төгрөг / 4хх 93 /, зээлийн хүү 1.082.030 төгрөг / 4хх 134 / нэхэмжилснийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг нөхөн төлсөн гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганчимэг нь хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан, охин Б.Мөнххүслэн нь 2011 оны 01 сарын 27-нд төрсөн / 2хх 104 / буюу бага насны хүүхдээ тэжээн тэтгэх боломжгүй тул 37.000.000 төгрөг нэхэмжилсэн болно. Талийгаач Г.Батболд нь хувиараа машин засварын ажил хийдэг байсан, түүний орлогыг тодорхойлох боломжгүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 12.240.000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч нараас хувь тэнцүү гаргуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өөрчлөлттэй холбоотойгоор цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Дээрх нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүгдэгч Ш.Т-ын өмгөөлөгч нарын зүгээс 5 хоногийн завсарлага авсан боловч нөхөн төлөөгүй, оршуулгын зардлыг Ш.Т-ын талаас төлсөн тул төлөх төлбөргүйд тооцуулах хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүх гэм буруутайд тооцож, нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тул өмнөх төлөгдсөн хохирлоос хасаж, тооцох боломжгүй болно.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн тул Ш.Т-, Э.Б- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ш.Т-, Э.Б- нар нь амь хохирогчийг зодож, амь насыг нь хохироогүй гэж өмгөөлөгч нараас шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх хүсэлтийг дараах баримтуудаар няцааж байна. Үүнд:

1. Хэдийгээр шүүгдэгч нар хэн аль нь амь хохирогчийг зодоогүй гэж мэдүүлж байгаа боловч хэн хэнийгээ талийгаачийн нүүрэнд өшиглөсөн болохыг харилцан мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач Г.Батболдод олон тооны гэмтэл учирснаас зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоор ясны хугарлын улмаас амьсгалын зам руу цус алдан амьсгал механикаар бүтэж нас барсан нь тогтоогдож байх тул нүүр хэсэгт учирсан хугарал, шарх гэмтлүүдтэй талийгаачийн үхэл шалтгаант холбоотой байна. Материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээ шинжээчийн 151 дугаар актын дүгнэлт / 1хх 218-227 / тус тус нотлогдсон. Дээрх гэмтэл нь нүүрний нэг хэмд буюу нэг түвшинд учирсан гэмтэл байх тул нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтойг шинжээч Н.Туяа мэдүүлсэн / 4хх 119 / бөгөөд тэдгээрийн хэнийх нь үйлчлэлээр дээрх гэмтэл учирсныг тогтоох боломжгүй.

2. Тухайн хэрэг гарах үед буудлын ресепшнээр ажиллаж байсан гэрч П.Наранцэцэг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  ... Ш.Т-ын малгайг авахаар ороход талийгаач буйдан дээр зүгээр сууж байсан. Түүнд ямар нэг гэмтэл, шарх байгаагүй. Ш.Т- буудалд эргэж орж ирээд Э.Б-тэй 402 тоот өрөөнд орсны дараа “ пид пид “ гэх битүү дуу 2-3 гарсан ба яг нэг зүйлээр хэн нэгнийгээ цохиж байгаа юм шиг чимээ гарсан. Би 402 өрөөний хажуу хананд байдаг жаазтай шилэн сувинерыг аваад угаалгын өрөө рүү оруулаад иртэл тэр хоёр залуу өрөөнөөс гараад явчихсан. Би 402 дугаартай өрөө рүү ороод хартал талийгаач залуу сууж байсан сандлынхаа урд хэсэгт доошоо хараад хэвтчихсэн сонин хоржигнож дуугараад байсан ба нөгөө ногоон өнгийн комбинзонтой залуу цаад талд нь хажуу тийшээ харчихсан хурхираад байсан талаар / 1хх 149-158 / мэдүүлсэн болно.

3. Шүүгдэгч Э.Б-ийг цагдан хоригдож байх хугацаанд Ш.Т-ын өмгөөлөгч******* нь 6 удаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгүй өмгөөлөгч******* 61 удаа тус тус уулзсан, мөн өмгөөлөгч******* түүнтэй уулзсан / 5хх 99 / болох нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон. Эдгээр өмгөөлөгч нар нь Э.Б-ийг ганцаараа хэргээ хүлээчих гэсэн дарамт шахалт үзүүлж байсан гэх үндэслэлтэй боловч энэ нь түүний гэм бурууг үгүйсгэх нотлох баримт биш юм.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Т- нь дүүгээ хэрэгт холбогдчих болов уу гэж бодоод Д.Эрдэнэчимэгээс бичлэгээ устгахыг гуйсан гэж мэдүүлсэн нь гэрч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн “ ...Буудалд чинь хүнтэй архи ууж байгаад зодуулчихлаа. Буцаж орж хувцсаа авмаар байна. Хаалгаа тайлж өгөхгүй байна “ гэж хэлсэн.   ...Ярьсныхаа дараа нилээн удаж байгаад залгаж “ Танай камер бичлэгээ хадгалдаг юм уу. Бичлэг хийдэг юм уу ” гэхээр нь ажилладаг гэхэд “ Камерын бичлэгийг устгаж болдог юм уу. Бичлэгээ устгачихаарай” гэж хэлээд салгасан гэсэн / 3хх 158-163 / мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд өөрийгөө ял шийтгэлгүй үлдээх зорилгоор С.Э.Б-ийг хэргээ даачих, бага ял авахуулна. Хорих ангиас гараад ирэхэд машин, ажил бэлэн гэж ятгах, мөн түүний хамтран амьдрагчид мэдүүлэг зааж өгсөн зэргээр нотлогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Ш.Т-, ... овогт Э.Б- нарыг бүлэглэн хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар шүүгдэгч Ш.Т-ыг 13 жил 6 сарын хугацаагаар хорих,

шүүгдэгч Э.Б-ийг 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ш.Т-, Э.Б- нарын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ш.Т-ын 448 хоног, Э.Б-ийн 813 хоног цагдан хоригдсонг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2, 508 дугаар зүйлийн 508.2, 508.4 дүгээр зүйлийн 508.4.1, 508.4.3-д зааснаар Ш.Т-, Э.Б- нараас 12.240.000 төгрөгийг хувь тэнцүү буюу 6.120.000 төгрөгийг тус бүрээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганчимэгт олгож, нэхэмжлэлээс 25.460.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь нөхөн төлбөрөө жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

7. Ш.Т-, Э.Б- нарыг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, тэдгээрт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай. 

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Т-, Э.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                 Д.ДАРЬСҮРЭН