Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 148/2018/00174/И |
Дугаар | 001/ХТ2019/00765 |
Огноо | 2019-05-23 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2019/00765
Д.Т-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаар шийдвэртэй,
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар магадлалтай,
Д.Т-ын нэхэмжлэлтэй
Д.Б-т холбогдох,
Гэм хорын хохирол 34.816.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т-, түүний өмгөөлөгч П.Б, хариуцагч Д.Б-, түүний өмгөөлөгч Ц.Ц, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны нутаг дэвсгэрт Д.Б- нь согтуугаар намайг зодож, миний зүүн нүдийг сохолсон хэрэг учрал гарсан. Миний зүүн нүд сохорсны улмаас машин барьж чадахаа больж, улмаар Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 0100338 дугаартай шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож, тахир дутуу хүний эгнээнд шилжсэн. Одоо би 245.000 төгрөгийн тахир дутуугийн тэтгэврээс өөр орлогогүй болсон. Би нүдээ сохлуулахаас өмнө Бугант-Дарханы хооронд Пронтер маркийн ачааны машинаараа ачаа, бараа тээвэрлэж сард дунджаар 700.000 төгрөгийн орлого олж амьдралаа авч явдаг байсан. Хэрвээ би хөдөлмөрийн чадвараа алдаагүй байсан бол 60 нас хүртлээ ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой байсан. Иймд 96 сарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240.000 төгрөгөөр үржүүлж 23.040.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн эмч нар миний зүүн нүдийг авч хиймэл нүд хийсэн ба уг хиймэл нүд буюу /протезийг/ 2 жил тутамд солиулах эмчийн заалттай бөгөөд 690.000 төгрөгийг өртөгтэй. Үндэсний статистикийн хорооноос манай улсын хүн амын дундаж наслалт 69.1 болсон байна гэж зарласан тул би 54, 56, 58, 60, 62, 64, 66, 68 насандаа хиймэл нүдээ солиулна гэж тооцвол 5.520.000 төгрөг болж байгаа. Нулимс их гоождог тул эмчийн заавраар 5.000 төгрөгийн үнэтэй дусаалгыг байнга, 2.000 төгрөгийн өвчин намдаах эм сард 2-ыг хэрэглэдэг ба үүнийг насан туршдаа хэрэглэнэ гэж үзвэл 2.856.000 төгрөг болж байна. Мөн 3 сар тутамд Бугантаас Сэлэнгэ аймагт эмчийн хяналтанд ирж үзүүлэхийн тулд нэг талдаа 25.000 төгрөг, 1 жилд 200.000 төгрөг болж байгаа ба үүнийг 17 жилээр үржүүлэхээр 3.400.000 төгрөгийг зөвхөн эмчид үзүүлэхийн тулд замын зардалд зарцуулах болж байна. Иймд Д.Б-ээс олох байсан орлогод 23.040.000 төгрөг, хиймэл нүд солиулахад 5.520.000 төгрөг, өвчин намдаах эм 2.856.000 төгрөг, замын зардалд 3.400.000 төгрөг, нийт 34.816.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор Д.Т-ын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн. Одоо ялаа эдэлж 15 сая төгрөгийн торгуулийг төлж яваа билээ. Би одоогоор Д.Т-ад 3.742.126 төгрөг төлөөд байгаа. Энэ хүмүүс надаас 15 сая төгрөг нэхэмжилж ирэхээр нь би энэ чинь торгуулийн мөнгө шүүдээ. Шүүхэд очиж лавлахгүй юу гэж хэлсэн. Өөр элдэв үг хэлээгүй. Миний бие 3-7 насны 3 хүүхэд, эхнэртэйгээ ам бүл 5-уулаа амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Миний амьдрал маш хүнд нөхцөлд байна. Д.Т-ын биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, харамсаж гэмшээд барахгүй байна. Д.Т- ахтай очиж уулзах гэхээр мөнгө төгрөгийн асуудал яригддаг. Би их хэмжээний торгуулийн ялтай болохоор одоогоор надад их хүнд байна. Би Д.Т-ад учирсан хохирлыг төлөхгүй гээгүй. Өөрийн боломжоор 3.742.126 төгрөг төлсөн. 2 жилд 1 удаа солих портезийн 690.000 төгрөгийг тухай бүрт нь өгч байхаар тохиролцож, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны өмнө эвлэрлийн гэрээ хийсэн бөгөөд урьдчилан өгнө гэж бидний хооронд тохиролцсон зүйл байхгүй. Миний бие сард 800.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг бөгөөд торгуулийн ялд 700.000 төгрөг, эхнэр 3 хүүхдээ 100.000 төгрөгөөр тэжээдэг билээ. Иймд цаашид миний амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж Д.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 509.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-ээс 3.090.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-ад олгож нэхэмжлэлийн шаардлагаас 31.726.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 64.390 төгрөг гаргаж орон нутгийн орлогод оруулж, Эвлэрлийн гэрээнд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй тохиолдолд 2 жил тутамд 1 удаа солиулах портезийн зардал 690.000 төгрөг /ханш өөрчлөгдөхөд татгалзахгүй/-ийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдан шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 14-ний өдрийн 222 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т зааснаар хариуцагч Д.Б-ээс 23.169.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.353.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дугаар заалтыг Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 273,795 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Т- нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Д.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хиймэл эрхтэн буюу нүдний протез хийлгэхэд шаардагдах 5.520.000 тегрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдож байна. Миний бие нь 54, 56, 58, 60, 62, 64, 66, 68 насандаа хиймэл нүдээ солиулна гэж тооцвол 690.000 төгрөг*8 удаа = 5.520.000 төгрөгийг хиймэл эрхтэн хийлгэхэд зарцуулах тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан 5.520.000 төгрөг нэхэмжилснийг талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгаа учраас хангах боломжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Анхан шүүх хуралдаан дээр хариуцагч 2 жил тутамд портезийг солиулах зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ шийдвэрийн улмаас нүдний протезийн зардлыг гаргуулахаар дахин шүүхэд хандаж чадахгүй хохирч байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д эмчилгээтэй холбоотой зайлшгүй бүх зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй ба Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар зөвхөн баримтаар нотлогдож байгаа эмчилгээний зардлаас гадна урьдчилан төлүүлэх эрхийг хохирогчид хуулиар олгосон байдаг. Иймд өөрийн эрүүл мэндэд гэм хор учруулсны нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хиймэл нүд хийлгэхэд шаардлагатай 5.520.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Б-ээс 5.520.000 төгрөгийг нэмж гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч Д.Т-аас хариуцагч Д.Б-т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 34.816.000 төгрөг гаргуулах тухай шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байхад шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт заасан заалт хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэлгүй хариуцагчийн байдлыг дордуулж бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч Д.Б- нь хохирогч Д.Т-ын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 мянган нэгжээр торгох ял шийтгэгдэж 15 сая төгрөгийн торгууль төлж, одоо уг ялаа эдэлж яваа. Д.Б- нь 3-7 насны нялх бага насны 3 хүүхэд, эрхэлсэн ажилгүй эхнэрийн хамт амьдардаг. Тухайн өрх гэрийг тэжээн тэтгэж байгаа цорын ганц хүн юм. Д.Б- нь сард 800.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлж, 700.000 төгрөгийг торгуульд өгдөг. Ийм учраас Д.Б-ээс Д.Т-ад олгогдох нөхөн олговорыг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн жил тутамд тогтоон олгох нь зүйтэй байна. Шүүх нэхэмжлэгч Д.Т-ын насыг хийсвэрээр урьдчилан дүгнэж тооцсон нь буруу байна. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ гэм хор учруулагчийн олдог орлого, төлдөг төлбөр, эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Т- хариуцагч Д.Б-т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 34.816.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 3.090.000 төгрөгийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 23.169.000 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Нэхэмжлэгч, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах, хариуцагч, гэм хорын хэмжээг багасгахыг хүссэн гомдлыг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Хоёр шатны шүүх гэм хорын хэмжээг тооцохдоо гэм хор учрахад нэхэмжлэгчийн буруу нөлөөлснийг харгалзан үзээгүй байх тул энэ үндэслэлээр Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Д.Б- санаатай, хууль бус үйлдлээр нэхэмжлэгч Д.Т-ын зүүн нүдийг сохолж, биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоожээ.
Тухайн гэмтлээс шалтгаалж нэхэмжлэгч эмчилгээ хийлгэдэг, хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан, сар бүр тахир дутуугийн тэтгэмжид 243.000 төгрөг авдаг болох нь тогтоогджээ.
Нэхэмжлэгч, хариуцагчаас тэтгэвэр тогтоолгох 60 нас хүртэл хугацаагаар буюу 8 жилийн туршид сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгөөр бодож нөхөн төлбөрт нийт 23.040.000 төгрөг шаардсныг анхан шатны шүүх хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хугацаа буюу 1 жилээр тооцон 2.880.000 төгрөг гаргуулсныг, давж заалдах шатны шүүх өөрчилж энэхүү шаардлагыг бүхэлд нь хангажээ.
Гэм хор учрах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэйг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасантай нийцүүлэн дүгнэсэн байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т “эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заасан.
Мөн зүйлийн 228.5-д хүндэтгэн үзэх шалтгаан байвал хохирогч энэ хуулийн 228.3-т заасан сар тутмын мөнгөн төлбөрийн оронд нэг удаагийн нөхөн төлбөр авахаар шаардаж болохоор байна.
Хариуцагч Д.Б-ийн гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгч Д.Т-ын зүүн нүд сохорч хиймэл эрхтэн суулгасан, уг гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, цаашид эмчилгээ хийлгэх, 2 жил тутамд хиймэл нүдээ солиулах шаардлагатай болох нь тогтоогдсон тул энэ нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасан нөхөн төлбөрийг нэг удаагийн хэлбэрээр шаардах боломжтой тул давж заалдах шатны шүүх нөхөн төлбөрийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь хиймэл нүдээ 54-68 нас хүртэл 2 жил тутамд буюу 8 удаа солиулах зардалд нийт 5.520.000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. Өмнө нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үед зохигч гэрээ байгуулж, хариуцагч Д.Б- дээрх зардалд 2 жил тутамд 690.000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон байна. Иймд шүүх энэ асуудлаар талууд нэгэнт тохиролцсон тул нэхэмжлэгч зардлыг 8 удаагаар тооцож бүхэлд нь нэхэмжилснийг гаргуулах боломжгүй гэж үзсэн нь буруу биш байна. Харин энэхүү зардлыг харилцан тохиролцсноор тухай бүрт нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Нүдний дусаалга, өвчин намдаах эм худалдан авах 1 жилийн 14.000 төгрөгийн зардлыг 17 жилийн хугацаагаар нэхэмжилснийг шүүх урьдчилан гаргуулах боломжгүй гэж үзсэн нь зөв байна.
Д.Т- 3 сар тутамд эмчид үзүүлж, хяналтад байх шаардлагатайн улмаас Бугантаас Сэлэнгэ аймгийн төвд ирэх, очих зардлыг 69 нас хүртэл тооцон нэхэмжилснийг шүүх бодитоор гарсан 120.000 төгрөгийн хэмжээнд гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгджээ.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д хохирогчийн гэм бурууг харгалзан гэм хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан, Д.Т-ын биед хүнд гэмтэл учрахад түүний буруу нөлөөлсөн нь хэргийн баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нийт 23.169.000 төгрөгийн зарим хэсэг буюу 16.218.300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгохоор магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “505.1” гэснийг хасч, “514 дүгээр зүйлийн 514.1” гэж нэмж, “23.169.000” гэснийг “16.218.300” гэж, “11.353.000” гэснийг “18.597.700” гэж, “273.795” гэснийг “239.041” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Д.Т- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Б- нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274.000 төгрөгийг буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ