Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 30

 

 

 

Т.Билгүүнд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолтой Т.Билгүүнд холбогдох эрүүгийн 1737000110010 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Боржгон овогт Төмөрбаатарын Билгүүн нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед 00-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүргээ гүйцэтгэж байсан Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэд ахлагч Я.Хадбаатарыг авто  тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зам тээврийн осол гаргаад хэргийн газраас зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Т.Билгүүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Т.Билгүүнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийг согтуугаар үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Билгүүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Билгүүнийг 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Билгүүнд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Билгүүн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Билгүүн нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоох зөрчлийг арилгуулах учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заасан байна

            Цагдаагийн алба хаагч цагдаагийн дэд ахлагч Я.Хадбаатар эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх үүднээс хурдтай ирж яваа 00-99 ХОА улсын дугаартай машиныг зогсоож шалгахаар дохиур модоор дохисон болох нь хохирогч Я.Хадбаатар, гэрч Л Мөнх- Эрдэнэ нарын мэдүүлэг, эд мөрийн баримт болох         DVD дээрх дүрсний бичлэгээр харагдаж байх ба шүүгдэгч Т.Билгуүн нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

            Нөгөө талаас шүүгдэгч Т.Билгүүн нь цагдаагийн алба хаагчийн зогсох дохиог харах үүрэгтэй бөгөөд Я.Хадбаатарыг 00-99 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр мөргөөд, эмнэлэгийн тусламж үзүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцоод явж байгаа үйлдэл нь өөрөө хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

            Жолооч замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “цагдаагийн алба хаагч, замын цагдаагийн туслах ажилтан, авто тээврийн буюу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дохиогоор зогсож энэ дүрмийн 2.1-д заасан баримт бичгийг шалгуулах үүрэгтэй бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүй нь гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

            Иймд шүүгдэгч Т.Билгүүн нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад цагдаагийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж Я.Хадбаатарыг 00-99 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл биш юм.

            Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэжээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолдоо цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэхдээ гэрэлтүүлэгчтэй хантааз өмсөөгүй, шаардлагыг үндэслэлтэй ойлгомжтой хэлбэрээр илэрхийлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5, 22.7-т цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ хүний эрх эрх чөлөөг хамгаалах өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрэмт хувцас, албаны өрөө, тээврийн хэрэгсэлд дуу дүрсний бичлэг хийх, техник хэрэгсэл суурилуулан ашиглаж болно гэжээ.

            Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т "Алба хаагч нь амралтын цагаар, эсхүл энгийн хувцастай үүрэг гүйцэтгэх тохиолдолд хамгаалах тусгай хэрэгсэл, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч биедээ авч явж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор хэрэглэж болно гэжээ.

            Иймд цагдаагийн алба хаагч буюу хууль сахиулагч нь албан үүргээ гүйцэтгэхдээ заавал гэрэлтүүлэгчтэй хантааз өмсөхийг хатуу хуульчлаагүй байх ба албан үүргээ гүйцэтгэхдээ дүрэмт хувцас өмсөж, агсамж, гэрэлтүүлэгчтэй хантаазаар хангагдахаар хуульчилсан байна.

            Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Л.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад хохирогч Я.Хадбаатарт хууль сануулж гарын үсэг зуруулж өгсөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.Билгүүн нь цагдаагийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн болох нь давхар тогтоогдсон байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд үнэлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

            Иймд Т.Билгүүнд холбогдох хэргийг хянан хэлэлцсэн Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй' мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлүүдээр хүчингүй болгож өгнө үү гэв.  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:             Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хууль сахиулагчийг шүүгдэгч эсэргүүцсэн гэх гэмт хэргийг үйлдээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй юм. Шүүгдэгч нь замын хөдөлгөөний зохицуулагчийн ямар шаардлагыг биелүүлээгүй юм бэ гэдэг нь нотлогдоогүй. Хохирогчийн хувьд гэрэлтүүлэгчтэй хантааз өмсөөгүй, тээврийн хэрэгслийг зогсоох ямар дохио өгсөн нь тодорхойгүй байдаг. Я.Хадбаатарын хувьд Цагдаагийн тухай хуульд зааснаар жолоочид ойлгомжтой байдлаар дохио өгч чадаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.                                                                                                                                                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд  дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

            Шүүгдэгч Т.Билгүүний  үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргүүдийг  тус тус үйлдсэн гэж   үзэж  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх уг хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн байх боловч хэргийн баримтуудыг шинжлэн судлахад: Цагдаагийн албан хаагч, дэд ахлагч Я.Хадбаатар нь эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхдаа хурдтай ирж яваа 00-99 ХОҮ улсын дугаартай машиныг зогсоож шалгахаар дохиур модоор машины эгц урд талаас зогс гэсэн дохиог ойлгомжтой өгсөн боловч шүүгдэгч Т.Билгүүн нь зогсолгүйгээр Я.Хадбаатарыг тээврийн хэрэгсэлээр  мөргөж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад дээр дурьдсан Т.Билгүүний үйлдлийг гэмт хэргийн  шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж үзлээ.      

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын  шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Билгүүнд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүхэд очтол Т.Билгүүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА

                      ШҮҮГЧИД                                    М.НЯМБАЯР

                                                                     Б.ДАМБА