Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 31

 

 

 

Н.Амартүвшин нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, хохирогчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, прокурор Д.Аянагүл, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Амартүвшин, К.Бадуан нарт холбогдох эрүүгийн 173600060025 дугаартай хэргийг хохирогчийн  давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Ээмдээ овогт Насанжаргалын Амартүвшин

Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Харахас овогт Көпейгийн Бадуан,

Шүүгдэгч Н.Амартүвшин нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах өвсний фондын хашаанаас  иргэн З.Амгаланбаатарын 1 тооны хурдны морийг хулгайлсан, 

Шүүгдэгч К.Бадуан нь дээрхи 1 тооны морийг хулгайнх гэдгийг мэдсээр байж Н.Амартүвшингээс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 300000 төгрөгөөр худалдаж авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1.Шүүгдэгч Ээмдээ овогт Насанжаргалын Амартүвшинг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Харахас овогт Көпейгийн Бадуаныг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ээмдээ овогт Насанжаргалын Амартүвшинг 01 / нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харахас овогт Көпейгийн Бадуаныг 07 / долоон/ сарын хугацаагаар тус тус хорих  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Амартүвшин, К.Бадуан нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Амартүвшингээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 300.000 / гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хурдан морины үнэ 13.000.000 төгрөгийг  гаргуулж хохирогч З.Амгаланбаатарт олгуулж, Шүүгдэгч К.Бадуан нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч К.Бадуаны эзэмшлийн 21 инчийн Panasonic маркийн зурагт битүүмжилсэн 2018 оны 02 дүгээр сарын 10-ны өдрийн 5/46 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Амартүвшингийн хувьд ногдох эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдаж, Шүүгдэгч Н.Амартүвшин, К.Бадуан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж  шийдвэрлэжээ.

            Хохирогч З.Амгаланбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.3.1-д Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1-д Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

            Шүүхээс Н.Амартүвшинг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохируулалгүйгээр нэг жилийн хорих ялаар шийтгэсэн нь шударга ёсны зарчим алдагдаж, эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдэлгүй ялыг хөнгөрүүлэн оногдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулан Н.Амартүвшинд оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн зарчимд нийцүүлэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган хорих ялын хэмжээг нэмэгдүүлж өгнө үү гэжээ.

            Хохирогчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч нь шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлтэй юм. Н.Амартүвшин нь хохирогчийн угшил сайтай үнэтэй морийг гэрт нь хамт амьдарч, тэжээж байгаад хулгайлж бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн. Хохирлыг нөхөн төлөх боломжгүй болсон, мөн цээрлүүлэх боломжгүй учир 1 жилийн хорих ялыг оногдуулсныг хүндрүүлж өгнө үү гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөн хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэсэн. К.Бадуаны хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч З.Амгаланбаатарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            1.Н.Амартүвшин нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт байрлах өвсний фондын хашаанаас З.Амгаланбаатарын хурдан удмын морь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хохирогч З.Амгаланбаатарын . . .” 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө манай морь тэжээдэг хүний хажуу айлын Палам гэх хөгшин над руу утасдаад “ чиний морь алга байна, урьд шөнө зүчээнээс аваад явсан юм шиг байна “ гэхээр нь . . .би цагдаад дуудлага өгсөн.

            . . . Би 2014 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач У.Адъяа гэх хүнээс 10 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Өнгөрсөн зун аймгийн наадамд уралдаад доголж орж ирсэн. Би Хөх толгой гэх Мянгад сумын залууг хардаж байна гэх мэдүүлэг / 1-р хх-н 13-14 /,

            Гэрч Д.Буянтогтохын . . . “ харанхуй бүрэнхий болчихсон байхад морины зүчээний цаанаас өндөр нуруутай хүн сүйтэгнэж гарч ирээд Шоовдорын гэрийн үүдэнд очоод зог тусаад зогсож байгаад над руу хараад хурдан хурдан алхаад хашааны хаалгаар гараад яваад өгсөн. Хэд хоног Шоовдортой хамт байгаад байсан өндөр хар залуу мөн байсан . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 18-19 /,

            Гэрч Б.Баттулгын . . . “ Н.Амартүвшин намайг хямдхан адуу зараад өгөөч гэж хэлсэн.

            Ямар учиртай адуу юм бэ гэтэл нэг морь байгаа. Зам гүүрний тэнд байгаа миний морь байгаа юм гэж хэлсэн . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 23-24 /,

            Гэрч Нэргүйгийн “ 2018 оны 01 дүгээр сарын эхээр. . . өөрийн машинтай зогсож байтал 30 орчим насны казак, монгол хоёр залуу орж ирж суугаад монгол залуу нь өвсний фондын хашаа руу явчих гэж хэлсэн. Тэгээд би хөдлөөд . . .01-50 тоот хашааны гадна очиж зогстол тухайн хоёр залуу орчхоод ирье гэж хэлээд дотогш ороод удалгүй гарч ирээд Цагаан морь зах дээр очиж буусан. . . . Тухайн хашааны гадна очоод буухдаа ороод морь үзчихээд ирье гэж хэлж байсан . . . “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 31 /,

            Яллагдагч Н.Амартүвшингийн . . . “ адуу байх хашаанд ганцаараа алхаж очоод тэжээлийн хашаанд байсан бор цоохор морийг хөтлөөд тухайн казак залуугийн гэрт аваачиж өгөөд 300000 төгрөг авсан. . . . Би архи уух мөнгөтэй болох гэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн . . .” гэх мэдүүлэг / 1-р хх-н 66-67 /, морь үнэлсэн тухай тайлан / 1-р хх-н 46 /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, / 1-р хх-н  3-4 /, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-н 5 / зэрэг нотлох баримтуудаар,

            2. К.Бадуан нь З.Амгаланбаатарын эзэмшлийн 1 тооны морийг хулгайнх гэдгийг мэдсээр байж Н.Амартүвшингээс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 300000 төгрөг худалдаж авсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Гэрч Т.Серикбайгийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байтал К.Бадуан залгаад “манайд ирээд идэш гаргалцаад өгөөч, би нэг морь худалдаж авлаа “ гэсэн. Тэгээд К.Бадуанд очиж Т.Эрболатын хамт 1 тооны морь нядалсан.         Уг морь нь цоохор зүсмийн морь байсан. Тухайн үед К.Бадуан энэ морийг 300000 төгрөгөөр худалдаж авлаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1-р хх-н 32 /,

            Гэрч М.Толганайгийн 2018 оны 01 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна, манай нөхөр К.Бадуан нэг залуугийн хамт ирсэн. Тухайн залуу манай гэрт орж ирээд унтаад өгсөн. Тэгэхээр нь би ямар учиртай хүн юм бэ гэж нөхрөөсөө асуутал адуу зарах гэж байгаа хүн гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр К.Бадуан эмнэлэг явчхаад буцаж ирээд тухайн залууг сэрээгээд чи адуугаа зарах юмуу гэтэл аваад ирье гэж хэлээд гарч яваад 30 орчим минутын дараа бор цоохор морь хөтөлж авч ирж өгөөд 300000 төгрөг тоолж аваад явсан.

            Маргааш нь манай нөхөр найз Т.Эрболат,Т.Серикбай нарын хамт тухайн 1 тооны морийг нядалсан гэх мэдүүлэг / 1-р хх-н 34 /, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-н 180-183 /, шүүгдэгч Н.Амартүвшингтийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ . . . Би К.Бадуанд морь хулгайлж ирж өгнө шүү чи арыг нь даагаарай гэж хэлж шөнө гарч явж хулгайлж авчирч өгөөд 300000 төгрөг тоолж авсан. . . “, Шүүгдэгч К.Бадуаны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ . . . Би хулгайн адуу гэж мэдэж байсан. . . “ гэх мэдүүлгүүд  зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, шүүхийн шийдвэр нь хуульзүйн үндэслэлтэй болсон байна.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт болон  шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

             Н.Амартүвшин, К.Бадуан нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс  оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

              Хохирогч З.Амгаланбаатар нь  . . . “ Шүүхээс шүүгдэгч Н.Амартүвшинд 1 жилийн хорих ял оногдуулсныг хөнгөдсөн гэж үзэж байгаа учраас  ялыг нь  нэмж  өгнө үү . . .” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч анхан шатны шүүх Н.Амартүвшинд хуульд заасан, төрөл хэмжээний ял шийтгэл оногдуулсан байна гэж үзлээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч З.Амгаланбаатарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч З.Амгаланбаатарын  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Амартүвшин, К.Бадуан нар нь  давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл тус тус  50 хоног  цагдан хоригдсоныг тэдгээрийн  эдлэх ялд оруулан тооцсугай.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ТУЯА

                                      ШҮҮГЧИД                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                              Б.ДАМБА