Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 05

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Н.Алтантуяа

Улсын яллагч   Б.Оюунцэцэг   нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас  шүүгдэгч  Х овогт  Б-тын Э-тод  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  1837000000006 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                        

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Мөст суманд 1981 оны 09 сарын 29-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5,  эхнэр, 3 хүүхдийн  хамт Ховд аймгийн  Мөст сумын Баянхайрхан багт оршин суух, Х овогт  Б-ын Э-т  /РД /

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч  Б.Э-т нь Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2017 оны 12 сарын 30-ны өдөр эхнэр Б.Н-тай маргалдаж улмаар эрүүл мэндэд  хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

               Шүүгдэгч  Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2017 оны 12-р сарын 30-ний орой айлд цай уучихаад гэртэй ирээд байж байтал манай эхнэр залуучдын шинэ жилд явна гэхээр нь би эхнэрээ өшиглөсөн байх тухайн үед согтуу байсан болохоор юу ч санахгүй байна маргааш нь гэртэй ирээд хэвтэж өнжсөн. 2018 оны 01-р сарын 01-ний өглөө манай эхнэр Б.Н орж ирээд би чамаас саллаа гээд хувцас эд хогшилоо ялгаад хэрүүл хийгээд байхаар нь би эхнэртэйгээ юу ч яриагүй. Тэгтэл сумын цагдаа, хэсгийн төлөөлөгч хоёр орж ирсэн. Би эхнэрээ залуучдын шинэ жилийн арга хэмжээнд явуулахгүй гээд бөгсөнд нэг л удаа өшиглөсөн Тухайн үед би согтуу байсан болохоор эхнэрийнхээ нүдэнд гараараа цохисноо санахгүй байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч  Б.Н-ийн  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ”2017 оны 12-р сарын 30-ний орой айлд цай уучихаад гэртэй ирээд намайг манай нөхөр Б.Э зодсон тэгээд маргааш өглөө ажилдаа яваад ажил дээрээ хоночихоод маргааш нь буюу 2018 оны 01-р сарын 01-ний өглөө ажлаас буугаад гэртэй ирэхэд манай нөхөр хэрүүл маргаан хийгээд намайг цохиод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн.

Тэр орой шинэ жилийн арга хэмжээнд би явах гэсэн чинь намайг явуулахгүй гээд тэрнээс болж маргалдаж намайг гараараа нүдэнд цохисон 2018 оны 01-р сарын 01-ний өглөө галын дэгээгээр гарын булчинд цохисон....” гэх мэдүүлэг,

      Гэрч  Б.П-ийн   хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 12-р сарын 30-ны орой 19 цагийн үед гэртэй байж байтал Б.Э-ын 2 хүүхэд манайд ирээд аав ээжийг боогоод унаагаачихлаа гэж ирэхээр нь нөхөр бид 2 очиход Б.Э орон дээр суучихсан Н уйлчихсан үс нь сэгсийсэн байталтай байсан. Тэгээд бид хоёр та хоёр больцгоо гээд хэлчихээд гараад явсан. Тухайн үед Б.Н намайг Б.Э зодоод алах шахлаа гээд хэлсэн. Тухайн үед ямар нэгэн шарх сорив байгаагүй. 2018 оны 01-р сарын 01-ний өдөр очиход нүд нь хөхөрсөн байсан. Би тухайн үед дүүгээ чимээгүй бай гээд Н-ын үснээс татсан...” гэх мэдүүлэг

    Гэрч Э.Э-ын  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 12-р сарын 30-ны орой 19 цагийн үед би дүү нартайгаа гэртэй байсан. Манай аав ээж хоёр айлд очиж цай ууж ирчихээд ээж хувцасаа солиод хойш шинэ жилийн арга хэмжээнд явах гэтэл аав босч ирээд ээжийн нүд рүү гараараа цохиод авсан Тэгээд би гэрээс гараад Пүүгий эгч Хараа ах хоёрыг дуудчихаад айлд очоод хоносон...” гэх мэдүүлэг,

            Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 05-ны өдрийн  тоот шинжээчийн дүгнэлтэнд:

            1.  Б.Н-ийн биед гэмтэл учирсан байна.

          2. Б.Н-ийн биед баруун нүдний дээд доод зовхинд, зүүн чихний ар хэсэгт 6x4.5 см, баруун далны дээд хэсэгт 8x4 см, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 9x6 см, зүүн бугалганы урд дээд 4x3 см, зүүн мөрний урд хэсэгт 5x3 см, зүүн өвдөгний урд хэсэгт 5x4.5 см цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо.

        3.Б.Н-ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

        4.Б.Н-ийн биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      5. Б.Н нь ямар нэгэн архаг хууч өвчтэй эсэхийг шүүхийн шинжилгээний албанаас тогтоох боломжгүй тул Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хандана уу.

6. Б.Н-ийн биед үүссэн гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. ” гэжээ.

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 38 / зэрэг  болно.

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч  Б.Э нь 2017 оны 12 сарын 30-ны өдөр эхнэр Б.Н-тай маргалдаж улмаар эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 05  тоот дүгнэлт, хохирогч Б.Н,  гэрч  Б.П, Э.Э нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Хүрд овогт Б.Э-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч  Б.Э  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан түүнд ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Б.Э   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, нэхэмжлэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Э нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчтой харилцан тохиролцож, эвлэрсэн гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч нь гаргуулах хохирол төлбөргүй, гомдол санал байхгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х овогт  Б-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б. Э-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Э-од оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай. 

          5. Шүүгдэгч  Б.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч  Б.Э-ын регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах   Я.Ганчимэгт  даалгасугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

         7. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.