Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0389

 

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0389

Улаанбаатар хот

 

 

 

                             Т.Г***ын нэхэмжлэлтэй захиргааны

                                                 хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:                                              

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Т.Г***,

Гуравдагч этгээд “Э***” ХХК,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Г***

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд “Э***” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Т.Г***ад холбогдох хэсэг, “Э***” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/260 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0249 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Г***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б***, Л.Х***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар,

Хэргийн индекс: 128/2022/0329/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Г*** нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Т.Г***ад холбогдох хэсэг, “Э***” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/260 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0249 дүгээр шийдвэрээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан Т.Г***аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын иргэн Т.Г***ад холбогдох хэсэг болох хавсралт “Газар ашиглах эрх дуусгавар болох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалт”-ын 38 дугаарт бичигдсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох “...тус тушаалын хавсралтын 39, 40 дүгээрт заасан хэсгийг хүчингүй болгуулах, “Э***” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох” тухай” А/260 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1 Хүүшийн амны 3 га, Нүхтийн амны 5 га газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасантай нийцэхгүй,

 3.2 Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан ажиллагааг хийгээгүй бөгөөд “дрон нисгэж, нөхцөл байдлыг тогтоосон” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нотолсон баримт байхгүй,

 3.3 Нэхэмжлэгч өөрийн өөрчлөгдсөн хаягийн мэдээллийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч А.О***д өгсөн байхад буруу хаягаар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн,

3.4 Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль зөрчсөн үйлдэл байх тул “Э***” ХХК-д давхардуулан газар ашиглах эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай нийцэхгүй гэх үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Гуравдагч этгээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

4.1 Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн буюу нэхэмжлэгч өөрийн албан ёсны хаягаа өөрчилсөн талаарх мэдээллийг захиргааны байгууллагад өгөөгүй, захиргаанаас сонсох ажиллагааны мэдэгдлийг иргэний үнэмлэх дээрх хаягаар нь хүргүүлж байсан тул актыг мэдсэн хугацааг түүнээс хойш тоолох байсан,

4.2 Нэхэмжлэлийг хангаснаар нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй буюу газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулсан боловч газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчинтэй хугацаа дуусгавар болсон,

4.3 Шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байсан буюу “...анхнаасаа нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй тул газрын төлбөр хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байсан, энэ үндэслэлээр цуцлах нь буруу” гэж дүгнэж Улсын дээд шүүхийн 2022 оны 0023 дугаар тогтоолын газрын төлбөр төлөх үүргийг тайлбарласнаас ялгаатай гэж үзсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй гэх үндэслэлээр тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Т.Г***аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын Т.Г***ад холбогдох хэсэг болох “Газар ашиглах эрх дуусгавар болох иргэн, аж ахуй нэгжийн жагсаалт”-ын 38, 39, 40 дүгээрт бичигдсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Э***” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/260 тоот тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Миний бие Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/224 дүгээр тушаалыг үндэслэн 2016/507 гэрчилгээний дугаартай Зайсангийн аманд-2 га газар, 2016/508 гэрчилгээний дугаартай Хүүшийн аманд-3 га газар, 2016/511 гэрчилгээний дугаартай Нүхтийн задгайд 5 га газруудын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай авсан.

Дээрх газруудын ашиглах эрхийг авснаас хойш Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу тухайн газруудыг ашиглахад чиглэсэн шаардлагатай ажлуудыг өнөөдрийг хүртэл хийсээр ирсэн бөгөөд ковид-19 цар тахлын улмаас тодорхой хэмжээнд удааширсан.  2021 оны 7 дугаар сард гурван газрын  гэрчилгээний хугацаа дуусах байсан тул газар ашиглах гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар хүсэлт гаргахаар “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” ТБАГУТҮГ-т хандахад “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаал гарч, газар ашиглах эрхийг цуцалсан болохыг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн.

Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 6 дугаар зүйлийн 6.1.4-т заасан зарчмыг баримтлаагүй гарсан, мөн хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийлгүй гарч, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Түүнчлэн шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдээгүй, тайлбар, санал гаргах боломж олгоогүй.

Газрыг ашиглах асуудал нь хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаардаг тул том хэмжээний төслийн хувьд их ажиллагаа, олон төрлийн зөвшөөрлүүд шаарддаг…” зэрэг үндэслэлээр тайлбарлан маргажээ.

       4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар,

4.1. Нэхэмжлэгч Т.Г*** нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/224 дүгээр тушаалаар Богдхан уулын Зайсангийн аманд 2 га, Нүхтийн задгайд 5 га, Хүүшийн аманд 3 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болж, 2016/507, 2016/508 болон 2016/511  дугаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ авсан болох нь,

маргаан бүхий газарт аялал жуулчлалын цогцолбор байгуулахтай холбогдуулан 2018, 2019 онд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг “Б***” ХХК-иар хийлгэн, үнэлгээг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар батлуулж байсан болох нь,

маргаан бүхий 3 газарт барилгын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 2018 онд МЗХ2018/17-09, МЗХ2018/17-10 болон МЗХ2018/17-11 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулан, “Э***” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 128/06/12-3 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулан, холбогдох төлбөрийг шилжүүлж байсан, Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас техникийн нөхцөлийг, 2020 онд Хот байгуулалт, хөгжлийн газраас Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг  тус тус авч байсан болох нь,

улмаар Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын улмаас тухайн төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байсан болох нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 02/57 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр,

4.2. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нийт 104 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тушаалын хавсралтын 38, 39, 40-д нэхэмжлэгч Т.Г***ын газар ашиглах эрхийг “газраа 2 жил дараалан ашиглаагүй”, “газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр цуцалсан болох нь, 

Хариуцагчаас тухайн маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, бөгөөд нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаснаар маргаан бүхий тушаалыг мэдэж шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болох нь  шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр www.bogdkhan.mpa.gov.mn цахим хуудаст хийсэн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар,

гуравдагч этгээд “Э***” ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3/2021 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан “Газар ашиглах эрх хүсэх тухай” хүсэлт гаргасныг захиргааны байгууллага өөрийн Ирсэн бичгийн бүртгэлийн 5278 дугаар бүртгэж, бүртгэл хяналтын картыг нээсэн.

 Тухайн картын шийдвэрлэсэн байдал хэсэгт: “цуцлагдсан газар дээр хамгаалалтын захиргаанаас санал ирсэн байна. Газрын маргаан гарах эрсдэлтэй тул хэн нэгэнд олгох биш, ард иргэдийн амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн, отоглох цэг болгох саналтай байгаа шийдвэрлэх боломжгүй” хэмээн тэмдэглэсэн байх боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/260 тоот тушаалаар гуравдагч этгээд  “Э***” ХХК-д 43564 м.кв газрыг олгосон нь нэхэмжлэгчийн маргаж буй газар ашиглах эрхийн 2016/511 дугаар бүхий газартай бүхэлдээ давхцалтай болох нь тус тус тогтоогдож байна.

6. Маргаан бүхий захиргааны актад дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд “газар ашиглах гурвалсан гэрээ огт байгуулаагүй нь газрын төлбөр төлөх нөхцөл бүрдсэн байсан гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Учир нь, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”-г газар эзэмших гэрээнд тусгана хэмээн, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа”, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” хэмээн тус тус заасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4670 дугаар албан бичигт газар ашиглах гэрээний үүргээ зөрчиж, газрын төлбөрөө төлөөгүй 122 иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсний дунд нэхэмжлэгч Т.Г***ын нэр дурдагдаагүй. Газрын төлбөрийн тухай хуульд заасан газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг мөн боловч хэргийн оролцогчдын тайлбар, холбогдох бусад баримтаар нэхэмжлэгч нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гурвалсан гэрээг анхнаасаа байгуулаагүй нь тогтоогдож байх бөгөөд газрын төлбөр төлөх нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй,  уг үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

7. Харин Газрын тухай хуулийн 40 зүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлийн тухайд анхан шатны шүүх “маргаан бүхий газруудтай холбоотой Аялал жуулчлалын бааз байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг баримтуудыг хэрэгт ирүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь ... дансны хуулга, бэлэн мөнгөний ордер, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар маргаан бүхий ... газарт тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байна” хэмээн дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий гурван газарт үйл ажиллагаа явуулахаар Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ 3 газар тус бүрт хийлгэн, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 3 газар тус бүрт батлуулан, Барилгын ажлын зөвшөөрлийг тухай бүрт гаргуулан холбогдох гэрчилгээ болон холбогдох техникийн нөхцөлүүдийг авч, газрыг ашиглахтай холбоотой үйл ажиллагааг явуулж байсан болох нь,

хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн эсэхийг нягтлан тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй болох нь тус тус тогтоогдож байхад анхан шатны шүүх тухайн үйл баримтыг зөвхөн нэхэмжлэгчийн Зайсангийн аманд байрлах, ашиглах эрх бүхий 2 га газарт хамаатуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

8. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын нэхэмжлэгч Т.Г***ад холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл байдлыг нягтлан тогтоох Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд 24.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус тушаал болсон байна хэмээн үзэв.

Мөн нэгэнт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/50 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хууль бус болох нь тогтоогдож байх тул гуравдагч этгээд “Э***” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох” тухай” А/260 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна:

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдээс гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2022/0249 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.Г***ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын иргэн Т.Г***ад холбогдох хэсэг, “Э***” ХХК-д газар эзэмших эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/260 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

        

                          ШҮҮГЧ                                           С.МӨНХЖАРГАЛ

                                                                                                                        

                                     ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА