Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 695

 

 

 

 

 

 

 

 

 

     Д.Эт холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор А.Нямсүрэн,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 404 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 59 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Д.Эт холбогдох 1711002270421 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Захд овгийн Доржбатын Д.Э, Улаанбаатар хотод 1969 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Таван сум” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 2; эцгийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 45/1 байрны 6 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 45-17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ........................../;

 

Д.Э нь 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр байрны хажууд, Д.Сын гар утсан дээрх зургаа үзүүлэх гэж өгсөн “I phone-5” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Эыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Д.Эт оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Нямсүрэн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолоор Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу
хэрэглэж, Д.Эт хорих ял оногдуулсны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэн тэнсэж, үүрэг хүлээлгэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалттай юм.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгг өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Эт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Д.Э нь 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр байрны хажууд, Д.Сын “I phone-5” загварын гар утсыг зураг үзэх нэрийдлээр авч дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч  Д.Сын “зураг үзүүлэх зорилгоор гар утсаа Д.Эт өгсөн, буцааж өгөөгүй”/хх-18-20/ гэсэн мэдүүлэг, гар утасны зах зээлийн үнэлгээ /хх-270/, шүүгдэгч Д.Эын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогджээ.

 

Шүүгдэгч Д.Эын бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.

 

 Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.Эыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй болсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн агуулгаас үзэхэд, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын хэмжээг багасгаж хөнгөрүүлэн оногдуулах, эсхүл хорих ялаас чөлөөлөх, эсхүл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр зохицуулсан байх ба тэнсэж үүрэг хүлээлгэсэн тохиолдолд хорих ял оногдуулах тухай заагаагүй.

 

            Гэтэл анхан шатны шүүх гэм буруугаа хүлээсэн шүүгдэгч Д.Эт тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Анхан шатны шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /хх-86/ “... шүүгдэгч Д.Батжаргалыг бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...” гэж илт утга, агуулгын зөрчилтэй дүгнэлт хийсэн болохыг цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 404 дүгээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Д.Эыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                                      ШҮҮГЧИД                                                   Н.БАТСАЙХАН

 

                                                                                             М.ПҮРЭВСҮРЭН