Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1211

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2017/01211

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 2 зайсан, 27а байрны 202 тоотод оршин суух Хар адуун овогт Чулуунбатын Цэрэнлхам/РД-ИЛ82031306/-ын,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 3-58 дугаар байрны 4 тоотод оршин суух Өвгөнийхөн овогт Ойдовын Энхжаргал/РД-ЧО66081708/-д холбогдох  

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.746.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ч.Цэрэнлхамаас 260.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийг шүүх 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвадулам нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Цэрэнлхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 8.000.000 төгрөг хариуцагчид зээлүүлсэн “зээлийн гэрээ”-г үндэслэж нэхэмжлэл гаргасан. Тухайн үед 1 сарын 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2 сарын хүүнд 800.000 төгрөг өгөх ёстойгоос 760.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч түүнийг 40.000 төгрөг дутуу төлсөн гэж үзсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан зээлийн гэрээний 3-т /Иргэний хуулийн 232.6-т зааснаар/ хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тусгасан. Ингээд үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүүний дутуу 40.000 төгрөг, нийт 8.040.000 төгрөг, түүний алдангид Иргэний хуулийн 232.4-т зааснаар 50%-с хэтрэхгүй тул 4.020.000 төгрөг болсон учир хариуцагчаас 12.060.000 төгрөг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар зээлийн гэрээ байгуулж зээлдүүлэгч тал мөнгийг шилжүүлэх, зээлдэгч тал мөнгийг хүүгийн хамт буцаан шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2.835.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4.975.000 төгрөг, нийт 7.810.000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн нотлох баримт хавтас хэрэгт авагдсан. Хэдийгээр 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөнгө зээлсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч бичгийн хэлбэрээр зээлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулж хүү болон алдангийг тохиролцсон байна. Иймээс нэхэмжлэгч нь хүү болон алдангийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байна. Гэхдээ зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нийт 7.810.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн учир 2 сарын хүү 781.000 төгрөг болж байна. Хариуцагч хүүнд 760.000 төгрөг шилжүүлсэн болохоор хүү 21.000 төгрөг дутуу байна. Зээлийн гэрээний хугацаа дуусах үед хариуцагч нь үндсэн зээл 7.810.000 төгрөг дээр 21.000 төгрөгийг нэмээд нийт 7.831.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд буцааж нэг ч төгрөг төлөөгүй юм. Зээлийн гэрээний 3-т зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй учир 3.915.500 төгрөг болж байна. Иймээс 3.915.500 төгрөгийн алданги дээр 7.831.000 төгрөгийг нэмээд нийт 11.746.500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 313.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагчаас хууль буюу гэрээнд заасны дагуу нийт 11.746.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алдангийг тооцохдоо 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 100 хоногийн алдангийг тооцож нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч О.Энхжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чинбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Цэрэнлхам нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлж өмнөх өгсөн 2.835.000 төгрөгтөө нөхөж зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг таньдаг, сайн харилцаатай байсан болохоор итгээд зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн юм. Иймээс бид 11.746.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай тал зээлийн гэрээний дагуу 5.000.000 төгрөгийг зээлсэн гэж үзэж байгаа учир хүү 260.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг, илүү нэхэмжилсэн алданги 165.000 төгрөг нийт 1.895.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байна. Иймээс 11.746.500 төгрөгөөс 1.895.000 төгрөгийг хасаад үлдэх 9.851.500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч нөхцөл байдал болон шалтгаан байсан болохоор төлж чадахгүй удсан юм. Хариуцагч нь зах дээр наймаа хийдэг байсан бөгөөд өөрийнх нь болоод нөхрийх нь биеийн байдал хүнд байгаа. Тэрээр 2018 он 7 дугаар сар хүртэл “Ариг банк” ХХК-д 1 сар тутамд 1.100.000 төгрөгийн зээл төлөх учир манай талд хугацаа л хэрэгтэй байна гэдгийг харгалзаж үзнэ үү. Нэхэмжлэгчээс нийт 7.810.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь 760.000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө 2.835.000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн боловч хариуцагч үүнийг зөвшөөрч байна. Уг зээлийн гэрээнд 8.000.000 төгрөг зээлдүүлсэн гэж тэд бичсэн боловч 7.810.000 төгрөгийг зээлдүүлсэн байна. Тэд амаар 0,5 хувийн хүүтэй гэж тохиролцсон боловч Ч.Цэрэнлхам хүү авахгүй гэж хэлсэн хэрнээ шүүхэд нэхэмжлэл гаргаж хүү алданги нэхэмжилж, өмгөөлөгч авсан нь жудаггүй санагдаж байна. Манай тал зээлсэн мөнгөө төлнө. Гэхдээ хүү, алданги өндөр байгаа тул манай талд хугацаа олгож өгөөч гэж хүсэж байна гэв.

Хариуцагч О.Энхжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чинбаяр сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 313.500 төгрөгөөр багасгаж 11.746.500 төгрөг болгож байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2.835.000 төгрөг шилжүүлэхдээ амаар тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тохиолдолд хүү авах эрхээ алдана гэж зааснаар хүү авах эрхээ алдсан. Хариуцагч 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 760.000 төгрөг Ч.Цэрэнлхамын дансанд шилжүүлсэн учир 260.000 төгрөгийг манай тал буцааж нэхэмжилж байна. Хариуцагч тал 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр авсан мөнгөний хүүг төлөх үндэслэлгүй гэж үзээд 260.000 төгрөгийг манай талаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Нэхэмжлэгч Ч.Цэрэнлхам сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч хоёр 2015 оны 12 дугаар сарын  11-ний өдөр 2.835.000 төгрөгийг өгч авалцахдаа 0,5 хувийн хүүтэй гэж амаар тохиролцсон гэдэг нь хариуцагчийн хариу тайлбараар нотлогдож байна. Бичгээр хийх хэлцлийг Иргэний Хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” тохиолдолд хийсэн гэж үзнэ гэж заасан байна. Тэд урьдчилж тохиролцсон хэлцлээ Иргэний Хуулийн 282.2-т заасан шаардлагад нийцүүлж 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нөхөж зээлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй байна. Мөн Иргэний Хуулийн 43.3-т “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасан байна. Хариуцагч нь хүү тохиролцсоноо хүлээн зөвшөөрсөн учир бичгээр гэрээг нөхөж байгуулсан юм. Манай тал 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны хүүг нэхэмжлээгүй. Иймээс хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х  Н Ь:

            Нэхэмжлэгч Ч.Цэрэнлхам нь хариуцагч О.Энхжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.060.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад 11.746.500 төгрөг болгон багасгасан байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Энхжаргал нэхэмжлэгч Ч.Цэрэнлхамд холбогдуулан Ч.Цэрэнлхамаас 260.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээг байгуулж нотариатаар гэрээний үнэн зөвийг батлуулан баталгаажуулсан байна. Уг зээлийн гэрээнд зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар 8.000.000 төгрөгийг зээлдэж, зээлдүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон байдаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7.810.000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 21.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 100 хоногийн алдангид 3.915.500 төгрөг, нийт 11.746.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж маргадаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 11.746.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, уг гэрээ нь сүүлд нөхөн байгуулсан гэрээ байх бөгөөд хүү, алданги төлөхөөр бичгээр тохиролцсон тохиролцоо хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн илүү нэхэмжилсэн 1.895.000 төгрөгийг хасан тооцуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 9.851.500 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргадаг.

Шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ. Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчид зээлийн гэрээг байгуулсан байх ба зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2.835.000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 8.000.000 төгрөгийг зээлдэж, зээлдүүлсэн харилцаа үүссэн гэж үзэж тайлбарладаг ч мөн өдөр 8.000.000 төгрөг зээлдүүлээгүй болох нь тус хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад тогтоогддог. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар 8.000.000 төгрөгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан байх ба мөн өдөр зээлдүүлэгч 8.000.000 төгрөг бус 4.975.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогддог.

Үүнээс үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээг бичгээр байгуулахаар заагаагүй байх тул зохигчдын хооронд анх 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2.835.000 төгрөг зээлдэж, зээлдүүлсэн зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүх зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2.835.000 төгрөгийн зээлийн гэрээ аман хэлбэрээр, мөн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4.975.000 төгрөгийн зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр тус тус байгуулагдсан байна гэж үзэв.

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээнд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийсэн байхыг шаарддаг тул зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хүү болон алданги шаардах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Харин 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд дурьдсанаар 8.000.000 төгрөгийг зээлдэгч зээлдүүлээгүй болох нь тогтоогдож, зохигчид мөн өдөр 4.975.000 төгрөгийг зээлдүүлж, зээлдэж авсан үйл баримтанд маргахгүй, гэрээг бичгээр байгуулсан байх тул мөн уг зээлдэж авсан үнийн дүн 4.975.000 төгрөгөөс 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, алдангийг шаардах эрхтэй байна.

 Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2.835.000 төгрөгийн зээлийн гэрээ, мөн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4.975.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг нэмж нэгтгэн 8.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан болохоо хүлээн зөвшөөрдөг тул шүүх уг 2 зээлийн гэрээний үүргийг нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд хариуцагч О.Энхжаргал нь анх байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2.835.000 төгрөг, дахь гэрээний үүрэгт үндсэн зээлд 4.975.000 төгрөг, 2 сарын хүү 5 хувиар тооцон 495.000 төгрөг, нийт 8.305.000 төгрөгийн үндсэн үүрэг хүлээсэн байна.

Зохигчид зээлийн гэрээний үүрэгт 760.000 төгрөг төлөгдсөн талаар маргадаггүй. Иймээс зээлийн гэрээний үндсэн үүргийг зээлийн гэрээний хүүнд төлөгсөн гэх 760.000 төгрөгийг гэрээгээр хүлээсэн үүргээс хасаж тооцох нь үндэслэлтэй байх ба хариуцагч зээлийн гэрээний үндсэн үүргээс 8.229.000 төгрөгт ноогдох үүргийг биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Цэрэнлхам нь  2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 100 хоногийн алдангид 3.915.500 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүх алдангийг тооцохдоо нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг тооцохоор тохиролцсон байх тул гэрээг бичгээр байгуулж зээлдүүлсэн 5.470.000/4.975.000+495.000=5.470.000/ төгрөгөөс 0,5 хувиар тооцон 100 хоногийн алдангид 2.735.000/27.350*100=2.735.000/ төгрөгийг тооцон гаргуулах нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Цэрэнлхамаас зээлийн гэрээний үндсэн болон бусад үүргүүдэд 10.964.000/8.229.000+2.735.000=10.964.000/ төгрөгийг гаргуулан шийдвэрлэв.

Шүүх уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ. Хариуцагч О.Энхжаргал нь 2015 оны 12 дугаар сард байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хүүнд төлөгдсөн гэх 760.000 төгрөгөөс илүү төлсөн 260.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчид уг 260.000 төгрөгөөс илүү хэмжээний зээлийн эргэн төлөлтийн үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгч Ч.Цэрэнлхамд 260.000 төгрөг илүү төлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үндэслэлээр 760.000 төгрөг төлөгдсөн талаар зохигчид маргаагүй, илүү төлсөн хүүний үлдэгдэл 260.000 төгрөг төлөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ч.Цэрэнлхамаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208.000 төгрөг, хариуцагч О.Энхжаргалаас урьдчилан төлсөн 8.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч О.Энхжаргалаас 190.374 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ч.Цэрэнлхамд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57  дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн туай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах заалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт 12.060.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 10.964.000 төгрөгийн шаардлагыг ханган хариуцагч О.Энхжаргалаас гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэрэнлхамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.096.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч О.Энхжаргалаас нэхэмжлэгч Ч.Цэрэнлхамд холбогдуулан 260.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57  дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн туай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Цэрэнлхамаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208.000 төгрөг, хариуцагч О.Энхжаргалаас урьдчилан төлсөн 8.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч О.Энхжаргалаас 190.374 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэрэнлхамд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б. БАЯРМАА