Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1680

 

Ч.Цэрэнлхамын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/01211 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Цэрэнлхамын нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Энхжаргалд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 746 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

260 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болдбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 8 000 000 төгрөг хариуцагчид зээлүүлсэн зээлийн гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Тухайн үед 1 сарын 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2 сарын хүүнд 800 000 төгрөг өгөх ёстойгоос 760 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч түүнийг 40 000 төгрөг дутуу төлсөн гэж үзсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан зээлийн гэрээний 3-т хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тусгасан. Ингээд үндсэн зээл 8 000 000 төгрөг, хүүний дутуу 40 000 төгрөг, нийт 8 040 000 төгрөг, түүний алдангид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 50 хувиас хэтрэхгүй тул 4 020 000 төгрөг болсон учир хариуцагчаас 12 060 000 төгрөг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар зээлийн гэрээ байгуулж зээлдүүлэгч тал мөнгийг шилжүүлэх, зээлдэгч тал мөнгийг хүүгийн хамт буцаан шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2 835 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4 975 000 төгрөг, нийт 7 810 000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн нотлох баримт хавтас хэрэгт авагдсан. Хэдийгээр 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөнгө зээлсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулж хүү болон алдангийг тохиролцсон байна. Иймээс нэхэмжлэгч нь хүү болон алдангийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байна. Гэхдээ зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нийт 7 810 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн учир 2 сарын хүү 781 000 төгрөг болж байна. Хариуцагч хүүнд 760 000 төгрөг шилжүүлсэн болохоор хүү 21 000 төгрөг дутуу байна. Зээлийн гэрээний хугацаа дуусах үед хариуцагч нь үндсэн зээл 7 810 000 төгрөг дээр 21 000 төгрөгийг нэмээд нийт 7 831 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд буцааж нэг ч төгрөг төлөөгүй юм. Зээлийн гэрээний 3-т зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй учир 3 915 500 төгрөг болж байна. Иймээс 3 915 500 төгрөгийн алданги дээр 7 831 000 төгрөгийг нэмээд нийт 11 746 500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 313 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагчаас хууль буюу гэрээнд заасны дагуу нийт 11 746 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алдангийг тооцохдоо 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хоногийн алдангийг тооцож нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Цэрэнлхам нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5 000 000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлж өмнөх өгсөн 2 835 000 төгрөгтөө нөхөж зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг таньдаг, сайн харилцаатай байсан болохоор итгээд зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн юм Иймээс бид 11 746 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай тал зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг зээлсэн гэж үзэж байгаа учир хүү 260 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, илүү нэхэмжилсэн алданги 165 000 төгрөг нийт 1 895 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байна. Иймээс 11 746 500 төгрөгөөс 1 895 000 төгрөгийг хасаад үлдэх 9 851 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч нөхцөл байдал болон шалтгаан байсан болохоор төлж чадахгүй удсан юм. Хариуцагч нь зах дээр наймаа хийдэг байсан бөгөөд өөрийнх нь болоод нөхрийнх нь биеийн байдал хүнд байгаа. Тэрээр 2018 оны 7 дугаар cap хүртэл “Ариг банк” ХХК-д 1 cap тутамд 1 100 000 төгрөгийн зээл төлөх учир манай талд хугацаа л хэрэгтэй байна гэдгийг харгалзаж үзнэ үү. Нэхэмжлэгчээс нийт 7 810 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь 760 000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө 2 835 000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн боловч хариуцагч үүнийг зөвшөөрч байна. Уг зээлийн гэрээнд 8 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж тэд бичсэн боловч 7 810 000 төгрөгийг зээлдүүлсэн байна. Тэд амаар 0.5 хувийн хүүтэй гэж тохиролцсон боловч Ч.Цэрэнлхам хүү авахгүй гэж хэлсэн хэрнээ шүүхэд нэхэмжлэл гаргаж хүү алданги нэхэмжилж, өмгөөлөгч авсан нь жудаггүй санагдаж байна. Манай тал зээлсэн мөнгөө төлнө. Гэхдээ хүү, алданги өндөр байгаа тул манай талд хугацаа олгож өгөөч гэж хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч О.Энхжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2 835 000 төгрөг шилжүүлэхдээ амаар тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тохиолдолд хүү авах эрхээ алдана гэж зааснаар хүү авах эрхээ алдсан. Хариуцагч 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 760 000 төгрөг Ч.Цэрэнлхамын дансанд шилжүүлсэн учир 260 000 төгрөгийг манай тал буцааж нэхэмжилж байна. Хариуцагч тал 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр авсан мөнгөний хүүг төлөх үндэслэлгүй гэж үзээд 260 000 төгрөгийг манай талаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2 835 000 төгрөгийг өгч авахдаа 0.5 хувийн хүүтэй гэж амаар тохиролцсон гэдэг нь хариуцагчийн хариу тайлбараар нотлогдож байна. Бичгээр хийх хэлцлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” тохиолдолд хийсэн гэж үзнэ гэж заасан байна. Тэд урьдчилж тохиролцсон хэлцлээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан шаардлагад нийцүүлж 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нөхөж зээлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “нэг талын хүсэл  зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасан. Хариуцагч нь хүү тохиролцсоноо хүлээн зөвшөөрсөн учир бичгээр гэрээг нөхөж байгуулсан юм. Манай тал 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны хүүг нэхэмжлээгүй. Иймээс хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр.зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт 12 060 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 10 964 000 төгрөгийн шаардлагыг ханган хариуцагч О.Энхжаргалаас гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэрэнлхамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 096 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч О.Энхжаргалаас нэхэмжлэгч Ч.Цэрэнлхамд холбогдуулан 260 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Цэрэнлхамаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208 000 төгрөг хариуцагч О.Энхжаргалаас урьдчилан төлсөн 8 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч О.Энхжаргалаас 190 374 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэрэнлхамд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/01211 дугаар шийдвэрийн зарим хэсэгт гомдол гаргаж байна.

Шийдвэрээр 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 4 975 000 төгрөгийг зээлсэн учир үүндээ хүү, алданги авах эрхтэй, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлсэн 2 835 000 төгрөгийн үндсэн зээлийг л нэхэмжлэх эрхтэй гэж зөв дүгнэсэн атлаа:

1. 2016 оны 3 дугаар сарын 09-ний байдлаарх миний үндсэн үүргийг 8 305 000 төгрөг гэж зөв тооцсон мөртлөө миний хүүнд төлсөн 760 000 төгрөгийг хасахад үлдэх нь 7 545 000 төгрөг байна. Гэтэл уг мөнгийг 8 229 000 төгрөг гэж андуурч тооцож 684 000 төгрөгийг илүү гаргуулахаар заасан.

2. 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төлсөн миний хүү гэж төлсөн 760 000 төгрөгийг тооцолгүй хүү төлнө гэж үзэж, хүүгээс алданги гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний хүүг би гэрээний хугацаа болох 2 сарын хугацаанд нь буюу 3 дугаар сарын 09-ний өдөр 760 000 төгрөгийг төлсөн. Гэтэл хүүг төлөөгүй гэж хүүд алданги тооцсонд гомдолтой. Би 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш гэрээнд зааснаар үндсэн зээлсэн мөнгө болох 4 975 000 төгрөгөнд ногдох алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйийн 232.6 дахь хэсэгт зааснаар тооцож, 2 487 500 төгрөгийг алдангид төлөх ёстой. Гэтэл шүүх 2 735 000 төгрөг гэж буруу тооцож, 247 500 төгрөгийг О.Энхжаргал надаас илүү гаргуулахаар шийдвэрлэсэн.

Иймд үндсэн үүргийг буруу тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн 684 000 төгрөг, хүүг төлөөгүй гэж гүйцэтгээгүй үүргийг нэмэгдүүлэн тооцож илүү гаргуулсан 247 500 төгрөг, нийт 931 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Ч.Цэрэнлхам нь хариуцагч О.Энхжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 060 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11 746 500 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч, 260 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирч зээлийн гэрээ байгуулагдсан болон нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2 835 000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4 975 000 төгрөгийг, нийт 7 810 000 төгрөгийг хариуцагчид дансаар шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байна. /хэргийн 3, 4 дүгээр тал/ Харин 2 835 000 төгрөгийг шилжүүлэх үед хүүтэй зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй гэж хариуцагч маргасан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.”, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.”, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заажээ.

 

Иймд нэхэмжлэгч 4 975 000 төгрөгийн зээлийн төлбөрт, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээний дагуу хүү, алдангийг тус тус хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний хугацаанд 4 975 000 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрт 497 500 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 760 000 төгрөгийг төлсөн нь хэргийн 71 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байхад шүүх хариуцагчийн төлсөн дээрх төлбөрийг зээлийн үүргээс хасч тооцолгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй.

 

Талууд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн хүүг 5 хувиар, гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 282 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 4 975 000 төгрөг,  2 сарын хүү 497 500 төгрөг, нийт 5 472 500 төгрөгөөс, хариуцагчийн төлсөн 760 000 төгрөгийг хасч, үлдэх 4 712 500 төгрөг, алданги 2 356 250 төгрөг нийт 7 068 750 төгрөг төлөхөөр байна.

 

Мөн бичгийн гэрээ байгуулахаас өмнө зээлсэн 2 835 000 төгрөгийг нэмж тооцвол бүгд 9 903 750 төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй. Харин хариуцагчийн төлсөн мөнгийг зээлийн төлбөрөөс хассан тул 260 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч О.Энхжаргалын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2017/01211 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч О.Энхжаргалаас 9 903 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Цэрэнлхамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 842 750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “190 374” гэснийг “173 410” тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч О.Энхжаргал гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 906 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ТУЯА   

 

                                                                 ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

                       

                                                                                                                С.ЭНХТӨР