Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 1119

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 12 өдөр                Дугаар184/ШШ2017/01119                 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 36 тоотод оршин суух, Боржигон овогт Самбуугийн Чинбат/РД-ЧБ75042311/-ын,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 41 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух Баячууд овогт Батмөнхийн Цэнд-Аюуш/РД-РЭ74020205/-д холбогдох

Бараа, бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 6.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, мөн сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Чинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий/ШТЭҮ-0294/, хариуцагч Б.Цэнд-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч бид хоёр 2014 оны 5 сард анх танилцаад, оёх машин байна гэж тайлбарлаж хэлээд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр анх гэрээ байгуулаад урьдчилгаа төлбөргүйгээр, ямар нэгэн хүүгүйгээр гэрээ байгуулаад сайн үзэж хараад аваарай гэж хэлсэн. Тухайн үед хатгамлын машиныг хүйтэнд асаах боломжгүй байсан учраас мэргэжлийн хүмүүсээс асуугаад асааж болох уу гэхэд асааж болохгүй гэсэн. Тэгэхээр нь би дулаан газар хоёр гурван хоног хонуулаад асаагаарай гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 01 дүгээр сарын дундуур нэхэмжлэгч хатгамлын машиныг ачиж явсан. Түүний дараа 2015 оны 05 дугаар сард над руу үүнийг үзүүлээд өгөөч ээ гээд ярьсан. Би тэр үед н.Ганбаатар гэж хатгамлын залууг явуулахад дэлгэц нь болохгүй байна гэсэн. Би дэлгэцийг нь  7 сард янзлуулж өгсөн. Хэсэг таг болж байгаад 2015 оны 9 дүээр сард ахиж залгаад н.Ганбаатартай уулзуулж өгөөч ээ гэхэд нь н.Ганбаатарыг дуудаж энэ 2 хүнийг уулзуулж өгсөн. Би энэ гэрээнээс гадна аман гэрээгээр би машиныг засварчныг нь олж өгье, засварынх нь төлбөр мөнгө бүх гарах зардлыг энэ хүн гаргахаар тохиролцсон. Би мөнгөө авах гээд залгахад утсаа авахгүй, н.Ганбаатар гэдэг залуутай хэл амаа ололцохгүй байна гэсэн. Түүний дараагаар би утасны зүү дагалдах хэрэгслийг нь бүгдийг нь өгч явуулсан. Нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 15.000.000 төгрөгөөр 2 жил буюу 24 сарын хугацаатайгаар хүү алданги тооцохгүйгээр сарын 625.000 төгрөг төлөхөөр уг гэрээг хийсэн. Гэрээг хийхдээ машиныг ачихад өндөр зардал гардаг учир эргэж буцалтгүй шийдээрэй, дараа нь ийм тийм юм ярьвал хэрэггүй шүү гэж хэлээд хоёр гурван ч удаа үзүүлсэн. Марк загвар нь зөрөөд байна гээд яриад байгаа. Энэ хүн надтай  гэрээ хийхдээ Норд маркын машинтай адилхан маркын машин байгаа гэж хэлсэн. Одоо болохоор чи надад Норд маркын машин гэж хэлсэн биздээ гээд гүжирдсэн. Утсаар яриад юм хэлэх гэхээр өмнөөс хашгираад, зөрүүлээд юм хэлэхээр чи намайг дарамталлаа гэдэг. Миний хүсэж буй зүйл бол миний мөнгийг гаргуулж өгөөч гэж хүсэж байна. Гэрээнд зааснаар 2016 оны 03 дугаар сарын 20-ноос 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 15.000.000 төгрөгөө 24 сард хуваахад 625.000 төгрөг болж байгаа, энэ хугацаанд 6.250.000 төгрөг гарч байгаа. Өмгөөлөгчөөс асуухад гэрээний хугацаа дуусаагүй тул бүх мөнгөө нэхэмжилж болохгүй гэсэн учир би өмнөх төлөгдөөгүй байгаа 10 сарын мөнгийг нэхэмжилж байна. Би энэ хүнээс нэг төгрөг ч аваагүй. Ийм учраас энэ хүнээс миний мөнгийг гаргуулж өгнө үү. Би н.Ганбаатарыг санал болгосон болохоос биш тэр хүнээр засуул гээгүй. Өөр хүнээр ч засуулж болно. Энэ хүн надруу ярихад нь би хэлсэн. Та 2 хоорондоо гэрээ хийгээд явбал бүх юм болно гэж хэлсэн. н.Ганбаатар өөрөө ярихдаа энэ хүнийг гэрээ хийхгүй байна гэж хэлж байсан. Би энэ хүнд боломжийг олгосон. Машины зүү утас оёж байсан хэрэгсэл,  хатгаж байсан компьютерээ хүртэл өгье, бүр болохгүй бол борлуултан дээр чинь туслая гэж хэлж байсан. Би хариуцагчаас нэг төгрөг ч нэхээгүй, нэг төгрөг ч аваагүй. Би зөндөө боломж олгосон гэж бодож байна. Яагаад гэвэл би машинаа урьдчилгаагүй өгсөн, хүү алданги гэж аваагүй, машиныг очоод үзэхэд зэвэрсэн юм байгаагүй, авах боломжгүй машин байсан бол авахгүй байж болох байсан гэтэл ачаад явсан. Надад өөрөө тайлбарлахдаа манай байшин том би дээрээс нь түрээс төлөх шаардлагагүй гэсэн. Одоо болохоор энэ хүн би сар болгон 250.000 төгрөг төлдөг дээрээс нь энэ түрээсийг төл дээрээс нь энэ машинаа ав гэсэн. Би энэ хүнд өчнөөн тайлбарласан, эргэж буцалтгүй шийдээрэй гэж 5, 6 сарын турш өчнөөн хэлсэн. Энэ машиныг ингэж ажиллуулбал ингэнэ, ийм ашигтай гэж өчнөөн олон тайлбарласан. Энэ хүн ажиллуулах сонирхолгүй байна гээд эхнээсээ хэлсэн бол арай өөр байх байсан байх л даа. Түүнээс биш н.Ганбаатар гэдэг хүн бол манай ажилчин заавал энэ хүнээр засуул гэж хэлээгүй. Та 2 хоорондоо гэрээ байгуул гэж хэлсэн. Би тэр хүний тухай мэдэх боломжгүй, чимээгүй байж байгаад 5 сарын дараа гэнэт залгаснаа машин эвдэрлээ гэж залгасан. Би дэлгэцийг нь засуулаад өгсөн. Үзэж хараад аваарай гээд 2, 3 удаа үзүүлж байгаад гэрээ хийсэн. Энэ хүн зун ачиж аваад явах боломж байсан. Гэтэл өвөл өөрөө ачиж аваад явсан. Намайг дарамталсан гэж яриад байгаа би гэрээ хий гэж дарамтлаагүй. Энэ хүн өөрөө засварчин олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь би н.Ганбаатарыг надтай хамтарч ажил хийдэг гайгүй хүн болохоор нь танилцуулж өгснөөс биш заавал энэ хүнээр засвар хийлгэ гэж хэлээгүй. Энэ хүн өөрөө мөнгөө гаргаж байж өөр хүнээр засуулж болох боломжтой гэв.

Хариуцагч Б.Цэнд-Аюуш шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бараа бүтээгдэхүүн худалдан, худалдан авах гэрээний шаардлага хангагдаж, машин ажиллаад эхлэх юм бол би энэ мөнгийг төлөхөд бэлэн байна. Гэвч уг гэрээ хангагдаагүй учраас ямар ч төлөх боломж үүсээгүй. Нэхэмжлэгчийн өөрийнх нь танилцуулсан засварчин бол гэрээ хийе гэхэд, засаад өгөөч гэхэд тэгээгүй. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр н.Ганбаатартай өдрийн 13 цаг 50 минутад ярихад орой 19 цаг 00 минут гээд уулзъя гэсэн. 19 цаг гээд очиход орой болсон байна гэрээгээ хийж чадахгүй гэсэн. 21 цагаас 24 цаг хүртэл машиныг үзэж байгаад маргааш засвараа хийе, зэв арилгагч аваад ирье гээд 250.000 төгрөг бэлнээр аваад явсан. Маргааш орой нь утсаар залгахад “маргааш засъя” гэдэг хариу өгсөн. Дараа нь ахиад 2 хоног болоод ирэхгүй болохоор нь та хэзээ завтай болох вэ  гэхэд би өөрөө цаг заваа хэлнэ гэсэн. Заавал хурдан засах хэрэгтэй байна гэхэд заавал гэдэг асуудал байхгүй гээд мессэж бичсэн байсан. Ирээд ядаж 250.000 төгрөгний үйлчилгээгээ үзүүлээч гэхэд мөнгө хүрэхгүй байна 50.000 төгрөг нэмж авья гэдэг мессэж бичсэн. Дараа нь 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэзээ завтай болох вэ гээд мессэж бичихэд зав алга завтай болохоороо засаад өгье гэдэг. Тэгээд засаж өгөөгүй надад мессежүүд нь байгаа. Энэ байдлаа С.Чинбатад танилцуулахад чи ямар сонин юм гээд өөдөөс утсаар учиргүй загнаад байсан. Би айгаад ахиж ярьж чадаагүй утсыг нь ч авч чадаагүй. Дараа нь би бичгээр надаас ийм зардлууд гараад байна хоёулаа худалдах-худалдан авах гэрээгээ болих юм уу гэхэд шүүхээр шийдүүлье гэж хэлээд шүүхэд өгсөн байна лээ.  Гэрээгээ хангавал би машинаа засуулаад мөнгөө төлбөл төлнө, гэрээгээ хангаж чадахгүй бол би мөнгийг нь өгч чадахгүй. Би засвар хийлгүүлэх гээд н.Ганбаатарт 250.000 төгрөг өгсөн. Шинжээч хэлсэн машиныг засах боломжтой засварын хөлс 800.000 төгрөг орчим болох байх гэсэн. Засварчны бэлд гэсэн бүх материалыг бэлдээд тавьсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа. С.Чинбат өөрөө засаж өгнө өө гэвэл би засуулаад авья. Би н.Ганбаатарт 250.000 төгрөг өгсөн болохоор тодорхой хэмжээний засварыг хийлгэмээр байна. С.Чинбаттай танилцаад 2015 оны 05 сард танилцаад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээ хийсэн. Ачилт бол 2016 оны 01 сарын 26-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хийгдсэн. Машиныг тухайн үед ажиллуулах боломжгүй, халаалттай байранд багтахгүй байсан учир халаалтгүй айлын байшинд цонх ханыг нь нурааж байгаад оруулаад буцаагаад ханыг нь шавардсан. Оруулчхаад царцуу машиныг асаах боломжгүй, галлагаа хийгээд ч боломжгүй гэсэн учраас 5 сард гэсээд ирэхээр нь засварчинг дуудаад үзүүлтэл дэлгэц нь эвдэрсэн байна гэсэн. Тэгээд С.Чинбатад хэлэхэд 2016 оны 07 дугаар сарын сүүлчээр дэлгэцийг нь засаж өгсөн. н.Ганбаатар ирж үзээд дэлгэц нь ажиллаж байна гээд явсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр засвар хийхээр болсон ч одоо хүртэл засаагүй. Тухайн үед засварын төлбөр 250.000 төгрөгөөс 300.000 төгрөг болох байх гэсэн. Би н.Ганбаатарт чи ерөөсөө үнээ хэл би хэлсэн мөнгийг чинь өгье гэсэн. Миний хувьд яагаад өөр засварчин сонгоогүй вэ гэвэл би нэг ч төгрөг төлөөгүй учраас хүний машиныг өөр хүнээр засуулаад яах вэ л гэж бодсон. Надад бол хатгамлын машиныг мэдэх таньдаг засварчин байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Чинбат хариуцагч Б.Цэнд-Аюушид холбогдуулан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хатгамлын машины үнэ болох 10 сарын төлбөрт 6.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.Чинбат нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээг байгуулж Хятад улсад үйлдвэрлэсэн 24 толгойтой “Nord” маркийн шинэвтэр, 8,3 метр урттай хатгамлын машиныг 15.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүр 625.000 төгрөгийг 24 сарын хугацаанд багтаан төлж дуусгахаар тохиролцсон тул 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 10 сарын хугацааны 6.250.000/625.000х10/ төгрөгийг хариуцагч Б.Цэнд-Аюушаас гаргуулна гэж шаарддаг. Нэхэмжлэгч тайлбарлахдаа уг хатгамлын машиныг анхнаасаа худалдан авагчийг сайн үзэж харж аваарай гэж хэлж байж, 2 удаа ирж үзээд худалдсан, 2016 оны 01 дүгээр сард худалдан авагч Б.Цэнд-Аюуш ачаад аваад явсан, 2016 оны 05 дугаар сарын дундуур дэлгэц нь ажиллахгүй байна гэхээр нь 2016 оны 07 дугаар сард засуулж өгсөн, үүнээс хойш худалдан авснаас хойш хатгамлын машины үнэнд нэг ч төгрөг төлөөгүй, одоо хариуцагчаас гэрээгээр тохиролцсоны дагуу 10 сарын хугацааны 6.250.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, би хариуцагчийг хуурч, дарамталсан зүйлгүй гэж маргадаг.

            Харин хариуцагч Б.Цэнд-Аюуш нь худалдагч худалдах худалдан авах гэрээний дагуу эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгө худалдах ёстой боловч ажиллаж эхлээгүй хатгамлын зэвтэй машин надад худалдсан, засаж өгнө гээд засварлаж өгөөгүй, шинжээч 800.000 төгрөгөөр засах боломжтой гэсэн, засаад өгвөл би худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн, үгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба С.Чинбат нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б.Цэнд-Аюуштай худалдах худалдан авах гэрээг байгуулж, Хятад улсад үйлдвэрлэсэн 24 толгойтой Норд маркийн шинэвтэр /8.3 метр урттай/ хатгамлын машиныг 15.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор сар бүр 625.000 төгрөгийг 24 сарын хугацаанд багтааж төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч С.Чинбат нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2016 оны 03 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сар хүртэлх хугацааны 10 сарын 625.000 төгрөгөөр тооцон 6.250.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах тухай гэрээг хийсэн талаар зохигчид маргахгүй байгаа бөгөөд энэ гэрээ ёсоор худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч үнийг төлж, эд хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээдэг байна. Гэрээ ёсоор Б.Цэнд-Аюуш хатгамлын машиныг хүлээн авч, үнийг төлөх үүргийг хүлээсэн байна, уг үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогддог.

Хариуцагч нь уг гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь хатгамалын машин нь ажиллах боломжгүй, зэвэнд идэгдсэн тул үнийг төлөхгүй байгаа гэж маргадаг. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулсан ба “Хөрөнгийн үнэлгээний төв”-ийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлтэд маргалдаж буй хатгамлын машин нь Норд маркийн машин биш байна. Уг машин БНХАУ-д үйлдвэрлэсэн GEMSY маркийн машин болно гээд механик эвдрэлгүй, техникийн үйлчилгээ хийхэд хэвийн ажиллах боломжтой, ашиглах боломжтой, худалдагчийн өмчлөлд байх үед хадгалалтын журам зөрчсөнөөс зэвэрсэн, зэв нэлэнхий биш, толбо маягаар тогтсон борооны усны дуслаар үүссэн, зэвийг арилгах боломжтой, тус машины бүх толгойнууд жигд хэвийн ажиллах боломжтой, компьютер, удирдлагын систем хэвийн ажиллах боломжтой, иж бүрэн техникийн үйлчилгээг хийх шаардлагатай талаар дүгнэлт гаргасан байна.

Хариуцагч Б.Цэнд-Аюуш нь уг хатгамлын машиныг 2016 оны 01 дүгээр сард өөрийн зардлаар ачилт хийж хүлээн авсан байдаг. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан байх ба уг хатгамалын машины маркийн талаар зохигчид маргаагүй, машиныг хэн аль нь анхнаасаа биетээр үзэж гэрээг урьдчилан байгуулж, эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогддог.

Хариуцагч эд хөрөнгө доголдолтой гэж үзэж маргадаг хэдий ч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар чанарын талаар тохиролцоогүй бол ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан байх тул уг хатгамлын машин нь ашиглах боломжтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзлээ.

Худалдан авагч Б.Цэнд-Аюуш нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээ цуцлах шаардлагаас гаргах эрхтэй хэдий ч уг шаардлагуудыг гаргасан эсэхээ нотлоогүй, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Түүнчлэн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан 2016 оны 01 дүгээр сараас хойш доголдлыг илрүүлснээс хойш   6 сарын дотор  баталгаат болон гомдлын шаардлага гаргаагүй болох нь тогтоогддог.

Мөн түүнчлэн худалдан авагч Б.Цэнд-Аюуш нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байхдаа эд хөрөнгийг хүлээн авсан, эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж шүүх үзэв.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Цэнд-Аюушаас худалдах, худалдан  авах гэрээний үнэ төлөх үүрэгт 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 10 сарын хугацааны сар бүр төлөх 625.000 төгрөгийг 10 сараар тооцон 6.250.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудсанд авагдсан баримтыг хэрэгт хамааралгүй гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Цэнд-Аюушаас 114.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Чинбатад олгохоор шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар шинжээч томилон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар дүгнэлт гаргуулсан тул шинжээчид төлөх ажлын хөлсийг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Цэнд-Аюушаас 220.000 төгрөг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Цэнд-Аюушаас худалдах, худалдан  авах гэрээний үүрэгт 6.250.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Чинбатад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Цэнд-Аюушаас 114.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Чинбатад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Цэнд-Аюушаас 220.000 төгрөг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БАЯРМАА