Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/01588

 

 

 

 

 

2017 07 18

1588

 

 

С.Чинбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/01119 дугаар шийдвэртэй С.Чинбатын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Цэнд-Аюушд холбогдох

Бараа, бүтээгдэхүүн худалдан, худалдан авах гэрээний үүрэгт 6 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Чинбатын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би Б.Цэнд-Аюуштай 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сар бүр 625 000 төгрөг төлөхөөр тохиролцож, хатгамлын машинаа өгсөн. Тухайн үед хатгамлын машиныг хүйтэнд асааж болохгүй байсан тул дулаан газар хоёр гурван хоног хонуулаад асаагаарай гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 01 дүгээр сарын дундуур Б.Цэнд-Аюуш хатгамлын машиныг ачиж явсан. Түүний дараа 2015 оны 05 дугаар сард над руу үүнийг үзүүлээд өгөөч гэж ярьсан. Би тэр үед н.Ганбаатар гэж залууг явуулахад дэлгэц нь болохгүй байна гэхээр нь 7 сард засуулж өгсөн. 2015 оны 9 дүгээр сард ахиж залгаад н.Ганбаатартай уулзуулж өгөөч гэхэд нь н.Ганбаатарыг дуудаж энэ 2 хүнийг уулзуулж өгсөн. Би энэ гэрээнээс гадна аман гэрээгээр засварчныг нь олж өгье, засварынх нь төлбөр, гарах зардлыг энэ хүн гаргахаар тохиролцсон. Түүний дараагаар би утасны зүү дагалдах хэрэгслийг нь бүгдийг нь өгч явуулсан. Би хатгамлын машинаа урьдчилгаагүй өгсөн, хүү алданги гэж аваагүй. Машиныг очиж үзэхэд зэвэрсэн юм байгаагүй, авах боломжгүй машин байсан бол авахгүй байж болох байсан гэтэл ачаад явсан. Бидний байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй тул өмнөх төлөгдөөгүй 10 сарын мөнгийг нэхэмжилж байна. Би энэ хүнээс нэг төгрөг ч аваагүй. Ийм учраас энэ хүнээс миний мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Цэнд-Аюушийн тайлбарт: Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний шаардлага хангагдаж, машин ажиллах юм бол би мөнгийг төлөхөд бэлэн байна. Гэвч уг гэрээ хангагдаагүй учраас ямар ч төлөх боломж үүсээгүй. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр н.Ганбаатартай оройн 19 цагт уулзахаар очиход орой болсон байна гэрээгээ хийж чадахгүй гэсэн. 21 цагаас 24 цаг хүртэл машиныг үзэж байгаад маргааш засвараа хийе, зэв арилгагч аваад ирье гээд 250 000 төгрөг бэлнээр аваад явсан. Маргааш орой нь утсаар залгахад маргааш засъя гэдэг хариу өгсөн. Дараа нь ахиад 2 хоног болоод ирэхгүй болохоор нь та хэзээ завтай болох вэ гэхэд би өөрөө цаг заваа хэлнэ гэсэн. Ирээд ядаж 250 000 төгрөгийн үйлчилгээ үзүүлээч гэхэд мөнгө хүрэхгүй байна 50 000 төгрөг нэмж авья гэдэг мессэж бичсэн. Тэгээд засаж өгөөгүй надад мессежүүд нь байгаа. Энэ байдлаа С.Чинбатад танилцуулахад чи ямар сонин юм гээд өөдөөс утсаар учиргүй загнаад байсан. Би засвар хийлгүүлэх гээд н.Ганбаатарт 250 000 төгрөг өгсөн. Шинжээч хэлсэн машиныг засах боломжтой засварын хөлс 800 000 төгрөг орчим болох байх гэсэн. 2015 оны 05 сард С.Чинбаттай танилцаад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээ хийсэн. 2016 оны 01 сарын 26-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд ачилт хийгдсэн. Машиныг тухайн үед ажиллуулах боломжгүй гэсэн учраас 5 сард дулаан ороход засварчин дуудаад үзүүлтэл дэлгэц нь эвдэрсэн байна гэсэн. С.Чинбат 2016 оны 07 дугаар сарын сүүлчээр дэлгэцийг нь засаж өгсөн. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр засвар хийхээр болсон ч одоо хүртэл засаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Монгол улсын иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Цэнд-Аюушаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Чинбатад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114 950 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Б.Цэнд-Аюушаас 114 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Чинбатад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Цэнд-Аюушаас 220 000 төгрөг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Жилийн өмнө эрх нь түдгэлзээд Сангийн Сайдын 2017 оны тушаалаар эрхээ хасуулсан эрхгүй этгээдийн үнэлгээг үндэслэн шийдвэр гаргасан. Шүүх эрхээ хасуулсан шинжээч /мэргэжлийн биш этгээд/ ашиглах боломжтой гэсэн нь эрхийн доголдолгүй гэж үзжээ. Эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үед доголдолтой байх юм бол доголдолтой гэж үзэхээр тайлбарласан байдаг. Тэгэхээр бодит байдал дээр эд хөрөнгө шилжүүлэх үед доголдолтой байсан ба худалдагч тал доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй байна. Хуульд доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан этгээд доголдлыг засахаар тохиролцоогүй тохиолдолд худалдагч тал энэ үүргийг биелүүлдэг. Хэрэв эрхгүй үнэлгээчний хэлсэн 800 000 төгрөгөөр тухайн хөрөнгө засагдахгүй байвал хэн хариуцлага хүлээх вэ? Тохиролцооны зүйл нь худалдан авагч тал тухайн техникийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулалтаараа төлбөрөө хэсэгчлэн хийхээр тохирсон байна. Гэтэл тухайн техник нь өнөөдрийн байдлаар өдөр бүр муудан зэвэрч байгаа, ямар ч ашиглах боломжгүй, агуулахад хадгалагдсан төмрийн хаягдал гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин хянуулахаар буцаах буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.Чинбат нь хариуцагч Б.Цэнд-Аюушд холбогдуулан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд Хятад улсад үйлдвэрлэсэн 24 толгойтой Норд маркийн шинэвтэр хатгамлын машиныг шилжүүлэх, хариуцагч нь машины үнэ 15 000 000 төгрөгийг 24 сарын хугацаанд сар бүр 625 000 төгрөг төлж дуусгахаар харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээний үүргийн биелэлтийн талаар талууд маргаан үүсгэж, нэхэмжлэгч нь хатгамлын машины төлөгдөөгүй үнэ 6 250 000 төгрөг шаардсан бол хариуцагч хатгамлын машин ажиллах боломжгүй, зэвэнд идэгдсэн байсан гэж доголдлын талаар маргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь гэрээний зүйл болох Норд маркийн хатгамлын машиныг ашиглах боломжтой эсэх, эвдрэл үүссэн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, шинжээчийг Сангийн сайдын 2017 оны тушаалаар шинжилгээ хийх эрхээ хасуулсан, шинжилгээ хийх эрхгүй этгээд гэж давж заалдах гомдол гаргажээ.

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг ойлгоно гэж, 15 дугаар зүйлийн 15.4.9-д Санхүү, эдийн засгийн чиглэлээр хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 3-аас доошгүй жилийн хугацаагаар олгоно гэж тус тус заасан байх ба хэрэгт Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүхээс уг шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлж, гэрээний зүйл доголдолтой эсэх, түүнийг засварлахад хэчнээн хэмжээний зардал гарах талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2017/01119 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Цэнд-Аюушийн төлсөн 114 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Т.ТУЯА

А.МӨНХЗУЛ