Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00764

 

МФ- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/02251 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 208 дугаар магадлалтай, 

МФ- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ш Н ХХК-д холбогдох, 

Зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс учирсан хохирол 95.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзсантай холбогдуулан 55.557.920 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч МФ- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани нь 2015 оны 5 сарын 14-ний өдөр Ш Н ХХК-тай №15/13 дугаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, XG955H маркийн CXG00955V001Е0802 шинэ хүнд даацын механизмыг тус компанитай харилцан тохиролцсоны дагуу боломжтой нөхцлөөр 6 сарын хугацаатай төлөхөөр хүлээлгэн өгсөн. Гэтэл Ш Н ХХК нь удаа дараа төлбөрөө төлөхгүй машин механизмыг нуун далдалсан ба бид 2016 оны 6 сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутгаас техникээ хайж олж авсан. Хариуцагч зээлийн хугацаанд сар бүрийн 15-ны өдөр төлбөр төлөх ёстой байсан боловч хугацааг хэтрүүлж үүрэг гүйцэтгэсэн ба 2015 оны 8 сарын 18-ны өдрийг хүртэл 28.450.57 ам.доллар төлсөн. Талуудын хооронд хийсэн гэрээний 3.11-д заасны дагуу худалдан авагч гэрээнд заасан хуваариас 14 хоног хэтэрсэн тохиолдолд худалдагч гэрээгээ цуцалж түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүссэн. Түрээсийн сарын төлбөр нэг бүрийн гэрээ хийх үеийн зах зээлийн ханшаар сарын 15 сая төгрөг болно. Уг гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу хийгдсэн. Хариуцагч 2015 оны 5 сарын 13-ны өдрөөс 2016 оны 3 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд уг хүнд механизмыг эзэмшиж ашиглаж элэгдэл хохирол учруулан их хэмжээний алт олборлосон. Манай компани техникийн байгаа газрыг эрж хайн, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас хойш алтны орд газраас олж авах үед техник тоногдсон, дугуй 2 ширхэг аккумлятор нь алга болсон, эрс хуучирсан байсан. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.1, 222.4, 222.7 дахь хэсэгт заасныг үндэслэн үүссэн хохирлоо 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжилж байна. Хариуцагч үүргээ биелүүлсэн бол манай компани гадаад нийлүүлэгчийн их хэмжээний өрөнд орохгүй, түрээслэгчийн эзэмшилд байх хугацаанд 150 сая төгрөгийн орлого олох байсан. Иймд хариуцагчийн төлсөн 28.450 ам.долларыг орлогод тооцож, 2015 оны 8 сарын 18-ны өдрөөс 2016 оны 3 сар хүртэл буюу дунджаар 6 сар түрээслэн ашигласан төлбөр 90.000.000 төгрөг, дугуй 1 ширхэг, аккумлятор 2 ширхэг, томилолтын зардал 5.000.000 төгрөг, нийт 95.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш Н ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Талууд 2015 оны 5 сарын 15-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 57.000 ам.долларын үнэтэй авто ачигчийг шилжүүлж, хариуцагч төлбөрийг графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Дээрх зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч нь худалдан авагчийг үнэ төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны турш хэсэгчлэн төлөх үүргийг хүлээдэг. Гэрээний 3.11-т худалдан авагч гэрээний 3.2-д заасан хуваариас 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд худалдагч гэрээг цуцалж түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүссэн. Түрээсийн сарын төлбөр нэг бүрийн гэрээ хийх үеийн зах зээлийн ханшаар сарын 15.000.000 төгрөг болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч энэхүү заалтыг үндэслэн хариуцагчаас нийт 150.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэрээнд түрээсийн гэрээний зохицуулалтыг тусгасан бөгөөд ингэхдээ санхүүгийн түрээсийн гэрээ эсхүл түрээсийн гэрээний алинд хамаарах нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл худалдан авагч нь түрээсийн төлбөр төлснөөр авто ачигчийг өөрийн өмчлөлд шилжүүлж авах эрх үүсэх эсэхийг гэрээнд тусгаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөр шаардахын тулд талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байх шаардлагатай боловч түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Иймд худалдагч нь түрээсийн төлбөр шаардах эрхгүй. Мөн худалдан авагч нь гэрээний урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь төлсөн тул худалдагч нь гэрээний 3.11-т заасан эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй. Нэхэмжлэгч нь авто ачигчийг хураан авахтай холбоотой гарсан зардал гэж 5.000.000 төгрөгийг нэхсэн ба үүнд 1 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, томилолтын зардал багтсан. Гэтэл хохирол зардлыг нотлохоор гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Үүнд нэхэмжлэгч нь МФ- ХХК боловч зардлын баримтууд нь Монтрак групп ХХК-ийн нэр дээр гарсан, авто ачигчийг хурааж авсан өдөр нь 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэх боловч томилолтын зардлын баримтууд нь тухайн өдрөөс хойш огноотой, зарим баримтууд маш бүдэг, хуучирсан учир огноо, дүнг нь тодорхойлох боломжгүй, тооцооны хуудас огноогүй, мөн Хэнтий аймгаас төхөөрөмж худалдаж авсан хэрнээ Говьсүмбэр аймгийн цайны газарт хоол идсэн баримт хавсаргасан, Шакман моторс ХХК-аас дугуй аккумлятор худалдаж авсан зарлагын баримтыг хавсаргасан хэдий ч тухайн баримт нь авто ачигчийг хурааж авсан өдрийн огноотой, мөн яг бодитоор худалдаж авсан эсэх нь зөвхөн тухайн зарлагын баримтаар нотлогдохгүй. Мөн авто ачигчийг хураан авах үед нэг дугуй болон 2 аккумлятор байхгүй байсан гэх боловч эдгээр эд ангиуд байхгүй байсан нь эргэлзээтэй. Учир нь хурааж авахдаа Ш Н ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчдийг байлцуулаагүй. Иймд хариуцагчийн хувьд бодит бус буюу шаардлага хангасан баримтаар нотлогдохгүй зардал, хохирлыг хариуцах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Талуудын байгуулсан 15/013 тоот гэрээний дагуу Ш Н ХХК нь нийт 28.450.57 ам.доллар буюу 55.557.920 төгрөгийг МФ- ХХК-д шилжүүлсэн. 2015 оны 9 сард олборлолтын техникүүд эвдэрсэн, геологийн үр дүн батлагдаагүй, цаг агаар хүйтэрсэн зэрэг хүндрэлтэй байдлын улмаас олборлолтын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болж, авто ачигчийн төлбөрийг төлөх бололцоогүй болсон. Энэ тухайгаа МФ- ХХК-д удаа дараа мэдэгдэж, гэрээний төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Гэтэл 2016 оны 3 сарын 12-ны өдөр МФ- ХХК-ийн ажилтнууд ямар нэг урьдчилсан мэдэгдэл өгөлгүйгээр манай компанийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байрлах уурхай дээр очиж авто ачигчийг хүчээр авч явсан. Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг бидэнд авто ачигчийг хурааж авсанаас хойш буюу 2016 оны 3 сарын 31-ний өдөр өгсөн. Хэдий гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн ч авто ачигчийг буцаан авсан үйлдэл нь гэрээнээс татгалзах хүсэл зоригтой, гэрээнээс татгалзсан нь харагдана. Иймд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь гэрээнээс татгалзсанаар талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх нөхцөл байдал үүссэн тул МФ- ХХК-д төлсөн нийт 55.557.920 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч МФ- ХХК-ийн нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Хариуцагч тал техникээ буцаан авсан үйлдлийг Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан, харилцан өгсөн авсан зүйлээ буцаан өгөх үүрэгтэй гэх үндэслэлээр манайд төлсөн 55.557.920 төгрөгийг нэхэмжилсэн байна. Бидний байгуулагдсан гэрээний зүйлийн онцлог шинж болох хүнд даацын техник, худалдах үнэ өртөг өндөр, зээлээр худалдаж байгаа зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан сайн дурын үндсэн дээр байгуулагдсан гэрээний 3.11-д түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ гэж заасан. Хариуцагч тал төлбөрөө төлөхгүй байсан тул бид цуцалснаас учирсан хохирлоо түрээсийн төлбөрөөр жишин шаардаж байгаа тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/02251 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш Н ХХК-аас 95.000.000 гаргуулах тухай МФ- ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д заасны дагуу нэхэмжлэгч МФ- ХХК-аас 55.557.920 төгрөг гаргуулах тухай Ш Н ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 655.220 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435.740 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 208 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/02251 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...МФ- ХХК болон Ш Н ХХК-ийн хооронд 2015 оны 5 сарын 14-ний өдөр 15/013 дугаартай зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, 2014 онд үйлдвэрлэгдсэн шинэ авто ачигчийг 57.000 доллараар худалдахаар болсон. Гэрээний урьдчилгаа төлбөр 7.680,5 долларыг гэрээ байгуулсан өдөр авч, үлдэгдэл 49,319.5 ам долларыг сарын 2 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаанд хуваарь гаргаж, төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Мөн дурдсан хуваариас 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд худалдагч тал гэрээг цуцлаж, түрээсийн зүйлийг ашигласан хугацаанд сарын төлбөр 15.000.000 төгрөгөөр тооцож шаардах эрхтэй байхаар гэрээний 3.11-д зохицуулсан. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг талууд чөлөөтэй тохиролцож хийсэн тохиролцоо болно. Гэрээний 3.11 дэх заалт нь хэрэв худалдан авагч гэрээний зүйлийн үнийг заасан хуваариар төлөөгүй, гэрээний зүйлийг ашиглаж байх үед худалдагч өөрт учирсан хохирол эрсдлээ тооцож, хэрхэн шийдвэрлэх талаар талууд тохиролцож хийсэн агуулгатай зохицуулалт юм. Бид яг энэ агуулгаар хийсэн гэрээ байгуулж, ижил утгатай маргааныг анхан, давх, хяналтын шатны шүүхээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээ хийсэн байгаа тул худалдагч тал худалдан авагчаас төлбөр шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх өөрийн өмнө нь тайлбарласан хуулийн зүйл заалтыг дахин өөрөөр тайлбарлаж байгаа нь хуулийг нэг мөр ойлгох, хоёрдмол утгаар ойлгохгүй байх зэрэг хуулийн агуулгатай зөрчилдөж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс худалдан авагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн байна гэж дүгнэсэн атлаа худалдагч талын гэрээнээс татгалзах хүртэлх энэ хугацаанд эд хөрөнгөө ашиглах байсан боломжоо үнэлж шаардах эрхээ бид гэрээний 3.11 дэх зохицуулалтаар тохиролцсон. Худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэрээний зүйлийг 10 сарын турш өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаснаа хүлээн зөвшөөрсөн, мөн нэг сарын төлбөрийг 15.000.000 төгрөгөөр тооцох талаар хэлэлцэн тохиролцсон байхад шүүхээс энэ төлбөрийг гаргуулах боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч МФ- ХХК нь хариуцагч Ш Н ХХК-д холбогдуулан, зээлээр худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол 90.000.000 төгрөг, гэрээний зүйлийг муутгасны зардал 5.000.000 төгрөг, нийт 95.000.000 төгрөг  гаргуулах нэхэмжлэл, хариуцагч нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаас хэлцлээр шилжүүлсэн 55.557.920 төгрөг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг зохигч хэн аль нь зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх үндсэн, сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

МФ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ын шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хангуулах, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Төлбөрийг тодорхой цаг хугацааны дараа эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөхөөс гадна гэрээнд хүү төлөхөөр тохиролцсон нь зээлээр худалдах-худалдан авах гэрээг тодорхойлох нэг шинж болохыг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан байна.

Гэрээгээр МФ- ХХК нь Ш Н ХХК-д хүнд даацын машин механизмыг 57000 ам.доллараар худалдах, төлбөрийг 6 сард хэсэгчлэн 2 хувийн хүүтэй төлөхөөр талууд тохиролцож, гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлсэн, худалдан авагч нийт 28.540 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 55.557.920 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй байна.

Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 14-ний  өдөр байгуулагдсан гэрээг  зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хариуцагчийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үүргийн зөрчлөөс нэхэмжлэгч МФ- ХХК нь гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг буцаан авсан байх ба   тэрээр учирсан хохирлын хэмжээг гэрээний 3.11-дэх заалтыг үндэслэн, түрээсийн төлбөрөөр жишиж тодорхойлон шаардах, хариуцагч шилжүүлсэн төлбөрөө буцаан шаардах эрхтэй эсэх нь тус тус зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар  хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн олон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

Дээрх зохицуулалтаар худалдагч МФ- ХХК нь хүнд даацын автомашинаа, худалдан авагч Ш Н ХХК нь шилжүүлсэн 55.557.920 төгрөгөө харилцан буцаах ёстой.

Гэвч хариуцагч Ш Н ХХК нь тодорхой хугацаанд машин механизмыг ашиглаж байсны хариу төлбөрийг мөнгөөр төлөх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д заасантай нийцнэ. Иймээс шүүх  дээрх хуулийн зохицуулалт болон гэрээний 3.11-т заасныг тайлбарлаж, хариуцагчийн гэрээний дагуу шилжүүлсэн 55.557.920 төгрөгийг нэхэмжлэгчид үлдээж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Шүүх хохирол 90.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзаж, учирсан хохирол зардлаа шаардах эрхтэй.

Шүүх хохирол гаргуулах боломжгүй гэж үзэхдээ зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн хүнд даацын машин механизмын үнэ, гэрээ байгуулагдсан, гэрээнээс татгалзсан цаг хугацаа, тухайн хөрөнгөө буцаан авсан болон худалдан авагчийн гэрээний зүйлийг ашигласан хугацааны үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчид үлдээж шийдвэрлэсэн, эд хөрөнгийн чанар байдал илтэд муудсан гэх үндэслэл тогтоогдоогүй байдал зэргийг харьцуулан дүгнэж, нэхэмжлэгчид хохирол учирсан нь нотлогдоогүй гэж үзсэн нь хэргийн баримтад үндэслэгджээ.

Түүнчлэн худалдсан зүйлээ буцаан авах үед дугуй, аккумляторыг муутгасан үндэслэлээр нийт 5.000.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны талаар шүүхийн хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийсэн, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/02251 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 208 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 632.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ