Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 951

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Алтанзогсоолын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/00376 дугаар шийдвэртэй, Ц.Алтанзогсоолын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Төрбаатарт холбогдох,

Гэм хорын хохиролд 3 015 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч өмгөөлөгч Б.Цолмон,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдинсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Алтанзогсоол нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр П.Төрбаатарт зодуулж гараа гэмтээлгэж, Испани улсаас худалдаж авсан өндөр үнэ бүхий гар утсаа булаалгаж, эвдүүлсэн бөгөөд тухайн өдрөө эрхээ хамгаалуулахын тулд харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан боловч хэргийг шалгахдаа хайнга, хайхрамжгүй хандсан. Эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Б.Цолмонг хөлслөн авч, албан ёсоор гэрээ байгуулан уг хэрэгт 8 сар ажиллаж, 2 000 000 төгрөгийг ажлын хөлс болгон авсан.

Үүнээс гадна хэрэг гардаг өдөр П.Төрбаатарт гараа мушгиулж гэмтэснээс болж, тодорхой хэмжээнд хөдөлмөрлөх чадвараа алдаж, эмчийн заавраар 7-10 хоног эм, тариа хэрэглэж 31 350 төгрөг, шүүх эмнэлэг, гэмтлийн эмнэлэг, цагдаагийн хэлтэс, өөрийн гэрт очих, явахад машин унааны шаардлага зайлшгүй гарч, машин жолооч хөлслөхөөс аргагүй байдалд хүрч УБЧ 70-96 улсын дугаартай, Верна маркийн машины жолооч Г.Билэг гэдэг хүнтэй өдрийн 10 000 төгрөгөөр тохиролцож, 5 хоногт 50 000 төгрөг, гэмтлийн зэрэг тогтоолгох болон рентген шинжилгээнд 23 000 төгрөг, “Теди” төвд гар утас засварын төлбөрт 300 000 төгрөг, орчуулгын төлбөрт 7500 төгрөг, нотариатын 4 100 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэмж төлсөн 100 000 төгрөг, иргэний хэрэгт оролцсон өмгөөлөлийн хөлс 500 000 төгрөг, нийт зардал 3 015 950 төгрөгийг хариуцагч П.Төрбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Төрбаатар миний бие “Номин электроникс” ХХК-д засварын төвийн дарга, ерөнхий инженерийн ажилтай. Ц.Алтанзогсоол манай дэлгүүрээс “Хитачи” маркийн хөргөгч худалдан авсан. Тэрээр миний өрөөнд үг хэлүүлэлгүй хашгирч, харааж, өрөөнөөс гарч яваад утасаараа бичлэг хийж, гадны хүн орох хориотой засварын цехэд орж бичлэгийг үргэлжлүүлж хийснийг хориглосон ч хүлээж аваагүй, зүй бус үйлдэл гаргаж танхайраад байсан учраас утсыг гараас нь шувтраад авсан.

Гэтэл цагдаа дуудна гээд явсан. Намайг гүтгэж, цагдаад удаа дараа байцаалгасан. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин утсыг цагдаагаас тогтоосон үнэлгээний дагуу 130 000 төгрөгийг төлж болох юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч П.Төрбаатараас 181 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Алтанзогсоолд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 2 834 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 6 090 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Ц.Алтанзогсоол нь Хан-уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, энэ үеэс би өмгөөлөгчөөр ажилласан. Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт хохирогч Ц.Алтанзогсоолын өмгөөлөгчөөр оролцон ажилласан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Ц.Алтанзогсоолын хувьд эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллуулсаны хөлсөнд 2 100 000 төгрөг, иргэний хэрэгт 500 000 төгрөгийг тус тус төлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Цагдаа, прокурорын байгууллага хэргийг жил шахам хугацаанд шалгаж, олон байцаагч дамжиж, хоёр прокурорын хяналтад байж, хэд хэдэн удаа хэрэгсэхгүй болгосон учир мэргэшсэн өмгөөлөгч авах зайлшгүй шаардлага гарч, эрүүгийн хэргээр мэргэшсэн өмгөөлөгч надтай гэрээ байгуулж, хөлс төлсөн. Ийнхүү ажилласны эцэст П.Төрбаатар гэм буруутайг тогтоосон ба өмгөөлөгч байгаагүй бол Ц.Алтанзогсоол хохирч, П.Төрбаатар үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө шийтгэл хүлээлгүй, ял завших байсан юм.

Олон сарын ажлын хөлс ердөө 2 000 000 төгрөгийг л авсан нь эргээд хоол унд, унааны хөлс, машины бензин тос зэрэгт зарцуулагдаж, ашиг гэх юм бараг гарч байгаагүй. Гэтэл шүүгч надаас 2 000 000 төгрөгийн ажлын хөлс авсан юм бол татвар төлсөн мөнгө чинь хаана байна гэж асуусан нь шүүгч өмгөөлөгчийн ажлын онцлог, амьдралаа хэрхэн авч явдаг, эхнэр хүүхдээ хэний мөнгөөр тэжээн тэтгэдэг, ашиг гэдэг зүйл байнга олдог уу, эсвэл олж чаддаггүй юу гэдгийг сайтар ухаарч мэддэггүй болох нь анзаарагдаж байсан. Тиймээс ч шүүх өмгөөлөгчийн хөлсийг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо.

Тэр ч байтугай нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримтуудыг хуурамч гэж үзэж, учирсан хохирлуудыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн.

Мөн зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах, шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааны нэг удаа хойшлуулах гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй бөгөөд хэргийн 10-15 дугаар талд авагдсан баримтыг эрүүгийн хэрэгт Ц.Алтанзогсоолын өмгөөлөгчөөр Б.Цолмон оролцож байсан гэх үйл баримтыг нотлохгүй гэж дүгнэн нотлох баримтыг хууль бусаар үгүйсгэлээ.

Иймд анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийн зарим хэсгийн хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, хэргийн оролцогчдын эрх зөрчигдөөгүй тул давж заалдах шатны шүүхээс нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Алтанзогсоол нь хариуцагч П.Төрбаатарт холбогдуулан гэм хорын хохиролд 3 015 950 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч эрүүгийн хэргийн журмаар тогтоогдсон утасны хохирол 130 000 төгрөгийг төлнө, үлдэх хэсэг нь үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Алтанзогсоол 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүрэгт байрлах “Номин холдинг” ХХК-ийн засварын төвд тус төвийн дарга ажилтай хариуцагч П.Төрбаатартай маргалдсан, энэ үед хариуцагч нэхэмжлэгчийн Samsung S3 загварын гар утсыг газарт унагасны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, улмаар  Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас өршөөгдөж, уг хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэм хорын хохирлыг шаардах эрхтэй талаар дүгнэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагаас 181 350 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж үзнэ.

Зохигчдын тайлбарыг хэрэгт авагдсан баримттай харьцуулан үзвэл нэхэмжлэгч Ц.Алтанзогсоол нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгийн хувьд хохирсон болох нь нотлогдсон байна.

Үүний улмаас эмнэлэгт үзүүлэх шинжилгээ хийлгэх, эм тарианы төлбөр зэрэгт нийт 54 350 төгрөг, орчуулгын төлбөр 7 500 төгрөг, нотариатын хөлс 4 100 төгрөг, автомашины хөлс 50 000 төгрөг, Samsung S3 загварын гар утасны эд анги солих, гэмтлийг засварлахад 300 000 төгрөг, иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа авах гэрээний дагуу ажлын хөлс 500 000 төгрөг өмгөөлөгчийн дансанд шилжүүлсэн талаарх нотлох баримтууд хуульд заасан шаардлагыг хангажээ. /хх17, 21, 22-23, 11 тал/

Нэхэмжлэгчээс гаргасан дээрх зардлууд нь хариуцагч П.Төрбаатарын гэм буруутай үйлдэлтэй шалгаант холбоотой болох нь тогтоогдсон тул нийт 915 950 төгрөгийг гэм хор учруулсны хохирол гэж үзэх бөгөөд хариуцагч эдгээрийг үгүйсгэж, холбогдох баримтыг гаргаагүй байна.

Тодруулбал хариуцагч зөвхөн утасны төлбөр 130 000 төгрөгийг эрүүгийн хэрэгт тогтоосон үнэлгээний дагуу төлнө гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул давж заалдах шатны шүүх хэргийн баримтын хүрээнд буюу дээрх хэмжээнд нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч эрүүгийн хэрэг шалгагдах явцад өмгөөлөгчид ажлын хөлс төлсөн “тасалбар” гэх баримтаар нэхэмжлэлийн шаардлагын 2 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд энэ талаар шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгахгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/00376 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “181 350” гэснийг “915 950” гэж, “2 834 600” гэснийг “2 100 000” гэж,

2 дахь заалтын “6 090” гэснийг “26 532” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.Алтанзогсоол уг нэхэмжлэл болон давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ                                                            

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА