Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 367

 

Иргэн Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 488 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0597 дугаар магадлалтай, иргэн Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар  сарын 04-ний өдрийн 488 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 327 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0597 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг хангаж, Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 327 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Газрын албанаас төлбөр төлөлтийн индекс дээр тус газрын төлбөрийг удаа дараалан төлөөгүй нь, мөн үйл ажиллагаа явуулах, үндсэн ашиглалт зориулалтын дагуу ашиглахгүй байгаа нь баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглахгүй байгаагаас төрд орох ёстой байсан хөрөнгө зогсож байгаа нь Дүүргийн Засаг даргын шийдвэр гаргахад түлхэц болсон юм. Газар эзэмшүүлэх гэрээний 5.5-д гэрээг хүчингүй болгох нөхцлийг тусгасан бөгөөд үүнд “газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгож газар дээрх хөрөнгийн эрхийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэхээр заасан төдийгүй Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж заасныг зөрчсөн бол цуцлах үндэслэл болох юм. Нэхэмжлэгч нь удаа дараа газрын төлбөрөө төлөөгүй байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анх Налайх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 542 дугаар захирамжаар тус дүүргийн 5 дугаар хороонд 30 га газрыг нисэх онгоцны буудлын зориулалтаар иргэн Д.Батчулуунд 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улмаар газрын хэмжээг 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаар захирамжаар 60 га болгон нэмэгдүүлсэн байна.

Д.Батчулуун эзэмшиж буй 60 га газраас 24 га-г иргэн Д.Бат-Эрдэнэд шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Налайх дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 438 дугаар захирамжаар Д.Бат-Эрдэнэд 24 га газрыг нисэх онгоцны буудлын зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлснээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсжээ.

Гэтэл Налайх дүүргийн Засаг дарга 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 327 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн иргэн Д.Бат-Эрдэнийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд энэ нь дараах үндэслэлээр хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохоор байна. Гэтэл Д.Бат-Эрдэнэд газар эзэмших эрх үүссэнээс хойш 1 жил 8 сарын дараа хариуцагч “2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь дээрх хуулийн заалттай нийцээгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Бат-Эрдэнэтэй 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.3-т зааснаар “газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор эзэмшүүлэгчийн ...тоот дансанд шилжүүлж байх” үүрэгтэй боловч нэхэмжлэгч 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөгийг газрын төлбөрт төлсөн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3.4-т “газар эзэмших гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх” гэж заасны дагуу 2011, 2012 онуудад газар эзэмшигч газрын төлбөрийг бүрэн төлсөн эсэх тооцоог нийлж, акт үйлдээгүй, гэрээг дүгнээгүй атлаа 2013 оны 1 дүгээр улиралд нэхэмжлэгч газрын төлбөр төлснийг үл харгалзан 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 327 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”: 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэснийг хариуцагч маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болгосон атлаа газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний болзол, нөхцлийг Д.Бат-Эрдэнэ хэрхэн зөрчсөн, зөрчлийг шалган тогтоосон зэргээ баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд, Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 327 дугаар захирамжаар Д.Бат-Эрдэнийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг  сонирхлыг зөрчсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0597 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                    ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН