Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/01254

 

 

 

 


 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/01254

Улаанбаатар хот

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо,  50 дугаар байрны 5 тоотод оршин суух Дэлгэр овогт Баатарын Сэдэд /ЕЮ 92061818/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хивсний 33/1 байрны 35 тоотод оршин суух Боргочуул овогт Энхбаярын Гантүлхүүр /РД: УУ91010628/-т холбогдох,

хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,  хариуцагч Э.Гантүлхүүрийн  охин С.Амирлангуаг өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сэдэд, түүний өмгөөлөгч О.Батцэцэг, хариуцагч Э.Гантүлхүүр, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Б.Сэдэд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Анх 2013 онд Э.Гантүлхүүртэй танилцаж бид хоёр оюутан байхаасаа үерхэж, манайхаар ирж очиж явсаар 2 жил гаран хугацаа болж байгаа бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр охин С.Амирлангуа маань төрж, тэр үеэс хойш манайд амьдарсан боловч Э.Гантүлхүүр бидний зан харьцаа тохирохгүй хоорондоо болон эцэг эхтэй маань таарч тохирохгүй болсны улмаас цаашид албан ёсоор гэр бүл болох боломжгүй юм байна гэдгээ ойлголцож, би эцэг эхтэйгээ, Э.Гантүлхүүр хүүхдээ аваад эхтэйгээ тус тусдаа амьдрах болсон. Охиноо төрөөд удаагүй байхад 2015 оны 4-5 сард манайд сар гаран болсны дараа би гадаад явах болж Э.Гантүлхүүр охиноо аваад явсан. Би гадаадаас 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эх орондоо буцаж ирснээс хойш Э.Гантүлхүүр бид хоёр тус тусдаа амьдарч байгаа. Саяханаас бид 2 охиноо хэн нь өсгөх талаар уулзаж ярилцаад охин С.Амирлангуаг түүний төрсөн эцгийн хувьд би асрамжиндаа авч өсгөхөөр болж тохиролцсон. Охин маань 11 сар ээжтэйгээ цуг амьдарч байсан л даа. 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдөр охиноо Э.Гантүлхүүрээс буюу ээжээс нь авсан. Охин маань тухайн үед өвчтэй, хайр халамж дутсан, их дорой байдалтай байсан.  Хүүхдээ эмнэлэгт үзүүлэхэд рахит гэсэн оноштой байсан. Рахит нь хоол тэжээлийн дутагдал, асрамж халамж дутсанаас үүсдэг өвчин юм байнаАнх хүүхэд 2 сартай байхад вакцин хийлгэхээс болоод анхны маргаан гарч надад уурлаад тэр уураа хүүхэддээ гаргаж хүүхдээ цонхоор шидэх гэж байсан. Би хүүхдээ авах гээд очсон чинь намайг зодох гэж дайрсан. Би өөрөөсөө холдуулж түлхсэн болохоос зодсон зүйл байгаагүй. Цагдаа дээр очсон боловч тоохгүй, эмнэлэг дээр очиж үзүүл гэсэн. Ер нь хүүхдээр түрий барьж надаас мөнгө авах сонирхолтой байгаа. Намайг жирэмсэн эхнэрээ зодсон гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн. Иймд би өөрийн охин С.Амирлангуаг өөрийн асрамжиндаа авч өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байх тул хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Гантүлхүүр шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Б.Сэдэд бид хоёр гэр бүл болж хамтдаа аз жаргалтай амьдрахыг хүсэж 2015 оны 03 дугаар сарын 22-нд охинтой болсон. Өөрийн төрсөн охин Сэдэдийн Амирлангуаг төрсөн эцэг болох Сэдэд болон төрүүлсэн эх Гантүлхүүр миний бие хамтдаа элэг бүтэн амьдруулахыг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч Э.Гантүлхүүр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Сэдэдтэй 2013 оны 12 дугаар сараас танилцаж, үерхэж эхэлсэн. Энэ  хугацаандаа нэхэмжлэгч нь муу ааш зангаа нууж байж байсан юм билээ. Жирэмсэн байхаас зодож эхэлсэн. 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бидний дундаас охин С.Амирлангуа төрсөн. Төрөөд 10 хоногтой байхад намайг зодож байсан. Мөн 2 сартай байхад хэвтэрт ортол минь зодож байсан. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Прокурорын тогтоолд тодорхой байгаа. Өөрөө туслахгүй байж аав, ээждээ загнуулсан уураа надад гаргадаг байсан. Цай уухаар яасан их цай уудаг юм, ядраад хэвтэхээр хэвтлээ гэдэг байсан. Дээр гарч суугаад зоддог, нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү зугтаж гүйхээр араас ирж зоддог байсан. Намайг төрөөд бие ядруу байхад гадаадад 3 сараар явж байсан. Охиндоо хайр, халамж тавьдаггүй, эцгийн хувиас нэг ч оролцоо байгаагүй л дээ. Энэ хугацаанд нь би хүүхдээ асарч байсан. Аргаа бараад ажилд орж ажил хийсэн. Манай ээжийг хамаатнууд нь зээгээ харах гээд очиход нь хөл гарыг нь хөхөртөл зодсон байсан. Хан-Уулын дүүргийн цагдаа нар Б.Сэдэдийг бүгд мэддэг. Нэхэмжлэгч Б.Сэдэд болон түүний эгч, дүү нар намайг удаа дараа зодож байсан л даа. Би Хүчирхийллээс хамгаалах үндсэний төвийн байранд 7 хонож байхад ирж дарамталдаг байсан. Гэр бүл ах дүүгээрээ надруу дайрч доромжилдог. Эднийд эмэгтэй хүн тайван байх арга байхгүй. Одоо болтол хүүхэдтэй минь уулзуулахгүй байна. Энэ хүнтэй байхад мөнхийн айдас, дарамттай байдаг. Иймд охиноо өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Э.Гантүлхүүр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Би өнгөрсөн хугацаанд шүүхийн шатанд дуугүй байж охиноо элэг бүтэн эцэгтэй байлгах гэж эвлэрэн хамтран амьдрах гэж оролдсон боловч Б.Сэдэд тийм хүсэл эрмэлзэлгүй хүн юмаа. Би нэхэмжлэгчээс нэг ч төгрөг аваагүй, авах ч үгүй. Б.Сэдэд нь угаасаа охиноо тэжээн тэтгэх үүрэгтэй. Би хүүхдээ бодоод эвлэрье гэж байсан боловч бүтээгүй. Энэ хүн өөрөө эвлэрэх саналыг хүлээн аваагүй. Охин төрөөд нэг сар хамт амьдарсан гэтэл энэ хугацаанд Б.Сэдэд нь намайг удаа дараа зоддог байсан. 2014 оны 11 дүгээр сард жирэмсэн 6 сартай байхад маргалдаж намайг сандлаас татаж унагаасны улмаас миний баруун хөл төрөх хүртлээ удаан хугацаагаар алхах болон явах үед хүндрэлтэй болж доголж явдаг болсон ба үүний улмаас төрөх үед хүндрэл өгч кесар хагалгаагаар төрсөн. Мөн 2015 оны 05 р сарын 27-ны өдөр Б.Сэдэдийн аав нь гадагш явах гэж байсан тул тэр үед сандралдаж яарч машины түлхүүр нь олдохгүй байна гэсэн шалтгаанаар надтай хэрэлдэж, дараа нь хүүхдийг эмнэлэгт үзүүлж вакцин хийлгэх гэж байсан. Гэтэл хурдал ямар удаан юм гэсээр хэрүүл хийж түүнээс бид маргалдаж эхлэхэд намайг алгадаж, хөшиглөж, боож багалзуурдаж хутга тулгаж хэвтэрт ортол зодсон. Тэр үед Б.Сэдэдийн ээж цагдаа дуудаж өгсөн. Миний бие 107 дугаар буюу хүчирхийлэлээс хамгаалах төврүү

утасдаж зөвлөгөө авах гэгээд утсаар ярихад хүчирхийлэлээс хамгаалах төвд байрла гэж зөвлөсний дагуу би охинтойгоо 14 хоног байсан. Тэгээд Сэдэд намайг зодсон хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж би шүүх эмнэлгээр гэмтлийн зэргээ тогтоолгож хөнгөн зэргийн гэмтэл тогтоож Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмтэл санаатай учруулсан юм. /2015 оны 05-р сарын 31-ний өдрийн 8251 тоот акт/ Ингээд нөхөр болох Сэдэд гэм буруугаа ухаарсан мэт үйлдэл гаргаж надад эм тариа авч өгч ая тал засаад байхаар нь итгэж гомдолгүй гэж цагдаагийн байгууллагаас гомдолоо татаж авсан учраас 2015 оны 07-р сарын 02-ны өдрийн 538 тоот прокурорын тогтоолоор хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа охин Амирлангуа надтай хамт байдаг байсан ба 2015.11.29-нд намайг ажилдаа явсан хойгуур ээжийн бие муудсан тул миний төрсөн ах болох Ганбаяр нь миний охиныг аавд нь түр хугацаанд хараад өгөөч гээд аав брлох Сэдэд аваачиж өгрөн. Тэгээд би охиноо авах гээд очтол гэртээ оруулахгүй надтай уулзуулахгүй гээд миний гэдэсрүү хөшиглөж танхаарсан тэр үед Сэдэдийн дүү Болох Гэндэнжамц нь цагдаа дуудаж өгсөн гэтэл гэмтлийн зэрэг тогтоолгоогүй шүүх эмнэлэгт хандаагүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгуй болгосон./2015.12.29 1338 тоот прокурорын тогтоол/ 2016 оны 2-р сарын 28-нд Сэдэд нь манай гэрт ирээд охин С.Амирлангуаг аваад явсан. Авч явсанаас хойш буюу 2 сараас хойш 9 сар болж байна. Намайг охинтой минь уулзуулахгүй уулзах гээд очихоор зодож орцондоо хоолойг минь боож багалзуурдаж байнга зоддог, утсаар ярих гэхээр утсыг минь авдаггүй охинтой минь хамт байсан ээжийг минь зээгээ санаад хармаар байна гээд Сэдэдийн гэрт нь очиход гэрээсээ гутлыг нь өмсгөлгүйгээр чирч гадаа гаргаж байсан гэх мэт ноцтой танхай үйлдэл ихээр гаргаж намайг удаа дараа зоддог байсан ба зан харьцааны хувьд тогтворгүй, ухамсар дорой байнга намайг доромжлож, үг хэлээр дарамталж, зодож дээрлэхэж гэр бүлийн хүчирхийлэл байнга үзүүлдэг учраас би хамт байхаас айдаг байсан мөн охиноо төрсөнөөс хойш хамт байж үзээгүй охиноо хайрлаж халамжладаггүй юу ч авч өгдөггүй ямар ч хамааралгүй хүн мэт харьццаг байсан. Энэ бүх хугацаанд охиноо би өсгөж хүмүүжүүлж санхүүгийн талаас нь би бүх зүйлээр хангаж хайрлаж хүмүүжүүлж ирсэн. Сэдэд нь охиндоо ганц ч удаа санхүүгийн туслаж хувцас хунар болон сэтгэл гаргаж охиноо хайрлаж үзээгүй охиноо салхинд гаргаад өгөөч гэж би удаа дараа гуйсан боловч ирдэггүй байсан. Иймээс би энэ хүнд охиноо өгөхгүй ойрхон байлгахаас хүртэл айж байна. Учир нь энэ хүн нэг өдөр охиныг минь зодож гэмтээх болон хутга барьж надруу дайрж байсан хүн охиноо яачиж мэдэх учир би айж, мөн охиныг минь хайхарч хандахгүй гэж бодож байна. Мөн Сэдэдийн гэр бүл байнга хэрүүлтэй аав болох Баатар нь ээжийг нь зоддог, Сэдэд нь Эгчийгээ бас зоддог гэх мэт ар гэрийн хүмүүжил муу байнга гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үзүүлдэг хүмүүстэй охиноо хамт байлгах хүсэлгү, хүүхдийн зан авир суурь хүмүүжилд сөргөөр нөлөөлөх тул охиноо өөр дээрээ авмаар байна. Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5 д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас эцэг эхийн халамж ахуйн нөхцөл бололцоо ёс суртахууны байдал хүчирхийлэл үйлдсэн эсхийг нь харгалзан хүүхдийг эцэг эхийн хэн нэгний асрамжинд үлдээх тэтгэлэгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу охин С.Амирлангуаг өөрийн асрамжиндаа авч охины эцэг болох Б.Сэдэдээс хүүхдийн тэжээн тэтгүүлэх тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа тул нэхэмжпэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Сэдэд шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Миний бие Баатар овогтой Сэдэд нь охин Амарлингуаг өөрийн асрамжид үлдээж өгөхийг хүсч байна. Э.Гантүлхүүрээс хүүхдийн тэтгэмж тогтоолгохгүй болно. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр охиноо вакцин хийлгэх гэж Э.Гантүлхүүрийг яаравчилахыг хүссэнээс болж, маргаан үүсч улмаар уурандаа хүүхдийг чинь цонхоор шиднэ шүү гэж охиныг маань барин цонх руу дайрсан. Түүнээс нь болж би гарнаас нь татсан. Үүний дараа ээжийг маань эмнэлэгт эргээд ир гээд гэрээс маань хөөсөөр байгаад гаргасан. Харин эргэж ирэхэд цагдаа дуудсан өөрийнхөө биеийг илүү гэмтээсэн зургаа авч цагдаа өгсөн. 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Э.Гантүлхүүрт охин байх үед түүний ээж Урантүлхүүртэй, Гантүлхүүр маргалдаж цагдаа дуудсан байдаг. Маргалдсан шалтгаан нь Урантүлхүүр охиныг маань ор луу маш хүчтэй шидсэн. Энэ үед охин маань 9 сартай байсан. Үүнээс болж Э.Гантүлхүүр охин хоёрыг цагдаагийн хэлтэст түр саатуулж, охиныг маань түүний найзуудад түр хүлээлгэж өгсөн. Дээрх хэрэг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгэгдсэн байдаг. Энэ хэргийг цагдаагийн ахмад Батчулуун 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Э.Гантүлхүүр цагдаад хандан намайг гэр бүлээрээ хүчихийлсэн гэж худал мэдүүлсэн. Тэр өдрөө Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлж, СТЕРИ онош буюу хуурамчаар өвчлөх буюу сэтгэцийн өвчний онош тавьсан эмчийн үзлэгийн онош батална. Ийм учраас хүүхдээ эрүүл саруул аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэх хүсэлтийг маань хүлээн авна уу гэв.

 

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Б.Сэдэд нь хариуцагч Э.Гантүлхүүрт холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн  нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Гантүлхүүр нь охин С.Амирлангуаг өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Сэдэд, хариуцагч Э.Гантүлхүүр нар нь 2013 оны 12 дугаар сард танилцаж,  2015 оноос хамтран амьдарч эхэлсэн ба тэдний дундаас 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр охин С.Амирлангуа төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна. /хх-5/

 

           Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 11 дүгээр сараас тусдаа амьдрах болсон байх ба охин С.Амирлангуагийн асрамжийн талаар маргажээ.

 

          2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин С.Амирлангуа Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрах талаар саналаа илэрхийлэх насанд хүрээгүй байх тул шүүх хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан эх Э.Гантүлхүүрийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

            Учир нь бага насны охин хүүхдэд эхийн хайр  халамж нэн чухал байдаг, нэхэмжлэгч Б.Сэдэдийн ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдэж байсан зэрэг нь хүүхдийн оюун ухаан, хөгжил, эрүүл мэнд, сэтгэхүйд муугаар нөлөөлөх боломжтой зэргийг харгалзан үзсэн болно.

 

            Хэдийгээр шүүхээс шинжээчээр томилогдсон Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дүгнэлтэд “...Б.Сэдэдийг охин С.Амирлангуагийн хууль ёсны асран хамгаалагчаар томилвол өнөөгийн нөхцөлд амьдрах орон байр бэлэн, сэтгэл санааны хувьд тайван амгалан байлгаж, хоол унд, хувцас хунар, санхүүгийн асуудлаар гачигдуулахгүй  хангалттай байлгаж, хүүхдийг өсгөж, халамжлахад туслах дэмжин хүнтэй”, “...хүүхдийн цаашдын хүмүүжил, төлөвшил, тогтвортой байдал, сэтгэл зүйн хувьд аюулгүй өсөж торних байдлыг харгалзан үзэхэд эцгийн сэтгэл зүйн чанарууд давуу байна” гэж дүгнэсэн боловч шүүх шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

           Учир нь шинжээч охин С.Амирлангуагийн эцэг, эхийн хэн алины амьдарч байгаа газар очиж, тэдэнтэй болон тэдний ах, дүү, охин С.Амирлангуатай уулзалт, ярилцлага хийсэн гэсэн атлаа тэдгээрийн хүүхдийн хүмүүжилд эцэг, эхээс хэрхэн нөлөөлдөг эсэх асуултын хүрээнд хүүхдийн эцэг, эхийн хэн аль нь хүчирхийлэл үйлддэг эсэх, хүүхэдтэй хэрцгий, ёс бусаар харьцдаг эсэх, хүүхдийн эцэг, эхийн ёс суртахууны байдал хэн аль нь ямар түвшинд байдаг эсэхийг тодруулаагүй, шинжээчийн дүгнэлтэд энэ талаар дурдаагүй байна. /хх-77-84/

            Мөн зохигчдод хийсэн сэтгэл зүйн шинжилгээний дүгнэлтийн үндсэн дээр тэдгээрийн зан чанаруудын давуу болон сул талыг хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нөхцөл байдал гэж үзсэн нь үндэслэлтэй боловч энэ нь хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхэд шууд хамааралтай, ач холбогдолтой баримт болохгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, тодорхой бус гэсэн үндэслэлээр үнэлээгүй болно.

            Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир тэдгээрийн зан байдлын давуу болон сул талыг хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх байдлаар нь дүгнэсний үндсэн дээр хүүхдийн асрамжийг шийдэх нь хуульд нийцэхгүй  юм.

            Мөн шүүхээс шинжээчээр томилогдсон Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн учир нотлох чадвараа алдах бөгөөд шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-52-57/

            Хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Сэдэд нь хариуцагч Э.Гантүлхүүрийг зан харьцааны таарамжгүй байдал болон охин С.Амирлангуаг эх Э.Гантүлхүүртэй нь уулзах эсэх асуудлаас болж удаа дараа зодож, бие махбодид нь гэмтэл учруулж байсан, хариуцагч Э.Гантүлхүүр нь охины хамт Нийслэлийн цагдаагийн газрын гэр бүлийн хохирогчийг түр хамгаалах байранд 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл  6 хоногийн хугацаанд байрлаж, тусламж үйлчилгээ авч, хамгаалалтад авагдаж байсан болох нь Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 1338 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 538 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн цагдаагийн газрын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14Г/1456 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй  гомдол мэдээллийн лавлагаа зэргээр нотлогдож байна. /хх-112-115, 172, 190-196, 215-223/

 

            Зохигчид хэн аль нь тогтсон ажил эрхэлдэг, хүүхдийн хамт амьдрах орон сууцтай бөгөөд хэн аль нь ахуйн нөхцөл, бололцооны хувьд хүүхэд хүмүүжлүүлэх боломжтой хэдий ч нэхэмжлэгч Б.Сэдэдийн охин С.Амирлангуаг эх Э.Гантүлхүүртэй уулзуулж, хүүхдээ хүмүүжүүлэхтэй холбоотой эрх, үүргийг нь эдлүүлдэггүй, хүчирхийлэл  үйлдсэн байдал зэрэг нь хүүхдийн оюун ухаан, сэтгэхүй, хүмүүжилд муугаар нөлөөлж болзошгүй байх тул охин С.Амирлангуаг эх Э.Гантүлхүүрийн асрамжинд үлдээх үндэслэлтэй байна. /хх-8-10, 20, 116-121, 228-229/

 

            Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгч Б.Сэдэдээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, охин С.Амирлангуад олгох нь зүйтэй байна.

            Харин хүүхдийн хүмүүжил, эрүүл өсч торниход эцгийн халамж, анхаарал шаардлагатай тул хүүхдийг эцэгтэй нь уулзуулах боломжоор хангахыг хариуцагчид даалгах нь зүйтэй.

          Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр  төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж хариуцагчид олгох, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь  хуульд нийцнэ.

 

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин С.Амирлангуаг эх Э.Гантүлхүүрийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгч Б.Сэдэдийн хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин С.Амирлангуаг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Сэдэд нь тэжээн тэтгэсүгэй.

 

         3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжинд тус бүр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сэдэдээс улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж харицагч Э.Гантүлхүүрт олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Сэдэдээс улсын тэмдэгтийн хураамжид 30.515 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5 дахь хэсэгт зааснаар охин С.Амирлангуаг эцэг Б.Сэдэдтэй нь тогтмол, саадгүй уулзуулж байхыг эх Э.Гантүлхүүрт даалгасугай.

 

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

        6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                                                                                               

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР