Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00648

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02333 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2018/00111 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Г-т холбогдох,

Хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн охин С.Амирлангуаг өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч Э.Г-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.С-, Э.Г- нарын охин С.Амирлангуа нь 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Зохигчид гэр бүл болж хамтдаа амьдрахыг хүссэн боловч зан харьцаа тохирохгүй, Э.Г- Б.С-ийн эцэг эхтэй таарч тохирохгүй болсны улмаас цаашид албан ёсоор гэр бүл болох боломжгүй болсон. Э.Г- хүүхдээ аваад эхтэйгээ амьдарч байсан. Б.С- гадаадаас 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эх орондоо буцаж ирснээс хойш Гантүлхүүртэй охиноо хэн нь өсгөх талаар уулзаж ярилцаад охин Амирлангуаг түүний төрсөн эцгийнх нь асрамжид өсгөхөөр тохиролцсон. Охиноо эрүүл, эрдэмтэй хүн болгож өсгөх болно.

Иймд охин Амирлангуаг асрамжиндаа авч өөрөө эцэг эхийнхээ дэмжлэгээр эрүүл аюулгүй орчинд зөв хүмүүжилтэй, эрүүл, эрдэм боловсролтой хүн болгож өсгөж, хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа тул охин С.Амирлангуаг эцэг Б.С-ийн асрамжид шилжүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2015 оны 03 дугаар сарын 22-нд охин С.Амирлангуа төрсөн. Охиныг төрсний дараа Б.С-тэй нэг сар хамт амьдарсан. Жирэмсэн байх үед Б.С- нь намайг сандлаас татаж унагаасны улмаас төрөх үед хүндрэл өгч төрсөн. Б.С-ийн гар хүрснээс болж доголж, гэрээсээ гарч чаддаггүй байсан. Дөнгөж төрөөд хөхний сүү садарчихаад байхад тус болохгүй намайг зодож, өөрөө зугаалаад явдаг байсан. Гэр бүлийхэн нь ч гэсэн дөнгөж төрсөн намайг хэцүү байдалд оруулдаг байсан. 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүүхдийн гэрчилгээ авах орой хүртэл Б.С- намайг зодож, багалзуурдан унагаж, хэл амаар доромжилж байсан. Жирэмсэн үед хэвтэж амарч байхад бас хэвтлээ гэж янз бүрээр доромжилдог. Ингээд хүүхдээ өөр дээрээ авчихаад уулзах гэхээр уулзуулдаггүй, уулзах гэж гэрт нь очихоор оруулдаггүй. Намайг охинтой минь уулзуулахгүй, уулзах гээд очихоор зодож орцонд хүртэл багалзуурдан унагаж гэртээ оруулдаггүй байсан. Хөхний сүүнээс гараагүй байсан хүүхдийг авч явчихаад хөхийг нь ч хөхүүлдэггүй, төрсөн өдрөөр ч гэсэн уулзуулдаггүй, бүгдээрээ гарч ирээд намайг дээрэлхэж зоддог маш ноцтой хүчирхийллийн асуудлууд байгаа. Миний хувьд хүүхдээ өөр дээрээ авмаар байна. Охиныг 11 сартай хөхнөөс гараагүй байхад авч явсан учраас одоо яаж хүмүүжиж байгааг би ерөөсөө мэдэхгүй. Б.С-ийн гэр бүлийнх нь ч гэсэн байнга хэрүүл зодоон хийдэг.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, охиныг миний өөрийн асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн дагуу хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, тэжээн тэтгэх бүрэн боломжтой. Би өөрөө үхэж мэдэх хагалгаанд орж байж төрүүлсэн хүүхдээ өөрөө авмаар байна. Дөнгөж ой хүрээд хүн болж байх үед булаагаад аваад явсан. Одоо хүртэл охинтой уулзуулдаггүй, очоод уулзах гэхээр оруулдаггүй. Б.С-ийн хүчирхийлэл нь байнга давтагддаг. Миний охин 2 сартай байхад хүчирхийллээс хамгаалах байранд 10 хонож байсан. Манайд согтуу хүмүүс байдаггүй, ээж маань бие муутай, гэхдээ архи ууж байсан үе байхгүй. Иймээс хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь хүүхдээ өөрөө асран хамгаалах чадвартай гэж хэлж байгаа ч ээжтэйгээ таарамжгүй харилцаатай амьдардаг, бас ээж нь бие муутай учраас ээжийгээ асарна, дээрээс нь хүүхдээ асарч чадахгүй байна гэж хүүхдээ авчирч өгч байсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02333 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2015.03.22-ны өдөр төрсөн охин С.Амирлангуаг эх Э.Г-ийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч Б.С-ийн хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2015.03.22 өдөр төрсөн охин С.Амирлангуаг 11 нас хүртэл тухай бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Б.С-ээс гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлж, гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дах хэсэгт зааснаар Б.С-ийг хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь Э.Г- саад учруулахгүй байхыг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.С-ээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2018/00111 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/02333 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чанцалдуламын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь дүгнэх, Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хууль зүйн үйл явдал дээр хууль зүйн дүгнэлтийг зөв хийж чадаагүй үндэслэлээр гомдол гаргаж байна.

2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Хан-уул дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлт тус тус хэрэгт авагдсан байдаг. Дээрх дүгнэлтүүд нь Нэхэмжлэгч, хариуцагч нарын ахуйн нөхцөл бололцооны хувьд хүүхдээ өсгөх боломжтой талаар дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлт нь дээрх хуулийн зохицуулалтын эхний нөхцлийг хангасан бөгөөд үйл баримт дээр талууд маргаагүй байхад дахин шинжээч томилох ёстой гэсэн өрөөсгөл дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн нь хэрэгт хамааралтай талаас нь нарийн судлалгүй өнгөц дүгнэсэн нь үндэсгүй байна.

Ёс суртахууны болон Хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэх хуулийн зохицуулалтад дахин шинжээч томилох шаардлагагүй төдийгүй энэхүү нөхцлийг хангалттай нотолсон баримтууд хэрэгт байдаг. Б.С- охин С.Амирлангуаг 11 сартай байхад нь эхээс нь хүчээр авч яваад хүүхдийн эрхэнд маш ноцтойгоор халдаж хүүхэд 3 нас хүртэл эхийн сүүгээр хооллох эрхийг зөрчиж эх Гантүлхүүртэй 1 жил 9 сарын хугацаанд уулзуулахгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй мөн Б.С- нь гэр бүлийн тухай хуулийн 5.3, 26.2.1, 26.2.2-д заасан эцгийн үүргээ биелүүлж хүүхдээ өөрийн биеэр асарч хүмүүжүүлэх, Эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, мөн хүүхэдтэйгээ хамт амьдрахгүй Япон улсад сурч амьдарч байгаа нь тодорхой байдаг.

Эхтэй нь уулзуулахгүй эцэстээ аргаа барж миний үйлчлүүлэгч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд охиныг эхийн асрамжид байлгах урьдчилсан арга хэмжээ авахуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2-т заасны дагуу гаргасан боловч харамсалтай нь шүүх хангаагүй. Хүүхэд эцэг эх нь байгаа тохиолдолд түүний асрамжид байхаар Гэр бүлийн тухай хуульд хуульчилсан бөгөөд эмээ өвөө нь асран халамжлах, хүмүүжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй, гэтэл охин С.Амирлангуа нь бүтэн 2 жилийн хугацаанд нэхэмжлэгч Б.С-ийн аав, ээж дээр өсөж хүмүүжиж байна. Б.С- нь өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэл гаргасан боловч бодит байдал дээр өөрөө асарч хүмүүжүүлэхгүй байгаа нь илэрхий баримтаар нотлогдож байна.

...Б.С- хэд хэдэн удаагийн үйлдлээр Э.Г-т хөнгөн гэмтэл учруулж, эрүүгийн хэрэг үүсгэн хохирогчтой эвлэрч хэрэг хаагдсан үйл баримтууд болон 7 удаагийн хүчирхийллийн дуудлага Хан-уул дүүргийн цагдаагийн газарт бүртгэгдсэн зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “...нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримтуудыг дахин нотлохгүй” гэж зохицуулсантай давж заалдах шатны шүүхийн магадлал нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар бол Шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардлагатай маргааны үйл баримт нь нийтэд илэрхий бус шүүх уг асуудалд өөрийн мэдлэг чадвар, нотлох баримт дутуу тохиолдолд шинжээч томилохоор хуулийн зохицуулалтын агуулга оршдог, гэтэл хэрэгт авагдсан баримтууд шинжээчийн дүгнэлтүүдийг хууль зүйн үйл явдалд хамааралтай талаас нь үнэлээд дахин шинжээч томилохгүйгээр хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэн зохигчид үзсэнийг анхан шатны шүүхээс дүгнэж хэргийг шийдсэн нь хууль зүйн үйл явдалд эрх зүйн дүгнэлтийг зөв хийж хэргийг үндэслэл бүхий шийдсэн байдаг.

Энэхүү хэрэг 2016 оны 06 сараас эхлэн шүүхээр хянагдаж 2 жилийн хугацаа үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг 3 удаа, давж заалдах шатны шүүх 3 дахь удаагаа шийдлээ. Шүүх хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэхдээ хүүхдийн эрхийг тэргүүн ээлжинд тавих, зөрчигдсөн эрхийг сэргээх нь шүүхийн үндсэн зорилго билээ. Шүүхийн шийдвэр нь хүний эрхийн баталгаа, зөрчигдсөн эрхийг таслан зогсоох учиртай. Гэтэл хүүхдийн эрхийн зөрчил шүүн таслах ажиллагаанаас хамааран үргэлжилсээр байгаад гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.

Насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар маргасан зохигчийн хоорондох харилцан шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ энэ хэргийн талаар урьд гарсан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлээгүй байна.

Давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1792 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183\ШШ2017\01254 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаахдаа анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасныг зөрчсөн, шинжээчийн дүгнэлт дутуу, тодорхой бус, эсхүл эргэлзээтэй, зөрүүтэй бол дахин, эсхүл нэмэлт шинжээч томилохын оронд шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй орхисон гэж буруутгасан байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон хоёр шинжээч хоорондоо зөрүүтэй дүгнэлт гаргасан тул давж заалдах шатны шүүх уг зөрүүг арилгуулах, хүүхдийн асрамжийн талаар мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзжээ.

Маргааны үйл баримт, нотлогооны үйл явц, нотлох баримтын бүрдлийн талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг хяналтын шатны шүүх үгүйсгэх боломжгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцоогүй бол шүүх хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээхийг шийдвэрлэдэг байна. Ийнхүү шийдвэрлэхэд мэргэжлийн шинжээчийн дүгнэлт ач холбогдолтой гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2018/00111 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН