Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/102

 

 

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр                           Дугаар 2021/ШЦТ/102                                        Ханбогд сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Гансүх /цахимаар/,

Шүүгдэгч: С.Б,

Шүүгдэгч: Ш.Э нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Ш.Э нарт  холбогдох эрүүгийн 1929002290065 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ш.Э, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн заг” ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулан илрүүлсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэн Jiyatu-аас 3000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Ш.Э нарт  холбогдох эрүүгийн 1929002290065 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ:

Э, Батжаргал бид гурав “Түмэн заг” ХХК руу очоод хятадыг өрөөнд нь байж байхад нь ми ми бодисыг хураан авсан. Би тухайн үед хэсгийн төлөөлөгч албан тушаалтай байсан. Тэгээд манай өрөөнд оруулж ирээд энэ хоёр өрөө, өрөө рүүгээ ороод явсан. Би тухайн үед хятадыг оруулж ирээд биедээ байгаа зүйлүүдээ гарга гэж хэлэхэд биеэс нь 3,000 юань, паспорттой гарч ирсэн. Тэгээд чи үүнийг хаанаас авсан юм бэ? гэж асуухад ерөөсөө мэдэхгүй. Би тухайн үед дарга нартаа танилцуулаагүй. Өөрөө тухайн үед гүйцэтгэх ажил ихтэй байсан болохоор сүүлд нь хаанаас авсан яасан талаар тогтоож гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагын санд оруулна гээд бодож байсан. Тэгсэн Заяат гэх хятад өөрөө би Өмнөговь аймаг руу орж визээ сунгуулчихаад орчуулагч олоод ирье гээд байн байн орж ирээд байсан. Тэгэхээр нь би за чи одоо орчуулагч олоод визээ сунгуулчихаад хүрээд ир гэсэн чинь тэр чигээрээ алга болсон. Би тухайн үед дарга цэрэгтээ хэлээгүй. Хятадыг гаргаж явуулаад алдсан болохоор дотроо нэг айнгуй байсан. Тэгээд энэ хэргийг бүлэглэж гэж яриад байна. Б, Э бид гурав очсон боловч Б, Э хоёр хамт авчирчихаад өрөө өрөө рүүгээ ороод явсан. Би тухайн үед шалгах байсан болохоор 3,000 юань, паспорт, ми миг авсан асуудал болсон. Нандинжаргал дэд хурандаа шалгалтаар ирсэн. Нэг дэд хурандаа цолтой хүн ирээд өрөөндөө бид нарыг нэг нэгээр нь дуудаад ерөнхий газраас ирсэн гэхээрээ ерөнхийдөө дарамталсан, шахсан, суумхай харсан тиймэрхүү байдалтай байсан. Тэр илтгэх хуудасны утга санааг харах юм бол надад ингэж бич, тэгж бич гээд над руу хоёулхнаа сууж байгаад хэлж бичүүлээд байсан. Одоо тэр илтгэх хуудсан дээр байж л байгаа. Эхлээд нэг утгатай зүйл бичүүлээд дараа нь дахиад шинэ мөрнөөс өөр утгатай зүйл бичүүлээд за чи одоо ингэж бич тэгж бич гээд байсан. Тэр мэдүүлэг авахад өөрөө компьютер дээр юм бичээд байсан. Тэгээд гаргаж ирснээ за энэ дээр гарын үсгээ зур гэж хэлээд гарын зуруулаад аваад явсан. Ийм л асуудал болсон. Би ажлын хариуцлага алдсанаас биш, хахууль авсан зүйл байхгүй гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э мэдүүлэхдээ:

2019 оны 4 сард мөрдөгч Батжаргал, Б бид гурав Батжаргалын хэлсэн мэдээллийн дагуу “Түмэн заг” ХХК дээр очиж шалгалтын ажиллагаа хийгдсэн. Тухайн үед Заяат гэх өвөр монгол иргэнийг цагдаагийн хэлтэс дээр авчраад хэсгийн төлөөлөгч Б-д хүлээлгэж өгөөд Батжаргал бид хоёр салаад явсан. Мөнгө төгрөг өгсөн, авсан асуудлыг бид нар мэдээгүй. Сүүлд шалгалтаар ирсэн байцаагчид болсон процессыг үнэн зөвөөр нь илтгэх хуудсаар танилцуулсан. Гэхдээ 3-4 удаа бид нарын илтгэх хуудсыг биш байна гээд сүүлдээ хажуудаа суулгаж байгаад чи тэгсэн гээ биз дээ, ингэсэн гээ биз дээ гээд нээх том том дарга нар орж ирээд айлгаж сүрдүүлж байгаад зааж өгч бичүүлсэн. Хэнээс сонссон мэдээллийнхээ дагуу яг л болсон процессыг өөрөө хажууд нь байсан юм шиг бичүүлсэн. Би бол ярьсан хэлсэн зүйлийг тухайн үедээ дарга нар ирсэн учраас айж сандарсандаа гараар тайлбар бичиж өгсөн нь үнэн. Гэхдээ гараар бичиж өгсөн тайлбар дээр шиг зүйл болоогүй. Тэр хүний зааж өгсөн хэлснээр бичиж өгсөн. Заяат гэх хүнээс мэдүүлэг авсан гэж яриад байна. Тэр дээр албан шаардлагын хүрээнд тайлбар авсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрчээр заавал мэдүүлэг авсан байх шаардлагатай. Гэрчийн мэдүүлгийг нотлох баримт гэж үзэх байх гэж бодож байна. Бид нараас тухай үед албан шалгалтын хүрээнд тайлбар мэдүүлгийг авсан. Бичиж өгсөн илтгэх хуудасныхаа дагуу тайлбар бичиж өгсөн. Тэгээд гараар бичиж өгсөн илтгэх хуудас, албан шалгалтын хүрээнд бичиж өгсөн тайлбар хэргийн материалд авагдсан байгаа. Ер нь болсон процессын үнэн бодит байдлыг гэрчээр өгсөн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Гансүх гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Нандинжаргалын асуудал дээр бид нар мэдүүлэг болон дарамталж шахсан гэдэг асуудлаар асуугдаж явсан. Анхнаасаа мэдүүлгээ өгөхдөө Нандинжаргал дарамталсан гэдэг мэдүүлгийг өгч байсан. Дараа нь авлигатай тэмцэх газар шалгахаар нь Б-ийг дуудаж асуугаад Б-ийг дарамталж мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт байгаа. Ш.Э-ын хувьд С.Б-той бүлэглэж 3,000 юанийн хахууль авсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч яллаж байгаа. Үүнтэй санал нийлэхгүй байгаа. Ш.Э-д энэ хэрэг ямар ч хамааралгүй. Тухайн цаг үед мөрдөгч Батжаргалын өгсөн чиглэлийнх нь дагуу хамт яваад тэр улсуудыг авчраад Б-д хүлээлгэж өгөөд явсан асуудал байгаа. Хавтаст хэргийн бүх бичгийн нотлох баримт болон бусад нотлох баримтаар Ш.Э-д энэ гэмт хэрэг ямар ч хамааралгүй гэдэг нь бусад нотлох баримтаар нотлогдож байгаа учраас шударга ёсны зарчим, улсын яллагчийн гаргаж байгаа яллах дүгнэлтийн саналтай санал нийлэхгүй байна. Тийм учраас Ш.Э-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү?

Энэ хэрэг дээр 2-3 жил шалгагдаад амьдрал ахуй нь хэцүү байдалд орсон. Тийм учраас Ш.Э-ын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү?

Шүүгдэгч С.Б-ийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол гэж байгаа. Хавтаст хэргийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлаад ямар нэгэн байдлаар хахууль авсан, бусдыг дарамталсан, бусдаар дамжуулж нэхсэн зүйл харагдахгүй байна. Тийм учраас С.Б-д холбогдох хэргийг мөн адил хэрэгсэхгүй болгож өгнө үү? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд мөрдөгч прокурор хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан байдаг. Үүнийг эргэлзээгүй тогтоож чадсангүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй, нотолж чадсангүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй байдал үүсэх юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

-Мөрдөн шалгах ажиллагаан Б.Заяа /Jiyatu/-гийн өгсөн мэдүүлэг  /1-р хх-ийн 5-6/,

 

-Ш.Энхболдын Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст бичиж өгсөн болон асуугдаж өгсөн тайлбар /1-р хх-ийн 11-13, 28/,

 

-С.Б-ийн Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст бичиж өгсөн болон асуугдаж өгсөн тайлбар /1-р хх-ийн 15-16/,

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Төрмөнхийн бичиж өгсөн илтгэх хуудас /1-р хх-21/,

 

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-24/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Э-ын өгсөн тайлбар /1-р хх-ийн 27-28/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Отгонбаатарын өгсөн мэдүүлэг /1-р хх-62-63/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батжаргалын өгсөн мэдүүлэг /1-р хх-65-66/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Э-ын өгсөн мэдүүлэг /1-р хх-67-68/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Б-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх-69-70/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Төрмөнхийн өгсөн мэдүүлэг /1-р хх-71-72/,

 

-Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн б/508 дугаартай “Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай” тушаал /1-р хх-75/,

 

-Цагдаагийн ерөнхий газрын даргын 868, 421, Б/350, Б/334 дугаар тушаал /1-р хх-76-80/,

 

-Jiyatu-гийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /1-р хх-89-90/,

 

-С.Бямбадорж, Ш.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-94-95/,

 

-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-234-235/,

 

-Ш.Энхболдыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /1-р хх-245-246/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 1-4/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 7-12/,

 

-Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /2-р хх-ийн 42-44/,

 

-С.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 47, 48/,

 

-Ш.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /2-р хх-ийн 49, 50/,

 

-Эд хөрөнгө битүүмжилэх Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 52, 58-65/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нандинжаргалын өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 88-89/,

 

-Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-д бичигдсэн бичлэг зэрэг бичгийн болон эд мөрийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч С.Б нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хэсгийн төлөөлөгчөөр, шүүгдэгч Ш.Э нь Өмнөговь аймаг Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны хүртэл эрүүгийн мөрдөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №868 дугаар, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/350 дугаар, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/508 дугаартай тушаалаар тус тус тогтоогдож байна. /1-р хх-75, 76, 78/

 

Шүүгдэгч С.Б, Ш.Э нарын хашиж байсан албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”-д хамаарагдах ба тэд нийтийн албан тушаалтан байна.

 

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ш.Э, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн заг” ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулан илрүүлсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэн Б.Заяа /Jiyatu/-аас 3.000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Заяагийн өгсөн: “...2019 оны 04 дүгээр сард “Түмэн заг” ХХК-ийн  ажлын байрандаа байж  байхад Цогтцэций  сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгч Б гэдэг хүн танихгүй 2  хүний хамт  ирээд миний өрөөнд надтай хамт орж ирээд миний хувцасны шүүгээнд дотор  байсан МиМи  бодисыг хурааж авсан. Тэр МиМи бодис маань эмийн хуруу шилэн дотор  хадгалж байсан. Тэгээд Б цагдаа миний паспортыг хурааж авч Цэций сумын  цагдаагийн хэлтэс дээр ирж №7 гэсэн өрөөнд оруулж намайг “та мансууруулах төрлийн МиМи бодис татлаа” гэж хууль тайлбарлаж өгсөн. Тэгээд жаахан байж байгаад би  өөрөө “энэ  асуудалдаа торгуулья” гэсэн юм .Тэгсэн чинь Б намайг 10.000 юаниар торгоно” гэсэн юм. Тэгээд би ярьж гуйж байгаад 3000 юаниар  торгуулах болсон. Тэгээд би асуудлын маргааш нь Цагдаагийн хэлтэс дээр ирж Б-д №7 дугаартай албан тасалгаанд 3000 юань бэлнээр /дандаа 100-тын дэвсгэртээр/ өгсөн. Намайг мөнгөө /юань/ өгөх үед хажууд нь хамт очсон нэг хүн нь байсан. Тэгээд намайг мөнгөө өгсөний дараа паспортыг минь гаргаж өгсөн. Тэгээд би паспортоо аваад явсан. Надаас хурааж авсан “ми ми” бодисыг буцааж өгөөгүй. Тэд нар өөрсдөө авсан” гэх тайлбар /1-р хх-5-6/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд БНХАУ-ын иргэн Jiyatu-аас авсан тайлбарыг бэхжүүлсэн бичлэг /эд мөрийн баримтаар ирсэн СD/,  

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Д.Отгонбаатарын өгсөн: “...2019 оны 04 сард  санаж байна, өдрийг нь яг хэлж мэдэхгүй байна. Үйлдвэрийн байран дээр байхад  гаднаас 3 хүн  орж ирсэн бөгөөд Заяатыг аль өрөөнд байгааг асуусан  ингээд надтай хамт ажилладаг Батсайхан өрөөг нь зааж өгөөд нөгөө 3 хүн Заяатын өрөөнд ороод хаалгаа хаасан. Ингээд Заяатыг аваад явсан бөгөөд нэлээн орой заяат буцаж ирсэн. Тухайн үед Заяатаас яана гэж байна гэж асуусан чинь торгоно гэж байна гэж хариулсан. Хэдэн төгрөгөөр торгох талаар яриагүй. Маргааш нь Заяат надтай хамт сумын төв рүү  яваад цагдаагийн гадаа  буугаад үлдсэн. Заяат гарж ирээд таксигаар  араас ирсэн. Хэдэн төгрөгөөр торгуулсан талаар тодруулахад 3000 юаниар  торгуулсан гэж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-62-63/,

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Төрмөнхийн бичсэн: “би тус Цагдаагийн хэлтэст ирж байгаа гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг өдөр тутам гар бүртгэлээр бүртгэн шийдвэрлэлтэнд хяналт тавьж ажилладаг. Тус бүртгэлд 249 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. 2019 оны 04 дүгээр сарын 10-аас 12-ны өдөр “ми ми” гэх бодистой холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээлэл авсан болон шалгасан талаар алба хаагчдаас ямар нэг зүйл танилцуулаагүй бөгөөд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэлд энэ талаар бүртгэгдсэн мэдээлэл байхгүй болно” гэх илтгэх хуудас /1-р хх-21/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Төрмөнхийн өгсөн “...Хяналт шалгалтаар  ирсэн хүмүүс тухай албан хаагч нарыг нэг нэгээр  нь дуудаж уулзаж байсан. Дотоод хяналт  шалгалтын албан хаагч нар намайг  өрөөндөө дуудаад Б-той  хамт яваад МиМи бодисыг аваад ир гэхээр нь Б-оос яг наад зүйл чинь байгаа юм уу гэж ам асууж авч гараад Б-ийн гэрт нь очоод Б үүдний амбаарынхаа хажуу талаас төмөр хайрцагтай МиМи гаргаж ирэхээр нь тэрийг нь тэр чигээр нь авчраад хяналт шалгалтын Нандинболорт” өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-71-72/,

 

- Шүүгдэгч С.Б-оос 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Эд зүйл хураан авсан тэмдэглэлээр: “Ханз үсгэн бичиглэл бүхий сонингийн цаасанд боосон нунтаг цагаан бодис 10 грамм /нийлэг уутанд савлаж жинлэв/, НӨАТ-ын баримтны цаасанд боосон бага зэргийн нунтаг цагаан бодис 3 грамм /нийлэг уутанд савлаж жинлэв/, 10 см-ийн өргөнтэй, цаасан дамрыг ороож хуйлсан тугалган цаас 1 ш, хөх, ягаан, цагаан, тунгалаг өнгийн тамхины асаагуур 4 ш, 10 см-ийн урттай, 0.5 мм-ийн диаметртэй, дотроо нунтаг зүйлийн үлдэцтэй цайвар өнгийн төмөр соруул 1ш, 10 см-ийн урттай, 0.7 мм-ийн диаметртэй шар өнгийн цаасан соруул 1 ш, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 1 юаныг хуйлж ороосон соруул мэт зүйл 1 ш, гадаргуу дээр нь ямар нэгэн зүйл шатаасан, түлсэн ул мөрүүдтэй, зарим хэсэгтээ цоорч, атирч хунирсан, хамгийн том нь 5 см харьцах нь 9.5 см, хамгийн бага нь 6 см харьцах нь 2.5 см хэмжээтэй, өөр хоорондоо ижил бус дүрстэй нийт 7 ширхэг тугалган цаас” зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-22-23/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нандинжаргалын өгсөн: “Миний хувьд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагч Н.Батжаргал, Ш.Э,С.Б нараас иргэдээс гаргасан  гомдолд холбогдуулж  тайлбар мэдүүлэг авахдаа айлгаж дарамталсан, шахаж хөтөлж тайлбар авсан асуудал байхгүй. Дээрх хүмүүсийг нэг бүрчлэн тайлбартай танилцуулж уншиж танилцсан талаар нь бичүүлж тайлбар дээр гарын үсгийг нь зуруулсан. Н.Батжаргал, Ш.Э, С.Б нар тайлбартай танилцаад гарын үсгээ зурсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 88-89/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батжаргалын өгсөн “...би Вандангаас өгсөн мэдээллийг тэмдэглэл хөтөлж аваагүй, бүртгэлд оруулаагүй. Тэр дор нь шалгах эрх бүхий албан хаагч болох Б, Э нар дамжуулж хэлсэн...манай цагдаагийн хэлтсийн хувьд гэмт хэргийн шинжтэй, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй дуудлага мэдээлэлд эрүүгийн мөрдөгч нар очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулж материалжуулаад хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалган, яллагдагчаар татвал зохих этгээдийг олж тогтоосны дараа Мөрдөн байцаах тасаг руу хэргийг шилжүүлдэг. Үүний дараа мөрдөгч уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-65-66/,

 

-Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч Цагдаагийн дэд хурандаа Д.Нандинжаргалаас Ш.Э-ыг асууж авсан: “би 2019 оны 04 дүгээр сард /яг өдрийг нь сайн санахгүй байна/ хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Б, мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Батжаргал бид нар “Түмэн заг” ХХК-ийн байранд очиж өвөрмонгол нөхөр өрөөндөө мими гэх мансууруулах бодис татсан байдалтай ширээн дээр нь татсан хэрэгсэл нь байсан. Тэгээд тухайн этгээдийг уг бодисыг хаанаас авсан талаар асуухад Цогтцэций сумын төвөөс худалдаж авсан гэж хэлсэн. Тэгээд тухайн өвөрмонгол иргэний паспортыг хурааж авч цагдаагийн хэлтэс дээр авч ирж дахин уг бодисыг хаанаас авсан талаар асууж авсан газрын нь заалгаж очиж үзэхэд хүнгүй байсан. Тэгээд тэр өвөрмонгол иргэний паспортыг хурааж авч маргааш ирж уулз гээд явуулсан. Маргааш өглөө нь 10 цагт ирэхэд нь худалдаж авсан газрыг нь заалгах гэсэн чинь зааж өгөөгүй. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагын нэгдсэн тоо бүртгэлд оруулаагүй. Тэгээд тэр этгээд 3000 юань бэлэн авч ирж өгсөн тул паспортыг нь буцааж өгч явуулсан. Уг мөнгийг ахмад Батжаргал, ахлах дэслэгч Б бид 3 мянга, мянган юанаар нь хувааж авч хувийн хэрэгцээнд зарцуулсан нь үнэн. Би хууль бус үйлдэл хийсэндээ их гэмшиж байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв, өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх тайлбар /1-р хх-12/,

 

- Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч Цагдаагийн дэд хурандаа Д.Нандинжаргалаас С.Б-ийг асууж авсан: “Би 2019 оны 04 дүгээр сард /яг өдрийг нь сайн санахгүй байна/ эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Э, мөрдөгч цагдаагийн ахмад Н.Батжаргал бид нар “Түмэн Заг” ХХК-ийн нүүр угаах үйлдвэрийн байранд өвөрмонгол залуу /нэрийг нь мэдэхгүй/ мансууруулах төрлийн бодис “мими” өрөөндөө хэрэглэж байхаар нь “ми ми” гэх төмөр хайрцагтай байсныг авч тэр өвөрмонгол залууг цагдаагийн хэлтэс дээр авч ирж маргааш ир гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь өвөрмонгол залуу ирэхдээ өөрөө торгуулаад явья гэж гуйхад нь Батжаргал, Ш.Э нартай уулзаж яриад 3.000 юанийг өвөрмонгол залуугаас авсан. Тухайн мөнгийг би аваагүй Ш.Э уг мөнгийг авсан. Би ямар ч байсан ахлах дэслэгч Ш.Э-оос “3000 юань монгол мөнгөөр хэд болох бэ” гэж асуухад тэр “1 сая гаран төгрөг болно” гэж хэлж байсныг санаж байна. Тэр өвөрмонголоос хурааж авсан хайрцагтай “ми ми” гэх бодисыг нь би машины ард хийсэн байсан. Одоо ч тэр нь миний машины ард байгаа. Уг мэдээллийг бүртгэлд оруулаагүй, дарга нартаа энэ талаар огт мэдэгдээгүй. Бүртгэлд ч оруулаагүй. Өвөрмонгол иргэний паспортыг хурааж аваад би өрөөндөө хадгалж байгаад маргааш өглөө нь 3000 юань авч ирэхэд нь паспортыг нь буцааж өгсөн...” гэх тайлбар /1-р хх-16/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Гансүхээс гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Өвөрмонгол Б.Заяа /Jiyatu/-аас орчуулагч байлцуулахгүйгээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир түүний тайлбар, мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй, нотолж чадсангүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй байдал үүсэх юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцсэн.

 

БНХАУ-ын харьяат Өвөрмонгол иргэн Б.Заяа /Jiyatu/-аас тайлбар, мэдүүлэг авахдаа орчуулагч оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Гансүх мэтгэлцэж байгаа хэдий ч иргэн Б.Заяа /Jiyatu/ нь Өвөрмонгол иргэн буюу Монгол үндэстэний нэг бөгөөд тэрээр тайлбар мэдүүлэг өгөхдөө “...Монголоор ярьдаг. Уйгаржин монголоор бичдэг” гэж мэдүүлж байгаагаас гадна түүний өгсөн мэдүүлгийг бичлэг болгон CD дээр буулгасан байгаагаас харахад тэрээр монгол хэлээр ойлгож, монгол хэлээр тайлбар өгч байгааг, монгол хэл бичиг мэдэхгүй, орчуулагч оролцуулаагүй гэж хэт явцуу бодит бус үндэслэлээр нотлох баримтаар үнэлэхээс татгалзах нь буруу гэж үзэж, Өвөрмонгол иргэн Б.Заяа /Jiyatu/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбар, мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Шүүгдэгч нар нь гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон учир шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй, нотолж чадаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай дүгнэлтийг шүүх үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос С.Б, Ш.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч С.Б, Ш.Э нар нь бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 3.000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч С.Б, Ш.Э нар нь бусдад төлөх төлбөргүй хэдий ч тэрээр төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд, төрийн албан хаагчид итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллага болох цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр төр, алдар хүндийг унагасан, үнэлэмжийг сулруулсан хор уршгийг учруулсан гэж шүүхээс дүгнэж байна.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ш.Э, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн заг” ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулан илрүүлсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэн Б.Заяа /Jiyatu/-аас 3.000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул  тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна. 

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Б, Ш.Э нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч С.Б, Ш.Э нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48, 50/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч С.Б, Ш.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Ш.Э-ын эзэмшлийн 81-07 УБК улсын дугаартай “Тоёота Премио” маркийн суудлын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол болон шилжилт хөдөлгөөнийг зогсоосон арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.Э-д буцаан олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээх, ханз үсгэн бичиглэл бүхий сонингийн цаасанд боосон нунтаг цагаан бодис /10 грамм/, НӨАТ-ын баримтны цаасанд боосон бага зэргийн нунтаг цагаан бодис /3 грамм/, 10 см-ийн өргөнтэй, цаасан дамрыг ороож хуйлсан тугалган цаас 1 ш, хөх, ягаан, тунгалаг өнгийн тамхины асаагуур 4 ширхэг, 10 см-ын урттай, 0.5 мм-ийн диаметртэй, дотроо нунтаг зүйлийн үлдэцтэй цайвар өнгийн төмөр соруул 1 ширхэг, 10 см-ийн урттай, 0.7 мм-ийн диаметртэй шар өнгийн цаасан соруул 1 ширхэг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 1 юаныг хуйлж ороосон соруул мэт зүйл 1 ширхэг, гадаргуу дээр нь ямар нэгэн зүйл шатаасан, түлсэн ул мөрүүдтэй, зарим хэсэгтээ цоорч, атирч хунирсан, хамгийн том нь 5*9.5 см, хамгийн бага нь 6*2.5 см хэмжээтэй, өөр хоорондоо ижил бус дүрстэй нийт 7 ширхэг тугалган цаас зэрэг зүйлүүд нь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ба үүнийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3.000 юаныг гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, 3.000 юаныг хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ш.Э, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Ш-ын Э, Б овогт С-ын Б нар нь бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 3.000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э, С.Б нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э, С.Б нарт оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ш.Э, С.Б оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Ш.Э-ын эзэмшлийн 81-07 УБК улсын дугаартай “Тоёота Премио” маркийн суудлын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол болон шилжилт хөдөлгөөнийг зогсоосон арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.Э-д буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээх, ханз үсгэн бичиглэл бүхий сонингийн цаасанд боосон нунтаг цагаан бодис /10 грамм/, НӨАТ-ын баримтны цаасанд боосон бага зэргийн нунтаг цагаан бодис /3 грамм/, 10 см-ийн өргөнтэй, цаасан дамрыг ороож хуйлсан тугалган цаас 1 ш, хөх, ягаан, тунгалаг өнгийн тамхины асаагуур 4 ширхэг, 10 см-ын урттай, 0.5 мм-ийн диаметртэй, дотроо нунтаг зүйлийн үлдэцтэй цайвар өнгийн төмөр соруул 1 ширхэг, 10 см-ийн урттай, 0.7 мм-ийн диаметртэй шар өнгийн цаасан соруул 1 ширхэг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 1 юаныг хуйлж ороосон соруул мэт зүйл 1 ширхэг, гадаргуу дээр нь ямар нэгэн зүйл шатаасан, түлсэн ул мөрүүдтэй, зарим хэсэгтээ цоорч, атирч хунирсан, хамгийн том нь 5*9.5 см, хамгийн бага нь 6*2.5 см хэмжээтэй, өөр хоорондоо ижил бус дүрстэй нийт 7 ширхэг тугалган цаас зэрэг зүйлүүд нь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ба үүнийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3.000 юаныг гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, 3.000 юаныг хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

9. Шүүгдэгч Ш.Э, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ДАВААНАРАН