Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 971

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Автоком жапан” компанийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00450 дугаар шийдвэртэй, “Автоком жапан” компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мягмардолжинд холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 651 875 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Мягмардолжин нь “Автоком жапан” ХХК-иар дамжуулан Япон улсад зохион байгуулагдсан автомашины дуудлага худалдаанд оролцож 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ZBW305211680 арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота приус” маркийн автомашиныг 678 000 иенээр худалдан авсан. Тухайн үед автомашины үнэ 678 000 иенээс 247 500 иенийг урьдчилан төлж, 405 500 иенийг төлөөгүй үлдээсэн. 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр автомашин Япон улсаас Монгол улсад ачигдаж 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Замын-Үүд дэх гаалийн газраас хүлээн авсан боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.

Компани Б.Мягмардолжинтой холбогдох гэсэн боловч утасны дугаараа сольсон байсан. 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрт нь очиж уулзахад 405 500 иений үлдэгдлийг 5 сарын хугацаанд, сар бүр 81 000 иенээр төлнө гэж баталгаа бичиж өгсөн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 25, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус бүр 81 100 иен төлж, үлдэгдэл 243 300 иенийг төлөлгүй харилцах бүх утсаа солиод сураггүй алга болсон. Иймд бид 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул  243 300 иенийг энэ өдрийн Монгол банкны иений ханшаар тооцож нийт 4 561 875 төгрөгийг хариуцагч Б.Мягмардолжингоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч байгууллагаас Б.Мягмардолжин ямар ч автомашин хүлээж аваагүй. Нэхэмжлэлд бичсэн агуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зөрж байна. 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Автоком карс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Автоком жапан” ХХК нь “Автоком карс” ХХК-д итгэмжлэл олгосон байсан. Энэ нь хэргийн 5 дахь талд авагдсан. 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Автоком карс” ХХК-ийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх Н.Золжаргалд олгосон.

Өөрөөр хэлбэл Н.Золжаргалд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд “Автоком жапан” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх олгоогүй байсан байна. “Автоком карс” ХХК-д олгосон итгэмжлэлийг Н.Золжаргалд шилжүүлсэн талаар итгэмжлэл хэрэгт байхгүй. “Автоком жапан” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Мягмардолжинд холбогдох иргэний хэрэгт “Автоком карс” ХХК-ийг төлөөлнө гэсэн итгэмжлэл учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Мягмардолжингоос 4 561 875 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Автоком жапан” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 740 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Мягмардолжингоос 89 740 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Япон улсын “Автоком карс” ХХК нь “Автоком жапан” ХХК, “Автоком” ХХК нь Н.Золжаргалд Япон улсын “Автоком жапан” ХХК-ийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн этгээдийг төлөөлөх итгэмжлэлийг тус тус олгосон байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Япон улсын “Автоком карс” ХХК нь “Автоком жапан” ХХК-д өөрийн байгууллагыг төлөөлүүлэх хүсэл зоригийг илэрхийлсэн байдаг. “Автоком жапан” ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний эрх зүйн харилцаанд төлөөлөх бүрэн эрхийг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн харилцаанд төлөөлөх бүрэн эрхийг Монгол Улсын “Автоком карс” ХХК-д итгэмжлэлээр тус тус олгосон.

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Автоком карс” ХХК нь өөрийн байгууллагыг төлөөлүүлэхээр Н.Золжаргалд холбогдох автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл, үлдэгдэл төлбөрийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Автоком карс” ХХК-ийг төлөөлж тус компанийн хуулийн ажилтан Н.Золжаргалыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж байна” гэсэн байна. Шүүх нэхэмжлэлийн агуулгыг Иргэний хуулийн 41, 198 дугаар зүйлд заасныг удирдлага болгон тайлбарлаж хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр хэт хийсвэр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нөгөө талаар Япон улсын “Автоком жапан” ХХК-иас олгосон бүрэн эрхийг Монгол Улсын “Автоком карс” ХХК нь Н.Золжаргалд шилжүүлсэн гэж үзсэн. Н.Золжаргалд Япон улсын “Автоком жапан” ХХК-ийг шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Учир нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Автоком жапан” ХХК-иас “Автоком карс” ХХК-д итгэмжлэлээр иргэний эрх зүйн харилцаанд төлөөлөх бүрэн эрхийг олгосон. Өөрөөр хэлбэл, процессын эрх зүйн харилцаанд төлөөлөх эрхийг олгоогүй тул Н.Золжаргалд “Автоком жапан” ХХК-ийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн харилцаанд төлөөлөх эрхийг олгосон нь өөрт олгогдоогүй эрхийг бусдад шилжүүлсэн гэж ойлгогдож байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргалын тайлбараар “Автоком жапан” корпораци болон “Автоком карс” ХХК тус тусдаа үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдүүд бөгөөд “Автоком карс” ХХК нь “Автоком жапан” корпорацийн зарим үйл ажиллагааг итгэмжлэлийн үндсэн дээр Монголд эрхлэн явуулдаг. Мөн өөрийн нэрийн өмнөөс өөр төрлийн олон үйл ажиллагаа явуулдаг нь нотлогдсон. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Золжаргал “Автоком карс” ХХК-ийг шүүхэд төлөөлөх эрхийг олгосон. Өөрөөр хэлбэл, “Автоком жапан” ХХК-иас “Автоком карс” ХХК-д итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийг Н.Золжаргалд шилжүүлээгүй бөгөөд өөрийн компанийг төлөөлөх эрхийг олгосон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал нь “Автоком жапан” ХХК-ийг төлөөлөх эрхгүй.

Япон улсын “Автоком жапан” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын “Автоком карс” ХХК-д иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн харилцаанд төлөөлөх бүрэн эрхийг олгосон. Мөн л уг итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргалд шилжүүлээгүй. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийг шилжүүлсэн гэж үзсэн ч нэхэмжлэлийг гаргах үед буюу 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Н.Золжаргалд “Автоком жапан” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрх байгаагүй гэж үзнэ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Автоком жапан” компани нь хариуцагч Б.Мягмардолжинд холбогдуулан худалдах, худалдан гэрээний үүрэгт 4 651 875 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж маргажээ.

Хариуцагч Б.Мягмардолжин нь “Автоком жапан” компаниас Приус загварын автомашиныг 687 000 иенээр худалдан авахаар тохиролцож, 434 700 иенийг нэхэмжлэгчид төлснөөр гэрээний зүйлийг шилжүүлэн авч, үлдэгдэл 243 300 иенийг төлөөгүй нь тогтоогджээ.

Шүүх, хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтад тулгуурлан талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж эрх зүйн харилцааг зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Автоком жапан” компаниас “Автоком карс” ХХК, захирал З.Алтанбагана нарт 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Итгэмжлэл,

“Автоком карс” ХХК-иас Н.Золжаргалд 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Итгэмжлэл,

“Автоком жапан” компаниас “Автоком карс” ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олгосон Итгэмжлэл,

“Автоком карс” ХХК-иас Н.Золжаргалд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр олгосон Итгэмжлэл хэрэг авагджээ. /хх 5,6, 23, 29 тал/

Дээрх итгэмжлэл тус бүрийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч “Автоком жапан” компаниас хариуцагч Б.Мягмардолжинд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх олгогдоогүй этгээд оролцсон гэж үзэх үндэслэлгүй, тухайн итгэмжлэлүүд хуульд заасан шаардлага хангасан талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв байна.

Тодруулбал нэхэмжлэгчийг төлөөлж уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Н.Золжаргалыг тухайн этгээдийг төлөөлөх эрхгүй, түүнд олгосон итгэмжлэл Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэх үндэслэлгүй.

Харин зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Итгэмжлэл, Компанийн үйл ажиллагааны гэрчилгээ зэрэг баримтаар нэхэмжлэгч Япон улсад үйл ажиллагаа эрхэлдэг нь тогтоогдсон, Монгол Улсад бүртгэлтэй талаар нотлох баримтгүй байхад “Автоком жапан” ХХК гэснийг “Автоком жапан” компани гэж тодорхойлон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00450 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын “нэхэмжлэгч “Автоком жапан ХХК-д” гэснийг “нэхэмжлэгч “Автоком жапан” компанид” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 89 740 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Т.ТУЯА