Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 719

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Ж.Энхжаргал,

            шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Д.Өлзийсайхан,

насанд хүрээгүй хохирогч Б.О хууль ёсны төлөөлөгч А.Дорждэрэм,

насанд хүрээгүй хохирогч Б.О өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 510 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч Б.О хууль ёсны төлөөлөгч А.Дорждэрэмийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Эд холбогдох 1803000340164 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн Төмөрбаатарын Т.Э, Булган аймгийн Булган суманд 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эх, ах, дүү, хүүхдийн хамт амьдардаг, Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг, Хайлаастын Цагаанбулаг 2 дугаар гудамжны 23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .../;

 

Т.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 13 цаг 50 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд “Тоyota pruiss-20” загварын, 13-05 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, автомашинд сууж явсан зорчигч Б.Эын амь насыг хохироож, зорчигч Б.О эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас Т.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Эыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолуулахаар тогтоож,

шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Т.Эаас 18.004.950 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч А.Дорждэрэмд олгож, түүний нэхэмжлэлээс 7.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хүүхэд асарсан хугацааны бизнесийн орлого, Солгонгос улсад явж эмчлүүлэх зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Т.Эын 834143 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй хохирогч Б.О хууль ёсны төлөөлөгч А.Дорждэрэм давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний хүү Б.О нь 18 настай МУИС-д 1 дүгээр курст сурч байсан. Гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Т.Э гэдэг жолоочийн машинд сууж Улаанбаатар хот руу явах замдаа, жолооч Т.Э маш их хурдтай явж онхолдон, өөрийн дүү Б.Эынх нь амь нас хохирч, миний хүү Б.О нь нуруу нугасны хүнд гэмтэл авсан юм. Энэ өдрөөс хойш гэмтлийн эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж одоогоор гэртээ байна.

Миний хүү нь 6 сар гаруй хэвтэрт босч чадахгүй байна. Мэргэжлийн эмч нар гадаадад нуруу нугасны эмнэлэгт хандан хугацаа алдахгүй эмчилгээнд хийлгэх шаардлагатай. Удах нь булчингийн хатингаршил, эд эсийн үхжил явагдах аюултай, Монголд эмчлэх боломжгүй гэж сануулсаар байна. Бид Солонгос улсад хандаж тус улсын эмнэлэг эмчлэх бүрэн боломжтой гэсэн хариу ирсэн боловч мөнгө төгрөгийн боломж байхгүйн улмаас явж чадахгүй өдийг хүргэж байна. 3 сар эмчилнэ гэснээс 6 долоо хоногийн эмчилгээ нь 27.000.000 вон болж байгаа юм. Т.Э нь анх 3.000.000 төгрөг төлсөн. Шүүх хурлын дараа 2.700.000 төгрөг төлсөн болно. Миний бие нь эмчилгээ асаргааны зардалд 28.448.399 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх 18.004.950 төгрөг төлүүлэхээр тогтоож өгсөн. Шүүхээс Т.Эыг үндэслэлгүй 1 жилийн хугацаанд тэнссэнд гомдолтой байна.

Т.Э гэм буруугаа шүүхийн өмнө хүлээн зөвшөөрч байсан боловч надад мөнгө байхгүй, хүний гар харж байна, өгнө гэж худлаа хэлж чадахгүй, эх гэх хүн нь хар овоохойгоос өөр юм байхгүй, манай охиныг шоронд нь өгөө, тэр нь дээр өөр арга байхгүй гэж доромжилсон байдалтай байна. Бусдын хүүхдийг өөрийн буруугаас үхэх сэхэх хоёрын дунд ийм байдалтай болгочихоод гэм буруугаа хүлээхгүй байгаад гомдолтой байна. Төлбөрийн газар бүрэн байгаа болно.

Бид нэг нутагт амьдардаг. Өмгөөлөгч гэх хүн Өлзийсайхан нь шүүх тэнсэн өгөөд байхад та муусайн юмнууд яах юм гэх зэргээр доромжилсон.

Энэ бүх зүйлээс үзэхэд Т.Э нь хохирол төлөх ямар ч үндэслэлгүй башир арга хэрэглэж байгаа гэдэг нь харагдаж байна. Анхан шатны шүүх хохирогчийг 6 сар хэвтэрт босож чадахгүй байхад, хохирол бүрэн төлөгдөөгүй, гэм хорын хохирол арилаагүй, маш их гомдолтой байхад тэнсэн харгалзах ял өгснийг хүлээн зөвшөөрхгүй.

Иймээс Т.Эд ял шийтгэлийг нь оногдуулж өгнө үү.” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Очирвааний хууль ёсны төлөөлөгч А.Дорждэрэмийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн зүйлчлэл тохирсон. Давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирол төлбөр төлөгдөөгүй. Хохирогч 8 сар хэвтэрт байгаа. Хохирол төлөхөө илэрхийлсэн гэж яриад байна. Шүүх хуралдаан дээр төлнө гэж хэлэхээр, илэрхийлсэн болох уу. Эсхүл төлнө гээд бичиг хийж график гаргахыг илэрхийлсэн болох уу. Ял шийтгэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн гэж үзэж байна. Нөгөө талаар шүүгдэгчийг хохирогч талд хохирол, төлбөрийг төлж, эмчилгээнд шаардлагатай мөнгийг нь төлөх байх гээд тэнссэн байх гэж бодож байна. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан шаардлага, нөхцөл байдал байхгүй байхад ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа нь буруу. Хохиролд 24.000.000 төгрөгийн баримтын бүрдүүлж өгснөөс хууль ёсны баримт 18.000.000 төгрөг болсон нь үнэн. Хохирлын хувьд зөв зүйтэй шийдвэрлэсэн. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ял оногдуулсан тохиолдолд давж заалдах шатны шүүх хөнгөрүүлж, хүндрүүлж болно. Ял оногдуулахгүйгээр тэнссэн байна. Тэгэхээр хэргийг буцааж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.  

 

            Шүүгдэгч Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Б.Э миний төрсөн дүү байсан. Би шүүхээс өгсөн хугацаанд хохирлыг барагдуулна.” гэв.

 

Шүүгдэгч Т.Эын өмгөөлөгч Д.Өлзийсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд шүүхээр шийдвэрлэгдэхээс өмнө хохирлын асуудал ойлгомжгүй байсан. Анхан шатны шүүхийн шатанд 18.000.000 төгрөгийн хохирол тогтоогдсон. Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрч байгаа. “Хохирлыг барагдуулна” гэж хэлдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 5.800.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна.” гэв.

 

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Яагаад гэвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг бүрэн бодитоор үнэлж чадаагүй. Осол гарснаас хойш 6 сарын дараа анхан шатны шүүх хуралдаан болоход хохирол төлөөгүй. Хохирогчийн биеийн байдал муу. Цаашид эмчилгээ шаардлагатай байна гэдэг нь ойлгомжтой байхад хор уршгийг арилгах талаар ямар арга хэмжээ авсан бэ?. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос хойш арга хэмжээ авсан байдал байна уу?. Хохирогч маш их гомдолтой байдаг. Зөвхөн хохирол төлнө гэдгээр хохирол төлөгдөх юм байна гэсэн нөхцөл байдлыг тооцох юм уу?, эсхүл хохирлыг яаж төлөх вэ?. Шийтгэх тогтоолд заасан 18.000.000 төгрөгийг ч төлөх талаар бодитоор санаачлага гаргаагүй. Мөн хохирогчийг эмчлүүлэх талаар санаачлага гаргаагүй. Энэ нөхцөл байдал нь анхан шатны шүүх дээр ч ийм байсан. Тэгэхээр хор уршгийг арилга гэдэг бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн байна. Хавтас хэрэгт хохирлыг тэнсэнгийнхээ хугацаанд төлнө гэсэн бодитой итгэл үнэмшил төрүүлэхээр нотлох баримт байхгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Т.Эд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүх, Д.Т.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Энэ талаар насанд хүрээгүй хохирогч Б.О хууль ёсны төлөөлөгч А.Дорждэрэмийн “... нэг хүний амь нас хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирол төлөөгүй, төлөх санаачлага гаргахгүй байгаа хүнд тэнсэх, албадлагы арга хэмжээ хэрэглэсэнд гомдолтой байна” гэсэн давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.О нь ослын улмаас биедээ авсан хүнд гэмтлийг цаашид хугацаа алдалгүй эмчлүүлэхгүй бол эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болохыг хууль ёсны төлөөлөгч А.Дорждэрэм шүүх хуралдаанд тайлбарлаж, холбогдох баримтаа хэрэгт гаргаж өгснөөс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ...” гэж заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх хуулийн шаардлагыг шүүгдэгч Д.Т.Э хангаагүй болохыг дурьдах нь зүйтэй.  

 

   Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Т.Эд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 510 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Т.Эд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Д.Т.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН