Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 46

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, 

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: БОАЖС 

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар, Зүүн богинын аманд аялал жуулчлалын зориулалтаар 0,12 га газрыг 5 жилийн хугацаанд ашиглах эрхтэй болсон. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн БОАЖС ын А/113 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан байна.

Бид маргаан бүхий тушаалыг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан. Маргаан бүхий тушаалын үндэслэлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “...газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “...тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 36 дугаар зүйлийн 36.1-т “...Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “... тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.2-т “...газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж энэ хуулийн З7 дугаар зүйлд заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө” гэж тус тус заасан зохицуулалтууд болон Усны тухай хууль болон Засгийн газар болон холбогдох сайдаас баталсан журмын дагуу хориглосон үйл ажиллагааг “зөрчсөн” гэсэн үндэслэлийг дурдсан байх боловч бидний хувьд тийм зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл бид зөвшөөрөл бүхий газартаа хууль болон холбогдох дүрэм журам зөрчсөн үйл ажиллагааг огт явуулаагүй. 

Иймээс хариуцагчаас гаргасан маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн учраас Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар ашиглах зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгосон. Үүнийг дуусгавар болгосон гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “...газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “... тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “....газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж энэ хуулийн З7 дугаар зүйлд заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “...Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т “...онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, 22.6-д “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм  зөрчихийг хориглоно” гэж заасныг, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А/125 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтыг мөрдөх журам” болон Богдхан уулын дархан цаазат газрын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 431 тоот саналыг үндэслэж тушаалыг гаргасан.

Уг тушаалаар “Усны нөөцийг бохирдож, хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчинө” гэж үзсэн учраас нэхэмжлэгчийн газар ашиглах зөвшөөрлийг цуцалсан болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК нь тус шүүхэд хандан “БОАЖС ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг БОАЖС ад холбогдуулан гаргасныг шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. БОАЖС ын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар захирамжаар нэхэмжлэгч “С” ХХК-н Богдхан уулын Зүүн богины аманд 0.12 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгож, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр газар ашиглах эрхийн 2015/105 дугаар гэрчилгээг олгожээ.

Улмаар “...усны нөөцийг  бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухай орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэг горимыг зөрчиж буй” гэх үндэслэлээр БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар захирамжаар “С” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:

- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст  2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр /https://www.mne.mn/?p=3379/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасанчлан “газар дээдээ үйл ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлээр “С” ХХК-ийн “залаатын ам”-нд байршилтай газар ашиглах эрхийг цуцлах болсон тухай мэдэгдлийг байршуулсан байна.

Улмаар Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 431 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд усны нөөц бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий” 32 иргэн аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтыг хүргүүлсний 9-д нэхэмжлэгч “С” ХХК-ийн “зүүн богины ам”-нд ашиглаж буй 1203.14 м.кв хэмжээтэй газар орсон байна. 

Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс  нэхэмжлэгчид хандан 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 432 дугаар албан бичгээр “газар ашиглах эрх цуцлах тухай” мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч тус мэдэгдэл нь “хаягийн алдаатай зөрчлийн улмаас хамгаалалтын захиргаанд ирснийг  нэхэмжлэгчийн төлөөлөгч 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий актын хамтаар хүлээн авсан болох нь хэргийн оролцогчдийн тайлбар болон Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдож байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасанчлан захиргааны үйл ажиллагаанд “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчим баримтлагдах учиртай бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох чиг үүргийнхээ хүрээнд хариуцагч БОАЖС  нь маргаан бүхий актыг гаргахаас өмнө шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, хуульд зааснаас бусад тохиолдолд сонсох ажиллагааг явуулах үүрэгтэй.

Маргаан бүхий захиргааны акт болох БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар захирамж, түүний үндэслэлийг тайлбарлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 9 дүгээр сарын 25, 2018 оны 11 дүгээр сарын 20 болон 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1270, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1548, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1678, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 болон 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 26 дугаар албан бичиг холбогдох бусад баримтаас үзэхэд:

- хариуцагчаас сонсох ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас дахь  2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн /https://www.mne.mn/?p=3379/ мэдэгдэлд дурдсан үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 буюу “газар дээдээ үйл ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлийг дурдсан байх боловч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдсанаас өөр, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.4, 22.6 дахь заалтыг үндэслэн “С” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2 дахь заалтыг зөрчсөн байна. 

- Маргаан бүхий акттай холбогдуулан хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан тайлбар, ортофото зураг болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн газрын үзлэгээр нэхэмжлэгч нь тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, дан хашаалсан, атар байдалтай байсан бөгөөд БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар захирамжийн үндэслэл болсон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчилсөн” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 

хариуцагчийн зүгээс мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасанчлан “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”-тэй холбоотой нөхцөл байдлыг шалган тогтоохтой холбоотой ямар нэг ажиллагааг авч хэрэгжүүлээгүй, үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь маргаан бүхий актыг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй болгож байна.

Түүнчлэн, хариуцагчийн зүгээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 тушаалаар хамтран баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-г үндэслэн, “С” ХХК-ийг “эрсдэл бүхий” байгууллага хэмээн үзэж газар ашиглах эрхийг нь цуцалсан хэмээн тайлбарлаж байх боловч уг журмын ямар зүйл заалтыг үндэслэн нэхэмжлэгч компанийг эрсдэл бүхий байгууллага хэмээн үнэлсэн болох нь тодорхойгүй, тус журмыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 3-2/132 дугаар лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

Иймд БОАЖС  холбогдуулан гаргасан “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хангах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.3.2, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “С” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж БОАЖС ын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын “С” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БОАЖС аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХТУЛГА