| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07543/И |
| Дугаар | 102/ШШ2017/00719 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/00719
| 2017 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2017/00719 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 41-р байрны 153 тоот, “Жиашидэ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37-р байрны 47 тоотод оршин суух, Номин фүүдс ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, регистр ЧЙ84091877, Аюуш овогтой Ойдовын Амарсанаад холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40 410 362 төгрөг гаргуулахыг хүссэн, Жиашидэ ХХК-д холбогдох 5 117 000 төгрөгийг хасч тооцуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Солонгочимэг, гэрч Р.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 151 тоот орон сууц захиалгаар барих гэрээг нэг талаас “Жиашидэ” ХХК, нөгөө талаас иргэн О.Амарсанаа нар байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч компани Баянгол дүүргийн 17-р хороонд 110 айлын 37 тоот орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан. Орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөөд 78 айлтай гэрээ хийж байранд нь оруулсан. Иргэн О.Амарсанаагийх гэрээнд заасны дагуу 37-р байрны 1-орц 8 давхарт 67.6 мк 2 өрөө байрыг 1 мк-ийг 1 190 000 төгрөгөөр тооцож 79 801 400 төгрөг төлөхөөр, үүнээс урьдчилгаа 50 хувь буюу 40 000 000 төгрөг төлсөн. Үлдэх 39 801 400 төгрөгийг төлөөгүйгээр байрандаа орсон. Байрандаа ороод 5 жил амьдарч байгаа боловч үлдсэн мөнгөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. “Жиашидэ” ХХК-ний эрхийг 2015 оны сүүлээр монгол захирал шилжүүлэн авч, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарсан. О.Амарсанаад 2015 оны 12 дугаар сарын 22-ноос 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 4 удаагийн мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй тул алданги тооцсон. Алдангийг байрандаа орсон цагаас тооцоогүй, алданги тооцох тухай гэрээнд заасан. 2016 оны 6 сарын 1-ний өдрөөс алданги тооцож 608 962 төгрөг нийт 40 410 362 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Солонгочимэг шүүхэд болон
шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр бид хоёр 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 67,06 мк 2 өрөө байрыг 1 мк-г нь 1 190 000 төгрөгөөр авсан. Тухайн үед м.кв-н зөрүүг мэдээгүй. Бид шинжээч томилуулж м.кв хэмжүүлэхэд 4.3 мкв зөрүү гарсан. Бид 39 801 400 төгрөгийг төлөхөд бэлэн, төлөхгүй гээгүй. Харин байрны гэрчилгээгээ аваад төлнө. Энэ байрыг барьсан эздүүд нь 2012 оноос ор сураггүй алга болсон. Байрны асуудлыг хариуцах удирдлагууд нь олдохгүй, оршин суугчид хаана хандахаа мэдэхгүй байсан. Байрны гэрчилгээ гарсан тохиолдолд 40 000 000 төгрөгний банкны зээлэнд хамрагдаж үлдэгдлээ өгнө гэж гэрээ хийсэн байгаа. Алданги бол бидний буруугаас болоогүй, компани өөрөө алга болсон, хариуцах эзэнгүй болсон, засвар үйлчилгээг “Жиашидэ” компани хийгээгүй, оршин суугчид өөрсдөө хариуцаж хийж байсан. Оршин суугчид өөрсдөө байраа СӨХ-тэй болгож авсан байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Солонгочимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жиашидэ” ХХК нь 4 удаа мэдэгдэл өгсөн, 2 удаа очиж уулзахад үлдэгдэл мөнгөө л нэхсэн. Талбайн зөрүүтэй маргаан гараад байсан учраас манайх “Ди Эйл Ти” компианаар хэмжилт хийлгэхэд 62.76 м.кв гэж гарсан. Гэрээгээр тохирсон 67,06 м.кв-с хасч 1 м.кв-н үнийг 1 190 000 төгрөгөөр бодож 5 117 000 төгөргийг “Жиашидэ” ХХК-иас нэхэмжилж байна. Байрны үлдэгдэл төлбөр 39 801 400 төгрөгөөсөө хасаж тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулахдаа 5.1-т зааснаар тайлбайн аргачлал дээрээ тохирч палаан зураг хавсаргасан. Хэмжилт хийсэн компанийн тухайд О.Амарсанаа бид хэд мэдлэгтэй болсон. Байрны тагт ямар байх ёстой вэ гэхээр 3 талаараа задгай байдаг, үүнийг тооцохдоо 0.3 хувиар тооцдог, бид ярилцаад тагтыг битүүлж дулаалсан бөгөөд үүнийг талбайн хэмжээнд 0.5 хувиар боддог. Ингээд план зургийн хамт гэрээгээр тохирсон. Сууцны болон сууцны бус талбай гэж зураглал гаргаж нийт талбай 67,6 м.кв болсон, энэ бол гэрээнд бодитойгоор тусгагдсан. Хүчин төгөлдөр гэрээгээр талбайн хэмжилт хийсэн байхад дутуу гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, 39 801 400 төгрөгөөс хасч тооцох үндэсгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь О.Амарсанаад холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40 410 362 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч нь “Жиашидэ” ХХК-д холбогдох 5 117 000 төгрөгийг хасч тооцуулахыг сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх “Жиашидэ” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас 39 801 400 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 608 962 төгрөгийн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
“Жиашидэ” ХХК нь О.Амарсанаатай 2011 оны 9-р сарын 11-ний өдөр 51 тоот “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 18-р хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37-р байрны 1-р орцны 8-р давхарын 47 тоот 67.06 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг захиалгаар барьж хүлээлгэн өгөх, захиалагч нь хөлс 79 801 400 төгрөгийг төлөхөөр /хх 11-14/ тохирчээ.
Гэрээний дагуу захиалагч нь урьдчилгаа 40 000 000 төгрөгийг 2011 оны 9-р сарын 12-ны өдөр төлсөн, “Жиашидэ” ХХК нь орон сууцыг 2011 оны 11-р сарын 25-нд хүлээлгэн өгсөн, энэ талаар талууд маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас 39 801 400 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар маргасан бол, хариуцагч нь энэ төлбөрийг төлөөгүй шалтгаанаа “өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа банкны зээлд хамрагдаж төлбөрийг төлөхөөр тохирсон”, сууцны талбай нь гэрээгээр тохирсон хэмжээнээс байсан талаар маргажээ.
Гэрээний 4.2, 4.3 дахь хэсэгт зааснаар захиалагч нь хавсралтад заасан графикийн дагуу төлбөрийг төлнө, төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.01 хувиар алданги төлөхөөр тохирсон байна.
Хариуцагч нь “Жиашидэ” ХХК-иас төлбөрөө төлөхийг 4 удаа мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн /хх17-20/ талаар болон 39 801 400 төгрөгийг төлөхгүй гэж маргаагүй боловч харин “Үлдэгдэл төлөх график”-т /хх 15/ захиалагч төлбөрийг ямар хугацаанд төлж дуусгахыг тусгаагүй, өөрөөр хэлбэл, 2011 гэснээс өөрөөр тодорхой хугацаа тохироогүй байх тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамт тооцож алданги 608 962 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр, талууд гэрээний 3.7-д захиалагч орон сууцны төлбөрөө 100% төлж барагдуулах хүртэл тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч нь гүйцэтгэгч байх бөгөөд өмчлөх эрхээ хэрэгжүүлнэ, 4.8-д захиалагч нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарснаас хойш 30 хоногийн дотор байрны төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгэгч байраа буцааж авахаар тохирсон байна. Үүнээс дүгнэвэл, захиалагч төлбөрөө бүрэн төлөхөөс өмнө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх, гэрчилгээ гарсны дараа банкны зээлээр төлбөрийг төлөхөөр тохирсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч нь 67.06 м..кв талбай бүхий 2 өрөө сууцыг бариулахаар тохирсон боловч 62.76 м.кв талбайтай гэж марган үнийн зөрүү 5 117 000 төгрөгийг төлбөрөөс хасуулж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Талууд гэрээний 1.1-т зааснаар Баянгол дүүргийн 18-р хороо, 37-р байрны 47 тоот 2 өрөө сууцны талбайг дотор хананаас тооцож 63.76 м.кв, тагтыг битүүлж 0.5 итгэлцүүрээр тооцон 3.3 м.кв буюу нийт талбайг 67.06 м.кв байхаар тохирч зургаар баталгаажуулан хүлээлгэн өгсөн, захиалагч сууцыг 2011 оны 11-р сарын 25-ны өдөр хүлээн авсан /хх 16/ байна.
Хариуцагч нь “Ди Эл Ти” ХХК-ний хэмжилтээр 62.76 м.кв /хх 26-32/ талбайтай гэж тайлбарласан, харин шинжээч “Эм Эм инженеринг” ХХК-ний дүгнэлтээр
/хх 78-84/ сууцны талбайг 62.81 м.кв болохыг тогтоосон байна.
Хэдийгээр сууцны талбай нь шинжээчийн дүгнэлтээр 62.81 м.кв боловч захиалагч сууцыг хүлээн авах үед талбайг хэмжих, доголдлын талаар мэдэх боломжтой байсан боловч хүлээн авснаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан, ажил гүйцэтгэгч ашиглах боломжтой, доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлсэн гэж дүгнэлээ.
Нөгөө талаас, гэрч Р.Туулын “...айлууд гэрээтэйгээ бүрэн танилцаж, талбайн хэмжээг яаж тооцох талаар тохиролцсон. Яагаад гэхээр талбайн маргаан гардаг талаар тайлбарлаж, тагтыг 0.3 хувийн итгэлцүүрээр тооцох боловч битүүлж террас болгон 0.5 хувийн итгэлцүүрээр тооцох, план зургаар баталгаажуулж гэрээний хамт өгсөн, тухайн үед ямар нэг маргаан гараагүй, хүлээн зөвшөөрч байрандаа орсон” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.
Хэргийн 34-54 дэх талд О.Амарсанаагийн зээлийн талаарх баримтууд, барилга байгууламжийг байнгын ашиглалтад өгөх техникийн болон улсын комиссийн акт, “Жиашидэ” ХХК-ний 95 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрхийн талаар талууд маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 352-р зүйлийн 352.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ойдовын Амарсанаагаас 39 801 400 /гучин есөн сая найман зуун нэг мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж “Жиашидэ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 608 692 /зургаан зуун ерэн хоёр мянга/ төгрөгийн нэхэмжлэл болон “Жиашидэ” ХХК-д төлөх төлбөрөөс 5 177 000 /таван сая нэг зуун арван долоон мянга/ төгрөг хасч тооцуулахыг хүссэн О.Амарсанаагийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360 005 төгрөг, хариуцагчаас төлсөн 96 822 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Амарсанаагаас 356 957 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Жиашидэ ХХК-д олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА