Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 737

 

 

 

 

 

 

 

 

 

   Б.Мт холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Г.Эсэн,

            шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

            хохирогч Д.Бгийн өмгөөлөгч О.Даваажаргал,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 645 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Мт холбогдох 1710009930198 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Банзрагчийн Б.Б, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1984 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Баатар Дулаанхан” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ивээл” хотхоны 416 дугаар байрны 1102 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............/;

Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ивээл” хотхоны 41б байрны автомашины зогсоолын хэсэгт Д.Бг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Мын гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй, хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай. Үүнд:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр бүрэн тогтоогдоогүй байна. Хэргийн 45 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд заасан шүүгдэгч Б.Мын биед учирсан эрүүний зулгаралт гэмтлийг хохирогч Д.Б учруулсан эсэх, эсхүл уг хэргийн газарт, тухайн цаг хугацаанд байсан өөр бусад этгээд учруулсан эсэхийг шалгаж тогтоох, энэ нь гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрт шууд нөлөөлөх ач холбогдол бүхий нөхцөл байдал болно. Шаардлагатай бол хэргийн газарт нөхөн үзлэг хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, гэмт хэрэг гарсан гэх газрын хяналтын камерын бичлэг зэрэгт үзлэг хийх зэргээр мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулах нь гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий байна.

2. Хохирогч, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлэгт дурьдагдсан зогсоол доторх дулааны узелийн хаалгыг онгойлгохоор оролдож байсан, шүүгдэгч уг этгээдийг түлхсэн, өшиглөж холдуулсан гэх “Батбаян дулаан” ХХК-ийн ажилтан н.Бадрах гэгчийг хэрэгт гэрчээр асууж, мэдүүлэг аваагүй байх тул тухайн этгээдийг гэрчээр асууж, хэрэг гарсан байдал, шалтгаан нөхцөлийн талаар тодруулах ажиллагааг гүйцэтгэх.

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс хэрэгт хавсаргуулахаар өгсөн гэх “тухайн үед болсон үйл явдлын бичлэг бүхий зураг, бичлэг байгаа гэх” бичлэг бүхий CD баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 11 дэх хэсэгт заасан шаардлагад нийцүүлж бэхжүүлээгүй, эд мөрийн баримтаар тооцох эсэх талаар мөрдөгч, прокурор шийдвэрлээгүй байгаа нь тухайн баримтыг шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үнэлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна /хэргийн 67 дугаар хуудаст яллах дүгнэлтийн хавсралтад эд мөрийн баримт гэж тэмдэглэгдсэн/ гэж үзэж Б.Мт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг проркурорт буцааж, шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Ш.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхээс хэргийг зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаахаар хуульчилсан. Б.Мт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр явуулж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн атлаа шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцсэн шүүх хуралдаанаас хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг буцааж, хуулийг ноцтой зөрчсөн байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр бүрэн тогтоогдоогүй байна гэж хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй дүгнэлт хийсэн байна. Б.М нь өөрийн компаний хариуцан ажиллаж байсан “Мон-Ивээл” ХХК-ийн дулааны узелийг өгөхгүй байх гэсэн сэдэлт, санаа зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр узелийг онгойлгох гэсэн “Батбаян дулаан” ХХК-ийн ажилтнуудыг эсэргүүцэж, Д.Бд хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Шүүх хуралд оролцсон хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирогч Д.Бгийн мэдүүлэг /хх-14-20/, гэрч Э.Шагжаасэнгийн мэдүүлэг /хх-29-31/, гэрч Э.Батболдын мэдүүлэг /хх-35-36/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №14483 дугаартай дүгнэлт /хх-40/ болон хэрэг бүртгэлтийн явцад хэрэгт мэдүүлэг өгсөн хэргийн газар байсан бусад хүмүүсийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон байхад шүүх хурал дээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын илтэд худал мэдүүлэг, өмгөөллийн үгийг хэрэг шийдвэрлэхдээ анхааран үзсэн нь хэт нэг талыг барьсан, хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн Б.Мын биед учирсан эрүүний зулгаралт гэмтлийг хохирогч Д.Б учруулсан эсэх, эсхүл уг хэргийн газарт, тухайн цаг хугацаанд байсан өөр бусад этгээд учруулсан эсэхийг шалгаж тогтоох, шаардлагатай бол хэргийн газарт нөхөн үзлэг хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, гэмт хэрэг гарсан гэх газарт хяналтын камерын бичлэг /Ивээл хотхон/ зэрэгт үзлэг хийх зэргээр мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулах гэсэн нь ойлгомжгүй. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэрэг гарснаас хойш даруй 7 сарын хугацаа өнгөрсөн байхад дээрх ажиллагааг нөхөж хийх нь хэрэг шийдвэрлэх ажиллагаанд ямар ч ач холбогдолгүй, тэгээд ч хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон байгаа болно.

3. “Батбаян дулаан” ХХК-ийн ажилтан н.Бадрах нь Б.Мт өшиглүүлсэндээ гомдол гаргаагүй, Д.Б нь түүнийг цохиж зодоогүй болох нь түүний өөрийнх нь мэдүүлэг болон хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон, Б.Мын эрүүнд үүссэн зулгаралт гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэх заалтыг зөрчиж байна.

4. Шүүгдэгчээс хэрэгт хавсаргуулахаар өгсөн гэх “тухайн үед болсон үйл явдлын бичлэг бүхий зураг, бичлэг байгаа” гэх CD нь “Б.М нь Д.Бг цохьсон зодсон үйл баримттай холбогдолгүй, зөвхөн өөрийнхөө утсаар өөрийн нүүр, хувцас, узелийн хаалганы зургийг авсан, энэ хэрэгт хамааралгүй, хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй” учраас нотлох баримтаар тооцож баримт үйлдээгүй нь хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэл болохгүй юм.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

            Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчиж, захирамж гаргасан гэж эсэргүүцэл бичсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.12 дахь заалтад “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж заасан. Яг энэ нөхцөл байдал нь шүүх хуралдааны явцад бий болсон. Яагаад гэвэл хавтаст хэргийн 28 дугаар талд, гэрч Өлзийсүрэнгийн мэдүүлгээр “10 орчим хүн узель рүү орж ирсэн. Хяналтын камер хараад сууж байтал “Баатар Дулаанхан” ХХК-ийн захирал Б.М орж ирээд, ажилчидтай маргалдаж эхэлсэн” гэдэг. Камерын бичлэгт үүнтэй холбоотой асуудал байгаа гэдгийг тухайн үеэс Б.М цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан боловч цагдаа,  прокуророос хүлээж аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд, нотлох баримтыг хуульчлан зааснаар “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэжээ. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж заасан. Тэгэхээр миний үйлчлүүлэгч өөрийгөө гэм буруугүй болохыг, мөн тухайн үед  өөр лүү нь дайрсан болохыг, “Мон-Ивээл” ХХК-тай холбоотой узель өнөөдрийг хүртэл “Батбаян дулаан” ХХК-ийн мэдэлд очоогүй болохыг мэдүүлж, тухайн CD бичлэгийг хавтаст хэрэгт хавсаргасан. СD бичлэг дээр “тухайн хүнийг өшиглөж байсан, хэн өшиглөсөн, ямар байдлаар газарт унасан, малгайнд хэн нэгний гуталны мөр гарсан буюу толгой руу нь өшиглөсөн” нөхцөл байдал байхад уг нотлох баримтыг шалгаж бэхжүүлэх ажиллагааг хийгээгүй. Ажиллагаа хийгээгүй мөртлөө тухайн баримтыг хавтас хэрэгт хавсаргасан. Мөн CD яагаад хугарсан юм бэ? гэх асуудал анхан шатны шүүхэд гарсан. Тухайн CD-г зориулалтын хайрцаг саванд хийж өгсөн байдаг. Гэтэл тухайн зориулалтын хайрцаг нь ямар нэгэн байдлаар нугарсан, хугарсан зүйл байгаагүй. Анхан шатны шүүхэд хугарсан бол тухайн зориулалтын хайрцаг нь мөн адил сэв суух байсан. Тэгэхээр үүнийг шүүх хүлээж аваад хугалсан гэх үзэх үндэслэлгүй. Тийм учраас шүүгчийн гаргасан захирамж үндэслэлтэй гарсан. Мөн Бадрал гэх хүнд гэмтэл учирсан, өшиглүүлсэндээ гомдол гаргаагүй гэж тайлбарлаж байгаа. Ер нь хэргийн нөхцөл байдал бол 10 гаруй хүн ганцхан хүн рүү дайрсан. Энэ хүнд ямар нэгэн байдлаар маргалдаж, зодолдох боломж үүсээгүй. Б.М газарт унасан, нүдний шил нь газарт унасан. Гэтэл Б.М нь хараа муутай. Тэгэхээр ийм нөхцөл байдал байгаа учраас хэн нэгнийг санаатай барьж аваагүй. Хэн нэгэн  ирээд өшиглөөд цохиод авангуут заамдалцсан үйл баримтыг гэрч Өлзийсайхан мэдүүлдэг. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

            Хохирогч Д.Бгийн өмгөөлөгч О.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа. Ер нь шүүх хуралдаан болон гэм буруугийн шүүх хуралдааны явцад хохирогч болон Б.Мын өөрийнх нь мэдүүлгээр цохьсон гэдгээ мэдүүлсэн. Б.Мын дараагийн мэдүүлэгт гараа савсан болоод өөрчлөгддөг. Ийм зөрүүтэй нөхцөл байдал хэргийг шалгах явцад гарч байсан. Үүнээс үзэхэд Б.М нь өөрийнхөө гэм бурууг ухамсарлаагүй. Сэдэлт зорилгын хувьд тодорхой байсан. Өөрийнх нь өгсөн мэдүүлэгт “манай узелийн хаалгыг эвдэх гэж байсан учир би очоод та нар яах гэж байгаа юм гээд зодоон хийсэн” гэсэн. Гэмт хэргийн сэдэл, санаа тогтоогдсон байх тул дахин тодруулах шаардлагагүй гэж үзэж байна. CD-ний хувьд түрүүн хэлсэнчлэн уг CD нь дээр байгаа зүйл хавтас хэрэгт зургийн байдлаар авагдсан. Камерын бичлэгийг шалгах болон үзлэг хийх ямар нэгэн боломж байхгүй. Учир нь тухайн үед камер ажиллаж байсан гэж ярьдаг боловч камер нь жирэлзэж байсан. Гэрч нарын өгсөн мэдүүлгээр “камер янзлах гээд эргээд дээшээ гүйж гарсан. Харин камер нь жирэлзэж байсан, камер дээр дүрс харагдаж байсан боловч бичигдээгүй байсан” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн хэргийн газрыг шалгах явцад нэгэнтээ бичигдээгүй байсан учир эд мөрийн баримтаар аваагүй. Бадрахын талаар сая тайлбар өгсөн. Бусад хэргийн газарт байсан гэрчүүд нь гэмт хэрэг үйлдэгдсэн байдал болон гэм буруутай талаар хангалттай үндэслэл бүхий мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэг нь хоорондоо үндэслэл бүхий таарч байдаг. Ийм учраас хэргийг прокурорын шатанд буцааж, дахин шалгах боломж байхгүй. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад баримтаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.” гэв.

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийн дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн сэдэлт, санаа зорилго нь тогтоогдсон. Б.М нь “Батбаян дулаан” ХХК-д өөрийн компанийн хариуцан ажиллаж байсан “Мон-Ивээл” ХХК-ийн дулааны узелийг өгөхгүй гэсэн сэдэлт, санаа зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр узелийг онгойлгох гэсэн “Батбаян дулаан” ХХК-ийн ажилтнуудыг эсэргүүцэж, Д.Бд хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Мөн тухайн СD-ний асуудал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгч болон прокуророос хураан авч, хэрэгт хавсаргасан CD биш. Энэ CD-ийг яллагдагч өөрөө хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Тухайн хэрэг гарсан газарт камер байсан боловч уг камер нь ажиллаагүй байсан. Яллагдагчаас өгсөн CD-д дээрх хэрэг болсон процесс бичигдээгүй. Харин зодоон болоод дууссаны дараа өөрийнхөө зулгаралт зэргийг бичсэн бичлэг байдаг. Тийм учраас эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Б.Мт холбогдох хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй, н.Бадрах гэгчийг гэрчээр байцаагаагүй, хэрэгт хавсаргасан “CD”-ийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлээгүйгээс эд мөрийн баримтаар үнэлэх боломжгүй” хэмээн үзэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

 

Б.Мт холбогдох хэрэгт шалгавал зохих зүйлүүдийг шалгасан, цаашид хийх ажиллагаа байхгүй байх тул гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Хэргийн газарт байсан “Бадрах” гэгчийг гэрчээр байцаагаагүй, хэрэгт хавсаргасан CD-г хуульд заасан журмын дагуу бэхжүүлээгүй боловч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрт хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байна. 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Мт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Анхан шатны шүүх, өмгөөлөгч Р.Пүрэвлхамын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15 дахь заалтуудад зааснаар гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулж “эдгээр асуудлууд нь яллагдагчийн гэм бурууг тогтоохтой хамааралтай байна” гэж дүгнэн хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13 /нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн/, 6.14 /хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол/, 6.15 /мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт/, 6.16 /хөрөнгө хураан авах ажиллагаатай холбоотой санал, хүсэлт/-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй орхисон асуудлыг анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах, эсхүл энэ талаар гаргасан хүсэлт, гомдлыг хангахаас татгалзаж, гэм бурууг тогтоон эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсхүл гэм буруугүй гэж үзвэл цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэх эрх анхан шатны шүүхэд байна. 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээгүй орхисон асуудлуудыг анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шийдвэрлэж, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин гуравдугаар бүлэг, Гучин дөрөвдүгээр бүлгийн агуулга, зохицуулалтад бүрэн нийцэж байх тул “хэргийг зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгээс буцаах байтал гэм бурууг хэлэлцсэн шүүх хуралдаанаас хэргийг буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэл муутай бичигдсэн болохыг дурьдах нь зүйтэй.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 645 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Мт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

 

М.ПҮРЭВСҮРЭН