Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 738

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Г.Эсэн,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1710009860230 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Цагаан соёо овгийн Цэвээндарийн Ц.Э, Ховд аймагт 1991 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; Дархан-Уул аймгийн 15 дугаар баг, Мангиртын 9-100 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...................../;

 

Ц.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хорооллын 31 дүгээр байрны гадаа зогсоолд байрлуулсан, Б.Нийн эзэмшлийн 8.500.000 төгрөгийн үнэтэй, “Тоуotа pruis-20” загварын, 31-03 УНӨ улсын дугаартай автомашиныг хулгайлсан,

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 33 дугаар байрны гадаа зогсоолд байрлуулсан Б.Эны эзэмшлийн 8.310.000 төгрөгийн үнэтэй, “Тоуotа pruis-20” загварын, 25-70 УНЛ улсын дугаартай автомашиныг хулгайлсан,

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 24 дүгээр байрны гадаа, Д.Бг “машинаар чинь хороолол ороод ирье” хэмээн хуурч 10.000.000 төгрөгийн үнэтэй, “Тоуotа pruis-20” загварын, 19-22 УБИ улсын дугаартай автомашиныг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц.Эын бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдэл тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар, залилан мэхэлсэн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Ц.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, Ц.Эын нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 83 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эаас нийт 3.230.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Энд 230.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Отгоннямд 3.000.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Ц.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний боловсролын байдал бүрэн дунд биш бүрэн бус боловсролтой. Би байцаалт өгчихөөд уншихгүй гарын үсэг зурдаг байсан нь миний буруу болсон. Шууд хэвлэж гаргасан мэдүүлэг дээр “анх өгсөн байцаалт чинь” гэж хэлж, гарын үсэг зуруулдаг байсан. Мөрдөн байцаалтын явцад “чамд хохирол байхгүй” гэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсны дараа “мөн адил өгсөн байцаалт чинь” гэж гарын үсэг зуруулсан. Хорих ангиас түр авч явах хугацаандаа “чамд хохирол байхгүй, чи ял авахгүй, тэнсэн авна” гэж хэлдэг байсан. Хохиролтой гэж үнэхээр хэлсэн бол төлөх боломжтой байсан.

Дахин түр хорих ангиас авч явахдаа цагдаагийн хэлтэс дээр очин шууд хэвлэж гаргасан “байцаалт” гэхээр нь гарын үсэг зурсан. Чи “ял авахгүй, хэрэг чинь прокурорт очсон, чи азтай, хохиролгүй” гэсэн. Хэргийнхээ материалтай нэг ч удаа танилцаж байгаагүй.

Улсын яллагч мөн яллах дүгнэлт гардуулахдаа “хохиролтой, нэг дэх өдөр шүүхэд шилжинэ” гэсэн. Уншиж танилцуулна гэж хоёр, гурав удаа гарын үсэг зуруулсан. Шүүх танхимд шүүгчийг орж ирэхээс өмнө “мөрдөн байцаалт дээр маргахгүй гэж хэлээрэй” гэсэн. Мөрдөн байцаагч ял авахгүй гэсэн болохоор маргах зүйлгүй гэж хэлсэн үгэндээ харамсаж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хүний, нийгмийн эсрэг эмгэг өвчтэй гэсэн F60.2  оношоор 2007 оноос эхлэн хэвтэн эмчлүүлж байгаа. 2014 оны гэж дутуу дүгнэлт гаргасан байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг худал байна. Анх өмгөөлөгчтэй байцаалт өгсөн бол ийм зүйл болохгүй байсан. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэжээ.

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Шүүхээс Ц.Эт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Эт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Эыг өмгөөлөгчтэй оролцуулах хуулийн шаардлагыг үл хэрэгжүүлж оролцогчийн эрхийг ноцтой зөрчжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй/-ийн 1.1 дэх заалт “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй” гэж заасан. Хуулийн энэ зүйл, хэсэг, заалтад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь сэтгэцийн өвчний хүнд, хөнгөнөөс шалтгаалахгүйгээр гагцхүү эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болохуйц өвчнөөр өвчилсөн байвал заавал өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан байна. 

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 230 дугаар дүгнэлтэд “Ц.Э нь F60.2 буюу бие хүний нийгмийн эсрэг өвчтэй... механик болон утгачилсан ой тогтоолт нас, боловсролтой нь харьцуулахад буурсан, оюуны ажиллах чадварын бүтэц буурсан, идэвхитэй анхаарал эрс сарнимтгай, идэвхи санаачлага буюу зориг эрмэлзэл буурсан, сэтгэлийн хөдөлгөөний өнгө аяс хувийн хандлага дагасан бодол дүгнэлт үүсэх шинж, аминч шинжүүд хийсвэр сэтгэхүй, сэтгэхүйн гажуудал илэрнэ, биеэ цэгнэх сорилоор өөрийн хувь хүний сэтгэцийн чанарт хандах шүүмжлэлт чанар буурсан, гүнзгий илэрнэ” гэжээ. /2-р хх-4-6/

Дээрх шинжээчийн дүгнэлтэд дурьдсан шүүгдэгч Ц.Эын өвчилсөн “F60.2 буюу бие хүний нийгмийн эсрэг өвчин” гэсэн сэтгэцийн өвчний шинж байдлаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн туслалцаагүйгээр өөрийгөө өмгөөлж, эрхээ хамгаалан оролцох боломжтой гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Эт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Эт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Ц.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН