Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1077

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00708 дугаар шийдвэртэй, С.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Бахатад холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгө болох гэрийн эд хогшил, автомашинаас ногдох хэсэг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 64 дүгээр байрны 7-2 тоот орон сууц болон гар утасны лангуу худалдан авахад оруулсан хуваарьт хөрөнгө 10 000 000 төгрөг гаргуулах,

 

Ө.Бахат нь гар утасны бизнесийн орлого 80 000 000 төгрөгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Ө.Бахат,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2009 оноос хамтран амьдарч, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулж 2015 оны 03 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд бид гар утас худалдааны “Тэди” төвд лангуу ажиллуулж байгаад 2010 онд Ө.Бахат өөрийн нэр дээр лангууны түрээсийн гэрээг хийж ажиллуулсан. Ө.Бахат архи ууж, намайг хөөж, гэр бүлийн гишүүдээ үл хүндэтгэн хэрцгий догшин харьцдаг, үүнээс болж надад эрүүл мэнд, сэтгэл санааны хүнд дарамт болж ирсэн. Эрүүл согтуу аль ч үедээ хэрүүл өдөх, маргалдах, хардах, элдэв үгээр доромжлох зэрэг нь хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлсөн. Би дагавар 2 хүүхэдтэй Ө.Бахаттай амьдарч, 2013 онд хүү төрүүлсэн. 2010 онд Ө.Бахатын дүүгийн нөхөр лангууны гэрээ хийхэд барьцаа 10 000 000 төгрөг шаардлагатай гэхээр нь өөрийн төрсөн эгч С.Солонгоос зээл авч өгсөн. Энэ мөнгийг Ө.Бахат бид хоёр хамт явж 15 570 000 төгрөг авч, 10 000 000 төгрөгийг лангууны барьцаанд өгч гэрээ хийгдсэн. С.Солонгоод энэ мөнгийг бид эргүүлж төлсөн. Бид 2011 онд 2 өрөө байр авах болж урьдчилгаа 10 хувь 11 600 000 төгрөг төлөхөөр болж, би Өмнөговь аймагт байсан 1 өрөө байраа 18 000 000 төгрөгөөр зарж 4 000 000 төгрөгийг өрөндөө суутгуулан 14 000 000 төгрөг миний дансанд орж ирсэн. Орон сууцыг 2011 оны 07 дугаар сард лизингээр худалдан авч, гэрээг Ө.Бахатын нэр дээр би хамтран үүрэг гүйцэтгэгчээр хийсэн. Ө.Бахат байрны гэрчилгээг 1 хүний өмч гэж бичүүлж авсан. Миний том охин 16 нас хүрч тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 14 867 930 төгрөг Хас банкны хадгаламжид байсан. Би Ө.Бахатад Тэди төв дэх лангууг охин Г.Ундармаагийн нэр дээр шилжүүлж түүнд нэг өрөө байр авч өгье гэхэд тэр зөвшөөрөөгүй. Охины мөнгө болон байр зарсан бүх мөнгө бизнесийн үйл ажиллагаанд орсон.

Би хүүгээ төрүүлээд 5 сар хүүхдээ харж гэртээ суусан. Дараа нь ажилдаа орж Ө.Бахат хүүхэд харж байгаад бид төлбөртэй цэцэрлэгт өгсөн. Орон сууцыг 58 000 000 төгрөгөөр авсан бөгөөд банкны төлбөрийг лангууны орлогоос төлж, гэр орондоо машин, тавилга авсан. Орон сууцны урьдчилгааг дүү Ө.Туул нь төлсөн гэх баримт байхгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, лангуу ажиллуулахад оруулсан 10 000 000 төгрөгөө авч, дээрх 2 өрөө орон сууцыг өөртөө үлдээж, гэрийн тавилгаас 2 хаалгатай хөргөгч, зурагт, керби тоос сорогч, зочны өрөөний тавилгыг авч, ор шкафны үнэд 700 000 төгрөг гаргуулж, хариуцагч Ө.Бахатад Приус-20 загварын автомашин, унтлагын ор шкафыг үлдээнэ гэжээ

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Эрдэнэтуяатай 2009 оноос хамтран амьдарсан. С.Эрдэнэтуяа хүний хүүхэд төрүүлээд 2-3 жил ажил хийгээгүй. Энэ үед би лангуугаа ажиллуулж байсан. Хамтран амьдрахаас өмнө гудамжинд гар утас зарж бизнесээ эхлүүлсэн бөгөөд “Тэди” төвд дүү нар лангуу ажиллуулдаг. С.Эрдэнэтуяа бид хоёр 2010 оноос дүүдээ хэлж тус төвд лангуу түрээсээр авч, барьцаа мөнгө 10 000 000 төгрөгийг С.Эрдэнэтуяа байршуулсан. Лангуу ажиллуулах гэж банкнаас би зээл авч хөрөнгө оруулалт хийж байсан. Гэтэл намайг юу ч хийгээгүй зүгээр хараад сууж байсан мэт ярьж, дан ганцаар өөрөө хөрөнгө оруулалт хийсэн гэж байна.

Бид 2011 онд байр авсан боловч урьдчилгааг дүү Ө.Туул төлсөн. Гэрийн тавилгаас С.Эрдэнэтуяа өнгөтэй өөдтэй гэсэн бүхнийг ачаад явсан. Одоо авна гэснийг бүгдийг өгнө. Унтлагын өрөөний ор, шкафны үнэ гэх 700 000 төгрөгийг өгнө. Автомашин миний нэр дээр боловч төлбөрийг дүү Ө.Туул төлсөн. Үүнийг С.Эрдэнэтуяа мэдэж байгаа. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрнө. Автомашин, унтлагын ор, шкафыг надад үлдээнэ гэснийг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Ө.Бахат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Би С.Эрдэнэтуяатай амьдрах хугацаанд дүү н.Буян-Учралыг харж, асран хамгаалахаар тохиролцож, өөрийн эрхэлж буй гар утасны бизнесийн 30 орчим сая төгрөгийн гар утасны бараа бүтээгдэхүүн, бэлэн мөнгө 16 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Эдгээр барааг худалдан борлуулж С.Эрдэнэтуяа гэр бүлийн хэрэгцээнд бага хэсгийг зарцуулсан ч үлдэх бараа, бизнесийн орлого өссөөр байгаа. Иймд орлогыг 80 000 000 төгрөг гэж тооцон өөрт оногдох 40 000 000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Ө.Бахатаас 30 орчим сая төгрөгийн гар утас, бэлэн 16 000 000 төгрөг хүлээж аваагүй. Ямар үндэслэлээр 80 000 000 төгрөг гэж тооцон 40 000 000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ө.Бахат өөрөө наймаанд оролцдоггүй, ямар мөнгө эргэлдэж байгааг мэддэггүй. 2015 оны 11 дүгээр сард бүх гар утсыг тоолж 2 хайрцагт хийгээд лангууны цоож, цуургыг солиод явсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа, хариуцагч Ө.Бахат нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар дундын эд хөрөнгөөс 2 хаалгатай хөргөгч, зурагт, керби тоос сорогч, зочны өрөөний тавилгыг биетээр, унтлагын ор хувцасны шкафны үнэд 700 000 төгрөгийг хариуцагч Ө.Бахатаас гаргуулж нэхэмжлэгч С.Эрдэнэтуяад олгож, унтлагын ор, хувцасны шкаф, тоёото приус-20 маркийн автомашиныг Ө.Бахатад тус тус үлдээж,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хариуцагч Ө.Бахатаас 45 154 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эрдэнэтуяад олгож, Баянгол дүүрэг 18 дугаар хороо 64 дүгээр байр 7 тоот 2 өрөө орон сууцыг өөртөө үлдээх С.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416 235 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ө.Бахатаас 383 720 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эрдэнэтуяад олгож,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэтуяад холбогдох гар утасны бизнесийн орлого 40 000 000 төгрөг гаргуулах хариуцагч Ө.Бахатын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ө.Бахатаас 357 950 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. С.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2010 онд өөрийн эгч С.Солонгоос 10 000 000 төгрөгийг зээлж лангууны барьцаа өгсөн бөгөөд зээлээ төлсөн. 2011 онд өөрийн Өмнөговь аймагт байсан байрыг зарж хоёр өрөө байрны урьдчилгаанд өгсөн, охиныхоо хадгаламжийн мөнгийг лангууны бизнест хөрөнгө оруулалт хийж, уг бизнесээс олсон орлогоор орон сууцны төлөлт хийсэн гэж тайлбарлан 10 000 000 төгрөгийг гаргуулах, хоёр өрөө орон сууцыг өөрт үлдээх шаардлагыг гаргасан байдаг.

Шүүх нэхэмжлэгч 10 000 000 төгрөг зээлж лангууны түрээст өгсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, хариуцагч үүнийг үгүйсгээгүй тул гаргуулах үндэслэлтэй. Орон сууцны хувьд зохигчид 2012 оны 01 сард гэрлэлтээ батлуулсан. Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөд хамаарах тул гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэж үзэхгүй, хамтын бизнесийн орлогоор худалдан авсан нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар оруулсан хөрөнгийн хэмжээгээр шаардах эрхтэй гээд зах зээлийн үнийн 50 хувь 35 154 000 төгрөг, бүгд 45 154 000 төгрөгийг гаргуулах болсон.

Энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай зөрчилдөж, орон сууцыг өөртөө үлдээх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэдий ч хариуцагчаас мөнгө гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэхгүй, шаардаагүй мөнгийг гаргуулсан.

Бид 2010 онд утасны бизнесээ өргөжүүлэхээр С.Эрдэнэтуяагийн эгчээс 10 000 000 төгрөгийг зээлж, удахгүй эргүүлэн төлснийг нэхэмжлэгч өөрөө тодорхой тайлбарласан. Харин дээрх мөнгийг гар утасны хөрөнгө оруулалт, барьцаанд өгөөд эргүүлэн аваагүй гэдгээ нотлоогүй. Гэрчүүдийн мэдүүлэг ч бодит байдлаас зөрүүтэй байгаагаас үзвэл шүүх хэрэгт авагдсан баримт болон хуульд нийцээгүй шийдвэр гаргасан.

С.Эрдэнэтуяагийн нэхэмжилсэн орон сууцны зээлийн урьдчилгаа болон сар бүрийн төлбөр, үлдэгдэл 30 сая төгрөгийг миний дүү Ө.Туул төлснийг би холбогдох баримтаар нотлон тайлбарласан атал үүнийг харгалзалгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой тул шийдвэрийн 3 дахь заалтаар хариуцагч Ө.Бахатаас 45 154 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож гэснийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа нь хариуцагч Ө.Бахатад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг, лангуу түрээслэхэд оруулсан 10 000 000 төгрөг болон хоёр өрөө орон сууцыг өөрт үлдээх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч гар утасны бизнесийн орлого 80 000 000 төгрөгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Эрдэнэтуяа нь түрээсээр эзэмшиж буй талбайн шударга эзэмшигч болохыг тогтоолгох, орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, уг шаардлага тус бүрт холбогдуулан “Ньюком Проперти” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах, Ө.Туулыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргасан байна. /1-р хх 53, 155-156, 177, 187-190, 2-р хх 65,  /

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн иргэн, хуулийн этгээдийг татан оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 27 дугаар зүйлийн 27.3, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. /2-р хх 67, 1-р хх 187-190,/

 

Шүүхээс гарах шийдвэр талуудын хооронд үүссэн маргааны зүйлийн талаар хэн нэгэн этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байгаа тохиолдолд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар татан оролцуулах бөгөөд нэхэмжлэлийг өөрчлөх, ихэсгэх, багасгах болон нэхэмжлэлээс татгалзах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд тухайн этгээд мэтгэлцэгчийн байр суурьтай хэргийн оролцогч байдаг.

 

Хэргийн баримтаас үзвэл гуравдагч этгээд Ө.Туулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй байна. Ийнхүү гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхээр нь хангаагүй гэж үзнэ.

 

Нөгөө талаар шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй, хуулиар тогтоосон журам зөрчигдөж байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд маргааны зүйл болох хоёр өрөө орон сууцыг гуравдагч этгээд Ө.Туулд бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, түрээсийн гэрээ байгуулахыг “Ньюком проперти” ХХК-д даалгах шаардлагуудыг гэрлэлт цуцлахтай холбоотой нэхэмжлэлээс тусгаарлан шийдвэрлэх нь зохистой гэж үзэж Шүүгчийн захирамж гаргасан боловч энэ нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрхээ эдлэх боломжийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. /2-р хх 157/

 

Хэдийгээр гуравдагч этгээдийн хувьд энэ талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах журамд үндэслэх учиртай.

  

Дээрхээс гадна шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан хүсэлтээр маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. /2хх 145-146, 149-153/

 

Гэвч дээрх байгууллага нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шинжилгээний байгууллагад хамаарч байхад шүүх энэ зүйлд зааснаар шинжээчид эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг урьдчилан тайлбарлах, шинжээчээр оролцохоос татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах ажиллагаа хийгээгүйгээс уг дүгнэлтийг хуульд зааснаар үнэлэх боломжгүй болно.

 

Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан журмыг баримталж гаргаагүй дүгнэлтийг шийдвэрийн үндэслэлээ болгосон нь буруу болжээ.

 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй байна. Иймд гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00708 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 383 720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА