Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01846

 

    

  Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
 

Нэхэмжлэгч: Чингэлтэй  дүүрэг, 6 дугаар хороо, 49-25 тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн Хан Фү Чинь /Han fucheng/ /ҮД:0181116/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 7-3-31 тоотод оршин суух, Жолооч овогтой Эрдэнэбуянгийн Буянжаргал /РД:УХ93103131/-д холбогдох 5,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  БНХАУ-ын иргэн Хан Фү Чинь /Han fucheng/, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагч Э.Буянжаргал, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Хан Фү Чинь /Han fucheng/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Хан Фү Чинь /Han fucheng/ нь иргэн Э.Буянжаргалд 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000  төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүүгүй зээлж зээлийн гэрээ байгуулсан. 2014 оны 05 дугаар сард Э.Буянжаргал нь БНХАУ-ын иргэн Хан Фү Чинь /Han fucheng/ "... би төрснөөсөө хойш анх удаа машин авах гэж байна. Та надад 10,000,000 төгрөг зээлээч. Надад 1,00,000 төгрөг л байна. Миний төрсөн аав нас барсан манай хойд аав бол намайг хүн гэж тоодоггүй. Та бол миний хувьд аав шиг минь л байдаг. Та надад ганц удаа итгээд 10,000,000 төгрөг зээлээч” гэж байнга гуйх болсон. Ингээд БНХАУ-ын иргэн Хан Фү Чинь /Han fucheng/  дээрх гуйлтыг нь биелүүлж 10,000,000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Уг мөнгөөр Э.Буянжаргал нь сувдан цагаан  өнгөтэй Приус 20 маркийн авто машиныг 12,000,000 төгрөгөөр худалдан авсан. Машинаа авчихаад  БНХАУ-ын иргэн Хан Фү Чинь /Han fucheng/-д “ ...хүн болж төрснөөсөө хойш анх удаа ингэж машин авлаа. Аав шиг минь байдагт баярлалаа” гэж хэлж байсан.  Гэтэл Э.Буянжаргал 2014 оны 07 дугаар сарын 20-нд зээлийн гэрээний дагуу бүрэн барагдуулаагүй ба үүнээс хойш 6,500,000 төгрөгийг 1-2 .даа хувааж өгсөн. Одоо үндсэн зээл 3,500,000 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй. 10,762,500 төгрөг болж байна. Иргэний хуульд заасны дагуу анз гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 1,750,000  төгрөгийн алдангийг үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000  төгрөгийн хамт гаргуулах хүсэлтэй байна. Иймд Э Буянжаргалаас үндсэн зээлийн үлдэгдэл 3,500,000 төгрөг алданги 1,750,000 төгрөг нийт 5,250,000  төгрөгийг гаргуулж  /Han fucheng/-д олгуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Нэг талаас нэхэмжлэгч /Han fucheng/ нөгөө талаас хариуцагч Э.Буянжаргал нар сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрэв. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Хан Фү Чинь /Han fucheng/ нь 5,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2,750,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг хариуцагч Э.Буянжаргал төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.  гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Хан Фү Чинь /Han fucheng/ нь хариуцагч Э.Буянжаргалаас 5,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Хан Фү Чинь /Han fucheng/ нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,250,000 төгрөгийг 2,750,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг хариуцагч Э.Буянжаргал нь 2017 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан  байна.

 

Зохигчийн эвэлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.