Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00501

 

С гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 156/ШШ2018/00641 дүгээр шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 226/МА2018/00021 дүгээр магадлалтай,

С гийн нэхэмжлэлтэй,

Г , О , С  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 44,818,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энхбат, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие 2013 оны 03 сарын 19 өдрөөс 2017 оны 02 сарын 20 өдрийн хооронд нийт 78,235,000 төгрөгийг иргэн Г ад зээлдүүлсэн байдаг. Тухайлбал би өөрийн Хаан банк дахь хадгаламжаа барьцаалж, тус банкнаас 78,235,000 төгрөгийн зээл авч, иргэн Г ад зээлдүүлсэн. Энэхүү мөнгийг зээлдэгчид бөөнөөр нь зээлдүүлсэн бус тодорхой хугацааны турш зээлдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, зээлдэгч Г ын Хаан банкны 5954103981 тоот дансанд зээлдүүлэгч надаас шилжүүлсэн төгрөгийн нийт дүн, он, сар, өдөр нь нэхэмжлэлд хавсаргасан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдоно. Шилжүүлсэн 78,235,000 төгрөгөөс 38,417,000 төгрөгийг Г  буцаан шилжүүлсэн боловч үлдсэн 39,818,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй болно. Г аас зээлийн үлдэгдэл төлбөрийг буцаан төлөхийг шаарддаг боловч хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, үлдэгдэл мөнгөө буцаан төлөөгүй. Улмаар зээлдэгч Г ын надад төлөх үлдэгдэл төлбөр 39,818,000 төгрөг, хүү  5,000,000 төгрөг, нийт 44,818,000  төгрөгөөс Г ын нөхөр О  нь 23,000,000 төгрөг түүний хүү 5,000,000 төгрөгийг төлөх баталгаа гаргаж өгсөн байдаг. Харин зээлдэгчийн нөхөр О ийн “Баталгаа гаргах” тухай 2018 оны 03 сарын 09 өдрийн бичигт дурдсан зээл төлөх хугацааг зээлдүүлэгч би анхнаасаа зөвшөөрөөгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Миний бие Г аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар 16,818,000 төгрөг, түүний өмнөөс үүрэг хүлээсэн буюу баталгаа гаргасан нөхөр О ээс үлдэгдэл төлбөр 23,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг нийт 28,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд үндсэн зээлдэгч Г аас 16,818,000 төгрөгийг гаргуулах, үлдэгдэл 23,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийг баталгаа гаргагч О ээс тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оны 03 сарын 19-ний өдөр 11,500,000 төгрөгийг “гэр болон гэрийн тавилгаа солино, амьдралаа дээшлүүлнэ” гэж хэлж зээлж авсан. Г  мөнгө зээлж авахдаа таны хадгаламжийн зээлийг хүүтэй нь төлнө гэсэн нөхцөлтэй авсан. Дараа нь 2013 оны 07 сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг зээлж авсан. Тухайн үед нөхөртэйгөө муудаад, 2 хүүхдээ дагуулаад манайд 7, 8 хоносон. Буцахдаа С гаас мөнгө зээлээд “Коралла марк”-ийн авто машин авсан. Би эдгээр зээлсэн мөнгөний талаар Г  болон нөхөр О тэй ярилцахад С гаас мөнгө зээлж гэр, авто машин авсан. Зээлсэн мөнгөнөөсөө 2 сая гаруй төгрөг төлсөн. Бусдыг нь төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Энэ зээлийг нь манай эхнэр С  2014 оны 02 сарын 17-ны өдөр Энхбаяр гэдэг хүнээс 14,000,000 төгрөг, Энхмэнд гэдэг хүнээс 4,000,000 төгрөг хоногийн хүүтэй зээлж авч хаасан. Энэ зээлийн төлөлтөд Г  оролцоогүй. 2015 оны 10 сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2016 оны 03 сарын 04-ний өдөр 14,735,000 төгрөг зээлсэн. 2016 оны 03 сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, мөн оны 03 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 03 сарын 31-ний өдөр 500,000 төгрөгийг Г  С гаас зээлсэн. 2016 оны 04 сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг Оюунцэцэг С гаас зээлсэн. Г  дахин 2017 оны 02 сарын 20-ны өдөр 23,000,000 төгрөгийг С гаас зээлсэн. Нэхэмжлэгч С  нь нийт 78,235,000 төгрөгийг хадгаламж барьцаалан зээлж Г ын данс руу хийсэн. Иймд Г аас үндсэн зээл 16,818,000 төгрөг, хүү олох орлогоо алдсан  хохиролд 5,000,000 төгрөг нийт 21,818,000 төгрөгийг гаргуулах, баталгаа гаргагч хариуцагч О ээс шаардсан 28,000,000 төгрөгийн хүү 5,000,000 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээл 23,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г ад холбогдох хэсгийг ихэсгэж, баталгаа гаргагч О эд холбогдох хэсгийг багасгаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энхбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нийт 78,235,000 төгрөгөөс Г  тодорхой хэмжээгээр төлсөн учраас 44,818,000 төгрөгийг нэхэмжилж байна. 39,818,000 төгрөг үндсэн зээлээс төлөөгүй үлдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус бүрээр гаргуулахаар өөрчилж багасгасан. Хариуцагч О ээс 28,000,000 төгрөг нэхэмжилснээс 5,000,000 төгрөгийг хасаад, 23,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Г аас 14,318,000 төгрөг нэхэмжилж байна. Мөн дээр нь хохирол 5,000,000 төгрөг нэмэгдээд, нийт 19,318,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч С ээс 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч талын байр суурь, шүүхэд гаргасан баримтаас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж харагдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт 78,235,000 төгрөгийг дансруу нь шилжүүлсэн байдаг. Үүнээс үлдсэн үндсэн зээл бол 39,818,000 төгрөг юм. Хариуцагч О  зээлийн баталгаанд 23,000,000 төгрөгөөс гадна 5,000,000 төгрөгийн хүү төлнө гэж бичсэн байдаг. 5,000,000 төгрөгийг зээлийн хүү гэж нэхэмжилсэн бол хуулийн үндэслэлгүй болох байсан. Учир нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир нэхэмжлэгчид хүүлэх эрх үүсэхгүй юм. Иймд нэхэмжлэгч 5,000,000 төгрөгийг хохирол гэж нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХААН банканд хандаж үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Тус үзлэгээр 39,818,000 төгрөгийг ХААН банканд жилийн 12,6 хувийн хүүтэй хугацаатай хадгаламжид 2017 оны 02 сарын 20-ны өдрөөс 2017 оны 11 сарын 18-ны өдөр хүртэл 270 хоногийн хугацаатай хадгалуулсан бол 5,017,068 төгрөг болж өсөх байсан. Нэхэмжлэгч энэ орлогоо алдсан учир хохирол гэж 5,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Нийт 44,818,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Би 2016 оны 04 сарын 08-ны өдөр хүүгийн сургалтын төлбөр 2,500,000 төгрөгийг дүү С гаас охин Г ын дансаар авсан нь үнэн болно. 2016 оны 09 сарын 03-ны өдөр “Виншн Фанд” ББСБ-аас 3,000,000 төгрөгийн зээл аваад, 2,500,000 төгрөгийг охиндоо данс руугаа хийгээрэй гээд бэлнээр өгсөн. Тус 2,500,000 төгрөгийг 2017 оны 02 сарын 20-ны өдөр зээлийн эргэн төлөлтөд оролцуулаад С  руу шилжүүлсэн учраас би 2,500,000 төгрөгийг төлөхгүй гэжээ.

Хариуцагч О ийн шүүхэд гаргасан тайлбарт: Би 23,000,000 төгрөгийг С гаас авснаа хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 03 сарын 09-ний өдөр 23,000,000 төгрөгийг төлнө гэсэн баталгаа гаргаж өгсөн. Гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэсэн болохоор төлнө гэсэн баталгаа хийсэн. Би баталгаагаа Ч.Чинбаатарт өгсөн. Би 23,000,000 төгрөгийг төлнө. Өөр бусад зээлсэн мөнгийг нь мэдэхгүй байна. 23,000,000 төгрөгийг манай эхнэр банкныхаа зээлэнд оруулсан гэж бодож байна. Ойрын хугацаанд төлнө гэж хэлэхгүй гэхдээ баталгаатай төлнө гэжээ.

Хариуцагч Г ын шүүхэд гаргасан тайлбарт: С  нь нөхөр О  бид хоёрыг хоёуланг нь хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан байна. Манай нөхөр энэ хэрэгт хариуцагч болохгүй. Эгч С  бид 2 хоорондоо мөнгө өгч, авалцахдаа миний Хаан банканд байдаг дансаар авдаггүй янз бүрийн хүний данс өгч авдаг байсан. Эгч маань нийтдээ 78,235,000 төгрөгийг надад өгсөн байгаад би хамгийн сүүлд авсан 23,000,000 төгрөгийг хүүтэй 28,000,000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Манай нөхөр О  миний өмнөөс 28,000,000 төгрөг төлөх нь үнэн гэж бичиж нотариатаар батлуулж өгснийхөө төлөө хариуцагч болгон шүүхэд дуудуулсан нь ташаа байна. Миний нөхөр энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцох юм. Надаас нэхэмжлээд байгаа 16,818,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь миний дансаар ээжид зээлдүүлсэн 25,000,000 төгрөгийг ээж өөрийнхөө дансаар С  эгчийн данс руу 27,000,000 төгрөг болгон төлсөн. 2013 оны 03 сарын 19-ний өдөр авсан 1,000,000 төгрөгийг эргүүлэн төлөхдөө 11,942,300 төгрөг болгон төлсөн гэтэл энэ мөнгийг аваагүй гэж нэхэмжилсэн байна. Миний эгчээс авсан анхны зээл учраас би яг хугацаанд нь хүүтэй төлсөн. Туркэд байхад нь би 500 доллар эгчид шилжүүлсэн. Тэр нь монгол төгрөгөөр бодвол 775,000 төгрөг болно. Дүү Баярцогтод дансанд 2 удаа тус бүр 1,000,000 төгрөг шилжүүлж, дүү маань С  эгчид бэлнээр нь 2 удаа 2,000,000 төгрөгийг гэрт нь аваачиж өгсөн байдаг. Энэ бүх мөнгөө нийлүүлж бодохоор 17,375,000 төгрөг болно. Иймээс 16,818,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Эгчид төлсөн 17,375,000 төгрөгийн баримт нотолгоо гэрч бидэнд байгаа тул шүүх хурал дээр уг нотолгоог гаргаж өгнө гэжээ.

Хариуцагч Г ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 19,318,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Нөхөр О ийн баталгаа гаргаж өгсөн 23,000,000 төгрөгийг хамтран төлнө. 2013 оны 03 сарын 19-ний өдөр С  эгчээс 10,000,000 төгрөг зээлье гэхэд хадгаламжаа барьцаалаад өгье гэсэн. Мөнгө шилжүүлэх үед нь би өөрөө 1,500,000 өөрөөсөө нэмж өгөөд хамт шилжүүлчих гэж хэлсэн, ингээд 11,500,000 төгрөг шилжүүлсэн. 2013 оны 07 сарын 08-ны өдөр дахин 10,000,000 төгрөг С  эгчээс зээлсэн. Энэ 20,000,000 төгрөгийг С  эгч манай Toyoto ist машиныг унаж яваад аймгийн захиргааны хойд талын хашлага давж машиныг маань эвдлээд, төлбөрт нь зээлсэн мөнгөө өгч байгаа юм, эргүүлж авахгүй гэж хэлсэн. 2015 оны 10 сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөгийг анх хадгаламж барьцаалуулж зээлдэж авсан. 2016 оны 01 сарын 28, 29-ний өдөр 16,000,000 төгрөг болгож эргүүлэн төлсөн. 2016 оны 03 сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөг зээлж авахад С  эгч миний данс руу 14,735,000 төгрөг шилжүүлж, 265,000 төгрөгийг хүү гэж авч үлдсэн байсан. Энэ мөнгийг 2017 оны 02 сарын 20 өдөр 19,966,000 төгрөг болгож төлсөн, би мөнгө төлөхдөө банкны хүүнээс гадна С д хүүнд нь 300,000 төгрөг бас төлсөн, ер нь ингэж төлдөг байсан. 2016 оны 03 сарын 04-ний өдрөөс 2017 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл нийт 23,442,000 төгрөг төлсөн. Энэ мөнгөнд ээж С ийн зээлсэн 2,500,000 төгрөг хүүтэйгээ орж төлөгдсөн. Би 23,000,000 төгрөгийн зээлийг төлөөгүй байгаа, бусад зээлсэн мөнгөө төлсөн гэж үзэж байна гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 156/ШШ2018/00641 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан С ээс  2,500,000 төгрөг, Г аас 14,318,000 төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан Г аас 5,000,000 төгрөг гаргуулах тухай С гийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.4, 234 дүгээр зүйлийн 234.1-д заасныг баримтлан О ээс 23,000,000 төгрөг гаргуулах тухай С гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу С гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 382,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 226/МА2018/00021 дүгээр магадлалаар: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 156/ШШ2018/00641 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г аас зээлийн төлбөрт 42,325,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С д олгохоор, нэхэмжлэгч 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар С гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г аас улсын тэмдэгтийн хураамжид 369,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Хариуцагч Г ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 226/МА2018/00021 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гаргаж байна. С  нь ХААН банк дахь өөрийн 5003098166 дугаартай данснаас миний 5954103981 дугаартай данс руу 2013.03.19-нд 11,500,000 /1,500,000 нь миний мөнгө бөгөөд тусад нь нэхэмжлэгчийн дансанд бэлнээр хийсэн баримт нэхэмжлэгчийн дансны хуулга бий. Машин авахад зориулж өгсөн/, 2013.07.08-нд 10,000,000 /хашаа, байшинтай болоход зориулж буцааж авахгүй гэж өгсөн/, зээлдэж авсан мөнгөнд 2015.10.20-нд 15,000,000, 2016.03.04-нд 15,000,000 /265,000 төгрөг хүү гэж суутган авч 14,735,000 төгрөг шилжүүлсэн/ 2016.03.23-нд 500,000, 2016.03.25-нд 500,000, 2016.03.31-нд 500,000, 2016.04.08-нд 2,500,000, 2017.02.20-нд 23,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь үнэн. Үүнээс 2013 онд миний данс руу шилжүүлсэн 21,500,000 төгрөгийг надад зээлдүүлсэн гэж нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан. 2012 оны сүүлээр С  эгч Хэнтий аймгийн төвд ирээд байхдаа техникийн захаас 9,800,000 төгрөгөөр худалдаж аваад удаагүй байсан миний Тоёото Ист маркийн 12-32 ХЭҮ улсын дугаартай суудлын автомашиныг жолоодож яваад замын уулзварт боржур давж осол гарган эвдээд тухайн үедээ айж сандраад “эгч нь машин авах мөнгө өгье, хэзээ шинэ машин авах вэ, цагдаад мэдэгдэх хэрэггүй” гэхээр нь “түр хүлээж бай” гээд мөнгө аваагүй юм. Ингээд 2013 оны 3 сард “машин авч өгье, хотод хүрээд ир” гээд байхаар нь Улаанбаатар хотод очиж Баянзүрх дүүргийн Жуковын музейн орчим дахь ХААН банкны салбарт хоёулаа хамт байж С  эгч өөрөө 10,000,000 төгрөг, би өөрт байсан 1,500,000 төгрөгөө нийлүүлээд миний дансанд хийсэн. Энэ 11,500,000 төгрөг дээр мөнгө нэмж би 13,800, 000 төгрөгөөр Тоёото Корола маркийн суудлын автомашин худалдан авсан. 2013 оны 7 сард хашаа, байшинтай болох гээд С  эгчээс мөнгө асуухад 7 сарын 08-нд дахин миний данс руу шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг “амьдралд чинь л нэмэрлэж өгч байна. Над шиг ингэж өгөх хүн байхгүй шүү, буцааж авахгүй. Хөгширсөн хойно чи л намайг асарч халамжлах хүн’’ гэж хэлж өгсөн мөнгө юм. Иймд эхний 10,000,000 төгрөгийг миний машиныг эвдсэн учраас хохиролд өгсөн мөнгө, харин дараагийн 10,000,000 төгрөгийг буцааж авахгүй гэж өгсөн мөнгө. Гэхдээ би хүний тус болж өгсөн мөнгийг авчихаад зүгээр байгаагүй. С  эгч хэдэн төгрөг хэрэг болоод байна, эгчдээ мөнгө байвал өгөөч гэхэд нь би бэлнээр данс руу нь хийдэг байсан.

Би зээлдэж авч, тодорхой хугацааны дараа эргэн төлнө гэж ярьж тохирсон зүйл байхгүй. Тийм ч учраас надаас энэ мөнгөө төл гэж нэг ч удаа шаардаж байгаагүй, бид хоёрын хооронд 2013 оны өр төлбөр гэж байгаагүй учраас 2015 онд надад 15,000,000 төгрөг зээлдүүлсэн байдаг. Гэтэл 2017 онд зээлдэж авсан 23,000,000 төгрөгийн асуудлаас болж нөхөр Ч.Чинбаатар нь мэдэж над руу шилжүүлж байсан бүх мөнгийг зээлдүүлсэн гэж надаас анх удаа нэхэмжлэн өөрөө итгэмжлэлээр оролцож байгаа бөгөөд шүүх хурлын завсарлагааны үеэр шүүхийн танхимд миний эх С ийг элдвээр дайрч уурлаж байгаа, 2 өмгөөлөгч хөлслөн оролцуулж, С г авчирч шүүх хуралдааны танхимд дагуулж ирсэн атлаа нэхэмжлэгчээр оролцуулахгүй өөрөө төлөөлж оролцсон зэргээс үзэхэд итгэмжлэлээр төлөөлж байгаа дүртэй хэдий ч төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг илэрхийлж түүний нэрийн өмнөөс оролцож байгаа бус харин өөрийн хүсэл зоригоор оролцож мөнгө авах гэж улайрч байна. Нэхэмжлэгч С  өөрөө шүүх хуралдаанд биечлэн оролцсон бол 2013 онд надад шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн учир шалтгааны талаар тодорхой тайлбар өгөх байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх “Хариуцагч буюу миний нөхөр О ээс 23,000,000 төгрөг төлүүлэх баталгааны гэрээ авахдаа 2013 онд зээлдүүлсэн гээд байгаа 20,000,000 төгрөгийг шаардаагүй, нэхэмжлэгч өөрөө бус түүний нөхөр төлөөлж оролцож байгаа бөгөөд шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар нь хариуцагч бид нар руу дайрсан шинжтэй, нэхэмжлэгчийн өмнөөс түүний хүсэл зоригийг бүрэн илэрхийлж үнэн зөв тайлбар гаргаж буй эсэх нь эргэлзээтэй, хариуцагч миний зүгээс 2013 онд шилжүүлж авсан 21,500,000 төгрөгийн учир шалтгааныг тайлбарлаж, зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргасан, нэхэмжлэгч тал 2013 онд зээлийн гэрээ байгуулсан гэж байгаа боловч гэрээ байгуулсан, гэрээний гол нөхцөлийн талаар хэрхэн тохиролцсон гэдгээ нотлох ямар нэг баримт гаргаж өгөөгүй, хэргийн нөхцөл байдлаас харахад 2013 онд мөнгө шилжүүлснээс хойш 2 жилийн дараа буюу 2015 оноос дахин мөнгө шилжүүлсэн, миний бие уг мөнгийг зээлдэж аваад буцаан төлөлт хийсний дараа дараагийн мөнгөө зээлдэж авч байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан, энэ нь нэхэмжлэгчийн нотлох баримтаар бүрдүүлж өгсөн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байгаа зэрэг нөхцөл байдлыг харьцуулан бодитой дүгнэлт хийгээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон миний өмгөөлөгчөөрөө бичүүлж би гарын үсгээ зурсан 2018 оны 5 сарын 03-ны өдрийн тайлбарыг үнэн зөв гэж үнэлж, Иргэний хуулийн 281.1, 282.4 дэх заалтын дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 196.1.1 д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаас үзэхэд юуны өмнө гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон байхыг шаардаж байна. Үүнийг шүүх хэрэглээгүй бөгөөд зээлийн гэрээ байгуулсан талаар нотлох баримт байхгүй байхад зөвхөн дансаар мөнгө шилжүүлсэн л бол зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, хариуцагч талыг татгалзлаа нотолж чадаагүй гэж нэг талыг барьсан дүгнэлт хийн хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн.

Миний бие 2015 оны 10 сарын 20-ноос эхлэн 2017 оны 02 сарын 20 хүртэл нэхэмжлэгч С тай мөнгө зээлдэн авахаар амаар хэлэлцэн тохирч мөнгө зээлдэн авч байсан. С  нь хүүтэй зээлүүлдэг байсан. Тодруулбал 2015.10.20-нд авсан 15,000,000 төгрөгийн тухайд: 2015.12.01-нд 200,000, 2015.12.28 нд 130,000 төгрөгийг миний нөхөр хариуцагч О ээс, 2016.01.28-нд 13,000,000 төгрөг, 2016.01.29-нд 3,000,000 төгрөгийг би буцаан төлсөн. Нийт 16,330,000 төгрөг төлсөн. 2016.03.04-нд 15,000,000 төгрөг /265,000 төгрөгийг хүүнд суутган авч 14,735,000 төгрөг над руу шилжүүлсэн/. 2016.03.23-нд 500,000. 2016.03.25-нд 500,000, 2016.03.31-нд 500,000 төгрөг зээлдэн авсан тухайд: 2016.03.24-нд 50, 000, 2016.03.25-нд 500,000, 2016.04.23-нд 100,000, 2016.05.02-нд 100,000, 2016.06.06-нд 80,000, 2016.06.24-нд 75,000, 2017.02.11-нд 96,000, 2017.02.16-нд 1,500,000 2017.02.20-нд 19,166,000 /ээж С ийн 2016.04.08-нд миний дансаар зээлдэн авсан 2,500,000 төгрөг орсон/ төгрөг, 2017.02.20-нд 300,000 төгрөг, нийт 21,967,000 төгрөг+150,000 /2015.08.12-нд С  нь мөнгө хэрэгтэй гэхээр нь шилжүүлсэн/=22,117,000 төгрөгийг С  руу шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн дансны хуулгад бий. Иймд миний нийт зээлдэн авсан мөнгө 2015-2017 онд 54,500,000 төгрөг, ээж С  2,500,000 төгрөг зээлдсэн. Үүнийг нийт буцаан төлсөн нь 38,447,000+265,000 /хүүнд суутгасан/=38,712,000 төгрөг болж байна. 57,000,000-38,712,000=18,288,000 төгрөг төлөгдөөгүй байна. 23,000,000- 18,288,000=4,712,000 төгрөгийн зөрүүг хадгаламж барьцаалсан зээлийн хүүгийн хохиролд нь тооцуулж, нийт 23,000,000 төгрөгийг баталгааны гэрээнд заасан хугацаандаа төлөх болно. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “2018 оны 5 сарын 0З-нд өөрийн өмгөөлөгч Ганхуягаар бичүүлсэн тайлбарт /хэргийн 22-23 р хуудас / “Г  нь 2013.03.19 нд шилжүүлсэн 11,500,000 төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрсөн, С  нь 78,235,000 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдсон тул зээлийн гэрээ байгуулагдсан” гэжээ. Хэргийн 22,23-р хуудсанд байгаа тайлбарт 1-рт, ээж С ийн зээлдсэн 2,500,000 төгрөгийн талаар “...ээж өөрийнхөө дансаар 2,700,000 төгрөг болгож шилжүүлсэн...” гэж, “2013.03.19-нд авсан 1,000,000 төгрөгийг 11,942,300 төгрөг болгож эргүүлэн төлсөн...” гэх мэтээр илт буруу ташаа бичигдсэн, хариуцагч С  2,500,000 төгрөгийг 2,700,000 болгоод надад бэлнээр өгсөн, би түүнийг нь өөрийн төлөх ёстой мөнгөний хамт 19,166,000 болгоод төлсөн тухай тайлбарласаар байхад нэхэмжлэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга болон хариуцагч нарын гаргаж байгаа тайлбарыг анхаарч үзэлгүй зөвхөн 5 сарын 03-ны өдрийн алдаатай тайлбарыг үнэн зөв эргэлзээгүй гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай дүгнэлт хийж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж буй тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С  есөн удаагийн үйлдлээр 78,235,000.00 төгрөгийг Г ын Хаан банкны 5954103981 дугаартай харилцах дансанд шилжүүлснээс Г  38,417,000.00 төгрөгийг буцааж төлсөн, үлдэгдэл 39,818,000.00  төгрөг, хохирол 5,000,000.00 төгрөг, нийт 44,818,000.00 төгрөг гаргуулахаар хариуцагч С , О , Г  нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.  

Анхан  шатны  шүүх  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,   222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан С гийн С ээс  2,500,000.00 төгрөг, Г аас 19,318,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.4, 234 дүгээр зүйлийн 234.1-д заасныг баримтлан О ээс 23,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                                                                                                          

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагч Г аас зээлийн төлбөрт 42,325,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С д олгож, нэхэмжлэгч 5,000,000.00 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурджээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, бас багасгаж, хариуцагчаар С ийг нэмж татаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч С   нь 9 удаагийн үйлдлээр 78,235,000.00 төгрөгийг Г ын Хаан банкны 5954103981 дугаартай харилцах дансанд шилжүүлснээс Г  38,417,000.00 төгрөгийг буцааж төлсөн, үлдэгдэл 39,818,000.00 төгрөг, хохирол 5,000,000.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан боловч Г ад шилжүүлсэн мөнгийг С , О  нараас шаардсан үндэслэл тодорхойгүй, мөн О ийн тайлбараас үзэхэд тэрээр нэхэмжлэгчээс 23,000,000.00 төгрөг авсан, төлнө гэдгээ зөвшөөрч баталгаа гаргасан, С  нь нэхэмжлэгчээс авсан 2,500,000.00 төгрөгийг охин Г аар дамжуулж төлсөн гэжээ.    

Түүнчлэн нэхэмжлэгч нь 5,000,000.00 төгрөгийг хохирол гэж шаардахдаа хэнээс, ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн тайлбар нь зөрүүтэй байна. 

            Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй буюу нэхэмжлэгч Г ад шилжүүлсэн мөнгийг Г аас гадна бусад хариуцагч нараас нэхэмжлэхдээ ямар үндэслэл, хэмжээгээр шаардаж байгаа нь ойлгомжгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл учир дутагдалтай болжээ.

            Нэхэмжлэгч гурван хариуцагчид холбогдуулан шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүх хариуцагч Г аас зээлийн төлбөрт 42,325,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С д олгож шийдвэрлэхдээ “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн хариуцагчийг Г ” гэж тодорхойлж, бусад хариуцагч нарт холбогдох шаардлагыг   шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 156/ШШ2018/00641 дүгээр шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 226/МА2018/00021 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч Г ын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 254,575.00 /хоёр зуун тавин дөрвөн мянга таван зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН