Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 641

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 11 өдөр              Дугаар 156/ШШ2018/00641            Хэнтий аймаг

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ............................................. оршин суух, С.Ц-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ........................................ оршин суух, Г.Э,

хариуцагч: ......................................... оршин суух, О.Т,

хариуцагч: ..................................... оршин суух, С.О нарт холбогдох,

"зээл, зээлийн хүүгийн  44 818 000 төгрөг гаргуулах” тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч, Ч.Ч-ын өмгөөлөгч С.Э, хариуцагч Г.Э, О.Т, С.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“С.Ц миний бие 2013 оны 03 сарын 19 өдрөөс 2017 оны 02 сарын 20 өдрийн хооронд нийт 78 235 000 төгрөгийг иргэн Г.Э-д зээлдүүлсэн байдаг.

Тухайлбал зээлдүүлэгч би өөрийн Хаан банк дахь хадгаламжаа барьцаалж, тус банкнаас 78 235 000 төгрөгийн зээл авч,  иргэн Г.Э-д зээлдүүлсэн. Мөн энэхүү төгрөгийг зээлдэгчид бөөнөөр нь зээлдүүлсэн бус тодорхой хугацааны турш зээлдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, зээлдэгч Г.Э-ын Хаан банкны 5954103981 тоот дансанд зээлдүүлэгч надаас шилжүүлсэн төгрөгийн нийт дүн, он, сар, өдөр нь нэхэмжлэлд хавсаргасан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдоно.

Шилжүүлсэн 78 235 000 төгрөгөөс 38 417 000 төгрөгийг зээлдэгч Г.Э-аас зээлдүүлэгч надад буцаан шилжүүлсэн боловч үлдсэн 39 818 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй болно.

Зээлдэгч Г.-аас зээлийн үлдэгдэл төлбөрийг буцаан төлөхийг шаарддаг боловч хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, үлдэгдэл төгрөгийг зээлдүүлэгч надад буцаан төлөөгүй байна. Улмаар зээлдэгч Г.Э-ын зээлдүүлэгч С.Ц надад төлөх үлдэгдэл төлбөр 39 818 000 төгрөг, хүү 5 000 000 төгрөг, нийт 44 818 000  төгрөгөөс зээлдэгч Г.Э-ын нөхөр О.Т нь 23 000 000 төгрөг түүний хүү 5 000 000 төгрөгийг төлөх баталгаа гаргаж өгсөн байдаг. Харин зээлдэгчийн нөхөр О.Т-ийн “Баталгаа гаргах” тухай 2018 оны 03 сарын 09 өдрийн бичигт дурдсан зээл төлөх хугацааг зээлдүүлэгч би анхнаасаа зөвшөөрөөгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Миний бие Г.Э-аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар 16 818 000 төгрөг, түүний өмнөөс үүрэг хүлээсэн буюу баталгаа гаргасан нөхөр О.Т-ээс үлдэгдэл төлбөр 23 000 000 төгрөг, хүү 5 000 000 төгрөг нийт 28 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд үндсэн зээлдэгч Г.Э-аас 16 818 000 төгрөгийг гаргуулах, үлдэгдэл 23 000 000 төгрөг, хүү 5 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөгийг баталгаа гаргагч О.Т-ээс тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч нь шүүхэп гаргасан хүсэлтдээ:

“Нэхэмжлэгч С.Ц нь өөрийн эзэмшлийн хаан банкин дахь хадгаламжаа барьцаалж хариуцагч Г.Э-д зээл олгосон байдаг бөгөөд хариуцагч зээл буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч Хаан банкинд хадгалуулсан мөнгөн хөрөнгөнөөс хүү авах буюу олох байсан орлогоороо хохироод байна.

Тодруулбал, хариуцагч Г.Э-ын нэхэмжлэгчид буцаан төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 39 818 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид зээлийг буцаан шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй өдрөөс буюу 2017 оны 02 сарын 20 өдрөөс 2017 оны 11 сарын 18 өдөр хүртэлх хугацаа /270/ хоногоор тооцож, Хаан банкны хугацаатай хадгаламжийн хүү жилийн 12.6% хүүгээр бодож, 5 017 068 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Г.Э-аас үндсэн зээл 16 818 000 төгрөг, хүү олох орлогоо алдсан  хохиролд 5 000 000 төгрөг нийт 21 818 000 төгрөгийг гаргуулах, баталгаа гаргагч хариуцагч О.Т-ээс шаардсан 28 000 000 төгрөгийн хүү 5 000 000 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээл 23 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Г.Э-д холбогдох хэсгийг ихэсгэж, баталгаа гаргагч О.Т-д холбогдох хэсгийг багасгаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 11 500 000 төгрөгийг гэр болон гэрийн тавилгаа солино, амьдралаа дээшлүүлнэ гэж хэлж зээлж авсан. Г.Э мөнгө зээлж авахдаа таны хадгаламжийн зээлийг хүүтэй нь төлнө гэсэн нөхцөлтэй авсан. Дараа нь 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөг зээлж авсан. Тухайн үед нөхөртэйгөө муудаад, 2 хүүхдээ дагуулаад манайд 7, 8 хоносон. Буцахдаа С.Ц-аас мөнгө зээлээд “Коралла марк”-ийн авто машин авсан. Би эдгээр зээлсэн мөнгөний талаар Г.Э болон нөхөр О.Т-тэй ярилцахад С.Ц-аас мөнгө зээлж гэр, авто машин авсан. Зээлсэн мөнгөнөөсөө 2 сая гаруй төгрөг төлсөн. Бусдыг нь төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Энэ зээлийг нь манай эхнэр С.Ц нь 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Э гэдэг хүнээс 14 000 000 төгрөг, Э гэдэг хүнээс 4 000 000 төгрөг хоногийн хүүтэй зээлж авч хаасан. Энэ зээлийн төлөлтөд Эрдэнэсувд оролцоогүй.

2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 14 735 000 төгрөг зээлсэн. 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 500 000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 3 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөгийг Г.Э С.Ц-аас зээлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 2 500 000 төгрөг С.О С.Ц-аас зээлсэн.  Г.Э дахин 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 23 000 000 төгрөгийг С.Ц-аас зээлсэн. Нэхэмжлэгч С.Ц нь нийт 78 235 000 төгрөгийг хадгаламж барьцаалан зээлж Г.Э-ын 5954103981 данс руу хийсэн” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч-ын өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч нийт 78 235 000 төгрөгөөс Г.Э тодорхой хэмжээгээр төлсөн учраас 44 818 000 төгрөгийг нэхэмжилж байна. 39 818 000 төгрөг үндсэн зээлээс төлөөгүй үлдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус бүрээр гаргуулахаар өөрчилж багасгасан. Хариуцагч О.Т-ээс 28 000 000 төгрөг нэхэмжилснээс 5 000 000 төгрөгийг хасаад, 23 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Г.Э-аас 14 318 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн дээр нь хохирол 5 000 000 төгрөг нэмэгдээд, нийт 19 318 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч С.О-ээс 2 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч талын байр суурь, шүүхэд гаргасан баримтаас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж харагдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт 78 235 000 төгрөгийг дансруу нь шилжүүлсэн байдаг. Үүнээс үлдсэн үндсэн зээл бол 39 818 000 төгрөг юм. Хариуцагч О.Т зээлийн баталгаан дээр 23 000 000 төгрөгөөс гадна 5 000 000 төгрөгийн хүү төлнө гэж бичсэн байдаг. 5 000 000 төгрөгийг зээлийн хүү гэж нэхэмжилсэн бол хуулийн үндэслэлгүй болох байсан. Учир нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир нэхэмжлэгчид хүүлэх эрх үүсэхгүй юм. Иймд нэхэмжлэгч 5 000 000 төгрөгийг хохирол гэж нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХААН банканд хандаж үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Тус үзлэгээр 39 818 000 төгрөгийг ХААН банканд жилийн 12,6 хувийн хүүтэй хугацаатай хадгаламжид 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 270 хоногийн хугацаатай хадгалуулсан бол 5 017 068 төгрөг болж өсөх байсан. Нэхэмжлэгч энэ орлогоо алдсан учир хохирол гэж 5 000 000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Нийт 44 818 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хариуцагч С.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“С.О би 2016 оны 04 сарын 08 өдөр хүүгийн сургалтын төлбөр 2 500 000 төгрөгийг дүү С.Ц-аас охин Г.Э-ын дансаар авсан нь үнэн болно.

Үүнийгээ 2017 оны 02 сарын 16 өдөр охинд өгч 2 700 000 төгрөг болсон.

16, 20 өдрүүдэд төлөлт хийсэн. Иймд С.Ц-д мөнгө төгрөгийн асуудал байхгүй” гэжээ.

Хариуцагч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Эрдэнэсувдаар 2 500 000 төгрөг өөрийн данс руу шилжүүлж авсан. 2016 оны 9 дүгээр 03-ны өдөр “Виншн Фанд” ББСБ-аас 3 000 000 төгрөгийн зээл аваад, 2 500 000 төгрөгийг охиндоо дансруугаа хийгээрэй гээд бэлнээр өгсөн. Тус 2 500 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар 20-ны өдөр зээлийн эргэн төлөлтөд оролцуулаад С.Ц-руу шилжүүлсэн учраас би 2 500 000 төгрөгийг төлөхгүй” гэв.

Хариуцагч О.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би 23 000 000 төгрөгийг С.Ц-аас авснаа хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 23 000 000 төгрөгийг төлнө гэсэн баталгаа гаргаж өгсөн. Гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэсэн болохоор төлнө гэсэн баталгаа хийсэн. Би баталгаагаа Ч.Ч-т өгсөн. Би 23 000 000 төгрөгийг төлнө. Өөр бусад зээлсэн мөнгийг нь мэдэхгүй байна. 23 000 000 төгрөгийг манай эхнэр банкныхаа зээлэнд оруулсан гэж бодож байна. Ойрын хугацаанд төлнө гэж хэлэхгүй гэхдээ баталгаатай төлнө” гэв.

Хариуцагч Г.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“С.Ц нь нөхөр О.Т бид хоёрыг хоёуланг нь хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан байна. Манай нөхөр энэ иргэний хэрэгт хариуцагч болохгүй эгч С.Ц бид 2 хоорондоо мөнгө өгч, авалцахдаа миний Хаан банкинд байдаг дансаар авдаггүй янз бүрийн хүний данс өгч авдаг байсан. Эгч маань нийтдээ 78 235 000 төгрөгийг надад өгсөн байгаад би хамгийн сүүлд авсан 23 000 000 төгрөгийг хүүтэй 28 000 000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Манай нөхөр О.Т миний өмнөөс 28 000 000 төгрөг төлөх үнэн гэж бичиж нотариатаар батлуулж өгснийхөө төлөө хариуцагч болгон шүүхэд дуудуулсан нь ташаа байна. Миний нөхөр энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцох юм. надаас нэхэмжлээд байгаа 16 818 000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь миний дансаар ээжид зээлдүүлсэн 25 000 000 төгрөгийг ээж өөрийнхөө дансаар С.Ц эгчийн дансруу 27 000 000 төгрөг болгон төлсөн.

2013 оны 03 сарын 19 өдөр авсан 1 000 000 төгрөгийг эргүүлэн төлөхдөө 11 942 300 төгрөг болгон төлсөн гэтэл энэ мөнгийг аваагүй гэж нэхэмжилсэн байна.

Миний эгчээс авсан анхны зээл учраас би яг хугацаанд нь хүүтэй төлсөн. Туркэд байхад нь би 500 доллар эгчид шилжүүлсэн. Тэр нь монгол төгрөгөөр бодвол 775 000 төгрөг болно. Дүү Б-д дансанд 2 удаа тус бүр 1 000 000 төгрөг шилжүүлж, дүү маань С.Ц эгчид бэлнээр нь 2 удаа 2 000 000 төгрөгийг гэрт нь аваачиж өгсөн байдаг юм. Энэ бүх мөнгөө нийлүүлж бодохоор 17 375 000 төгрөг болно. Иймээс 16 818 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна.

Эгчид төлсөн 17 375 000 төгрөгийн баримт нотолгоо гэрч бидэнд байгаа тул шүүх хурал дээр уг нотолгоог гаргаж өгнө” гэжээ.

Хариуцагч Г.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Би 19 318 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Нөхөр О.Т-ийн баталгаа гаргаж өгсөн 23 000 000 төгрөгийг хамтран төлнө.

2013 оны 03 сарын 19 өдөр С.Ц эгчээс 10 000 000 төгрөг зээлье гэхэд хадгаламжаа барьцаалаад өгье гэсэн. Мөнгө шилжүүлэх үед нь би өөрөө 1 500 000 өөрөөсөө нэмж өгөөд хамт шилжүүлчих гэж хэлсэн, ингээд 11 500 000 төгрөг шилжүүлсэн.

2013 оны 07 сарын 08-ны өдөр дахин 10 000 000 төгрөг С.Ц эгчээс зээлж авсан. Энэ 20 000 000 төгрөгийг С.Ц эгч манай 1232 ХЭҮ улсын дугаартай, “toyoto ist” машиныг унаж яваад аймгийн захиргааны хойд талын хашлага давж машиныг маань эвдлээд, төлбөрт нь зээлсэн мөнгөө өгч байгаа юм, эргүүлж авахгүй гэж хэлсэн.

2015 оны 10 сарын 20 өдөр 15 000 000 төгрөгийг анх хадгаламж барьцаалуулж зээлдэж авсан. 2016 оны 01 дүгээр сарын 28, 29-ний өдөр 16 000 000 төгрөг болгож эргүүлэн төлсөн.

2016 оны 3 сарын 04 өдөр 15 000 000 төгрөг зээлж авахад С.Ц эгч миний дансруу 14 735 000 төгрөг шилжүүлж, 265 000 төгрөгийг хүү гэж авч үлдсэн байсан. Энэ мөнгийг 2017 оны 02 сарын 20 өдөр 19 966 000 төгрөг болгож төлсөн, би мөнгө төлөхдөө банкны хүүнээс гадна С.Ц-д хүүнд нь 300 000 төгрөг бас төлсөн, ер нь ингэж төлдөг байсан.

2016 оны 03 сарын 04 өдрөөс 2017 оны 02 сарын 20 өдрийг хүртэл нийт 23 442 000 төгрөг төлсөн. Энэ мөнгөн дотор ээж С.О-ийн зээлсэн 2 500 000 төгрөг хүүтэйгээ орж төлөгдсөн.

Би 23 000 000 төгрөгийн зээлийг төлөөгүй байгаа, бусад зээлсэн мөнгөө төлсөн гэж үзэж байна” гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх- 6-10, 12-13, 31-32, 70/ бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ц хариуцагч нарт есөн удаагийн үйлдлээр нийт /далан найман сая хоёр зуун гучин таван мянга/ 78 235 000 төгрөгийг зээлдүүлж, хариуцагч Г.Э-ын Хаан банкны 5954103981 дугаартай харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлсэн, хариуцагч Г.Э 38 417 000 /гучин найман сая дөрвөн зуун арван долоон мянга/ төгрөгийн зээлийг буцааж төлсөн гэх ба одоо зээлийн үлдэгдэл 39 818 000 /гучин есөн сая найман зуун арван найман мянга/ төгрөг, хохирол 5 000 000 /таван сая/ төгрөг бүгд 44 818 000 /дөчин дөрвөн сая найман зуун арван найман мянга/ төгрөг нэхэмжилжээ.

С.Ц нь хариуцагч С.О-ээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээл 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, хариуцагч  О.Т-ээс Иргэний хуулийн 234.1 дүгээр зүйлд заасны дагуу баталгаа гаргасан 23 000 000 /хорин гурван сая/ төгрөг, хариуцагч Г.Э-аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн үлдэгдэл 14 318 000 /арван дөрвөн сая гурван зуун арван найман мянга/ төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасны дагуу хохиролд 5 000 000 /таван сая/ төгрөг, бүгд 19 318 000 /арван есөн сая гурван зуун арван найман мянга/ төгрөг тус тус шаардаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  1. Хариуцагч С.О-ээс зээл 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн  шаардлагын тухайд:

2016 оны 04 сарын 08 өдөр хариуцагч С.О нь дүү С.Ц-аас 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг өөрийн охин Г.Э-ын дансаар дамжуулан зээлж авсан гэдгээ зөвшөөрч, энэ талаар маргахгүй байх ба С.Ц-ийн хугацаагүй хадгаламжийн 5076412818 дугаартай, депозит дансны дэлгэрэнгүй хуулга[1]-ын 94-д 5954103981 данстай харьцсан гүйлгээ тэмдэглэгджээ.

Зохигчид 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг зээлсэн, зээлдүүлсэн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбар, С.Ц нь уг мөнгийг зээлдүүлэх зорилгоор өөрийн данснаас бэлэн бусаар шилжүүлсэн үйл баримтаар тогтоогдсон байх тул С.Ц С.О нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. Гэвч талууд гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хүү шаардах эрхгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх зээлийг охин Г.Э-аар дамжуулан С.Ц-д бүрэн төлсөн, иймд одоо төлөх төлбөргүй гэж хариуцагч С.О,

2016 оны 03 сарын 04 өдрөөс 2017 оны 02 сарын 20 өдөр хүртэл С.Ц-д нийт 23 442 000 төгрөг төлсөн, ээж С.О-ийн зээлсэн 2 500 000 төгрөг хүүтэйгээ энэ мөнгөн дүнд орсон ... гэж хариуцагч Г.Э нар маргаж байна. 

С.Ц-ийн хугацаагүй хадгаламжийн 5076442818 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгын[2] 147-д 2017 оны 02 сарын 20 өдөр харилцах 5954103981 дугаартай данстай харьцсан, Г.Э-аас орлого 19 166 000 /арван есөн сая нэг зуун жаран зургаан мянга/, 300 000 /гурван зуун мянга/ гэсэн гүйлгээ тус тус хийгдсэн гэж тэмдэглэгджээ. 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг буцаан төлсөн гэх хариуцагч С.О, Г.Э нарын тайлбар нь С.Ц-ийн дансанд Г.Э-аас мөнгө шилжүүлсэн үйл баримтаар нотлогдож байх тул зээлийг буцаан төлөх зээлдэгч С.О-ийн үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

Үүргээ гүйцэтгэсэн зээлдэгчээс зээлдүүлэгч С.Ц зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй тул С.О-ээс зээл 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ гаргуулах тухай С.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.    

2. Хариуцагч О.Т-ээс баталгаа гаргасан 23 000 000 /хорин гурван сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2017 оны 02 сарын 20 өдөр нэхэмжлэгч С.Ц-аас 23 000 000 /хорин гурван сая/ төгрөг зээлсэн талаар хариуцагч Г.Э маргахгүй байгаа ба нэхэмжлэгчийн хугацаагүй хадгаламжийн 5076442818 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга[3]-ын 157-д 2017 оны 02 сарын 20 өдөр харилцах 5954103981 дугаарын данстай харьцсан, 23 000 000 /хорин гурван сая/ төгрөгийн зарлага гарсан гүйлгээ хийгдсэн гэж тус тус тэмдэглэгджээ. Дээрх үйл баримт нь Г.Э, С.Ц нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 23 000 000 /хорин гурван сая/ төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид бэлэн бусаар шилжүүлсэн болохыг давхар нотлож байна.

Г.Э-ын нөхөр О.Т нь 2018 оны 03 сарын 09 өдөр “С.Ц эгчээс 2017 оны 02 сарын 20 өдөр хадгаламж барьцаалсан 23 000 000 төгрөгийн зээл авахуулж 2018 оны 02 сарын 19 өдрийн байдлаар зээлийн хүүгийн хамт нийт 28 000 000 болсон уг нийт дүнг О.Т би С.Цэгчтэй хоорондоо ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 03 сарын 10 өдрийн дотор уг 28 000 000 төгрөгийг төлж барагдуулахаа батлаж байна” гэж баталгаа[4] гаргажээ.

Үүрэг гүйцэтгэх зарчмын дагуу үүргийг хугацаанд нь гүйцэтгэх ба үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй.

Баталгаанд заасан хугацаа болоогүй байхад хариуцагч О.Т-ээс 23 000 000 /хорин гурван сая/ төгрөгийг гаргуулах боломжгүй тул нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Баталгаанд заасан хугацаанд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхгүй нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

3. Г.Э-аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн үлдэгдэл 14 318 000 төгрөг, Иргэний хуулийн 222.7, 229.1-д заасны дагуу хохиролд 5 000 000 төгрөг, бүгд 19 318 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн тайлбараас харахад 78 235 000 /далан найман сая хоёр зуун гучин таван мянга/ төгрөгийн зээлээс 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг С.О, үлдэх 75 735 000 /далан таван сая долоон зуун гучин таван мянга/ төгрөгийг Г.Э зээлжээ.

Хариуцагч Г.Э 2013 оны 03 сарын 19 өдөр 11 500 000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөг, 2013 оны 07 сарын 08 өдөр 10 000 000 /арван сая/ төгрөг нийт 21 500 000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг С.Ц-аас түүнд бэлэн бусаар шилжүүлсэн нь үнэн боловч энэ мөнгийг зээлж аваагүй, С.Ц нь миний машиныг жолоодож яваад юм мөргүүлж, машинд учруулсан хохиролдоо тооцож шилжүүлсэн мөнгө гэж маргаж байна.

Нэхэмжлэгч тал 21 500 000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг Г.Э-д зээлдүүлсэн гэх боловч С.Ц, Г.Э нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, энэ гэрээний гол нөхцлийн талаар хэрхэн тохиролцсон талаар шүүхэд нотолж чадаагүй, энэ тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн С.Ц-ийн харилцах 5003098166 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгын[5] 07 -д бичигдсэн 11 500 000 /арван нэгэн сая таван зуун мянга/, 16-д бичигдсэн 10 000 000 /арван сая/ төгрөгийн зарлагын гүйлгээний утгад зээл олгосон талаар ямар нэгэн бичиглэл тэмдэглэгдээгүй байна.

Түүнчлэн 2013 оны 03 сарын 19 өдрөөс 2015 оны 10 сарын 20 өдөр хүртэл 2 жил 07 сарын хугацаанд Г.Э нь С.Ц-д ямар нэгэн байдлаар мөнгө буцаан /төлж/ шилжүүлж байгаагүй байх ба 21 500 000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн зээлээ буцааж төлөөгүй Г.Э-д 2015 оны 10 сарын 20 өдөр С.Ц нь дахин 15 000 000 /арван таван сая/ төгрөг зээлүүлсэн, мөн 2018 оны 02 сарын 20 өдөр С.Ц-аас зээлсэн 23 000 000 /хорин гурван сая/ төгрөгийг төлнө гэсэн баталгааг О.Т-ээр 2018 оны 03 сарын 09 өдөр гаргуулахдаа 2013 оны 03 сарын 19, 2013 оны 07 сарын 08 өдрүүдэд зээлүүлсэн гэх 21 500 00 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг огт оруулаагүй, дурдаагүй байгаа зэрэг нь дээрх мөнгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

Эдгээр үйл баримтыг үндэслэн 21 500 000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг зээлж аваагүй гэх хариуцагч Г.Э-ын тайлбарыг илүү үнэнд нийцэж байна гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч С.Ц түүнээс зээлийн гэрээний үүрэгт энэ мөнгийг нэхэмжлэх, шаардах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үлдэх /75 735 000-21 500 000/ 54 235 000 /тавин дөрвөн сая хоёр зуун гучин таван мянга/ төгрөгийг зээлж авсан нь үнэн гэж хариуцагч Г.Э зөвшөөрч байх тул С.Ц\, Г.Э\ нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан, хуулийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь дээрх зээлээс 23 000 000 /хорин гурван сая/ төгрөгийг баталгаа гаргасан О.Т-ээс нэхэмжилсэн тул хариуцагч Г.Э нь нэхэмжлэгчид /54 235 000-23 000 000/ 31 235 000 /гучин нэгэн сая хоёр зуун гучин таван мянга/ төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

2017 оны 02 сарын 20 өдөр Г.Э-аас 19 666 000 /арван есөн сая зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг С.Ц-д шилжүүлсэн[6] гэх боловч хугацаагүй хадгаламжийн 5076412818 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгын[7] 147-д 2017 оны 02 сарын 20 өдөр Г.Э харилцах 5954103981 дугаартай данснаас     19 166 000 /арван есөн сая нэг зуун жаран зургаан мянга/ төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн баримтаар тогтоогдож байна. 

Хариуцагч Г.Э 11 удаагийн үйлдлээр 37 917 000  /гучин долоон сая есөн зуун арван долоон мянга/ төгрөгийг нэхэмжлэгч С.Ц-д төлсөн талаар зохигчид маргаагүй ба шүүх хуралдаан дээр Г.Э /150 000+50 000/ 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг, О.Т /200 000+130 000/ 330 000 /гурван зуун гучин мянга/ төгрөг бүгд 530 000 /таван зуун гучин мянга/ төгрөгийг С.Ц-д төлсөн нь С.Ц-ийн хугацаагүй хадгаламжийн 5076412818 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар  нотлогдсон тул зээлийн гэрээний үүрэгт Г.Э нийтдээ /37 917 000+530 000/ 38 447 000 /гучин найман сая дөрвөн зуун дөчин долоон мянга/ төгрөг төлсөн гэж үзлээ.

Дээрх 38 447 000 /гучин найман сая дөрвөн зуун дөчин долоон мянга/ төгрөгөөс С.О-ийн зээлд төлсөн 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хасаж тооцвол нэхэмжлэгч С.Ц-д Г.Э нь 35 947 000 /гучин таван сая есөн зуун дөчин долоон мянга/ төгрөгийг зээлд буцаан төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Г.Э-аас 31 235 000 /гучин нэгэн сая хоёр зуун гучин таван мянга/ төгрөгийг нэхэмжлэгч С.Ц шаардах эрхтэй байсан байх ба хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 35 947 000 /гучин таван сая есөн зуун дөчин долоон мянга/ төгрөг төлж барагдуулсан, /31 235 000-35 947 000/ 4 712 000 /дөрвөн сая долоон зуун арван хоёр мянга/ төгрөгийг илүү төлсөн үйл баримт нотлогдож байх тул Г.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 14 318 000 /арван дөрвөн сая гурван зуун арван найман мянга/ төгрөг гаргуулах үндэслэлгүй, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу зохигчид зээлийн гэрээгээр хугацаа тохирсон, хариуцагч Г.Э зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн болохыг нэхэмжлэгч нотлоогүй учир хохирол буюу олох байсан орлого гэх 5 000 000 /таван сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан С.О-ээс  2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, Г.Э-аас         14 318 000 /арван дөрвөн сая гурван зуун арван найман мянга/ төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан Г.Э-аас 5 000 000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай С.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.4, 234 дүгээр зүйлийн 234.1-д заасныг баримтлан О.Т-ээс 23 000 000 /хорин гурван сая/ төгрөг гаргуулах тухай С.Ц-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу С.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 382 040 /гурван зуун наян хоёр мянга дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуулийн дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.АРИУНАА                                                          

 

 


[1] Хэргийн 9 дүгээр тал

[2] Хэргийн 10 дугаар тал

[3] Хэргийн 10 дугаар тал

[4] Хэргийн 6 дугаар тал

[5] Хэргийн 7 дугаар тал

[6] Хэргийн 32 дугаар тал

[7] Хэргийн 10 дугаар тал